Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа

Улсын яллагч Ж.Энх-Амгалан

Шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт Жын Чд холбогдох 1708004990020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар  сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ...тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Буянт овогт Жын Ч, /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг.Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Чгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин ...тоотод буюу гэртээ амарч байсан чинь нөхөр намайг цэнэглэгч аваад өг гэж хэлсэн. Тухайн үед миний хийсэн газар цэнэглэгч нь байгаагүй. Тэгээд би цэнэглэгчийг нь хайж байсан чинь нөхөр Ч хөдөлж ядаад, хоёр хүүдээ чи өгөө биз дээ гээд намайг зодоод, гарахаар нь би хүүхдүүддээ өгөөгүй, чи өөрөө сүүлд нь бариад явж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд цэнэгчээс болж бид хоёр хэрэлдээд муудалцсан. Гадаа бороо ороод нөхөр гэрээ гялгар уутаар бүтээгээд би тусалж байсан чинь Ч намайг наадхаасаа сайн барь пизда минь гэж хэлэхээр нь би гялгарыг газар хаячихаад контейнер руу алхсан чинь Ч пизда дандаа үгнээс зөрж байдаг юм гээд банз аваад миний нуруу, ууц хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би урдаас нь элдвээр хэлж доромжлоод дахиад цохихгүй юу гээд шарыг нь малтсан чинь тонгойж бай гэж хэлээд Ч банзаар миний нуруу, ууц руу цохисон. Тухайн үед миний нуруу өвдөөд явж чадахгүй байсан. Маргааш өглөө нөхөр Ч охиндоо усны гутал авна гээд гараад явсан. ...Ч ирж явснаа намайг байхаар өвдөөд үхлээ гээд, гараад явахаар зүгээр болчихдог гээд баашлаад гэж хэлээд бид дахиад муудалцсан чинь гараараа миний тохой, гарын булчин руу цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 15-18 х/

 

1.2.Шүүгдэгч Ж.Чгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ ирэхэд манай эхнэр Н гэртээ байхгүй байсан. Тэгээд удалгүй ороод ирэхээр нь би гадаа бороо орж байсан болохоор Нд “гарч гэрийнхээ гялгарыг нэмж давхарлъя” гэж хэлээд гэрсан чинь Н над руу “чадахгүй бие өвдөөд байна” гэхээр нь би хариуд нь “чи хэдэн өдөр өвдөж хэвтдэг юм бэ?” гэж загнаад байж байсан чинь Н намайг бас миний өмнөх эхнэрийн охин зэргийг дурдаж доромжлоод байхаар нь би гэр дээр гялгар цаас даруулах гэж байсан банз, модоор Нгийн өгзөг рүү 2 удаа цохисон. Тэгээд би гэрийнхээ гялгарыг тавьж дуусчихаад хашаандаа байдаг контейнер руу очих гээд явж байсан чинь араас Н намайг элдэвээр хэлж доромжилж, манай охиныг бас доромжилж хэлээд байхаар нь миний уур хүрээд эргэж очоод гэрийн гадаа байсан Н дээр очиж нүүр рүү нь гараараа цохих гэхэд Н толгойгоо хөдөлгөж хальт цохиулсан. Тэрнээс хойш Н гэртээ бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. Бараг 7 хоног болсон байх, сайн санахгүй байна. Тэгээд намайг эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би Нд “би чамд эмнэлэг дуудаж өгч чадахгүй, чи өөрөө дууд, биеэ гайгүй болоод босоод ирэхээрээ хүн доромжлоод хэрүүл хийгээд байдаг биздээ” гэж хэлээд би хашаандаа юм хийгээд байж байх хооронд Н өөрөө гэрээс гараад гудамжны хүний утсаар эмнэлэг дуудаж эмнэлэг нь цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед би нүүр рүү нь муухай цохьсон байна лээ. …Н надтай суухаасаа өмнө 2 хүүхэдтэй байсан. Тэр хоёр хүүхэд нь бид хоёртой хамт амьдардаггүй. Би Нтэй суухаас өмнө өөр хүнтэй амьдрал зохиогоод Мишээл гэдэг охинтой болсон. Нгийн 2 хүүхэд нь 1 нь эмээ дээрээ, нөгөө нь төрсөн аав дээрээ байдаг. Манай охин Мишээл өөрийнхөө ээжтэйгээ амьдардаг. Н бид хоёр дундаасаа төрсөн Мөнхзаяа гэдэг 1 настай охинтойгоо 3-лаа амьдардаг. Хамгийн анх Н бид хоёр хамт амьдарч эхлэх үед бага хүү нь манайд ирж хэд хоносон. манай охин Мишээл хаяа амралтаараа ирдэг. Би хүүхдүүдээ зодож цохиж байгаагүй. ...Нг би энэ хэрэг болсноос хойш дахиж зодож цохихгүй. Н саяны хоёр хоног архи ууж гэртээ хонолгүй 1 настай охиноо орхиод явсан. Миний машин дотроос үзүүлэхдээ авсан жижиг тахилын архыг хулгайлж аваад уучихсан байна. Нгийн энэ байдлыг болиулах гэж хэлэхээр хэрүүл болж би биеэ барьж чадалгүй цохиж авдаг байсан. ...” гэх мэдүүлэг  /хх 30-31, 124 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.3.Гэрч Э.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “….Нгийн нөхрийг Ч гэдэг. Гэхдээ тэр хоёр албан ёсны баталгаатай гэр бүл биш. Би өөрөө хөдөө их явдаг ажилтай. Намайг байхгүй үед Ч манай дүү Нг зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Тэр хоёр хааяа, хааяа хэрүүл маргаан хийж Ч Нг зодож цохьсон байдаг. Н дуу цөөтөй, Чг би сайн мэдэхгүй. Өмнөх эхнэртэйгээ байхдаа архи дарс уугаад агсан согтуу тавиад салж байсан гэж сонссон. Ч архи уугаагүй байж архи уусан юм шиг авир гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/

