| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2215001820263 |
| Дугаар | 2023/ДШМ/01 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ДШМ/01
Л.Х*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор П.Шижиртуяа,
Нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Л.Х*******д холбогдох эрүүгийн 2215001820263 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Л.Х
Л.Х******* нь 2022 оны 03 дугаар сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Л*******гийн 2018 оны малын А дансыг буюу хүний хувийн байдлыг тодруулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Л.Х*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дугаар шүүгчийн захирамжаар:
...Шүүгдэгч Л.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй, Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Л*******гийн 2017, 2018, 2019 оны мал тооллогын баримтыг хүргүүлсэн байхад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/223 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 03 дугаар сард гэж бичсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Д.Л*******гийн нэхэмжлэлтэй, Д.Д*******д холбогдох 7,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 142/Ш32022/00641 дугаартай захирамжаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн малчин Д******* овогтой Л*******гийн 2018, 2019 оны мал тооллогын баримт, малын А дансны хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаж эх хувиар, эсхүл хуулбар үнэн тэмдэг дарж тус шүүхэд ирүүлэхийг Булган аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг биелүүлэх зорилгоор Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.А******* нь иргэн Д.Л*******гийн харьяалах сум болох Хангал сумаас гаргуулан авахаар тус сумын засаг дарга Төмөрбаттай гар утсаар холбогдон шүүгдэгч Л.Х*******аар иргэн Д.Л*******гийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг гаргуулан авсан. Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.А******* нь шүүгдэгч Л.Х*******аас цахим шуудангаар ирүүлсэн малын А дансыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.А*******н гарын үсэг бүхий 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/310 дугаартай албан бичгээр Орхон аймгийн шүүхэд хүргүүлсэн.
Үүний дараа Орхон аймгийн шүүгчийн туслах О.М******* нь хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.А*******тай холбогдож “шаардлага хангахгүй бүдэг байна дахин явуулах” талаар мэдэгдэхэд С.А******* нь “Хангал сум руу яриад авсан нь шуурхай” гэж хэлсэний дагуу архив бичиг хэргийн ажилтан Л.Х******* нь аймгийн тамгын газарт өмнө нь хүргүүлсэн дансны хуулгыг и-мэйл хаягаар явуулсан үйл баримт нотлогджээ.
Энэ үйл баримт нь гэрч Б.Б*******ын "... шүүх хурлаас өмнө ахин 2018 оны жинхэнэ баримтыг явуулсан. Сүүлд ирүүлсэн баримтыг харахад анх ирүүлсэн баримтаас тоо зөрүүтэй буюу малын тоо бага байсан. 2019 оны малын А дансыг 2018 оных болгож өөрчилсөн хүнийг олж тогтоох шаардлагатай байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/,
гэрч О.М*******ын ”...Уг иргэний хэрэгт шүүгчийн захирамжаар иргэн Д.Л*******гийн 2018, 2019 оны малын А дансыг Булган аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдсэн юм. Иргэн Д.Л*******гийн 2018 оны малын А дансыг хуулбарлаж ирүүлэхдээ бүдэг гаргаж ирүүлсэн байсан тул ахиж Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн гэх эрэгтэй хүнтэй гар утсаар холбогдож хэлсэн. Ингээд ярихад Хангал сумын Засаг даргын тамгын газар руу ярь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хангал сумын Засаг даргын тамгын газрын даргатай гар утсаар ярихад гадуур ажилтай байгаа тул архив, бичиг хэргийн ажилтантай холбогд гэж хэлээд дугаар өгсөн. Ингээд утсаар яриад малын А дансыг мэйл хаягаар ахиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
гэрч С.А*******ын “...тухайн захирамжийн дагуу Хангал сумын 1 дүгээр багийн иргэн Д.Л*******гийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг гаргуулан авахаар болсон. Булган аймгийн Засаг даргын тамгын газар дээр тухайн иргэний малын А данс байхгүй учраас Хангал сумаас гаргуулан авахаар Хангал сумын засаг дарга Төмөрбаттай гар утсаар холбогдон иргэний малын А дансыг явуулаач гэж хэлсэн. Ингээд Хангал сумын бичиг хэргийн эрхлэгч Х*******аас ABLE-ээр /цахим шуудангаар/ Л******* гэх иргэний 2017, 2018, 2019 оны малын А данс авч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн E-майл хаягаар явуулсан..." гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.
