Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0251

 

2024 03 20 128/ШШ2024/0251

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овгийн М.Ц /РД: /,

Нэхэмжлэгч: Ш овгийн М. С /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой М.М /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.М /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар: /,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дотоод хяналт, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н,

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагч Хотын стандарт хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д олгосон 2007 оны 01 дүгээр сарын 31-ий өдрийн ХУ/04/07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц учирсан хохирол 36,062,000 төгрөг, нэхэмжлэгч М.С учирсан хохирол 68,938,000 төгрөг, нийт 107,767,160 төгрөг гаргуулах, Хотын стандарт, хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагч Хотын стандарт хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Н 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг, мөн газрын орлогч дарга Ч.Б 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0004180, 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг регистрийн дугаартай Д ХХК-д олгожээ.

2. Хотын стандарт, хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарчээ.

3. Иргэн М.Ц М.С нараас дээрх захиргааны актуудтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Б хандаж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргахад ...Д ХХК-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №0004180 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд олгосон байна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дээрх 2019 оны №0004180 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд нэр бүхий иргэнээс гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2020/0182 дугаар захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу таны гаргасан өргөдлийг хянан үзэх боломжгүй гэх хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч нараас анх 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Д ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №0004180 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2020/8114 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн М.Ц, М.С нараас гаргасан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Д ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №0004180 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-с 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц, М.С нарт учирсан хохирол 105,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

7. Уг шаардлагаа Л ХХК-ийн гаргасан зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжлэгч М.С учирсан хохирол 68,938,000 төгрөг, М.Ц учирсан хохирол 36,062,000 төгрөг нийт 105,000,000 төгрөгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулах гэж тодруулжээ.

8. Нэхэмжлэгч талаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА 289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

9. Ийнхүү нэхэмжлэгч нарын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсантай холбоотойгоор тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тодруулга авах тухай 1/1382 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/239 дүгээр захирамжаар байгуулагдсан 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь байнгын шинжтэй /одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх/, эсхүл нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан татан буугдсан эсэх-ийг тодруулахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/91 дүгээр албан бичгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг шинэчлэн байгуулсан бүрэлдэхүүний дагуу цаашид тогтмол зохион байгуулан ажиллана гэх хариу ирүүлснээр тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хариуцагчаар татах тухай 128/ШЗ2022/1956 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эхэлжээ.

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2022/0243 дугаар шүүхийн шийдвэрээр: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д олгосон 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Х хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.С учирсан хохирол 68,938,000 төгрөг, М.Ц учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

11. Нэхэмжлэгч М.С, М.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас М.С-д учирсан хохиролд 68,938,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэгч нарын бусад шаардлага болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц-т учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

12. Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 445 дугаар магадлалаар,

13. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжлэх ухаан, техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудал гэж үзэж, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан атлаа тухайн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар лавлаж тодруулалгүйгээр шууд үгүйсгэж, нарны ээвэрлэлтийн шаардлага хангаагүй нь нэхэмжлэгч М.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй, учир нь шүүх хэрэв шинжээч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт дутуу, эргэлзээтэй бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, эсхүл яагаад нэхэмжлэгч нарын хоёр тусдаа орон сууцыг нэг гэж үзсэн талаар шинжээчээс тодруулах боломжтой байхад ... эскиз зургийн дагуу баригдсан эсэхийг дүгнээгүй, ... асуултад хариулаагүй, ... нарын ээвэрлэлтийн шаардлагын тухайд тусдаа орон сууцыг нэг орон сууц буюу 4-6 өрөөтэй гэж тооцсон нь буруу гэх байдлаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, 102 дугаар зүйлийн 102.3-д ...Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэж болно гэж заасанд нийцэхгүй байна. Шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэх, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эсэхийг сонгох эрхтэй боловч энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барилгын зөвшөөрөл олгохдоо холбогдох норм дүрмийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын орон сууц анхнаасаа нэг орон сууц байсан, хуваагаад а, б тоот болгож, 2 тусдаа болгосны улмаас наранд ээвэрлэлтийн хугацаа өөр гарч байгаа, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэх тайлбарыг харгалзан үзэж, шинжээчийн дүгнэлтийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч нарын орон сууцны анхны зураг төсөл, хэзээ, хэрхэн хуваагдсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулаагүй, нарны тусгалын шаардлага хангахгүй болсон нөхцөл байдалд маргаан бүхий захиргааны актын хууль зөрчсөн байдал, эсхүл нэг орон сууцыг өөрчилж, хувааж 2 орон сууц болгосон нь нөлөөлсөн эсэх талаар шинжээчийн тайлбар байхгүйгээс шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэл бүхий болсон эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй, дээрх нөхцөл байдал болон хэрэгт ач холбогдол бүхий бусад асуудлыг бүрэн тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

13. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М+с 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Д ХХК-д олгосон 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц, М.С нарт учирсан хохирол 107,767,160 төгрөг гаргуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа, өөрчлөн тодруулжээ.

14. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Д ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж, гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Анх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Д ХХК-ийн архитектур төлөвлөлтийг даалгавар, эскиз зураг, барилга хүлээн авсан Улсын комиссын актыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар шаардлагаа тодорхойлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийг татсан. Эрх, ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзсэн. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байсан болохыг тогтоолгох буюу 106.3.3-аар гаргаж байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрийн үр дагавар нь одоо байгаа барилгыг нураах гэх мэт барилгад ямар нэгэн сөрөг үр дагавар бий болгохгүй. Үндсэндээ хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан гэдгийг тогтоолгох учир гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байгаа. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 128/ШТ2024/0027 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, гуравдагч этгээд Д ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасан. Гуравдагч этгээд Д ХХК-ийн өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохоо илэрхийлсэн тул, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргаснаар уг захиргааны хэргийг хянан хэлэлцэж эхэлсэн болно.

15. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М+с шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхоны дугаар байрны тоот 61 м.кв орон сууцны өмчлөгч М.С, ******* тоот 44 м.кв орон сууцны өмчлөгч М.Ц бид манай барилгын урд баригдаж буй Д ХХК-ийн барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулж, учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан Д ХХК-ийн барилгын үйл ажиллагаа нь дараах дүрэм, журмыг зөрчсөн. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж, /БНБД 23-04-07/ норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, /БНБД 31-01-10/ норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрх бүхий байгууллага, барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүссэн эрх, ашиг сонирхол, Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл харгалзан үзэж, хуульд үндэслэсэн шийдвэр гаргалгүй зөвшөөрөл олгож, дээрх дүрэм, журам зөрчиж барьсан барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан нь хууль бус тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарын хувьд барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан талаар Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-02/209 дугаар албан бичгээр ...Д ХХК-ийн захиалгаар баригдсан барилга нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан гэдгийг анх мэдсэн. Ийнхүү мэдсэн даруйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн учир дүгнэлтийг хууль болон зорилгодоо нийцсэн эсэх талаар эрх бүхий байгууллагад хандаж, хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй болно. Учир нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчиж барьсан Д******* ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгаа тул комиссын дүгнэлтийг мэдсэн даруйд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх замаар хэргийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргасан.

15.1. Нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх юу болох, уг нь эрх нь сэргэх эрх мөн эсэх, хамгаалуулах эрхээ хангуулах хууль зүйн үндэслэлийн талаар. Бидний өмчлөлийн хоёр орон сууц хоёрдугаар давхар, цонхнууд урагшаа харсан бөгөөд ашиглалтад хүлээн авсан барилгын улмаас нар үзэхээ больж, харанхуй хонгилд амьдарч байгаа мэт болоод удлаа. Тус 17 давхартай барилга нь манай байрнаас 13 метрийн зайтай баригдсан тул барилга хоорондын зай стандарт, нарны ээвэрлэлтийн норм зөрчигдөж, галын аюулгүй байдал алдагдаж, газар хөдлөлтийн үеийн эрсдэл нэмэгдэх нөхцөл байдалтай болоод байна. Гэрт нарны шууд тусгал орж ирэхгүй байгаагийн улмаас, хүйтэн, чийгтэй, хана тааз мөөгөнцөртөх нөхцөл бүрдэж, урагшаа уул харагддаг байсан бол барилга, цемент харагдах болсон. Үүний улмаас манай хоёр орон сууцны үнийн уналтаас бий болсон алдагдал, тав тух алдагдсан, харанхуй, хүйтэн тул байнгын халаалт залгаж, гэрлээ асаалттай байлгахаас үүсэх цахилгааны төлбөр, эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөлөл зэрэг олон сөрөг үр дагаврыг бидэнд учруулсаар байна. Иймд эдгээрийг тооцож Л  ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон хохирлыг нэхэмжилсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны буюу захиргааны шүүхийн зорилго мөн. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс болон Д ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй болж, өнөөдрийг хүртэл эрсдэлт нөхцөлд амьдарсаар байгаа нөхцөл байдлыг анхааран үзэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хамгаалахыг хүсэж байна.

15.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний эрх зүйн үйлчлэл дууссан, захиргааны акт нэгэнт хэрэгжсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгохыг шаардаж байна. Мөн дээрх байдлаар олон хууль, стандартыг зөрчиж, олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, үүний улмаас оршин суугч бидэнд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ц, М.С******* нар Нархан хотхоны дугаар байр .... гэдэг 2 орон сууцын өмчлөгч юм. Хоёр тусдаа орон сууцыг 8%-ийн зээлээр худалдаж аваад өмчлөх эрхийг хэрэгжүүлээд явж байгаа.

