Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0629

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин, прокурор Н.А*******, хариуцагч Б.Э******* нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******д холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Н.А******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлт бичсэн. Үүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөр, хуульд харшихаар нөхцөл байдал тогтоогдсон гэх нотлох баримт зөрчлийн материалд авагдаагүй байгаа учраас хариуцагч, нэхэмжлэгчийн эвлэрсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Тухайн үед хэрэгт авагдсан нотлох баримттай өчигдөр танилцсан. Нотлох баримтын хүрээнд эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн хөөсөнцөр хавтан хийх үйл ажиллагаа явуулахдаа гаргадаг уурын хий, агаар бохирдуулсан эсэхийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, бусдын нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр, агаар орчинд хохирол учирсан гэх нотлох баримт авагдаагүй учраас бусдын эрх ашгийг зөрчиж, эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зөрчил гэдэг тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн, тухайн зөрчилд шийтгэл оногдуулах хариуцлагын асуудал яригддаг учраас тухайн үед зөрчил үйлдэгдээгүй байна гэж үзэж прокурор шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй байна гэж үзэж прокурорын дүгнэлт гарсан байгаа. Зөрчлийн улмаас үүссэн үр дагавар тухайн зөрчил дахин шинээр илэрсэн бол эрх бүхий албан тушаалтан хуульд хүлээсэн чиг үүргийн хүрээнд дахин гомдол мэдээллээ аваад, зөрчлийг дахин шалгах хуулийн зохицуулалт нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг одоо дордуулахгүй гэв.

Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Агаарын бохирдол гэж зүйл яг агаар бохирдсон эсэх нотлох баримт тухайн үед бүрэн авч чадаагүй байсан. Зөрчил үйлдсэн процесс хэдэн өдөр яваад дууссан. Уурын хийг агаар орчинд бохирдол үүссэн гэдэг утгаар нь шийтгэл оногдуулсан. Одоо уурын хий гараагүй байгаа учраас агаарын бохирдол үргэлжлээгүй, дууссан гэж үзэж байгаа. Дахин шалгах үндэслэл байж болно. Жилд нэг удаа шалгадаг. Удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх шалгалт явдаг. Тухайн үед агаар орчны бохирдол үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн материалд хавсаргасан зурагт мөн агаар орчинд бохирдол үүссэн зураглал харагдахгүй байгаа. Үзлэгээр явж байхад процесс дууссан байсан. Одоо ажиллаж байгаа, гэтэл агаар орчны бохирдол үүсээгүй байгаа гэв.

Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* би Улаанбаатар хот, Баянгол дүүргийн*******, Х******* хороо Э******* ХХК /РД:*******/ нь дунд голын онцгой хамгаалалтын бүсэд хөөсөнцрийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсан. Үүнээс ялгарсан утаа тортог нь агаарын болон орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ******* дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С******* нь ******* дугаартай зөрчлийн материалыг хянаад ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Иймд Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******д би Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******д холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргасан.

Прокурор Н.А*******ээс урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ... нотлох баримтын хүрээнд эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн хөөсөнцөр хавтан хийх үйл ажиллагаа явуулахдаа гаргадаг уурын хий, агаар бохирдуулсан эсэхийг тогтоож чадаагүй ... зөрчлийн улмаас үүссэн үр дагавар тухайн зөрчил дахин шинээр илэрсэн бол эрх бүхий албан тушаалтан хуульд хүлээсэн чиг үүргийн хүрээнд дахин гомдол мэдээллээ аваад, зөрчлийг дахин шалгах хуулийн зохицуулалт нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг одоо дордуулахгүй гэж, хариуцагчаас ... прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Агаарын бохирдол гэж зүйл яг агаар бохирдсон эсэх нотлох баримт тухайн үед бүрэн авч чадаагүй байсан. Зөрчил үйлдсэн процесс хэдэн өдөр яваад дууссан. Уурын хийг агаар орчинд бохирдол үүссэн гэдэг утгаар нь шийтгэл оногдуулсан. Одоо уурын хий гараагүй байгаа учраас агаарын бохирдол үргэлжлээгүй, дууссан гэж үзэж байгаа ... одоо ажиллаж байгаа, гэтэл агаар орчны бохирдол үүсээгүй байгаа гэж тус тус тайлбарлах ба хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурор нь Э******* ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ялгарсан уурын хий нь агаар бохирдуулах бодис агуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт үйлдсэн, хариуцагч уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч уурын хий дахин ялгарахгүй байгаа тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

Түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-07/4528 тоот албан бичиг болон Экологийн цагдаагийн албаны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14-6/3145 тоот албан бичгүүдэд ... удаа дараа зөрчил арилгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас, албан бичиг хүргүүлсэн боловч зөрчил бүрэн арилаагүй байгаа болно гэж дурьдсанчлан хяналт шалгалтыг дахин хэрэгжүүлэх хариуцагчийн эрх хэмжээг энэхүү захирамж хязгаарлахгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Ц.МӨНХЗУЛ