Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2022/0022/З |
Дугаар | 112/ШШ2024/0028 |
Огноо | 2024-08-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 112/ШШ2024/0028
2024 оны 08 сарын 15 өдөр Дугаар 112/ШШ2024/0028 Есөнбулаг сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Тайшир сумын иргэн П.У-аас Тайшир сумын Засаг дарга М.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 150264470 / арван таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан мянган/ төгрөг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлээ: П.У миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 тоот захирамжаар Т сумын З д-ын Т-ын газрын даргаар томилогдон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан.
Тайшир сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 тоот захирамж гаргасныг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Тайшир сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож, Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд П.У-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарсан. 2024 оны 03 дугаар сарын 28-ны Б/05 тоот захирамжаар З д-ын Т-ын г-ын даргыг эгүүлэн томилох шийдвэр гарч ажлаа хүлээж аваагүй байхад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 тоот тогтоолоор П У-ыг үргэлжүүлэн ажиллуулах шийдвэр гарсан гэжээ.
Харин нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргахдаа: Тайшир сумын Засаг дарга М.Б нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, давуу байдал үүсгэн, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчиж, Төрийн албаны шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй хууль бусаар ажил хүлээлцээгүй, ажлаас дахин чөлөөлсөн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа тул тухайн албан тушаалтанд хариуцлага тооцож, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12 ны өдрийн 270 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, З д Т-ын г-ын д-ын албан тушаалд ажиллуулахыг даалгаж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, урамшуулал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгч П.У 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т сумын Х багийн иргэн П У миний бие Говь Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, Т сумын З д-ын Т-ын г-ын даргын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, З д-ын Т-ын г-ын даргын албан тушаалд ажиллуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, өөрчлөн гаргаж байна.
Хариуцагч нь миний нэхэмжилсэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс, урамшуулал тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гаргаж байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй бопгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Тайшир сумын Засаг дарга М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн П.У-аас Тайшир сумын Засаг даргад холбогдуулж гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших цалин хөлс, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
П.У нь Т сумын З д Т-ын г-ын д-аар ажиллах хугацаандаа ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан учраас тухайн хүний асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгаж шийдвэрлэх хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтаар хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд П.У-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших цалин хөлс, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй болохыг энэхүү хариу тайлбараар шүүхэд хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Т сумын иргэн П.У-аас тус сумын Засаг дарга М.Б-т холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи цалин хөдөлмөрийн хөлс тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр мөн нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргахдаа: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, Т сумын З д-ын Т-ын газрын даргын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Т-ын г-ын д-гын албан тушаалд ажиллуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлшийн шаардлага гаргасан.
Харин нэхэмжлэгч нь тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, Тайшир сумын З д-ын Т-ын г-ын д-ын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Т-ын г-ын д-ын албан тушаалд ажиллуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, өөрчлөн гаргаж байна. М.Б нь иргэн П.У миний нэхэмжилсэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс, урамшуулал тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаадлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу П.У нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байна. Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь П.У-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи цалин хөлс, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Т сумын иргэн П.У-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Тайшир сумын Засаг дарга М.Б-т холбогдох 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших цалин хөдөлмөрийн хөлс тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч П.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайшир сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ЕРӨНХЙИ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