Дээр дурдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.Х******* нь иргэн Д.Л*******гийн 2018 оны оны малын А дансыг хуурамчаар үйлдэж аймгийн засаг даргын тамгын газарт хүргүүлснээр “...хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах...” гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Иргэн Д.Л*******гийн малын А данс нь нэхэмжлэлийн шаардлага агуулгад хэрхэн ач холбогдолтой болох, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдож тогтоогдоогүй байхад шүүх урьдчилсан байдлаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх шалгуур шинжийг хангасан" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл иргэн Д.Л*******гийн малын А данс хуурамч болохыг Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* “иргэний хэргийн шүүх хуралдаанаас өмнө мэдэж шүүхэд хүсэлт тавьж шийдвэрлүүлснээр" иргэн Д.Л*******гийн жинхэнэ малын А дансыг дахин гаргуулж авсан нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж буй баримтат мэдээлэл нь нэг талаас тухайн хэрэг *******гааны хувьд нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, нөгөөтэйгүүр хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан тохиолдолд нотлох баримтаар тооцогдох төдийгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх шалгуур шинжийг хангана гэж үзнэ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон" хэдий ч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан заалтуудыг зөрчсөн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах үүрэгтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “ ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож ... ” гэх эрх хэмжээ олгогдсоны дагуу засуулах боломжтой юм.
Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022ШЗ/394 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
Шүүгдэгч Л.Х******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2022 оны 4 сард /өдрийг санахгүй/ гадаа нийтийн цэвэрлэгээтэй байх үед сумын Засаг дарга М.Төмөрбат надтай утсаар холбогдон 1 дүгээр багийн иргэн Д*******ын Л*******гийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг хуулбарлан аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн н.А******* руу яаралтай явуулаарай гэж хэлсэн. Удалгүй н.А******* мэргэжилтэн дотоод сүлжээний /утасны дугаарыг санахгүй байна/ холбогдон Д.Л*******гийн 2017, 2018, 2019 оны малын А дансыг хуулбарлан хуулбар үнэн дараад явуулаад өгөөрэй гэсэн. Би өрөөндөө орж ирээд Д.Л*******гийн 3 оны малын А дансыг хуулбарлан хуулбар үнэн тэмдэг даран н.А******* мэргэжилтэнд дотоод сүлжээний ABLE хаягаар явуулсан. Дараа нь /мөн өдрийг санахгүй/ Орхон аймгийн шүүгчийн туслах н.М******* гэдэг хүн над руу утсаар холбогдож чиний явуулсан малын А данс бүдэг байна. Дахиад явуулаад өгөөч гэхэд нь би 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09:15 минутанд gmail хаягаар залруулан /засваргүй/ скайнердаж илгээсэн.
Ингээд дахин холбогдоогүй. Би анх малын А дансыг н.А******* мэргэжилтэнд явуулсан, үүнээс хойш н.М******* гэдэг хүн холбогдож шүүхээс холбогдож байна гэсэн. Би шууд шүүх рүү явуулаагүй, эхлээд н.А******* мэргэжилтэнд өгсөн. Шүүхэд ашиглах нотлох баримт гэдгийг мэдээгүй. Мөн би Д*******ын Л******* гэдэг малчинг танихгүй, нэг ч удаа харж байгаагүй. Надад хувийн ашиг сонирхол бусад зүйлс нөлөөлөөгүй. Одоо Д.Л*******гийн малын А данс Хангал сумын Засаг даргын тамгын газрын архивт бүрэн эх хувиараа хадгалагдаж байгаа” гэжээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Л.Х*******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Л.Х*******ыг 2022 оны 03 дугаар сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Л*******гийн 2018 оны малын А дансыг буюу хүний хувийн байдлыг тодруулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй, ... яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 03 дугаар сард гэж бичсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Уг шүүх хуралдаанаас прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.
Анхан шатны шүүх яллагдагч Л.Х*******д холбогдох хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг тогтоосон, өөрөөр хэлбэл гэм буруугийн шүүх хуралдаанаас тухайн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, ...шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд дээрх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх атал анхан шатны шүүх зүйлчлэл тохироогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Хууль тогтоогч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд 5, 6, 7 дахь заалтуудыг нэмж оруулсан бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлт нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгааг дурьдах нь зүйтэй.
Түүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эрхтэй юм.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Х*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