| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0089/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг /ҮД:0446/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайдай овогт Жийн Бд холбогдох 1706026420147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2а-8 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоотод түр оршин суух, Дайдай овогт Жийн Б /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А бид 2 байж байгаад 1 шил Хараа нэртэй архи, 1 том пиво авч уусан. Тэгээд гэрээс гараад орой 23 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр М ирсэн байсан. Тэгээд би дахиж 10,000 төгрөг өгөөд А, М 2-ыг пиво аваад ир гээд пивонд явуулсан ба тэр хооронд би гэртээ хүлээж байсан. Тэр хоёрыг ирэхгүй 30-40 минут болохоор нь М рүү залгаад яасан удаан явдаг юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаад байж байхад А ганцаараа пиво бариад орж ирээд авгай чинь буцаад яваад өгсөн гээд орж ирсэн. Чи дагуулаад ирэхгүй яасан юм бэ? гэхэд би яаж мэддэг юм гээд агсраад түлхээд байсан. Тэгэхээр нь одоо ирэх байлгүй цаашаа суу гээд баруун талын ор руу түлхэхэд босож ирээд бөгжтэй гараараа миний нүүр рүү 1 удаа цохихоор нь би цаашаа түлхээд ширээн дээр ил байсан хутгыг аваад хажуугаар нь гарахад дахиад босоод ирэхээр нь баруун гартаа барьсан байсан хутгаар нэг удаа цавь орчим нь хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 134-135, 223-224 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай дүү Г.А нь манай гэрт байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнө бие нь муудахаар нь 103 дуудаад нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн очоод хэвтсэн. 1 дүгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт нас барсан. ...нэгдүгээр эмнэлэгт очоод яаралтай хагалгаанд ороход мэс заслын эмч нь шулуун гэдэс нь 3 цоорсон, бас тасарсан байна, хутганы сорвитой байна гэж хэлсэн. Манай дүү архи хэрэглэдэг, би уусан байхыг нь харж байгаагүй. ...надад эмчилгээний зардалтай холбоотой баримтууд байгаа, дандаа эмнэлэгт хэвтэж байхдаа авсан эм, тарианы зардал байгаа юм. ...надад болон манай гэрийнхний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, харин эмчилгээнд гарсан зардлыг баримтанд байгаагаар нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 92-94 х/,
1.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. “...Хэргээ нуун дарагдуулаагүй бол амьд байх байсан ч юм билүү, тухайн үеийн доргилтоос болж гэдэснийх шарх хөндөгдөж цоорсон байх гэж бодож байна. 9 сард Б манай хүнтэй архи уусан байдаг, тэр үед нь манай том эрэгтэй дүү болох А утас руу нь залгахад Б аваад ёсөн шидээр хэлээд байсан гэсэн. Талийгаач эхний 2 өдөр зүгээр юм идэж уугаад хэвтэж байсан, тэгээд дараагийн хоёр өдөр бие нь өвдөхөөр нь гэдэс гүзээ чинь зүгээр үү, юу өвдөж байна гэхэд гайгүй гэж хэлсэн, тэгээд 5 дахь өдөр нь зүгээр болчих байх гэсэн. Би 1 дэх өдөр ажилдаа явах гэсэн чинь халуураад гэдэс сонин болчихлоо гэсэн, тэгээд гэдсийг нь үзсэн чинь гэдэс нь дүүрэн болчихсон байсан. Тэгээд би яаралтай түргэн тусламж дуудаад эмнэлэг явсан. Одоо гомдол санал гээд байх зүйл алга, хэргийн материалд байгаа мөнгөө нэхэмжилж байна. Эмчилгээний зардал байгаа, дандаа гаднаас эм, тариа авч байсан. Нарийн гэдэсний залгаа хагалгаа хийлгэсэн болохоор хоол ордоггүй байсан. Яг хутгалуулсантай холбоотой эмчилгээнд зарцуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.4.Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Аыг хүнд хутгалуулсан асуудлыг өөрөөс нь дуулаагүй, би хүнд хутгалуулсан гэж дуулаад залгахад дүү нь жоохон бие өвдөөд ярихад хүндрэлтэй байна гэсэн ба тэгээд үзүүлсэн юм уу гэхэд үзүүлсэн, тан ууж байгаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 х/
1.5.Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнийн 01 цагийн үед байхаа цагдаа над руу залгаад “та одоо гэртээ харьж болно, бид нар танай нөхрийг аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ иртэл манай баруун талын орон дээр А хэвтэж байсан, би юу болсон талаар асуухад Б намайг хутгаар дүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд би хаана чинь яаж дүрсэн юм бэ, гайгүй юу гэхэд А надад үзүүлэхгүй нуугаад байсан. А намайг гэрт орж ирэхэд цэнхэр даавуугаар баруун талынхаа цавь руу дарчихсан дээл нөмрөөд хэвтэж байсан. ...шөнө Ариунтбат унтаж байхдаа ёолоод байсан, ам цангаад байна гэхээр нь цай хийж өгсөн. Тэгээд өглөө нь намайг сэрэхэд А унтаж байгаад намайг ажилдаа явахын өмнө А сэрээд халуураад байна гэж хэлсэн. Би 09 цаг 40 минутын үед ажилдаа явлаа гээд гарсан. ...А манай гэрт 2017 оны 09 дүгээр сарын 27, 28-ны 2 өдөр бүтэн хэвтэж өнжсөн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ны орой 20 цагийн үед манай бага хүүхэд Өсөх-Эрдэнийг гэрт нь ганцааранг нь үлдээгээд явчихсан байсан. ...тиймээ энэ 2 хутга манай гэрийн хутга мөн байна, хэзээ авсныг мэдэхгүй байна, мах, талх өшиглөдөг гэрийн маань хэрэглээний хутга байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-56, 102-104 х/