Хэргийн үйл баримтын тухайд нэхэмжлэгч нараас 2020 онд , ******* байрны урд талд барилга баригдаж эхэлсэн. Тухайн барилга хэтэрхий ойрхон баригдаж, нарны ээвэрлэлтийн стандарт, галын норм дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/4 дүгээр тогтоолоор батлагдсан журмын тодорхой заалтууд хэрэгжээгүй байна гэх үндэслэлээр анх 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Магадлал хүчин төгөлдөр болоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирснээс хойш дахин шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр нарны ээвэрлэлтийн стандарт М.С+н хувьд, М.Ц-н хувьд ч хангагдаагүй гэх агуулгатай дүгнэлт гарсан. Анх нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчийн зүгээс нөхцөл байдлаа тайлбарлаад 3 үндэслэл дурдсан байна. Үүнд: нэгдүгээрт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/4 дүгээр тогтоолоор хөршийн санал аваагүй. Энэ бол маш ойрхон 13 метрийн зайтай баригдаж байгаа Хансвиль хотхоны 8 дугаар блок барилгатай холбоотой бид нар маргаж байгаа. Тус журмын 4.3.1-д зааснаар 12 давхар барилга нь 40 метрийн, 16 давхар давхар барилга нь 45 метрийн радиуст байх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдөөс санал зөвшөөрлийг авах тухай зохицуулалтууд байгаа. Хоёрдугаарт, Орон сууц, олон нийтийн барилга сууцын барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлтийн хангамж гэдэг 2007 оны норм дүрэм байдаг. Үүнд заасан стандартыг хангаагүй. Гуравдугаарт, БНБД 310110 гэдэг дүрэмд зааснаар барилга хоорондоо 16 давхар учир 32 метрийн зайтай байх ёстой юм байна. Нарны ээвэрлэлтийн стандарт хангагдаагүй гэдэг асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хоорондын зай стандарт хангагдаагүй гэдэг нь шүүхээс 2 ч удаагийн үзлэг хийсэн. Лазер метрээр 13 метр гэдэг хэмжээ баараггүй гарсан гэж бол ойлгож байна. Хөршүүдээс санал аваагүй гэдэг нь хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдоно. Талуудын тайлбар, хариуцагчийн тайлбараар үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй байдаг юм.

Д компанийн газрын асуудал анх Т гэдэг компани дээр үүссэн. Үүнээс эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар болоод газрын гэрчилгээ маш их асуудалтай, зөрчилтэй байдаг. Үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хэргийн 4 дүгээр хавтасны 155 дугаар тал дээр анх газрын эрх хэрхэн яаж үүссэн, түүнтэй холбоотой газрын хувийн хэрэг байгаа. Тектоник компани 13000 м.кв газрыг эзэмшдэг байж байгаад шалтгаангүй ямар нэгэн захирамж гараагүй байхад 27000 м.кв болгочихсон байдаг. Баруун талынхаа хэсгийг буюу Нархан хотхоны урд талын газрыг захирамжгүйгээр гэрчилгээ гаргуулаад авсан баримт хэрэгт байгаа. 27000 м.кв болгочхоод 2 хуваасан. 13000 м.кв газар Тектоник компанид үлдээд, 15000 м.кв газрыг Д компанид шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, огт байгаагүй газрыг нэмж гаргаж ирээд тэрийгээ хуваагаад гуравдагч этгээдэд өгсөн ийм газрын зөрчил байдаг.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр талд байгаа. 30-ийг харьцах нь 15,6 метрийн 9 ширхэг барилга, 22-ыг харьцах нь 22 метрийн нэг барилга, 60-ыг харьцах нь 180 гэдэг усан оргилуурын талбай гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавраар хийсэн. Үүнээс хойш даалгаварт өөрчлөлт ороогүй. Гэтэл одоогийн баригдчихаад байгаа 8 тоот барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар дээр дурдагдсан 30-ыг харьцах нь 15 гэдэг харьцаанаас хамаагүй илүү 45-ыг харьцах нь 13 метр буюу бараг 50%-аар илүү том суурийн талбайтай барилга баригдсан.

