Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/125

 

 

 

 

 

Г.Г, С.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

цагаатгагдсан этгээд С.Эийн өмгөөлөгч С.Батнасан,

шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Б.Дагиймаа, Ч.Баднайнямбуу,  

нарийн бичгийн дарга  Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г, С.Э нарт холбогдох эрүүгийн 2102000000323 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

2. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Г нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Эийн Монгол улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч гэсэн гуйлтын дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж В.А гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Е000000 дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч С.Э нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байхдаа Монгол улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспортыг гаргуулах зорилгоор тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч ажилтай Г.Гаас “...Монгол Улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч...” гэж гуйн гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэсний улмаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Г нь хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж В.А гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Е000000 дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г, С.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс С.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Эийг цагаатгаж,

Г.Гыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 150.000 төгрөг төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт Г.Г, цагаатгагдсан этгээд С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Гаас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2012 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байна. Тухайн хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ТЕГ-ын мөрдөгч Итгэлмөнх нь танаас тодруулах зүйл байна гэсний дагуу миний бие очиж мэдүүлэг өгснөөр эхлэлтэй байдаг. Мөрдөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр миний бие бүртгэл хөтлөн гаргасан Е-000000 дугаар бүхий Үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан хүн хил зөрчин орж ирсэн талаар анх удаа мэдсэн болно. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр АТГ-ын мөрдөгч Нямдагва нь ирж гэрчийн мэдүүлэг өгнө үү гэсний дагуу мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөх үедээ мөрдөгчөөс анх удаа иргэн В.А-ийн паспортыг ашиглан Б.Ц гэгч нь Швед улсаас Монгол Улсын хил зөрчин орж ирснийг мэдсэн. Миний бие мэдүүлэгтээ эдгээр хүмүүсийг огт танихгүй, цуг ажилладаг, одоо Чингэлтэй дүүргийн ЭХЭУБүртгэгчээр ажиллаж байгаа С.Эийн гуйж байсан иргэний гадаад паспорт болохыг анхнаасаа мэдүүлээд явсан байдаг. Удалгүй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр АТГ-с УБЕГазарт намайг албан тушаалаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон зөрчил тогтоогдсон тул арга хэмжээ авна уу хэмээн албан бичиг явуулсан байсан тул 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний бие байгууллагын сонсох ажиллагаагаар орж ажлын хариуцлага алдсан хэмээн 6 сарын хугацаатай цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг авсан. Асуудал ингээд дууслаа гэж бодож байтал 2022 оны 01 дүгээр сард АТГ-ын мөрдөгч дахин дуудаж прокуророос яллагдагчаар татсан болохыг мэдэгдээд дахин мэдүүлэг авсан. Миний бие мэдүүлэг өгөх бүртээ В.А гэгчийг огт танихгүй, ямар нэгэн шан харамж авчихсан зүйл огт байхгүй, цуг ажилладаг байсан Улсын бүртгэгчийн гаргаад өгөөч гэсэн паспорт болохыг анхнаасаа мэдүүлээд одоог хүрсэн. Гэвч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох шийдвэр гарсан юм. Миний бие В.Аийг огт танихгүй, /Алтангэрэл нь өөрөө ч мэдүүлэгтээ дурдсан байдаг/, цуг найзалж, нөхөрлөж явсан Улсын бүртгэгчийн гуйлтаар тусалчихъя хэмээн тухайн үндэсний энгийн гадаад гадаад паспортыг гаргаж өгч байсан. Тухайн хэргээс улбаалаад байгууллагаас сахилгын шийтгэл авч эдэлж дуусан байдаг. Мөн уг асуудлаас улбаалаад 2021 оны жилийн эцсийн болон 2022 оны эхний хагас жилийн Үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй хэмээн дүгнэж, удирдлагаас байнга өөрийн хүсэлтээр ажлаа өг хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлдэг олон нийтийн сүлжээ болон фэйсбүүк хуудсуудаар байнга тухайн хэргийн талаар бичдэг зэрэг сэтгэл санааны дарамтад байсаар жил гаруй хугацаа өнгөрч байна Миний бие Улсад 16 жил, үүнээс УБЕГазрын Баянгол дүүргийн Улсын бүртгэлд иргэний улсын бүртгэгчээр 10 гаруй жил ажилласан, журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрч сахилгын шийтгэл хүлээсэн байдаг ч дахин гэм буруутайд тогтоож байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Б.Дагиймаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Г.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй буюу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх хүлээн аваагүй. Иймд өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралт Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 9 дүгээр зүйлийн 9.1-т “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох баримт бичгийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримтална” гэж заасан байдаг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дах хэсэгт “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч Г.Г нь Улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний улсын бүртгэл хөтлөх журам зөрчсөн үйлдэл буюу В.А гэх хүнд өөрт паспорт олгоогүй гэх үйлдлээ анхнаасаа Тагнуулын ерөнхий газарт очиж мэдүүлэг өгөх үедээ л хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Г.Г нь дээрх журам зөрчсөн үйлдэлдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 12-р сарын 03-ны өдрийн 614 дүгээр тушаалаар 6 сарын хугацаатай цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан. Иймд төрийн захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хүчин төгөлдөр тушаалаар түүний үйлдлийг гэмт хэрэг бус харин Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэн сахилгын арга хэмжээ авагдсан байгаа. Гэтэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1-д заасан арга хэмжээ авагдсан атал мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүхээс давхардуулан олгож байгаа нь өөрөө шүүхийн байгууллага нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуультай харшилсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимтай ч харшилдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болсон нэг үндэслэл нь Авлигатай тэмцэх газраас Г.Гын энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэн 2021 оны 11-р сарын 11-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” санал гарган мөн энэ өдөр 06/12128 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга руу Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлт хүргүүлснийг дурьдах нь зүйтэй. /Хавтаст хэргийн 68-69 дэх тал/

