| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0034/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Х.Нарангуа,
Гэрч Д.А,
Шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч С.Одгариг /ҮД:0744/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бгийн Рд холбогдох 1708019270241 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1966 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Бгийн Р /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Ө.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал гаднаас нөхөр С, хажуу айлын Дгийн хамт согтуу орж ирсэн. Д эгч намайг орон дээр хэвтэж байхад “... чи босоод ир, чи намайг юу гэж ярьдаг гэнээ гээд” үсдээд чирээд орноос буулгасан, тэгээд миний үснээс зулгааж байгаад өвдгөөрөө зүүн талын хацар руу цохисон. Тэгтэл цаанаас манай нөхөр С за одоо болно гэхээр нь би Д эгчийг цааш нь түлхсэн. Би цагдаа дуудна гэхэд тэр 2 гараад явсан. Би томографикт харуулсан 120,000 төгрөг, таксины 30,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/
1.2.Шүүгдэгч Б.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал хойд айлын А лаа асууж орж ирээд байж байхад гаднаас зүүн талын хамар хашааны С орж ирээд хоёр эгч байгаа юмуу манай гэрт орж банштай цай уу гэхээр нь Агийн хамт Сын гэрт ороход С бид 2-т цай аягалж өгсөн. Цаад орон дээр Т согтуу хэвтэж байснаа босч ирээд гуйлгачингууд орж ирсэн үү гэхээр нь чимээгүй байж байтал “өө муу Д авгай нөхрийнхөө дор аятайхан алцайгайд хэвтэж чадахгүй” гэхээр нь би хүнээс анх удаа муухай үг сонссон учраас уур хүрээд шууд очоод орон дээр сууж байсан Тыг үсдээд орноос татаад унагасан. Т намайг зөрүүлээд үсдсэн. Тэгтэл С ирээд бид 2-ыг салгасан. С, А 2 Тыг ерөөсөө цохиж зодоогүй. Т С 2 архи уусан байсан. А архи уугаагүй, С надад 1 хундага архи хийж өгснийг би уусан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 х/
1.3.Шүүгдэгч Б.Рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал хойд айлын А лаа асууж орж ирээд байж байхад гаднаас зүүн талын хамар хашааны С орж ирээд хоёр эгч байгаа юмуу манай гэрт орж банштай цай уу гэхээр нь Агийн хамт Сын гэрт орсон. Тэгэхэд Т цаад орон дээр согтуу хэвтэж байсан. Сүхбаат бид хоёрт цай хийж өгсөн, гэтэл Т орон дээр согтуу босч ирээд гуйлгачингууд орж ирсэн үү, “өө муу Д авгай нөхрийнхөө дор аятайхан алцайгайд хэвтэж чадахгүй” гэхээр нь би хүнээс анх удаа муухай үг сонссон учраас уур хүрээд очоод орон дээрээс татаж унагасан. Тэгтэл С бид 2-ыг салгасан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.4.Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед манай цахилгаан тасархаар нь би хөрш айл Рынхаас лаа асуухаар ороод байж байтал гаднаас С орж ирээд би гэртээ банштай цай хийсэн та 2 орж цай уу гэхээр нь дагаад гэрт нь ороод цай ууж байтал цаад орон дээр Сын эхнэр Т согтуу байдалтай босч ирээд авгай нар гээд янз бүрийн юм ярьж байгаад буцаж орон дээрээ очиж суугаад Рыг нөхрийнхөө дор аятайхан алцайгаад хэвт гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Р уурлаад очоод Тыг үсдээд орон дээрээс унагаатал С очоод салгасан. Би согтуу хүмүүстэй яршиг гээд очоогүй. Т, С нар согтуу байсан. С бид хоёрт архи хийж өгөхөд нь би уугаагүй, Р нэг л татсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