Шүүхийн үзлэгээр М.С-н байр нь зүүн талдаа 2 цонхтой, урд талдаа 2 цонхтой байгаа. М.Ц-н хувьд урд талдаа 2 баруун талдаа нэг цонхтой 2 тусдаа гэрчилгээтэй, 2 тусдаа хаалгатай. Бодит байдал дээр 2 байрыг дундын ханыг нь нураасан байгаа. Тухайн үед дүү нь ээжийгээ асардаг байж байгаад ээж нь нас өндөр өвчтэй болоод эгч дүү 2 учраас дундын ханаа нураагаад орж гараад ээжийгээ асаръя гэдэг үүднээс нураасан байсан юм. Одоогийн яг нураачихсан байгаа байдал нь бол их эвгүй юу гэдэг юм уу зохимжгүй зохион байгуулалттай, анхнаасаа буруу ханыг нурааж хийсэн гэдэг агуулга илэрхий харагддаг. Ийм 2 барилга байдаг юм. Энэ тайлбарыг хэлээд байгаа шалтгаан нь анхнаасаа 3 гэдэг барилгыг хуваагаад А, Б болгочихсон юм. Үүнээс шалтгаалаад нарны ээрвэрлэлтийн стандартын асуудал яригдах болсон юм гэдэг тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс яриад байдаг учраас би энэ тайлбарыг хэллээ. Бид нар урд талын цонх болон зүүн талын цонхноос ямар ч нарны гэрэл харагддаггүй, урд талын цонхноос дээшээ урд талын барилгын орой ч харагддаггүй ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр нэхэмжлэгч 2 иргэний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргалаа.

Нэхэмжлэл гаргах үед барилга баригдаагүй, барилгын ажил явагдаж байсан. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаад нэг удаа хангагдаад Давж заалдах шатны шүүхээс захирамж хүчингүй болж ирээд дахиж энэ хүсэлтийг хангаагүй, хэрэгсэхгүй болгосон. Ингээд барилга баригдаад, 3-4 жилийн хугацаанд бүгд ашиглалтад ороод өмчлөгчтэй болчхож байх шиг байна. Тийм учраас бид тэр барилгыг одоо нураалгая гэдэг хэрэгжих боломжгүй шаардлага гаргах дэмий гэж үзээд хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэл гаргаснаас хойш захиргааны акт бүрэн хэрэгжсэн биелэгдсэн гэж үзэж ийм шаардлагыг тодорхойлж гаргаж ирж байгаа. Хууль бус байсан болохыг тогтоосноороо Захиргааны процессын хуулийн 106.3.5-д зааснаар хохирол, нэхэмжлэлийг гаргуулах боломж нэхэмжлэгч талд үүсэх юм байна гэж үзсэн.

Хохирлын тухайд Л ХХК гэдэг тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний компаниар барилгын үнэ цэнэ хэрхэн яаж буурсан юм бэ? гэдэг зөвхөн үнэ цэнийхээ хүрээнд мөнгөн дүнгээр илэрхийлж болох хохирлыг бид нар гаргасан. Тэр шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэрэгт оролцож байгаа талууд бүгд зөвшөөрөөд явж байгаа гэж ойлгож байгаа. М.С тухайд барилгын үнэ цэнэ 68,938,802 төгрөгөөр буурсан байна. М.Ц тухайд 38,828,129 төгрөгөөр үнэ цэнэ буурсан байна гэдэг ийм шинжээчийн дүгнэлт гарчихсан байна. Барилгын үнэ цэнэ буурахаас гадна тав тухтай амьдрах нарны гэрэл, магадгүй барилгын чийгшил, дулаан гэх мэтчилэн маш олон биет физик нөлөөллүүдийг урд талын барилга зөрчдөг. Тийм учраас мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна бас хохирол маш их байна гэж харж байна.