2. В.А-ийн үндэсний энгийн гадаад паспорт нь зөвхөн паспорт олгох процедурын хувьд өөрт олгох эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно гэснийг зөрчсөнөөс бус тус паспорт дахь В.Аийн мэдээлэл, зураг зэрэг нь түүний иргэний бүртгэлийн лавлагаатай яг таардаг буюу хүчин төгөлдөр паспорт байсан. Уг паспортоо ч В.А нь өөрөө хүлээн авсан талаар шүүх хуралдааны мэдүүлсэн түүний мэдүүлэг мөн Цгийн мэдүүлэгт ч дурдагддаг. В.А нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцон мэдүүлэг өгсөн ба ийнхүү өгсөн мэдүүлэгт тус паспортыг өөрөө ашиглаж байсан гэтэл 2021 оны 8-р сард Швед улс дахь цагаачийн албанаас хилээр гарахыг шаардсан гэдэг. Өөрөөр хэлбэл Г.Г олгосон паспортыг хүлээн аваад нэг жил гаруй хугацааны дараа гэсэн үг. Энэ үед л тэрээр өөрийн паспортыг ашиглан Монгол улс руу буцах сонирхолтой өөр хэн нэгэн этгээдэд паспортоо ашиглуулах гэмт санаа төрдөг. Энэ байдлаас харахад хэн нэгэн хувь хүнд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл төрөх цаашлаад гэмт хэрэг үйлдэхэд Г.Г санал, оролцоо нөлөө огт байхгүй ба нэг буруутай этгээд болох Ц ч үүнд хариуцлагаа хүлээсэн байдаг. Түүнчлэн В.А нь Г.Г олгосон паспортыг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон буюу Ц Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхээс өмнө тус паспорт хүчингүй болсон байдаг. /Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа авагдсан болно./ Гэтэл энэ бүх хэргийн гол буруутай этгээд болох В.А нь шүүх хуралдаанд гэрчийн байр сууринаас оролцож харин бусдад тус болох үүднээс журмаа зөрчсөн улсын бүртгэгч ийнхүү гэм буруутайд тооцогдон ял сонсож байгаа нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

