| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1392/Э |
| Дугаар | 201 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.2., |
| Улсын яллагч | Ш.Одонсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 201
Э.Бөд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1519 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаар магадлалтай, Э.Бөд холбогдох 1802002790170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Энхбатын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Бийн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 88 тоот магадлалаар Э.Бийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт ял хүндрүүлсэн өөрчлөлт оруулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нэг жилээр нэмж хүндрүүлэхдээ “Э.Бөд оногдуулсан хорих ял нь уг бодисыг Э.Б өөрөө хэрэглэхээс гадна Замын-Үүд сумаас тосож авсан Б.Т, Л.М нарт хэрэглүүлсэн, худалдаалах зорилгоор БНХАУ-аас худалдан авсан зэрэг гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм бурууд тохироогүй байна” гэж дүгнэсэн нь хуульд заасан үндэслэл журмыг тодорхой дурдаагүй, ойлгомжгүй байна.
Учир нь магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ялыг хүндрүүлэх болсон нөхцөл байдал, шалтгааныг нотлох баримтын хамтаар тодорхой дурдахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын чухам аль хэсэгт тохирсон нөхцөл байдал нь Э.Бөд тогтоогдсон байгааг зааж өгөх байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг огт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх найман төрлийн заалт дотор шүүхийн дүгнэсэн нөхцөл байдал огт байхгүй юм. Харин уг бодисыг бусдад хэрэглүүлсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид багтан хуульчлагдсан байхад тусад нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасныг мөн давхар зөрчсөн байна.
2015 оны Эрүүгийн хуульд өмнөх хуулиудаас ялын бодлогыг илүү зөөлрүүлэх, уян хатан болгох, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл, хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж хорихоос өөр олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдтэй зохицуулалт хийж, шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй, анх удаа шүүхээр орж байгаа хүмүүст хорих ял оногдуулах явдлаас аль болох зайлсхийж, хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоож, эрс шинэчлэл хийсэн хуулийг баталсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ бүлэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын бодлогыг үндэслэн өмнөх Эрүүгийн хуульд байгаагүй шинэ заалт болох 6.7 болон 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хууль тогтоогч оруулж өгсөн хэдий ч шүүхийн практикт янз бүрээр хэрэгжүүлж байгаа нь ялтны эрх зүйн байдалд нөлөөлж байна.
Объектив талын үйлдэл бүрт ял оногдуулж, хооронд нь нэмж нэгтгэдэг практик шинэлэг гэгддэг ч ял шийтгэлийн тэнцвэрт шинжийг тэр бүр хадгалж чадах эсэхийг энэ хэрэгтэй уялдуулан нягталж үзэхийг хүсье.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон бөгөөд Э.Бийн хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ойлгон буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хууль биелүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болохоо харуулсан, өөрийн санаачлагаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, идэвхтэй оролцсон.
Э.Б нь гэм буруугаа ухамсарлан гэмшиж, хар тамхи сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор уршиг, нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар олон нийтийн байгууллагуудад хандан зөвөлгөө авч, мөн өөрөө бие даан судалж, сургалтын лекц боловсруулж, төрийн бус байгууллагатай хамтран хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, түүний хор холбогдлын талаар их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 430 гаруй оюутан залуучуудад лекц уншиж, өөрийн алдсан алдаагаа жишээ болгон ярьж, ийм зүйлд холбогдохгүй байхыг сургамж болгох арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний зардлыг өөрөө гарган сурталчилгааны материал хэвлүүлж сургуулиудад байршуулсан. Сургалтанд хамрагдсан их сургуулийн оюутны байгууллага талархал илэрхийлсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй нь үндэслэлгүй байна.
Э.Бийн эхнэр Нарандарь хүнд өвчтэй, 6 настай хүү нь дөнгөж сургуульд орсон, ээж нь тэтгэвэрт, зүрхний өвчтэй зэрэг нөхцөл байдлыг дурдаж ялыг хөнгөрүүлэх боломжтой талаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гэм буруугаа хүлээсэн хүний ялыг хүндрүүлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өнөөдөр манай улсад ял эдлүүлэх ажиллагаа болон ялтныг нийгэмшүүлэх ажлын зорилго хуульчлагдаагүй, суллагдсаны дараа нийгмийн амьдралд дасгах төрийн институт байхгүй зэргээс үүдэн төрөөс ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлж, олон төрлийн ял хэрэглэх боломжит хувилбаруудыг шинэ Эрүүгийн хуульд оруулж өгсөн байгааг хяналтын шатны шүүхээс анхааралдаа авна уу.
Шүүхийн практикт хэд хэдэн гэмт хэрэг санаатай үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг өөр өөр байдлаар хэрэглэж байгаа боловч шүүгдэгч нь нэгэнт гэм буруугаа хүлээсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “...Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмын дагуу ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж, Э.Бөд 5 жил хорих ял оногдуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Э.Баянхмөнхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Бөд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл тохироогүй гэсэн дүгнэлт хийж, ял хүндрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын ял шийтгэлийг хүндрүүлсэн заалтыг хүчингүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Бөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд БНХАУ-аас нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий нийт 32.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, уг бодисыг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2018 оны 7 дугаар сарын 3-наас 4-ний өдрийг хүртэл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл хадгалсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч Э.Бөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, уг гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм бурууд тохироогүй байна” гэсэн дүгнэлт хийж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг 3 жил хорих ял болгон хүндрүүлж шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан “Э.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2. 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1519 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН