Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/126 

 

    

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,

шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 5-ны 2022/ШЦТ/913 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Дд холбогдох 2205022792315 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

......тоотод түр оршин суух хаягтай, урд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1043 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Цахим албаны оператораар ажиллаж байхдаа 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд тус албанаас түүнд итгэмжлэн хариуцуулсан 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” /Раnasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 1 ширхэг, 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Никон” /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 1 ширхэг, “Эйч Пи” /НР, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Айфоне-7” /Iphone 7, хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне” /Iphone хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 1 хос, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 1 ширхэг буюу нийт 15,245,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 15.245.000 /арван таван сая, хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр нарт олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие энэ хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Хэргийн зүйчлэлтэй маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг тогтоолын хохирлын хэмээг “Арвижих эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гаргасан 15,245,000 төгрөгөөр тогтоосон нь бодит хохирлын хэмжээтэй нийцэхгүй байна. Бодит хохирол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 8,645,000  төгрөг байгаа тул хохирлын хэмжээг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү.

Мөн миний бие хувийн байдлын хувьд 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг юм. Би багаасаа гандан хийдэд суралцаж, ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулдаг байсан бөгөөд өөрийн хариуцсан зүйлийг ломбарданд тавьж буцаан авна гэсэн зорилгоор уг хэргийг үйлдсэн. Миний бие өөрийн буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Та бүхэн миний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд: “...хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. ...Энэ гэмт хэргийн улмаас Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд 15.245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Дгээс нийт 15.245.000 төгрөгийг гаргуулж хохирогч Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр нарт олгохоор шийдвэрлэв.” гэж тогтоолд заасан шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь:

Хавтаст хэргийн 76 дугаар талд “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн №1/103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Панасоник маркийн камер 8.000.000 төгрөг, Никон маркийн зургийн аппарат 2.800.000 төгрөг, зөөврийн компьютер 3.500.000 төгрөг, айфоне маркийн хэрэглэж байсан 2 ширхэг гар утас 600.000 төгрөг, айфоне маркийн хэрэглэж байсан утасгүй чихэвч 300.000 төгрөг, Повер банк хэрэглэж байсан 45.000 төгрөг нийт 15.245.000 төгрөг...” гэж хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан.

Хавтаст хэргийн 17 хүудасны ар тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн мэдүүлэгт “...Панасоник маркийн том камерыг би модны 2-н ломбарданд тавиад алдчихсан, никон маркийн зургийн аппаратыг 4-р хорооллын ломбарданд тавьсан, зөөврийн компьютерийг гандангийн баруун талын хаалганы харалдаа байдаг ломбарданд гэж хэлсэн. Тэгэхээр нь Гандангийн нярав Няндуучамбаас 1.657.000 төгрөг авч уг эд зүйлийг ломбарднаас чөлөөлж авсан. Тэгээд Дд хэлэхэд би машинаа зарж мөнгийг нь өгнө гэж хэлж байсан боловч одоо болтол өгөөгүй...” гэх,

хавтаст хэргийн 28  дугаар тал Б.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт. “...гэтэл Гантөмөр ах надаас уг эд зүйлийг яасан гээд асуугаад байхаар нь үнэнгээ хэлээд байгууллагаас мөнгө гаргаж, уг эд зүйлсийг авсан. Тэр мөнгийг нь төлөөгүй байгаа. Харин 2 ширхэг гар утасны талаар би өмнө хэлсэн, нэгийг нь зараад нөгөөг нь эвдчихсэн юм...” гэх,

хавтаст хэргийн 33-р хуудасны ар тал гэрч Б.Няндуучамба мэдүүлэгт “...харин сүүлд Гантөмөр ах надад хэлэхдээ Д хариуцаж байсан эд зүйлийг ломбарданд тавьсан байна, алдаж байхаар авья, албанаас мөнгө гаргаад өг гэж хэлээд албанаас мөнгө гаргуулж байсан...ямар ч байсан мөнгө гаргуулж аваад тэр эд зүйлсийг нь авч байсан санагдаж байна...” гэх,

хавтас хэргийн 35 хуудасны ар тал гэрч Д.Мөнхзулын мэдүүлэгт “...гандангаас 1.657.000 төгрөг гаргаж эд зүйлсийг авсан...” гэх,