3. Шүүх хуралдааны үед Г.Г нь гадаад паспорт хүсч буй иргэдэд тулгамдаж буй асуудлууд буюу хуулиар нэг бүрчлэн зохицуулаагүй харилцааны талаар болон гадаад паспортыг Монгол улсын нутаг дэвсгэрт харьяа харгалзалгүй хүлээн авдаг тэр ч байтугай тухайн иргэн гадаад улсад байсан ч “E-Mongolia”-аар паспорт захиалах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Үүнээс жишээ дурдвал. 1. Испани улсад Монгол Улсын элчин сайдын яам байдаггүй ба энэ улсад зорчиж яваа Монгол улсын иргэн бүх бичиг баримтаа хаях үед элчин сайдын яам байхгүй тул шинээр паспорт захиалах боломжгүй, гэр бүлийн гишүүддээ хандаад итгэмжлэл хийлгэх гэхэд бичиг баримтгүй учраас итгэмжлэл хийгдэх боломжгүй тохиолдол гардаг. Энэ үед дээрх хуульд заасан паспортыг өөрт нь эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно гэсэн заалт зөрчигдөөд паспортыг нь олгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг гэдэг. 2. Мөн АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яам нь Вашингтон ДС-д байдаг гэтэл улсын нөгөө захад зорчиж яваа иргэний визний болон паспортын хугацаа дуусах үед буюу хугацаа тулсан тус улсаас гарах дээрээ тулах үед чирэгдэл учрахгүй, цаг хугацаа, орон зай, хөрөнгө мөнгөний хувьд ч тэр хамгийн боломжит оновчтой хувилбар Монгол улсаас паспортоо захиалах юм. Энэ үед мөн л энэ бүх шалтгааныг харгалзаад паспорт олгохоос өөр аргагүй байдал үүсдэг. Энэ мэтчилэн амьдралд төсөөлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байдаг тул хамт ажилладаг найзын гуйлтаар В.А-ийн паспортыг үнэн зөв мэдээллээр нь олгоод тус паспорт нь эзэндээ очсон байдаг. Г.Г хувьд В.А-ийг огт танихгүй, тэр хүнээс шан харамж авсан зүйл байхгүй, өөрт нь ч давуу байдал үүссэн зүйл байхгүй гагцхүү цэвэр найз гуйсан тул түүнд туслах үүднээс хийсэн үйлдэл байгаа тул энэ утгаараа гэмт хэргийн шинжийг мөн бүрэн агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

4. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх. хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгодог. Гэтэл дээр дурдсанчлан Г.Г нь В.А-ийг огт танихгүй, тэр хүнээс шан харамж авсан зүйл байхгүй, өөрт нь ч давуу байдал үүссэн зүйл байхгүй гагцхүү цэвэр найз гуйсан тул түүнд туслах үүднээс хийсэн үйлдэл байх тул албан тушаалын байдлаа шууд урвуулан ашигласан гэж үзэхэд эргэлзээтэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас. эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан. Гэтэл улсын яллагч болон шүүхээс хэн аль нь хохирол учраагүй гэж дүгнэсэн атлаа хор уршиг учирсан учир өмгөөлөгчийн гаргаж буй саналыг хүлээн авах боломжгүй гэх нь үндэслэлгүй. Учир нь, хуульд зааснаар хохирол учирч байж хор уршгийн асуудал хөндөгдөхөөр заасан байна. Дээр дурдсан бүх үндэслэл болоод эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Г.Г журам зөрчсөн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан гэж үзэн хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Иймд дээрхээс бүгдийг дүгнэн үзээд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд өөрийн биеэр ирнэ гэснийг зөрчөөд гадаад паспорт олгосон байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан бусдад давуу байдал бий болгож байгаа зүйл мөн үү, биш үү гэдэг асуудал байна. Өмгөөлөгч нарын зүгээс юу гэж үзэж байна гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан бусдад давуу байдал бий болгосон биш. Хэрвээ ингэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлох ёстой байсан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, сэдэлт санаа зорилго, яаж гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг бүрэн нотолж тогтоогоогүй. Гадаад паспортыг Монгол Улсын Улсын бүртгэлийн байгууллага, дипломат төлөөлөгчийн газар олгодог. Швед улсад байсан Монгол улсын иргэн Монгол улсын иргэний бүртгэлийн байгууллагаас гадаад паспорт авсан. В.А гэдэг хүн Швейд улсад байхдаа яагаад Монгол улсаас гадаад паспорт авсан юм бэ. Яагаад Швед улсад байгаа иргэнд Монгол улсын улсын бүртгэгч гадаад паспорт олгосон гэж буруутгаж байгаа бол Швед улсад байхдаа Швейд улсын төлөөлөгчийн газраас авах боломж байсан уу, байгаагүй юу гэдгийг шалгаагүйг гайхаж байна. Швейд улсад дипломат төлөөлөгчийн газар байдаг эсэхийг шууд хэлж мэдэхгүй. Хэрвээ байдаг бол төлөөлөгчийн газраас В.А гэдэг хүний зүгээс авах боломж байсан уу. Гадаад паспорт авах хүсэлт гаргаж байсан уу гэдгийг шалгаж тодруулах ёстой байсан. Хэрвээ шалгасан бол гадаад хэргийн яам, эсхүл төлөөлөгчийн газраас мэдээлэл, лавлагаа тодорхойлолтыг авч тодруулах боломжтой. Төлөөлөгчийн газар байхгүй бол хуульд заасан ганц боломж нь Монгол улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авна. Гадаад улсад явж байгаад дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол Монгол улсын иргэн паспортоо хаях, эсхүл хулгайд алдах, хугацаа нь дууссан тохиолдолд эх орон руугаа л ханддаг. Эх орноос нь өгөхөөс өөр арга байхгүй. Учир нь гадаад улсад байгаа учраас биеэр ир гэж болдоггүй юм байна. Энэ тохиолдолд гадаад паспортыг олгодог. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн гэж үзэж яллах нь хэр зөв бэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Паспорт хүчин төгөлдөр, хуурамч биш, зохих журмын дагуу паспорт байсан. Монгол улсын иргэн гадаад паспорт авах эрхтэй. Г.Г гэдэг улсын бүртгэгчийн хувьд Монгол улсын иргэнд гадаад паспорт олгох үүрэгтэй. Гагцхүү гадаад паспорт олгох процессоо зөрчсөн асуудал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж чадахгүй гэж үзсэн. Энэ байдлыг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Монгол улсын иргэн гадаад паспорт авах нь бүх хүнд нээлттэй. Хүссэн болгох авч болно. Гадаад паспорт олгож байгаа нь давуу байдал бий болгож байгаа болон ямар нэгэн эдийн болон эдийн бус ашигтай нөхцөл байдал олгосон асуудал биш гэж харж байна. гагцхүү хуульд заасан өөрийн биеэр ирэх ёстой байсан гэсэн нөхцөл байдлыг зөрчсөн гэдэг дээр маргаан байхгүй. Улсын яллагч Швейд улсаас авах байсан гэдгийг нотлоогүй. Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Гэтэл энэ асуудлыг анхан шатны шүүх дээр огт яриагүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй. Эрх мэдэл, албан тушуулаа урвуулан ашиглах гэдэг нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн агуулга бүхий заалт Авлигатай тэмцэх хуульд байдаг. Г.Г үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна. Ийм учраас өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв. 