1.6.Шинжээчийн 5522 тоот дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутга нийт 26,4 см урттай, ажлын хэсгийн урт нь 14,5 см, бариулын урт 11,7 см, ажлын хэсгийн угийн өргөн 2,5 см, үзүүрлүүгээ нарийссан, ажлын хэсгийн зүүн талд “Хортиця” гэсэн бичигтэй, бор арзгар хээтэй, шар хуванцар бариултай, бариулын урд хэсэгт 3,5 см өргөн цагаан металл оруулгатай хутга байна.
2. Талийгаач Ганбаатарын Аын баруун ташаан толгой, умдагны дээд талд үүссэн гэмтэл нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганы аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. гэх дүгнэлт /хх 111 х/,
1.7.Шинжээчийн 2074 тоот дүгнэлт
1.2.3.Талийгаач нь сүрьеэгийн гаралтай нарийн гэдэсний цооролтот шархлаат үрэвслийн улмаас хэвлийн гялтангийн үргэлжилж буй тархмал баасан, идээт үрэвсэл, гогцоо хоорондын буглаа, үржлээр хүндэрч нас баржээ.
4. Талийгаач нь О /1/ бүлгийн цустай байна.
5.Талийгаачийн цусанд спиртын зүйл илрээгүй.
6.Талийгаачийн баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, умдаг, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
7.Дээрх гэмтлүүдийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зүүн ташаан толгойн цус хуралт, умдаг, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. гэх дүгнэлт /хх 114-117 х/,
1.8.Шинжээчийн 1274 тоот дүгнэлт
1.Урьд гаргасан 2017.11.16-ны өдрийн 2074 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Талийгаачийн биед учирсан баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун, зүүн ташаанд цус хуралт, умдаг хэвлийд шарх зулгаралт бүхий гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3.Талийгаачийн баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэвлийн хөндийд нэвтрээгүй байна.
4. Талийгаачийн биед учирсан баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх болон баруун, зүүн ташаанд цус хуралт, умдаг, хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд нь талийгаач нас барсан шалтгаантай холбоогүй байна. ээрх гэмтлийг авсан тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийх чадвартай.
5. Талийгаачийн биед учирсан баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2017.09.26-27-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 128-131 х/,
Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Ж.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү Б нь 1986 онд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Эцэг эхээс 8-лаа бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн. Архангай аймгийн Өлзийт суманд сургуульд сурч байсан. Цэргийн алба 05-р ангид хааж байсан. Б 2000 оны эхээр шилжиж ирсэн. Улаанбаатар хотод ирээд БЗД-т эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад одоо салчихсан. Өөрөө 2 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь одоо эх дээрээ байдаг. Би хувийн амьдралынх нь талаар сайн мэдэхгүй. Зан аашны хувьд их л даруухан зантай, хар бор ажилд сайн, ажилсаг, уур уцаар байхгүй, хүний үгэнд их оромтгой, хүнд их тусархуу зантай хүн байгаа юм. Архи дарс хэрэглээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 х/
2.2.Гэрч Ц.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах Б нь манай ээжийн төрсөн дүү бөгөөд эцэг эхээс 7-лаа, хамгийн бага хүүхэд нь юм. Манай ах Б нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн байх, би тухайн үед бага байсан учир сайн мэдэхгүй байна. Миний бодлоор айлын бага хүүхэд учир их дураараа л ааштай юм шиг санагддаг. Их сайхан сэтгэлтэй, ажилсаг зантай, хүн чанар сайтай, цайлган цагаан сэтгэлтэй хүн шиг санагддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 х/
2.3.Ж.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 146 х/
2.4.Ж.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 147 х/
Гурав:Хохирлын талаарх баримт.