хавтаст хэргийн 37 хуудасны ар талд гэрч Ш.Алтангэрэлийн мэдүүлэгт “...Niкоn маркийн зургийн аппаратыг 560.000 төгрөгөөр буцааж авсан байна...” гэх,

хавтаст хэргийн 39 хуудасны ар талд гэрч Ж.Эрдэнэчимэгийн мэдүүлэгт “...HP  маркийн зөөврийн компьютерийг 1.392.000 төгрөгөөр авсан...” гэх,

хавтаст хэргийн 42-44 хуүдас мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэлд “..nikon маркийн зургийн аппарадыг “Сүртэй нэртэй ломбарданд 2022.01.07-ны өдөр 450,000 төгрөгөөр тавьж, 2022.01.31-ний өдөр 560,000 төгрөгөөр буцааж авсаныг гэрэл зургаар бэхжүүлж авсан, “смарт-24” гэх ломбарднаас НР маркийн зөөврийн компьютерийг 2022.01.8-ны өдөр 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж, нэмж 300.000 төгрөг аваад 2022.03.01-ний өдөр 1.392.000 төгрөгөөр худалдан авсан байна...” гэх,

хавтаст хэргийн 55 дугаар тал Ц.Энхболдын 2022.10.10-ны өдөр гэсэн огноотой гараар бичиж өгсөн бичмэл баримт “...2021.8.16-ны өдөр барьцаанд тавьсан... panasonic маркийн дүрс бичлэгийн камер...1.500.000 тавьсан...зээлийн хугацаа хэтэрч 2 сар болсон тул манай байгууллага зарж борлуулсан...” гэх,

хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан 2 ширхэг баримт бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд “..Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд 2022.03.01-ний өдөр Цахим албанд хэрэгцээнд нэг сая зургаан зуун тавин мянган төгрөг олгож өгнө үү. Өргөдөл гаргасан Д гэсэн гарын үсэгтэй...санхүүд, кассын няравд гээд Дд 1.650.000 төгрөг олгоё гэж зөвшөөрсөн...” 2-р баримт кассын зарлагын ордер “...2022.03.01-ний өдөр Дд 1.650.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан дээр Дгийн гарын үсэгтэй...” баримт,

хавтаст хэргийн 127 дугаар тал мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо “...10.647.000 төгрөг...” гэх баримтуудад шүүх харьцуулан дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй.

Тодруулбал, шүүгдэгч Б.Д нь Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд бэлэн мөнгө олгож өгөхийг хүссэн байдаг ба МБШТөв Гандантэгчилэн хийдийн захиргаанаас Б.Дд 1.650.000 төгрөг олгохыг зөвшөөрч, шүүгдэгч Б.Д 1.650.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримтанд гарын үсэг зурж хүлээн авч, ломбарданд барьцаанд тавьсан эд зүйл болох niкоn маркийн зургийн аппарадыг “Сүртэй” нэртэй ломбарданаас 2022.01.31-ний өдөр 560.000 төгрөгөөр, “смарт-24” гэх ломбарднаас НР маркийн зөөврийн компьютерийг 2022.03.01-ний өдөр 1.392.000 төгрөгөөр буюу нийт 1.952.000 төгрөгөөр буцаан авч МБШТөв Гандантэгчилэн хийдэд хүлээлгэн өгсөн байна. Шүүгдэгч Б.Д нь Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд 1.650.000 төгрөгийн өртэй үүнийгээ төлөөгүй байна.

Мөн шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгээр нэг гар утсыг эвдэлсэн, алга болгосон байсан учраас хэрэглэж байсан нэг гар утас өгсөн гэж мэдүүлсэн байхад 2 гар утас завшсан гэж шүүхээс дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, шинжлэн судалж, дүгнэж үзэхээр хохирогч Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд учирсан бодит хохирол нь панасоник маркийн хэрэглэж байсан камер 1 ширхэг 8.000.000 төгрөг, айфоне маркийн гар утас 1 ширхэг 300.000 төгрөг, айфоне маркийн хэрэглэж байсан утасгүй чихэвч 1 ширхэг 300.000 төгрөг, повер банк хэрэглэж байсан 45.000 төгрөг, нийт 8.645.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэхээр байна.