Цагаатгагдсан этгээд С.Эийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч цагаатгагдсан этгээд С.Э тогтвортой, үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөгч болон прокуророос хуульд заасан бүхий л аргаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л байдлуудыг бүрэн тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч С.Эийн тухайд хэрэгт ямар нэгэн үйлдэл оролцоотой болох нь тогтоогдоогүй. Гагцхүү Г.Г-ын мэдүүлгээр түүнийг шалгах үндэслэл болсон. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. Иймд уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч гэмт хэрэг биш шинжгүй, тухайн нэгжийн салбарын хуулиар хариуцлага тооцуулсан гэдэг зүйл ярьж байна. Иргэний бүртгэлийн газрын хариуцлага тооцох эсэх асуудал мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу мөрдөх байгууллага, хяналт тавих байгууллага, шүүн таслах байгууллагад хамааралгүй байх гэж хэлмээр байна. Мөн гэмт хэрэг мөн үү, эсхүл захиргааны шинжтэй мэргэжлийн алдаа юу, хэрэг үү эсхүл өмгөөлөгчийн яриад байгаа зүйл үү гэдгийг ялгана. Энэ юугаар ялгагдах вэ гэхээр санаатай үйлдэл үү, санамсар болгоомжгүй үйлдэл үү гэдэг дээр ялгагдаж байгаа. Шүүгдэгч Г.Г тухайд иргэн энгийн гадаад паспортыг биеэр ирээд, хурууны хээг уншуулж, өргөдөл бичиж өгөөд буюу материалаа бүрдүүлж өгөх нөхцөл байдлыг мэдэхгүй албан тушаалтан биш. Энэ үйлдлийг хэдэн мянган удаа давтаж хийж байсан. Энэ үйлдлээрээ өөрийнхөө үйл ажиллагааг явуулдаг этгээд гэдэг утгаараа санаатай үйлдлээр Иргэний бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн  А/207 дугаартай сайдын тушаалаар батлагдсан журмын заалтуудыг зөрчиж, өөрийн хамт ажилладаг этгээдийн гуйлтаар Монгол Улсад оршин суухгүй байгаа, гадаад улсад байгаа иргэний нэр дээр гадаад паспорт гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж прокуророос дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөх байгууллагаас арга хэмжээ авна уу гэж тухайн байгууллага руу явуулсан албан бичиг байдаг. Гэхдээ мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг дээр шийдвэр гаргадаг эрх бүхий субъект биш. Г.Г үйлдэл санамсар, болгоомжгүй үйлдлээр илэрдэг зөрчлийн шинжтэй үйлдэл биш. Санаатай, мэдсээр байж хүсэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Анхан шатны шүүхээс С.Эийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос эсэргүүцэл бичээгүй ч гэсэн С.Эийг хамтран оролцсон гэж шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Эсэргүүцэл бичээгүй шалтгаан нь 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан прокуророос эсэргүүцэл бичээгүй. Анх ялласан байр сууриа дэмжиж оролцож байгаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Г.Г, С.Э нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Г нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад байхгүй, Швед Улсад оршин сууж байсан В.А гэх хүний гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулан, улмаар Е000000 дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон болох нь:

паспорт хүсэх мэдүүлэг: “...2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 15 цаг, 56 минут, 18 секундэд хүсэлт гаргасан иргэний нэр, гарын үсэг В.А (гараар бичсэн), бүртгэж, зөвшөөрөл олгосон улсын бүртгэгчийн нэр, гарын үсэг Г.Г ...” (1хх 4),

гэрч В.Аийн: “...Миний бие ...2019 онд Польш улсаас Швед улс руу дамжин гарч, Швед улсаас 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад ирээд, одоо өөрийн төрсөн эгч В.Цэцэгмаагийнд Дорноговь аймагт хүүгийн хамтаар амьдарч байна. Би цагаачийн албаар орох шаардлагатай болоод Е000000 дугаартай гадаад паспортыг Монгол улсад захиалсан. Ингэж захиалахдаа Швед улсад амьдардаг Монголчуудын нэгдсэн групп дээр байсан “гадаад паспорт гаргана” гэх зарын дагуу зарын эзэнтэй фейсбүүк мессенжерээр холбогдож Монгол улсад дээрх гадаад паспортыг захиалж гаргуулсан. Тэр хүн рүүгээ цээж зураг, иргэний үнэмлэхийн зургийг хамт явуулаад 200.000 төгрөг билүү, 300.000 төгрөгийг явуулж байсан. Одоо тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй, ...тэр хүн над руу холбогдоод гадаад паспорт чинь гарсан шүү гэж хэлэхээр нь Швед улс руу каргонд тавиад өгөөч гэж хэлээд тавиулсан шиг санагдаж байна. Каргогоор паспорт ирэхээр нь би каргоны мөнгийг төлөөд авч байсан, ингээд тухайн гадаад паспортыг цагаачийн албанд аваачиж өгөөд цагаачийн албанаас буцах шийдвэрээ аваад паспортоо билеттэйгээ захиалж аваад би өөрөө тэндээ үлдэх сонирхолтой байсан тул хамт цагийн ажил хийж байсан Ц гэх найзыгаа Монгол улс руу гараад өгөөч гэхэд зөвшөөрөөд миний гадаад паспортоор Ц Монгол улс руу нэвтэрсэн. ...Би дээр дурдсанчлан зарын групп дээрээс зар харж байгаад тэр хүнтэй холбогдож гадаад паспортыг захиалуулж авсан байгаа. Энхчимэг, Ган-Утас гэх хүмүүсийг мэдэхгүй...” (2хх 75-76),