М.Ц барилгын баруун талд нартай гэдэг дүгнэлт гараад энэ нь нарны ээвэрлэлтийн стандарт хангаж байна гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ барилгын тухайд урд талын байрнаас 13 метрийн зайтай буюу нөгөө барилга хоорондын зай стандартыг М.Ц баруун талын байрлал хангадаггүй юм. Энэ шалтгаанаар нарны ээвэрлэлтийн эс тооцоод М.Ц холбогдох хэсэг, тэр хохирол, үр дагаврыг хариуцагчаас гаргуулах ийм хууль зүйн бодит боломж байна гэж харж байна. М.Ц барилгын баруун талд Сингапур сургууль гэдэг барилга баригдаж байгаа. Ингээд өндөр барилга баригдаад бас баруун талаасаа халхлагдах, хязгаарлагдах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ нарны ээвэрлэлтийг хэмжиж байгаа шинжээчид тухайн үед бид хүсэлт тавиад энэ баруун талд ямар барилга баригдаж байгаа юм бэ? Үүнтэй холбоотой асуудлыг энэ шинжээчийн дүгнэлтэд тусгаж өгөөч. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Хансвиль хотхоны урд талын барилгаас хамаарахгүйгээр стандарт хангагдаж байна гэж дүгнэж болох боловч хожим бас зөрчигдөх ийм үр дагавар, эрсдэл байгаад байна гэдэг асуудлыг дурдуулах гэсэн боловч шинжээчийн дүгнэлт дээр дурдагдаагүй гарсан байна. Эдгээр шалтгаан үндэслэлүүдээр маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн холбогдох хохирлыг Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж, барилгыг улсын комисс хүлээн авсан комиссын актыг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Энэ хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн газрын эрх болоод архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын зөвшөөрөлтэй холбоотой дүгнэлтүүд нэлээдгүй үндэслэлтэй дүгнэлтүүд хийгдсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо өөрийнхөө гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг шүүх ямар нэгэн дахиж нэмэлт шинжилгээ хийлгэхгүйгээр өөрөө үгүйсгэж дүгнээд шийдчихсэн. Үндсэндээ шинжээчийн дүгнэлт, тусгай мэдлэг, мэргэшил шаардлагатай гэж үзээд гаргуулсан дүгнэлтийг шүүх өөрөө үгүйсгэж болохгүй юм гэдэг. Энэ асуудлыг дахин тодруулах асуудлаар л буцсан. Энэ асуудал бол тогтоогдчихлоо. Нархан хотхоны эзэмшлийн газар болон Д******* компанийн эзэмшлийн газар дундуураа гудамжгүй залгаа байрлалтай. Нархан хотхон эзэмшил газрынхаа урд хэсэгт барилгуудыг тулгаж барьсан Д компани 2 блок барилгаа газрынхаа хойд хэсэгт хөндлөн барьснаас Нархан хотхоны 6 давхар орон сууцын барилга Д******* компанийн барьсан 17 давхар орон сууцын барилга хоорондын зай 13,2 метр байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0-02-012567 дугаартай албан бичигт зааснаар тогтоогдоно. Нархан хотхоны орон сууц Д компанийн барьсан барилга хоорондын зай 13,2 метр байгаа нь БНБД 310110 гэдэг заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээний нормативыг хангахгүй байгаа юм. 16 давхар барилга 32 метрийн зайтай байхаар тогтоосон байхад 17 давхар барилга тууш талаараа нөгөө барилгын сууцын өрөөний цонхтой, хөндлөн талтай 13,2 метр зайтай байгаа нь норм дүрмийг барилга хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 13,2 метрийн зай нарны тусгалд халхлагдах байрлалд орших барилгын өмчлөгчдөөс санал аваагүй дээрх журмыг, цаашлаад нэхэмжлэгч нарын дээрх гэдэг нь 5/14 дүгээр Иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажилд эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг хөндсөн, цаашлаад нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндсөн. Нийслэлийн Засаг дарга 2004 оны 360 дугаар захирамжаар 13000 м.кв газар эзэмших эрх олгогдсон байхад уг захирамжийг биелүүлж гэрчилгээ бичиж, гэрээ байгуулах үүрэг бүхий газрын алба 27000 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, кадастрын зургийг тэр хэмжээгээр мэдээллийн санд оруулж, газрын хэмжээний талаарх энэ зөрчил арилаагүй байхад уг захирамжийг үндэслэн 27000 м.кв газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2007 онд, барилгын эскиз зургийг 2008 онд баталсан нь хууль зөрчсөн байна. Мөн 2008 онд эскиз зургийг батлахдаа 8 дугаар барилга буюу маргаанд хамаарах барилга нь 12,2-ыг харьцах нь 45 метр хэмжээтэй 15 давхар байхаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, эскиз зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавраасаа барилгын суурийн хэмжээ болон давхрын зөрөөтэй байхад энэ зөрчлийг арилгаагүй зөвшөөрөл олгосон байна. Эх загвар зураг эскиз зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавраас барилгын суурийн хэмжээ болон давхрын тоо зөрөөтэй батлагдсан байхад Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрлийн гэрчилгээгээр 45-ыг харьцах нь 12,2 метрийн суурийн хэмжээтэйгээр 4 блок 15 давхар барилга барихаар зөвшөөрөл олгосон нь хууль бус байна. Эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг зөрчиж барилга барьж байхад хяналт тавиагүй Хотын стандарт хяналтын газрын үйл ажиллагаа, тухайн үед улсын комиссын үйл ажиллагаа буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын хувьд өмчлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүд нь хөндөгдсөн. Үнэ цэнэ нь барилгын хувьд буурсан. Өмнө нь энэ 2 давхрын айлууд нь шууд Богд уул хардаг байсан бол урд талд нь 17 давхар барилга баригдахад ямар ч одоо боломжгүй, галын машин ч орох боломжгүй. Тэгэхээр маш олон барилгын тухай хууль тогтоомж, стандартуудыг зөрчсөн байна. Энэ нэхэмжлэгч нарт нөлөөлөх нөлөөллийн тухайд гэдгээс гадна анхнаасаа энэ газрын эрх нь үндэслэлгүйгээр 14 мянган метрээр нэмэгдээд, түүн дээр нь энэ барилгууд нь баригдаад яваад байгаа асуудлыг Хот байгуулалт хөгжлийн газраас хянаж үзэж байж шийдвэрээ гаргах ёстой байсан юм байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна. М.Цьтухайд онцгойлон хэлэхэд одоо өмнөх шүүхийн шийдвэр бол нарны ээвэрлэлтийн стандарт М.Ц хувьд хангагдаж байна гэдэг ганцхан ээвэрлэлтийн стандартын тухайд эрх нь хөндөгдсөн юм шиг тэр хүрээнд л дүгнэлт хийж бидний энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж дүгнэлт гаргасан нь бол буруу байсан. М.Ц тухайд ч гэсэн эрх нь хөндөгдсөн. Өнөөдөр бид нар үзлэгийн тэмдэглэлийг харвал ямар нөхцөл байдалтай байгааг та бид нар харах боломжтой гэж үзэж байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгөөч гэж хүсэж байна гэв.

17. Хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нархан хотхоны урд талд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийг үндэслэн Т ХХК-д тус газраас 2007 оны 01 дүгээр сарын 31-ний ХУ/04/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2008 онд барилгын эскиз зургийг баталсан. Д ХХК-д Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх, загвар зургийг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1. иргэдийн саналыг аваагүй, 4.3.1. зай хэмжээний норматив-ыг зөрчсөн гэжээ. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1. Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга, байгууламж, барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан. Тектоник-ийн барилга барьж байгаа эзэмшил газар нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй иргэдээс санал авах шаардлагагүй болно. Журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д заасан орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс тодорхой зайд байрлах үйл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс санал авна гэж заасан нь нэхэмжлэгчид хамааралгүй заалт болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тус Д ХХК-ийн барилга нь холбогдох норм, дүрэм зөрчиж баригдсанаар манай байрны үнэ унасан тул 107,767,160 төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулах гэжээ. Тус барилга нь холбогдох норм, дүрэм зөрчиж зөвшөөрлүүд нь олгогдоогүй бөгөөд мөн тухайн нэхэмжлэгч нарын буурсан талаар баримт тогтоогдох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

18. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нархан хотхоны урд Нийслэлийн Засаг дарга 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 360 тоот захирамжийг үндэслээд Т компанид 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ХУ/0407 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2008 онд барилгын эскиз зургийг баталж өгсөн. Д компанид Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан бичиг баримтын бүрдлийг хангуулан, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2000/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тайлбарт үндэслэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/10 тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д иргэдийн саналыг аваагүй, 4.3.1-д заасан зай хэмжээний нормативыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан нь орон сууцын хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихаар иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан. Болно гэдэг нь заавал авна гэсэн заалт биш. Тектоник компанийн барилга барьж байгаа эзэмшил газарт орон сууцын хороолол дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй тул иргэдээс санал авах шаардлагагүй. Журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д заасан орон сууцын дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс тодорхой зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна гэж заасан нь нэхэмжлэгчид хамааралтай заалт биш болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Д******* компани нь барилгын холбогдох норм дүрэм зөрчиж барьснаар манай байрны үнэ унасан тул 107 767 160 төгрөгөөр хохирлоо үнэлж хариуцагчаас хохирлоо нэхэмжилсэн. Энэ барилгын үе шатын зөвшөөрлүүд нь ямар нэгэн холбогдох норм дүрэм, зөрчил одоо холбогдоогүй. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгоход хүчин төгөлдөр ямар нэгэн эрхийн зөрчилгүй газар дээр үндэслэж олгодог. Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулиараа нийт эдэлбэр газрынхаа 70 хувьд нь барилгажихаар бусад газарт нь ногоон байгууламж, авто зогсоол байхаар төлөвлөж, ингэж архитектур төлөвлөлтийн даалгаврыг даалгаврыг олгож, үүндээ үндэслээд тусгай эрх бүхий өөрөө хариуцлагаа хүлээдэг компаниудаар эскиз зургийг зуруулж баталгаажуулдаг байгаа. Мөн барилгын норм ба дүрмийн 23.4.7-д заасан нарны ээвэрлэлт буюу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны зөвшөөрөгдөх доод хэмжээг 2 цаг 30 минут гэж тогтоосон байгаа. Барилгын нарны ээвэрлэлтүүдийг хангаж зураг төслийг гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 107 сая төгрөг нь яаж одоо тогтоосон, байрны үнэ яг буурсан эсэх талаар тогтоогдох боломжгүй. Ийм нөхцөл байдал байгаа. Орон сууц, нийтийн орон сууцын барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамжийг тодорхойлсон байдаг. Монгол Улсын барилгын норм ба дүрэмд байдаг. 2007 оны дүрэм дээр нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны зөвшөөрөгдөх доод хэмжээг 2 цаг 30 минут гээд тогтоочихсон байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан акттай холбоотойгоор зөрчигдсөн эрхийг сэргээдэг шүүх байгаа. Тэгэхээр нэгэнт хэрэгжээд дуусчихсан энэ захиргааны актын буюу барилгын үе шатын зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж сэргэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд дээр гэм хор болон энэ хохиролтой холбоотойгоор мөнгөн дүнгийн асуудал Иргэний шүүхийн харьяаллын маргаан байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

19. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн үед Д******* ХХК-ийн барилгыг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/862 захирамжаар байгуулагдсан чиглэл бүрийн байгууллагаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 256 айл өрхийн 10 давхар үйлчилгээ конторын барилгад хуралдаж мэргэжлийн чиглэл бүрийн гишүүдэд үүрэг даалгавар өгч, үүрэг даалгаврын биелэлт бүрэн хангагдсан гэж тухайн оролцогч байгууллагуудын гишүүдийн нэгдсэн шийдвэр гарсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд БА-289/2021 дугаар олгон баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/862 дугаар захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан, үүнд шат шатны төрийн захиргааны байгууллагуудаас оруулж ажилладаг. Улаан шугамын актыг Газар зохион байгуулалтын албанаас шалгаж явуулдаг. Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн ахлах байцаагч зэрэг бүх байгууллагууд ажилладаг. Нэхэмжлэгчийн тайлбараас бол гал гарсан тохиолдолд урд талын байрнаас гал алдах эрсдэл үүсвэл яах вэ гэсэн тайлбарыг өгч байна. Үүний тухайд Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн ахлах байцаагч ажилладаг. Хэрвээ гал алдах эрсдэлтэй гэж үзвэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дээр түдгэлзүүлж болох бөгөөд мэргэжлийн хүрээнд тэр албан тушаалтанд ийм эрх байгаа гэсэн үг. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд Д ХХК-ийн захиалгаар баригдсан үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга байгууламжид Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоо байгуулагдсан 16 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 11 дүгээр сарын 229-ний өдөр ажиллаж комиссын гишүүн бүр хариуцсан чиглэл тус бүрээр үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллаж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар дүгнэлт баталгаажсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

20. Хариуцагч Хотын стандарт хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах үндэслэл маань өөрөө Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс маань тухайн тэр олгогдсон зөвшөөрлийн хүрээнд дүгнэж тухайн барилгыг ашиглалтад оруулдаг байгаа. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 000480 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл болон холбогдох бусад барилгын ажлын зөвшөөрлийг сунгасан захиргааны актын үндсэн дээр комисс ажиллаж, комиссын актыг баталгаажуулан гаргасан болно. Мөн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн хавсралтад комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байгаа. Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага, мөн аймаг, нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, бусад эрх бүхий хяналтын байгууллагын төлөөллүүдийг оролцуулна. Тухайн комиссын гишүүн маань саналын эрхтэйгээр оролцоод өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд үүрэг даалгаврын үүрэг даалгавар өгөөд ашиглалтад оруулах санал өгдөг байгаа. саналын үндсэн дээр Хотын стандарт хяналтын газар буюу барилга байгууламжийн ашиглалтад оруулах комисс нь тухайн барилгыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр гаргасан байсан. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд тухайн захиргааны актыг буюу комиссын дүгнэлтийг хүчингүй болгосноор ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ гэвэл нэгдүгээрт тухайн дүгнэлт маань хүчингүй болно. Ингэснээр одоогийн байдлаар тухайн барилгад амьдарч байгаа айл өрхүүдийн өмчлөх эрхийн асуудал яригдана. Тэгэхээр үүн дээр Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны акт нэгэнт хэрэгжсэн гэж энэ нөхцөл байдлыг үзэхээр байгаа. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт маань өөрөө нэгэнт хэрэгжчихсэн, тухайн үед болоод өнгөрсөн асуудал учраас үүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид ямар нэгэн хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалсан, хангасан үйл явдал болохгүй. Барилгын тухай хуулийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах 3 үндэслэлийг зааж өгсөн. Нэгдүгээрт, энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хоёрдугаарт, төрийн хяналт шалгалтыг явуулах үйл ажиллагаанд саад учруулсан, гуравдугаарт, барилгын ажлын зөвшөөрөл дээр заасан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзана гэж зааж өгсөн. Тэгэхээр энэ нь юу гэсэн утгатай вэ? Цаад санаа нь ямар одоо зүйлийг агуулж байна вэ гэвэл комисс ийм л тохиолдолд татгалзах эрхтэй. Бусад тохиолдолд ашиглалтад оруулах зохицуулалттай байгаад байгаа. Иймд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь хууль бус байх эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

21. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дэд жагсаалт батлах тухай А/115 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Т.З сонгогдож, С.А, Б.Ш нар нөөцөд сонгогджээ.

