Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0169

 

2024 02 26 128/ШШ2024/0169

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Б.А*******, Х.А******* нарын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А*******, Х.А******* нар нь Өмгөөлөгчийн шалгалтын мэтгэлцэх ур чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох эсээ бичлэгийн даалгаврын нэхэмжлэгч нарт холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөс шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа ...Тухайн нэхэмжлэлийг Мэргэшлийн хорооны даргад танилцуулж, гаргасан саналыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох эсээ бичлэгийн даалгаврын үнэлгээг дахин хянаж үзэхээр шийдвэрлэсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А*******, Х.А******* нараас Өмгөөлөгчийн шалгалтын мэтгэлцэх ур чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох эсээ бичлэгийн даалгаврын нэхэмжлэгч нарт холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Б.А*******, Х.А******* нараас Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд холбогдуулан гаргасан Өмгөөлөгчийн шалгалтын мэтгэлцэх ур чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох эсээ бичлэгийн даалгаврын нэхэмжлэгч нарт холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

 

  ШҮҮГЧ  Д.ЭРДЭНЭЧИМЭГ