гэрч Б.Ц-ийн: “...Миний бие 2019 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч Швед улсад 2 жил ажиллаж амьдарч байгаад 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Би Монгол Улсад амьдарч байхдаа ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авсан байсан ба үүнийгээ төлж чадаагүй Швед улс руу явчихсан юм. Тэгтэл манай ээжтэй ББСБ-аас холбогдоод танай хүү зээлээ төлөхгүй байна, яагаад ирж уулзахгүй байна гэж асуухаар манай ээж гадаад явсан гэж хэлсэн юм билээ. Тэгээд ээж, эхнэр нарт хилийн хориг тавиулна гэж хэлсэн байдаг. Ийм учраас би хилийн хоригтой байж магадгүй гэж бодоод Швед улсад амьдардаг Монголчуудын группт байсан нэг зарыг хартал “өөрийнхөө оронд хүн явуулна” гэсэн зар байсан. Тэгээд зарын эзэнтэй холбогдоход В.А гэх миний үеийн залуу байсан, Алтангэрэл яагаад өөрийнхөө оронд явуулах гээд байна вэ гэхээр Швед улсын цагаачийн албанаас нь эх орноос нь гарсан байхыг шаардаад байдаг гэж тайлбарлаж байсан. Тэгээд намайг оронд минь гараад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд, дээрээс нь хилийн хориг тавигдсан байж магадгүй гэж бодоод В.Аийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсад шинэ нисэх буудал буюу Хөшигийн хөндийн онгоцны буудал дээр буухад хилийн цэргийн хүн нь В.Аийн ээжийнх нь нэр, нас гэрийн хаягийг асуугаад би мэдэхгүй гацаад баригдсан байгаа. Хэнээр захиалуулж авхуулсан талаар бол надад мэдэх зүйл алга байна. ...” (1хх 19), “...өөрийн нэрээр Швед улсаас Монгол улс руу буцахаар хилийн хориг тавигдаж магадгүй гэж бодсон юм. Тэгээд би Швед улсад амьдардаг Монголчуудын фэйсбүүк группээс “орондоо хүн буцаана” гэсэн зар харсан. Тэгээд В.А гэж хүнтэй холбогдсон. Би энэ хүнийг өмнө нь огт танихгүй, зараар холбогдсон юм. Миний ойлгосноор В.А нь Швед улсаас заавал гарсан байх шаардлагатай болсон юм байна лээ. Швед улсад В.Атэй 2021 оны 8 дугаар сарын сүүлээр уулзаад Е000000 гэсэн дугаартай гадаад паспортыг авсан. Би гадаад паспортыг нь ашигласныхаа төлөө В.Ад ямар нэгэн мөнгө төлсөн зүйл байхгүй. Буцаж чадахгүй болчих болов уу гэсэн үүднээс хүний гадаад паспортоор гарахаар шийдсэн юм. Швед улсын хил дээр В.Аийн гадаад паспортыг үзүүлэхэд ямар нэгэн асуудал үүсээгүй. Монголд ирээд хилийн шалгагчид В.Аийн Е000000 дугаартай гадаад паспортыг үзүүлэхэд надаас нэмэлт асуултууд асуусан. В.Аийн ээжийнх нь насыг асуусан. Би насыг нь мэдэхгүй байсан учраас буруу хариулаад баригдсан. Би хүний гадаад паспортыг ашиглаж хүний нэрээр хил нэвтрэх нь гэмт хэрэг гэдгийг ойлгож мэдэж байсан ч баригдахгүй болов уу гэж байсан юм...” (1хх 182),