3.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн “...надад эмчилгээний зардалтай холбоотой баримтууд байгаа, дандаа эмнэлэгт хэвтэж байхдаа авсан эм, тарианы зардал байгаа юм. ...надад болон манай гэрийнхний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, харин эмчилгээнд гарсан зардлыг баримтанд байгаагаар нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 92-94 х/,
3.2.Эмчилгээний зардлын баримтууд /хх 156-157 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоотод байрлах өөрийн гэртээ Г.Атай “эхнэрийг минь дагуулж ирсэнгүй” гэх асуудлаас болж маргалдан, улмаар гэрт байсан хутгаараа хэвлийн баруун доод хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь баруун ташаа толгойн орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ж.Бгийн “... би дахиж 10,000 төгрөг өгөөд А, М 2-ыг пиво аваад ир гээд пивонд явуулсан ... А ганцаараа пиво бариад орж ирээд авгай чинь буцаад яваад өгсөн гээд орж ирсэн. Чи дагуулаад ирэхгүй яасан юм бэ? гэхэд би яаж мэддэг юм гээд агсраад түлхээд байсан. Тэгэхээр нь одоо ирэх байлгүй цаашаа суу гээд баруун талын ор руу түлхэхэд босож ирээд бөгжтэй гараараа миний нүүр рүү 1 удаа цохихоор нь би цаашаа түлхээд ширээн дээр ил байсан хутгыг аваад хажуугаар нь гарахад дахиад босоод ирэхээр нь баруун гартаа барьсан байсан хутгаар нэг удаа цавь орчим нь хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 134-135, 223-224 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн “...Би Аыг хүнд хутгалуулсан асуудлыг өөрөөс нь дуулаагүй, би хүнд хутгалуулсан гэж дуулаад залгахад дүү нь жоохон бие өвдөөд ярихад хүндрэлтэй байна гэсэн ба тэгээд үзүүлсэн юм уу гэхэд үзүүлсэн, тан ууж байгаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 х/
Гэрч Ц.Мийн “...Шөнийн 01 цагийн үед байхаа цагдаа над руу залгаад “та одоо гэртээ харьж болно, бид нар танай нөхрийг аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ иртэл манай баруун талын орон дээр А хэвтэж байсан, би юу болсон талаар асуухад Б намайг хутгаар дүрчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-56, 102-104 х/
Шинжээчийн 2074 тоот дүгнэлт
.... 6.Талийгаачийн баруун ташаан толгой орчмын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, умдаг, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
7.Дээрх гэмтлүүдийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зүүн ташаан толгойн цус хуралт, умдаг, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. гэх дүгнэлт /хх 114-117 х/,
Шинжээчийн 1274 тоот дүгнэлт /хх 128-131 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн нэхэмжилж буй хохирол нь талийгаачийг нас барахад хүргэсэн өвчний оноштой холбоотой эмчилгээнүүд болох нь түүний өөрийн гаргасан тайлбар, эмчилгээний зардлын баримтуудаар тогтоогдож байгаа, хохирогч нь шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас учруулсан хөнгөн гэмтэлд хийлгэсэн эмчилгээ байхгүй тул дээрх эмчилгээний зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлдтэй шууд шалтгаант холбоо байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн 919,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Ж.Бд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Ж.Бг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.
Ж.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноохоор шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26,4 см урттай, ажлын хэсгийн урт нь 14,5 см, бариулын урт 11,7 см, ажлын хэсгийн угийн өргөн 2,5 см, үзүүрлүүгээ нарийссан, ажлын хэсгийн зүүн талд “Хортиця” гэсэн бичигтэй, бор арзгар хээтэй, шар хуванцар бариултай, бариулын урд хэсэгт 3,5 см өргөн цагаан металл оруулгатай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дайдай овогт Жийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бд мэдэгдсүгэй.
4.Ж.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн 919,650 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26,4 см урттай, ажлын хэсгийн урт нь 14,5 см, бариулын урт 11,7 см, ажлын хэсгийн угийн өргөн 2,5 см, үзүүрлүүгээ нарийссан, ажлын хэсгийн зүүн талд “Хортиця” гэсэн бичигтэй, бор арзгар хээтэй, шар хуванцар бариултай, бариулын урд хэсэгт 3,5 см өргөн цагаан металл оруулгатай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