Гэтэл шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоохдоо “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 15.245.000 төгрөгөөр эд зүйлийг үнэлсэн үнэлгээг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шууд дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон учраас шийтгэл тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 8.645.000 төгрөгийг хохирогчид төлөхөөр өөрчлөлтийг оруулж өгнө үү.

Хоёр. Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дугнэлтийн тухайд: Шүүгдэгч Б.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар ЦЕГ-ын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дд ...үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж дүгнэж байгаа нь хэдийгээр шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүхээс шүүгдэгч Б.Дд 2 жилийн хорих ялыг оногдуулах үндэслэлээ урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлт хийж эрх зүйн байдлын дордуулж Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”, 6.6 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж хуульчилсан.

   Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн мөртлөө урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдлыг харгалзана гэж хүндрүүлэн шүүгдэгч Б.Дгийн урьд өмнө эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан гэсэн үндэслэлээр түүний эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд заагаагүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн ял шийтгэсэнд гомдолтой байна. Мөн шүүхээс хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлийн хувьд хохиролоо төлөхөө илэрхийлдэг бөгөөд хохирол төлбөр дээр маргадгүй, хохирол төлөгдөөгүй байгаа нь ял шийтгэлийг хүндрүүлэх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлын хувьд эхнэрээсээ салсан 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг үйлдэхийн тулд ганданд ажилд ороогүй бөгөөд багасаа гандан хийдэд суралцаж, амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Мөнгөний хэрэг гарч өөрийн хариуцаж байсан эд зүйлийг ломбарданд тавьж буцаан авч чадна гэсэн бодлоор хэргийг үйлдсэн байдаг. Хэрэг үйлдсэнээс хойш биеэ авч яваа байдлын өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хаана эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр тавьснаа хэлж, гандангаас мөнгө зээлж зарим эд зүйлийг буцаан авч өгсөн байдаг. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь Гандантэгчэнлин хийдийн цахим албанд миний дор хамтран ажиллаад 1 жил гаруй хугацаанд байсан. Энэхүү хугацаанд өөрт нь хариуцуулж өгсөн эд зүйлийг дур мэдэн ашигласан. Анхан шатны шүүх хуралдаан болоход хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш Б.Дгийн ах, дүү, ар гэрийнхэн нь хөөцөлдөж явсаар 15.245.000 төгрөгийн хохирлоос 8 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулсан. Үлдсэн 7 сая гаруй төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэж баталгаа гаргаж өгсөн. Гандантэгчэнлин хийдийн зүгээс хохирлыг барагдуулаад өгчихвөл залуу хүнийг заавал шоронд явуулах хүсэл сонирхол байхгүй. Мөн Б.Дтэй багагүй хугацаанд хамт ажиллаж байсны хувьд уг хүүхэд нь айхтар эвдэрсэн хүүхэд биш. Гэмт үйлдлээ хэлсэн байдаг. 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Б.Дгийн эцэг нь биеийн байдал тааруу байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Бидний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд 15.245.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хэргийн бодит байдалтай нийцсэн. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдээс цагдаагийн байгууллагад 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн зүгээс хохирол, төлбөр төлөх талаар санал, санаачилга гаргаагүй. Хохирол төлбөрийг төлнө гэдэг болохоос бодиттой илэрхийлсэн зүйл байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэх үед бусдад учирсан хохирол, төлбөр төлөгдөөгүй байсан. Өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хийдийн захиргаанаас Б.Дд 1.657.000 төгрөгийг олгохыг зөвшөөрч, ломбардаас эд зүйлийг авч, хийдэд хүлээлгэн өгч, хийдэд 1.657.000 төгрөгийн өртэй талаар дурдсан. Үүнийг өр гэж үзэхгүй. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс өөрийн хөрөнгийг хамгаалж 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий зургийн аппаратыг 564.000 төгрөгөөр, 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютерыг 1.392.000 төгрөгөөс ломбардаас чөлөөлж авсан. Энэ нь хийдийн өөрсдийнх нь хичээл зүтгэл, хөрөнгө хамгаалах ажиллагаа хийсэн. Б.Д сайн дураар зааж өгөөд авсан зүйл огт биш юм. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд тодорхой мэдүүллээ. Нэг бүр 300.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утсыг хийдийн цахим албаны үйл ажиллагаанд ашиглуулахаар Б.Дд итгэмжлэн хариуцуулж өгснийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн зүгээс 8.880.000 төгрөгийг Гандантэгчэнлин хийдэд төлж барагдуулсан. Үлдэгдэл 7.157.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулж, баталгаа гаргаж нотариатаар батлуулсан баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж өгч байна. Үүнийг юу гэж ойлгох уу. Шүүхээс тогтоосон 15.245.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох уу. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлага дээр дараах тайлбарыг хийе. Шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тухай шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгчийн хувийн байдал урьд ял шийтгэл эдэлж байсан талаар шүүхийн тогтоолд дурдаж л өгсөн. Үүнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болгоогүй. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээ эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлээд 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн төлөө хуульд заасан ялын төрөл хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд  шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл байдал, боломжид нийцүүлэн ял оногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. Тухайн үед шүүгдэгч ам бүл 7, эцэг, эх, 2 хүүхэд, дүү нарын хамт амьдардаг талаар биеийн байцаалтад авагдсан. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 913 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Дд холбогдох 2205022792315 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Цахим албаны оператораар ажиллаж байхдаа 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан байгууллагын эд хөрөнгө болох 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” /Раnasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 1 ширхэг, 2,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Никон” /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 1 ширхэг, “Эйч Пи” /НР, мэдрэгчтэй, СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Айфоне-7” /хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне” /хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 1 хос, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 1 ширхэг буюу нийт 15,245,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, хувьдаа завшсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн: “...Байгууллагын албаны тоног төхөөрөмжүүдийг оператор Б.Дд 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үед хүлээлгэн өгсөн. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын үеэс том камер, зөөврийн компьютер 2 харагдахаа болиод Б.Дгээс асуухад “гэрт байгаа”, эсвэл “оюутан дүү хэрэглэж байгаа”, эсвэл “хэн нэгэн авсан” мэтээр яриад өнгөрдөг болсон. Тэгээд тэрнээс хойш авч ирэхгүй байхаар нь 2022 оны 3 дугаар сарын үед Дгээс “за чи яг үнэнээ хэл, яг яасан юм бэ” гэхэд Д “Панасоник” маркийн том камерыг би “Модны-2”-ын ломбардад барьцаанд тавиад алдчихсан, Никон маркийн зургийн аппаратыг 4 дүгээр хороололд ломбардад барьцаанд тавьсан, Эйч Пи маркийн мэдрэгчтэй зөөврийн компьютерыг 4 дүгээр хороололд, Гандангийн баруун талын хаалганы харалдаа байдаг ломбардад барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гандангийн нярав Няндуувчамбаас 1.657.000 төгрөг авч, уг эд зүйлсийг ломбардаас чөлөөлж авсан. Мөн 2021 оны 02 дугаар сард манай албаныханд албанаас гар утас өгсөн юм. Тэгэхэд Д Айфоне-7 маркийн 1 ширхэг гар утас авсан юм. Тэгээд удаагүй байхад Д “энэ гар утас болохгүй байна, нөгөө гар утсаа өгчих” гэж надаас гуйгаад байхаар нь би дахин Айфоне-7 /iphone-7/ маркийн гар утас 1 ширхгийг өгсөн. Мөн уг гар утаснуудыг авахдаа Айфоне /iphone/ маркийн утасгүй чихэвч 1 ширхэг, повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг буцаан өгөөгүй. Би байгууллагын тоног төхөөрөмжүүдийг оператораар ажилладаг байсан тул Дд чи хариуцаж хэрэглэж байгаарай гэж хүлээлгэн өгч байсан. Гэхдээ энэ талаар ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, гарын үсэг зуруулж өгөөгүй. Гэхдээ уг эд зүйлсийг би Дд өгсөн. Д хариуцан ажилладаг байсан талаар манай ажлын хүмүүс мэднэ. Д уг эд зүйлсийг өөрөө хэрэглэж байгаад завшсан ба бид нараас ямар нэгэн байдлаар хэлж, зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Сүүлд нь асуухад л барьцаанд тавьчихсан гэж хэлэхэд энэ талаар нь мэдэж дээр хэлсэн хоёр эд зүйлийг нь авсан юм...” /хх 17-18/,

