Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 85

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О,

Улсын яллагч Х.Нарангуа,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Бын Н-д холбогдох 1708013420248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Бын Н /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... караокед үйлчлүүлээд гарахдаа караокений тооцоо 82,000 төгрөг болсныг хийлгэх гээд Нд “...найз нь хараа муу болохоор нууц дугаараа харахгүй байна...” гэж хэлээд өөрийн гар утсаа өгөөд мобайл банкны нууц дугаараа хэлж өгсөн. Би өөрийн хүсэлтээр караокений 82,000 төгрөгийн тооцоог хийсэн. Миний зөвшөөрөлгүйгээр миний мобайл банкыг ашиглан 500,000 төгрөг авсанд нь би гомдолтой байна. ...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Н миний хохирлын 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 76-78, 92-93 х/,

 

1.2.Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө гэртээ байж байтал манай найз Норовоо залгаад 5 шарын хажууд байх зочид буудалд хүрээд ир гэхээр нь очиход 2 найзтайгаа нэлээд согтуу сууж байсан. Би нутгын найз Оыг утсаар дуудсан чинь машинтай хүрээд ирсэн. Н манайд очьё гэхээр нь гэрийн нь гадаа очтол Уг дуудчих хэдүүлээ караокед орьё гэхээр нь Уг дуудаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед орсон. Тус караокед 0,75 литрийн Голд архи 2 шилийг уусан. Тэгээд караокеноос 19 цагийн үед гарахаар болоод тооцоо нь 82,000 төгрөг болсон. Тэгтэл Н тооцоо хийчих гээд өөрийн гар утсаа надад өгөөд мобайл банкны нууц дугаараа хэлэхээр нь би согтуу байсан учраас Уд тооцоо хийчих гээд Нгийн гар утсыг өгөөд нууц дугаарыг нь хэлж өгсөн. Тэгээд Уд хандан надад 500,000 төгрөгийн өртэй юм чи өөрийнхөө дансанд шилжүүлээд авчих гэж хэлээд Угаар данс руу нь 500,000 төгрөг шилжүүлж авсан. …” гэсэн мэдүүлэг /хх –ийн 30-32, 96-97 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.3.Гэрч А.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н 2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ гарч яваад 15 цагийн үед Н, О нарын хамт гэрт ирэхдээ тэд нар архи уучихсан ирсэн. Тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед ороод 2 цаг аваад 0,75 литрийн Голд архи авч ууцгаасан. Тэгээд байж байтал тооцоо 82,000 төгрөг гарсан чинь Н Нд гар утас, мобайл банкны  нууц дугаараа өгөөд тооцоо хийчих гэсэн чинь Н аваад Нгийн утсыг өгөөд тооцоог нь хийчих гэснээ “...би Нгаас мөнгө авах ёстой юм чи 500,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчих...” гэж хэлэхээр нь болох юм уу... гэхэд “...болноо надад мөнгө өгөх ёстой юм...” гэхээр нь өөрийнхөө 5030073635 тоот дансанд 500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд караокений тооцоо 82,000 төгрөгийг бармены данс руу шилжүүлсэн. Н О гэх хүнд өртэй байсан бөгөөд 400,000 төгрөгийг нь тэр хүн рүү шилжүүлсэн. Үлдсэн 100,000 төгрөгийг Н авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 74, 81-82, 95 х/,

 

1.4.Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “... 500,000 төгрөг шилжүүлсэн авсан ..” тухай /хх 58 х/,

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Б.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69 х/,

2.2. “...” ХХК-ийн “Б.Н нь засварчинаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх 70 х/,

 

Гурав:Хохирлын баримтууд.

3.1.Хохирогч Б.Нгийн “...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Н миний хохирлын 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 76-78, 92-93 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Б.Н нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед үйлчлүүлээд гарахдаа иргэн Б.Нгийн “...хараа муу тул мобайл банкныхаа нууц дугаарыг харахгүй байна, караокений тооцоо болох 82,000 төгрөгийг хийчих...” гэж гар утас, мобайл банкны нууц дугаараа итгэмжлэн өгөхөд нь 500,000 төгрөгийг өөрийн хамтран амьдрагч А.Угийн дансаар шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Нгийн“...Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... караокед үйлчлүүлээд гарахдаа караокений тооцоо 82,000 төгрөг болсныг хийлгэх гээд Нд “...найз нь хараа муу болохоор нууц дугаараа харахгүй байна...” гэж хэлээд өөрийн гар утсаа өгөөд мобайл банкны нууц дугаараа хэлж өгсөн. Би өөрийн хүсэлтээр караокений 82,000 төгрөгийн тооцоог хийсэн. Миний зөвшөөрөлгүйгээр миний мобайл банкыг ашиглан 500,000 төгрөг авсанд нь би гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 76-78, 92-93 х/,

 

Шүүгдэгч Б.Нгийн “…2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... караокеноос 19 цагийн үед гарахаар болоод тооцоо нь 82,000 төгрөг болсон. Тэгтэл Н тооцоо хийчих гээд өөрийн гар утсаа надад өгөөд мобайл банкны нууц дугаараа хэлэхээр нь би согтуу байсан учраас Уд тооцоо хийчих гээд Нгийн гар утсыг өгөөд нууц дугаарыг нь хэлж өгсөн. Тэгээд Уд хандан надад 500,000 төгрөгийн өртэй юм чи өөрийнхөө дансанд шилжүүлээд авчих гэж хэлээд Угаар данс руу нь 500,000 төгрөг шилжүүлж авсан. …” гэсэн мэдүүлэг /хх –ийн 30-32, 96-97 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч А.Угийн “...Н 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... тооцоо 82,000 төгрөг гарсан чинь Н Нд гар утас, мобайл банкны нууц дугаараа өгөөд тооцоо хийчих гэсэн чинь Н аваад надад Нгийн утсыг өгөөд тооцоог нь хийчих гэснээ “...би Нгаас мөнгө авах ёстой юм чи 500,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчих...” гэж хэлэхээр нь болох юм уу... гэхэд “...болноо надад мөнгө өгөх ёстой юм...” гэхээр нь өөрийнхөө 5030073635 тоот дансанд 500,000 төгрөгийг шилжүүлж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 74, 81-82, 95 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Б.Норовсамуу нь “...Н миний хохирлын 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 76-78, 92-93 х/-ээр  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

             Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Б.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 500,000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч нь өөрийн сайн дураар утсаа шилжүүлэн өгч, кодоо хэлсний дараа түүний мөнгийг шилжүүлэн авах санаа төрсөн гэж үзэх үндэслэлтэй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Ял шийтгэлийн талаар.

             Б.Нгийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

             Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдлууд тогтоогдсон, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

              Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тайж овогт Бын Нг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Н-д үүрэг  болгосугай.

 

4.Б.Нгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