гэрч Н.Баттулгын: “...Франкфуртаас Улаанбаатар чиглэлийн ОМ-1372 аяллын онгоц Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр буусан. Уг онгоцноос буусан зорчигч нар баримт бичгээ шалгуулахаар шалгалтын пост дээр ирсэн. Над дээр нэг залуу баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Түүний паспортыг аваад Монголоос хэзээ, явсан бэ гэж асуухад В.А гэгч нь ноднин гэж хариулсан. Тэгээд түүний авч яваа Е000000 дугаартай гадаад паспортын мэдээллийг харахад дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй хоосон байсан. Тэгэхлээр нь уг Е000000 дугаартай паспорт дээрх хүний мэдээллийг шалгахад 2018 онд Монгол Улсаас гарсан бүртгэлтэй, уг Е0000000 дугаартай гадаад паспорт нь шинээр гаргуулан авсан паспорт юм шиг байсан. Тэгээд уг Е0000000 дугаартай гадаад паспортыг авч явсан эрэгтэй хүнийг регистрийн дугаараа хэлнэ үү гэхэд Е0000000 дугаартай гадаад паспорт дээрх В.А гэх хүний ЛЕ000000 гэх дугаарыг хэлсэн. Тэгээд цааш шалгалтаа үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн лавлагааг гаргаж уг паспорт дээрх В.А гэх хүний ургийн овгийг асуухад ургийн овгоо мартчихсан байна гэж хариулсан, мөн ээжийнх нь насыг асуухад 60 гарч яваа гэж хариулсан. Улсын бүртгэлийн лавлагааг харахад В.Аийн ээж нь 1946 онд төрсөн хүн байсан. Тэгээд уг Е0000000 дугаартай паспортыг ашиглаж яваа иргэнээс хэний гадаад паспортыг авч яваа юм бэ гэж асуухад найзынхаа паспортаар орж ирж байгаа юм гэж хариулахаар нь тус иргэний мэдээллийг авч шалгахад Б.Ц гэх залуу байсан. Тэгээд бусдын баримт бичиг ашигласан байж болзошгүй гээд цааш нарийвчилж шалгуулахаар шилжүүлсэн...” (1хх 184) гэх мэдүүлгүүд,

Швед дэх Монголчуудын яаралтай зар гэх пэйж хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл: “...В.Аийн хэлж байгаагаар Sweden Mongolchuudiin yaraltai zar гэсэн пэйж хуудаст нэвтэрч ороход улаан өнгийн фон дээр Тахind yawna 0790100456 гэсэн хаягтай уг пэйж хаяг руу орж гадаад паспорт гэсэн хайлтаар шүүлт хийж үзэхэд Tuul sarnai гэх хаягаас Gadaad pass gargana, June 7, June 30 гэж 2 удаа зар тавьсан байсан ба өөрөөр гадаад паспорттой холбоотой ямар нэгэн зар байхгүй байсан. Мөн уг зарын доор ямар нэгэн коммент бичигдээгүй, ямар нэгэн утасны дугаар бичигдээгүй байсныг тэмдэглэл болгон бичиж уг зарын дагуу холбогдсон юм уу гэж Алтангэрэлээс асуухад яг энэ зар юм уу, аль эсвэл өөр зар байсан эсэхийг одоо санахгүй байна, гэхдээ иймэрхүү гадаад паспорт гаргана гэсэн зар маш олон байршигдсан байдаг, ганц энэ биш мөн энэ яаралтай зар гэсэн пэйж хаягаас өөр маш олон пэйж хаяг байдаг...” (2хх 79

баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ц-ийн Чингисхаан боомтоор Монгол Улсад нэвтрэхдээ авч явсан Е000000 дугаартай паспортад үзлэг хийхээр тогтов. Улаан өнгийн хавтастай, нүүрэн талдаа алтан шар өнгөөр Mongolia passport гэсэн бичигтэй голдоо Монгол Улсын соёмбо тэмдэгтэй 32 хуудастай энгийн Е000000 дугаартай паспорт байх бөгөөд хуудас бүрд “Хүчингүй (03) INVALID” гэсэн дардас дарагдсан байна. Паспортын 2 дугаар нүүрэнд Е000000, В.А ЛЕ000000. Олгосон огноо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, дуусах хугацаа 2030 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байна. Паспортын 4 дүгээр нүүрэнд цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 42/12-01 Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн бичигтэй тэмдэг дарагдсан бөгөөд доод талд нь баталгаажуулсан гарын үсэг байна. Паспортын 9 дүгээр нүүрэнд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Швед улсын Франкфурт хотоос гарсан гэх тэмдэглэгээтэй хар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй штамп дарагдсан байна. Паспортын 32 дугаар нүүрэнд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан боомтоор Монгол Улсад орж ирсэн гэх ногоон өнгийн штамп дарагдсан байсныг тэмдэглэж аван уг Е0000000 дугаартай гадаад паспортыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргаж, паспортыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов.” гэсэн тэмдэглэл (1хх 9-10),

Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/4944 дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Аийн Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа: “...В.А нь 0127251 дугаартай гадаад паспортоор 2015 оны 10 сарын 27-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсаас гарсан, орсон,   

Е00000 дугаартай гадаад паспортоор 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсаас гарсан, орсон, 

 Е000000 дугаартай гадаад паспортоор 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсаас гарсан, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсад орсон, 

Е00000 дугаартай гадаад паспортоор 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Алтанбулаг боомтоор Монгол Улсаас гарсан...” (1хх 23-24),

Г.Гыг “Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1002 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Гэрээг цуцалж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Ажилд томилох тухай” 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 518 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Ажилд томилох тухай” 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 391 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Хүүхэд асрах чөлөө олгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1932 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, үргэлжлүүлэн ажиллах тухай” 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/188 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал,

“Албан хаагчдыг томилох тухай” 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/297 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал (1хх 33-66),

“Г.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/614 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал (1хх 110),

В.Аийн гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэн Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн ...хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоол (1хх 210-213) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Г нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн бөгөөд түүний хашиж буй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч гэсэн ажлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт:

“...4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; 4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал; 4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан; 4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч; 4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; 4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан; 4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 12.1.6 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар нийтийн албан тушаал, уг албыг хашиж буй этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр заажээ.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтан Г.Г хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдэл болох Монгол Улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулан, улмаар Е000000 дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон...” гэж заасан шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г үйлдлийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул Г.Г үйлдлийг гэмт хэргийн шинжгүй талаар гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй.

Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял  оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

          Шүүгдэгч С.Эт холбогдуулан ирүүлсэн  “...Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байхдаа Монгол улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспортыг гаргуулах зорилгоор тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч ажилтай Г.Гаас “...Монгол Улсад байхгүй В.А гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч...” гэж гуйн гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэсний улмаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Г нь хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж В.А гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Е000000 дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Учир нь, шүүгдэгч Г.Г гэрчээр: “...Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан Энхчимэг гэх хүн надаас надаас 2020 оны 10 дугаар сард ...В.Аийн гадаад паспортыг гаргаад өгөөч гэхээр нь за за тэгье гэж хэлсэн, ...” /1хх 17/, яллагдагчаар: “...тухайн үед надтай хамт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан Э-ийн гуйлтаар В.Аээс өөрөөс нь биш өөр хэн нэгнээс авсан, одоо ямар хүн байсан талаар бол санахгүй байгаа...” /1 хх 233/ гэх мэдүүлгүүдээс өөр С.Эийг буруутгах нотлох баримт хэрэгт байхгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж зааснаар дан ганц Г.Г мэдүүлгээр С.Эийн үйлдлийг нотлогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын гаргасан “...гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