гэрч М.Түвшинбаярын: “...байгууллагад 4К том камер 1 ширхэг, жижиг зургийн аппарат 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, албан хэрэгцээний Айфон-7 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг албан хэрэгцээнд гээд манай албанд өгч байсан. Тухайн үед Д оператораар ажилладаг байсан тул тухайн эд зүйлсийг ихэвчлэн хэрэглэдэг ба Дд л байж байдаг байсан юм. Гэтэл хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй, камер, зургийн аппарат болон зөөврийн компьютер зэрэг эд зүйлс харагдахаа больчихсон байсан...” /хх 30-31/,

гэрч Б.Няндуучамбын: “...миний мэдэхээр Д нь камер, гар утас зэргийг албанд ашиглаж байгаа харагддаг л байсан. Харин сүүлд нь Гантөмөр надад хэлэхдээ “Д хариуцан хэрэглэж байсан албаны эд зүйлсийг ломбардад барьцаанд тавьсан байна, алдахаас нь өмнө байгааг нь авъя, албанаас гаргаад өг” гэж хэлээд албанаас мөнгө гаргуулан авч байсан...” /хх 33/,

гэрч Д.Мөнхзулын: “...би 2016 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Цахим албаны дарга Гантөмөр надад хэлэхдээ “Д хариуцсан эд зүйлсийг авч ирэхгүй байхаар нь асуухад ломбардад тавьсан байна, Гандангаас мөнгө гаргуулж эд зүйлсийг нь алдахаас нь өмнө авах хэрэгтэй байна” гэж хэлээд албанаас 1.657.000 төгрөгийг бэлнээр авч уг эд зүйлсийг авсан. Эд зүйлсийг хүлээлгэж өгөөд шууд орлогын баримт үйлдээд албаны нэр дээр нь бүртгээд явдаг юм. Ер нь л албаны дарга гэдэг утгаар нь Гантөмөр хүлээж аваад, ажилчдадаа олгодог байсан байх...” /хх 35/,

гэрч Ш.Алтангэрэлийн: “...Би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Спарк” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сүртэй” гэх ломбардад 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш ажиллаж байна. Болдын Дгийн /У395051614/ регистрийн дугаараар хайлт хийхэд уг хүн нь өөрийн бичиг баримтаар 2022 оны 01 сарын 17-ны өдөр 1\Nikon D7200... маркийн зургийн аппаратыг 450.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 560.400 төгрөгөөр авсан байна.  ...” /хх 37/,

гэрч М.Эрдэнэчимэгийн: “...Би “Эрх цэцэгс” ХХК-ийн “Смарт 24” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2022 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна. Манай ломбардын хаяг Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 22 дугаар байрны дэргэд байрладаг. Б.Д гэх хүний У395051614 регистрийн дугаараар хайлт хийхэд уг хүн нь 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр НР маркийн... зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буцаан авсан байна. Энэ хугацаанд 300.000 төгрөг нэмж аваад 1.000.000 төгрөг дээр 216.000 төгрөгийн хүү, хугацаа хэтэрсний 176.000 төгрөг гээд нийтдээ 1.392.000 төгрөг орчмоор авсан байна. ...” /хх 39/ гэх мэдүүлгүүд,

гэрч Ш.Алтангэрэлээс гаргаж өгсөн “Сүртэй” гэх ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн 1 ширхэг хуудсыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хх 46-48/, гэрч М.Эрдэнэчимэгээс гаргаж өгсөн “Smart-24” гэх ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн 1 ширхэг хуудсыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хх 49-51/,

Б.Дгээс гаргаж өгсөн “Алтан гахай” гэх ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх 52-55/,

гэрч Д.Мөнхзулаас гаргаж өгсөн өр авлагын дэлгэрэнгүй тайлан /кассын орлогын ордерын хуулбарын хамт/,

камер зөөврийн компьютерын гэрэл зураг, эд зүйл хүлээн авсан баримтууд, бараа материалын орлогын баримт, эд хөрөнгийн тооллогын бүртгэл /хх 56-73/,