1.5.Гэрч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 02 цагт манай гэрт манай хамтран амьдрагч Т, хамт байр түрээслэдэг Оаа нөхрийн хамт гурвуулаа ирсэн. Тэгээд удалгүй Оаа эгч нөхрийнхөө хамт яваад өгсөн, тэгтэл Т манайхаас явахгүй байсан, би Таас салаад 8 сар болж байгаа юм, тэгээд манай гэрт Т хонохоор нь би гэрээсээ гараад Төмрөө ахын гэрт орж хоносон, өглөө нь би гэртээ орох гэтэл Т хаалгаа түгжчихээд онгойлгохгүй байхаар нь 2 давхрын цонхоор ортол миний хувцсыг бүгдийг нь гаргаад цацсан байхаар нь чи болил доо гэж хэлээд би буцаад гараад явсан, тэгээд Д эгчийн гэрт ортол Д эгч, А эгч хоёр байсан, тэгээд 1 шил архи дэлгүүрээс аваад манай гэрт ортол Т сууж байсан, тэгтэл Т, Д эгч 2 урьд нь цайны газар хамт ажиллаж байсан талаараа яриад хоорондоо хэрэлдээд Д эгч очоод Тыг үсдээд газар татсан, тэгэхээр нь би тэр 2-ыг салгасан, тэгээд Т цагдаа дуудна гээд үлдсэн. Би Д эгч, А эгч 2-той гараад явсан. Тэгээд дахиад Төмрөө ахын гэрт хоночихоод өглөө гэртээ ортол Т цагдаа дуудаад өгсөн. Би эрүүлжүүлэх байранд орсон. ...Би Ттай угаасаа таардаггүй бид хоёрын дундаас хүүхэд гардаггүй болохоор хэрүүл уруултай байдаг. Тухайн үед би Ттай маргалдах шалтгаан байгаагүй, манай гэрт ирсэн болохоор нь би дургүй байсан. ...Д эгч Тыг зүгээр үсдээд орноос чирээд буулгасан, өөр цохиж зодсон асуудал байхгүй, би Тыг цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,
1.6.Шинжээчийн 12864 тоот дүгнэлт
1.Ө.Тын биед баруун хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх 33 х/,
1.7.Шинжээч Т.Чимэд-Очирын “... тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...үсдэж унагаахад тархи доргилт үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эгчээсээ сонссон, нэг хүнтэй маргасан талаар хэлсэн. ...Р нь миний том эгч байгаа юм, манай эгч элдэв янзын муу зан ааш байхгүй, дөлгөөхөн, хэлэх зүйлээ эвтэйхэн хүнд ойлгуулаад хэлчихдэг, гэртээ хүүхэд хараад л байж байдаг хүн, ийм асуудалд орсон талаар сайн мэдэхгүй байна. Манай эгч бага насаа Баянгол дүүргийн 39-р цэцэрлэгээр хүмүүжээд, 10 жилийн сургуулиа 76-р сургуулийг 1986 онд төгсөөд ангийнхаа хүүхэд буюу одоо манай хүргэн ах Гтэй гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй болоод одоог хүртэл 20 орчим жил хамт амьдарч байгаа, манай эгч залуудаа материал хангамжийн баазад няраваар ажил хийдэг байсан, тэгээд хувиараа оёдол хийдэг, одоогоор гэртээ ар гэрийнхээ ажлыг хийгээд ач зээгээ хараад гэртээ байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
2.2.Гэрч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р бид хоёр 76-р сургуульд 10 жилд нэг ангид суралцаж төгсөөд гэр бүл болсон. Р бид 2 23 жил амьдарч байна, дундаасаа 3 хүүхэдтэй, том охин нөхөртэй болоод тусдаа амьдарч байгаа, одоо хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Багаасаа л миний эхнэр өнчин өрөөсөн өссөн, ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байсан асуудалгүй, даруухан, хүнтэй барагтай маргалдаад байдаггүй, зан аашны хувьд ямар ч асуудалгүй, амгалан хүн байгаа юм. Одоо манай эхнэр ажилгүй ач нараа хараад, гэр орны ажлаа хийдэг, бага зэрэг бие муу болохоор их ажил хийгээд байдаггүй юм. Манай эхнэр гоц гойд авъяас байхгүй, хоол ундаа сайн хийдэг, хүний сайн хань байгаа юм, миний эхнэр хэрэгт холбогдохоор хүн биш, хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,
2.3.Б.Рын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/,
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 х/,
2.5.Хорооны засаг даргын тодорхойлолт /хх 97 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Хохирогч Ө.Тыг улсын яллагч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан, түүнд хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй, улсын яллагч хохирогч оролцуулах саналаасаа татгалзсан, шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Д.Сыг оролцуулах хүсэлтээсээ мөн татгалзсан тул шүүх хуралдаанд гэрч Д.С, хохирогч Ө.Т нарыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Рын хэрэг гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Б.