Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0495

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0495

Улаанбаатар хот

 

Т.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ө-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Улаанчулуу багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Улаанчулуу багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Ө нь нэхэмжлэл гаргах эрхгүй байж нэхэмжлэл гаргасан. Хэрэв нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болсон Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг дарга сонгох багийн иргэдийн Нийтийн Хуралд нэхэмжлэгч Т.Ө нь оролцож, багийн Засаг даргад нэр дэвшиж, багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 39.7 хувийн санал авсан ба харин гуравдагч этгээд С.Н нь 61 хувийн санал авч багийн Засаг даргаар сонгогдсон. Гэтэл Т.Ө нь багийн иргэдийнхээ саналыг авч чадаагүй байхад С.Н-г багийн Засаг даргаар уламжилсан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, Засаг даргаар батламжилсан Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжуудыг хүчингүй болгосноор түүнийг Засаг даргаар томилогдох эрх сэргээгдэх ойлголт байхгүй юм. Иймд нэхэмжлэгч Т.Ө-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Ө-ийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар болон Батцэнгэл сумын Санхүүгийн албаны тодорхойлолт зэргийг үндэслэн С.Н-г сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлтэй болохыг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн болох нь тогтоогдож байх тул шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 нь шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ. Гэтэл С.Н-г 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг дарга сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталж, Засаг даргаар томилуулахаар тухайн сумын Засаг даргад уламжилснаар дээд шатын Засаг дарга буюу Батцэнгэл сумын Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжаараа С.Н-г батламжилсан байдаг. Тухайн захиргааны акт гарснаас хойш 40 хоногийн хугацаа өнгөрсөн хойно тухайн актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Н-г хугацаа хэтэрсэн өр зээлтэй, хууль зөрчиж томилогдсон эсэхийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Батцэнгэл сумын Засаг дарга нар нь шалгаж томилох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь хуулиараа олгогдсон байсан. С.Н-г томилохдоо тухайн асуудлыг шалгаж тогтоох асуудлаа хууль мэдэхгүйгээсээ шалгаж чадаагүй гэж анхан шатны шүүх хуралд хариуцагч нар тайлбар хийж байсныг мөн дурдах нь зүйтэй байх. Гэтэл анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлснээ С.Н-г сүүлд өр зээлтэйг нь мэдсэн гэж тайлбар хийснээр зөвтгөж болдог юм бол тухайн хуулийг “14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгч болох бөгөөд шүүгч уг хугацааг  хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” хэрэглэх шаардлагагүй гэж ойлгохоор байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1, 14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан байдаг.

Иймд илт хууль зөрчиж, үндэслэлгүй дүгнэлт өгсөн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1009/ШШ2017/0030 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Ө нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамж, тус сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Улаанчулуу багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.3-д “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болсон Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд уг Хурлаас гарсан шийдвэрийг тэр даруй мэдсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэр өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргах ёстой гэж үзэлгүйгээр “...маргаан бүхий актуудаар Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргаар сонгогдсон С.Н-г багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй талаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн харьяалалд хамаарч байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд  гаргана” гэж заасан нь тухайн захиргааны актыг нэхэмжлэгч мэдсэн хугацааны талаар зохицуулсан бөгөөд уг актыг мэдсэнээс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байхад маргаан бүхий актуудаар Засаг даргаар томилогдсон этгээд нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй талаар мэдсэн гэх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Т.Ө-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргаар томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Улаанчулуу багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