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Панасоник /Раnasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 8,000,000 төгрөг, Никон /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 2,800,000 төгрөг, НР, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 3,500,000 төгрөг, Айфоне-7 /Iphone 7, хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг 600,000 төгрөг, Айфоне /Iphone хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 300,000 төгрөг, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 45,000 төгрөг...” /хх 76/,

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай “Б.Дг цахим албаны оператораар томилох тухай”, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаартай “Б.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавьж Д.Чойжамцын тушаал /хх 144-151/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.Дгийн Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Цахим албаны оператораар ажиллаж байхдаа 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд албанаас түүнд итгэмжлэн хариуцуулсан “Панасоник” /Раnasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 1 ширхэг, “Никон” /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 1 ширхэг, “Эйч Пи” /НР, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Айфоне-7” /Iphone 7, хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне” /Iphone хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 1 хос, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 1 ширхэг буюу нийт 15,245,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, ...завшсан бол... гэсэн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Б.Дгийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэх ялын төрлүүдээс хорих ялыг сонгож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Харин шүүх Б.Дгээс 15,245,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хавтаст хэргийн 76 дугаар талд байх хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/103 дугаартай “15,245,000” төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн 2,800,000 төгрөгийн үнэ бүхий Никон /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens/ маркийн зургийн аппарат, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий НР, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15/ маркийн зөөврийн компьютер зэргийг ломбардаас буцаан авсан болох нь:  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн: “...би Гандангийн нярав Няндуувчамбаас 1.657.000 төгрөг авч, уг эд зүйлсийг ломбардаас чөлөөлж авсан...” /хх 17-18/,

гэрч Б.Няндуучамбын: “...сүүлд нь Гантөмөр надад хэлэхдээ “Д хариуцан хэрэглэж байсан албаны эд зүйлсийг ломбардад барьцаанд тавьсан байна, алдахаас нь өмнө байгааг нь авъя, албанаас гаргаад өг” гэж хэлээд албанаас мөнгө гаргуулан авч байсан...” /хх 33/,

гэрч Д.Мөнхзулын: “...Цахим албаны дарга Гантөмөр надад хэлэхдээ “Д хариуцсан эд зүйлсийг авч ирэхгүй байхаар нь асуухад ломбардад тавьсан байна, Гандангаас мөнгө гаргуулж эд зүйлсийг нь алдахаас нь өмнө авах хэрэгтэй байна” гэж хэлээд албанаас 1.657.000 төгрөгийг бэлнээр авч уг эд зүйлсийг авсан...” /хх 35/,

гэрч Ш.Алтангэрэлийн: “...Nikon D7200... маркийн зургийн аппаратыг 450.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 560.400 төгрөгөөр авсан байна...” /хх 37/, гэрч М.Эрдэнэчимэгийн: “...НР маркийн... зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буцаан авсан байна...” /хх 39/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон Никон /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikon VR lens/ маркийн зургийн аппаратын үнэ 2,800,000 төгрөгийг, НР /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15/ маркийн зөөврийн компьютерын үнэ 3,500,000 төгрөгийг нийт учирсан 15,245,000 хохирлоос хасч, ломбарднаас зургийн аппарат, зөөврийн компьютерыг чөлөөлөхөд зарцуулсан 1,657,000 төгрөгийг гаргуулах хохиролд оруулан тооцож, шүүгдэгч Б.Дгээс нийт 10,602,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зөв байжээ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос зохих хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа болон түүний анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг 01 жилийн хорих болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Иймд шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн зохих заалтуудад ял хөнгөрүүлсэн болон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох төгрөгийн хэмжээг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Б.Д нь iphone-7 загварын 2 ширхэг гар утсыг буцаан өгсөн, бэлнээр 2,500,000 төгрөгийг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дансанд шилжүүлсэн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн мэдүүлэг, гаргаж өгсөн баримтаар нь тогтоогдсон тул учирсан хохирлоос хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон iphone-7 загварын 2 ширхэг гар утасны үнэ 600,000 төгрөг, хохирогчийн дансанд шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг буюу нийт 3,100,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/913 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/913 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...1 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж,

 тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 15.245.000 /арван таван сая, хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр нарт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 10,602,000 /арван сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд /хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр/-д олгосугай...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш шүүгдэгч Б.Д нь хохирогч Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