Р нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21-07 тоотод оршин суух иргэн Сын гэрт түүний хамтран амьдрагч, Ө.Ттай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг орон дээр сууж байхад нь орон дээрээс үсдэж татаж унагаан, өвдгөөрөө нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ө.Тын “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал гаднаас нөхөр С, хажуу айлын Дгийн хамт согтуу орж ирсэн. Д эгч намайг орон дээр хэвтэж байхад “... чи босоод ир, чи намайг юу гэж ярьдаг гэнээ” гээд үсдээд чирээд орноос буулгасан, тэгээд миний үснээс зулгааж байгаад өвдгөөрөө зүүн талын хацар руу цохисон. Тэгтэл цаанаас манай нөхөр С за одоо болно гэхээр нь би Д эгчийг цааш нь түлхсэн. Би цагдаа дуудна гэхэд тэр 2 гараад явсан. Би томографикт харуулсан 120,000 төгрөг, таксины 30,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/
Шүүгдэгч Б.Рын “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал хойд айлын А лаа асууж орж ирээд байж байхад гаднаас зүүн талын хамар хашааны С орж ирээд хоёр эгч байгаа юмуу манай гэрт орж банштай цай уу гэхээр нь Агийн хамт Сын гэрт ороход С бид 2-т цай аягалж өгсөн. Цаад орон дээр Т согтуу хэвтэж байснаа босч ирээд гуйлгачингууд орж ирсэн үү гэхээр нь чимээгүй байж байтал “өө муу Д авгай нөхрийнхөө дор аятайхан алцайгайд хэвтэж чадахгүй” гэхээр нь би хүнээс анх удаа муухай үг сонссон учраас уур хүрээд шууд очоод орон дээр сууж байсан Тыг үсдээд орноос татаад унагасан. Т намайг зөрүүлээд үсдсэн. Тэгтэл С ирээд бид 2-ыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Д.Агийн “... 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед манай цахилгаан тасархаар нь би хөрш айл Рынхаас лаа асуухаар ороод байж байтал гаднаас С орж ирээд би гэртээ банштай цай хийсэн та 2 орж цай уу гэхээр нь дагаад гэрт нь ороод цай ууж байтал цаад орон дээр Сын эхнэр Т согтуу байдалтай босч ирээд авгай нар гээд янз бүрийн юм ярьж байгаад буцаж орон дээрээ очиж суугаад Рыг нөхрийнхөө дор аятайхан алцайгаад хэвт гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Р уурлаад очоод Тыг үсдээд орон дээрээс унагаатал С очоод салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
Гэрч Д.Сын “... Д эгчийн гэрт ортол Д эгч, А эгч хоёр байсан, тэгээд 1 шил архи дэлгүүрээс аваад манай гэрт ортол Т сууж байсан, тэгтэл Т, Д эгч хоёр урьд нь цайны газар хамт ажиллаж байсан талаараа яриад хоорондоо хэрэлдээд Д эгч очоод Тыг үсдээд газар татсан, тэгэхээр нь би тэр 2-ыг салгасан, ...Д эгч Тыг зүгээр үсдээд орноос чирээд буулгасан, өөр цохиж зодсон асуудал байхгүй, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,
Шинжээчийн 12864 тоот дүгнэлт
1.Ө.Тын биед баруун хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх 33 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Ө.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд хийгдсэн эмчилгээний зардлын баримтуудаа гаргаж ирүүлээгүй тул уг асуудлыг энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй, хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг тогтоолд зааж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн бусдыг хэл амаар доромжилсон зүй бус зан харьцаа нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б.Рд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Б.Рд ял оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт Бгийн Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Р-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Р-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Рд мэдэгдсүгэй.
5.Б.Рын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эмчилгээтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