 

1.4.Шинжээчийн 8386 тоот дүгнэлт

1.Э.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо,    

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /хх 11 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Д.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр хоёрын гэрээр хааяа орж гардаг. Гэрээр нь ороход Н эгч, Ч ах хоёр зүгээр эвтэй байж байдаг. Тэр хоёр манай хадам аавын гэрээр бас хүүхдүүдээ дагуулаад орж гардаг. Заримдаа хүүхдүүдээ хадам аавынд үлдээгээд хоёулаа гарч хамт ажил хөөцөлдөнө гээд явцгаадаг. Гэр бүлийн харилцаа нь хэвийн санагддаг. Ч ах дуу цөөтөй, заримдаа уур нь хүрвэл огцом ууртай санагддаг. Надад гэхдээ муухай зан гаргаж байгаагүй. Манай хүүхдэд их сайн байдаг. Ер нь хүүхдэд Ч ах их сайн ханддаг, ах маань их нийтэч тусархуу зантай. Би Н эгчтэй ганц хоёр л үг сольж үзсэн. Их дуугуй даруухан санагддаг. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/

 

2.2.Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 35 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 х/

2.4.Ж.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х /

2.5.Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогч Э.Нгийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 15-18 х/,

3.2.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 129 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

     Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

 Гэм буруугийн талаар.

Ж.Ч нь 2017 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчний 55-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Нг зодож хөнгөн гэмтэл учруулж догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ж.Чгийн “...2017 оны 06 дугаар сарын 12 ны өдөр намайг гэртээ ирэхэд манай эхнэр Н гэртээ байхгүй байсан. Тэгээд удалгүй ороод ирэхээр нь би гадаа бороо орж байсан болохоор Нд “гарч гэрийнхээ гялгарыг нэмж давхарлъя” гэж хэлээд гэрсан чинь Н над руу “чадахгүй бие өвдөөд байна” гэхээр нь би хариуд нь “чи хэдэн өдөр өвдөж хэвтдэг юм бэ?” гэж загнаад байж байсан чинь Н намайг бас миний өмнөх эхнэрийн охин зэргийг дурдаж доромжлоод байхаар нь би гэр дээр гялгар цаас даруулах гэж байсан банз, модоор Нгийн өгзөг рүү 2 удаа цохисон. Тэгээд би гэрийнхээ гялгарыг тавьж дуусчихаад хашаандаа байдаг контейнер руу очих гээд явж байсан чинь араас Н намайг элдэвээр хэлж доромжилж, манай охиныг бас доромжилж хэлээд байхаар нь миний уур хүрээд эргэж очоод гэрийн гадаа байсан Н дээр очиж нүүр рүү нь гараараа цохих гэхэд Н толгойгоо хөдөлгөж хальт цохиулсан. ...Нг би энэ хэрэг болсноос хойш дахиж зодож цохиогүй. ...” гэх мэдүүлэг  /хх 30-31, 124 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хохирогч Э.Нгийн “... Гадаа бороо ороод нөхөр гэрээ гялгар уутаар бүтээгээд би тусалж байсан чинь Ч намайг наадхаасаа сайн барь пизда минь гэж хэлэхээр нь би гялгарыг нь газар хаячихаад контейнер руу алхсан чинь Ч пизда дандаа үгнээс зөрж байдаг юм гээд банз аваад миний нуруу, ууц хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би урдаас нь элдвээр хэлж доромжлоод дахиад цохихгүй юу гээд шарыг нь малтсан чинь тонгойж бай гэж хэлээд Ч банзаар миний нуруу, ууц руу цохисон. Тухайн үед миний нуруу өвдөөд явж чадахгүй байсан. Маргааш өглөө нөхөр Ч охиндоо усны гутал авна гээд гараад явсан. ...Ч ирж явснаа намайг байхаар өвдөөд үхлээ гээд, гараад явахаар зүгээр болчихдог гээд баашлаад гэж хэлээд бид дахиад муудалцсан чинь гараараа миний тохой, гарын булчин руу цохисон. тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-18 х/,

 

Шинжээчийн 8386 тоот дүгнэлт

1.Э.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо,   

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цагийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /хх 11 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Чд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсгээр зүйлчлэх санал гаргасан нь үндэслэлтэй.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Ж.Ч, хохирогч Э.Н нар гэр бүлийн баталгаа байхгүй ч нэг хүүхдийн эцэг, эх болж хамтран амьдарч байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123 х/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул Ж.Чгийн хамтран амьдрагчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь 2002 оны Эрүүгйин хуулийн  1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь “догшин авирласан” гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн.

 

Ж.Чгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үйлдэгдсэн, энэ үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж  заасан бөгөөд хэрэг гарснаас хойш тоолоход 6 сарын хугацаа 2017 оны 12 сарын 24-ний өдөр дууссан байгаа.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсний дагуу Ж.Чд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсгээр зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Ж.Чг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Э.Н хохирол, төлбөр нэхэмжлээгүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

              Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ж.Чд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Буянт овогт Жын Чг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн  хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Ж.Чг мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Ж.Чгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