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Т.З Б.Ш нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүхэд шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд С.А******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирж, хэргийн материал, эрх үүрэгтэйгээ танилцсан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас замын түгжрэлээс шалтгаалан хоцорсон шалтгаанаар хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгч М.С нараас өөрсдийн өмчлөлийн орон сууц бүхий байрны урд барилга хоорондын зай хэмжээг зөрчиж барилга баригдсан, энэ нь нарны ээвэрлэлтийн норм дүрэм болон хууль болон дүмээр зохицуулсан журамлалын олон харилцааг зөрчсөн, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, орон сууцны үнэлгээ буурсан, галын аюулгүй байдал алдагдсан зэрэг үндэслэлээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан Д ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, уг газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц учирсан хохирол 36,062,000 төгрөгийг, нэхэмжлэгч М.С учирсан хохирол 68,938,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх бүрэлдэхүүн, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг харьцуулан үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргасан хоёр иргэний нэхэмжлэлийн шаардлагаас, тодруулбал, нэхэмжлэгч М.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13/ хангаж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д олгосон 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч М.С учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэж, бусад шаардлагыг буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Ц гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан Д ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, уг газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц-т учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14/ болгож шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий үйл баримтын талаар.

3.1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нархан хотхоны урд талд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар Т ХХК-д анх орон сууц, үйлчилгээний зориулалтаар 13000 м.кв газрыг эзэмшүүлсэн авч уг захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрчилгээнд газрын хэмжээг нэмэгдүүлж 27000 м.кв хэмжээгээр бичиж олгосноор, газар эзэмшүүлэх гэрээг энэ хэмжээгээр байгуулж, газрын баталгаат хэмжээ тогтоосон актыг энэ хэмжээгээр үйлдэж, нэгж талбарын 18******* дугаарт бүртгэж, 2009 оны 303 дугаар захирамжаар эзэмшил газрын талбай, байршлыг өөрчилж 27000 м.кв хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжаар Т ХХК-аас Д ХХК-д 13500 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлснээр газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, улмаар мөн Засаг даргын 2017 оны А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, дахин газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, 2019 онд газрын мэдээллийн нэгдсэн сангийн программын өөрчлөлтөөс шалтгаалан нэгж талбарын дугаарыг 17******* болгож, газрын эзэмших эрхийг улсын бүртгэлийн А-22******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газраас /хуучин нэрээр/ 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Т ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 27000 м.кв газар дээр баригдах орон сууц үйлчилгээний 30 м х 15,6 м-ийн хэмжээтэй 9 барилга, 22 м х 22 м хэмжээтэй 2 барилга 7-18 давхар, 60 м х 180 м хэмжээтэй усан оргилуур бүхий зоориндоо автомашины гарааш бүхий талбайтай барилгын ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаар газрын байршлын хувьд ертөнцийн зүгээр зүүн талд нь хамаарах 13500 м.кв газар дээр Хансвилл хотхон баригдсан, энэ архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт ороогүй, мөн газраас 2008 онд батлагдсан эскиз зургаар 8 дугаартай барилга буюу маргаанд хамаарах барилга нь 12.2 м х 45 м хэмжээтэй, 15 давхар баригдахаар төлөвлөгдсөн ба энэ эскиз зурагт мөн өөрчлөлт ороогүй байна.

3.4. Д ХХК-ийн эзэмшил 13,500 м.кв газар дээр барих 45 м х 12.2 м, 60.6 м х 12.9 м хэмжээтэй 15 давхар 4 блок барилгад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-нд 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгосны дагуу энэ маргаанд хамаарах 108 дугаартай барилга баригджээ.

3.5. Нэхэмжлэгч хоёр иргэний өмчлөлийн орон сууц бүхий Нархан хотхоны дугаар байр нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орох ба уг барилга 2005 онд ашиглалтад орсон нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2005-2007 оны агаарын сансрын зургаар авагдсан, нэхэмжлэгч М.С Нархан хотхоны дугаар байрны тоот 61 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс, нэхэмжлэгч М.Ц  Н хотхоны дугаар байрны Зб тоот 44 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч М.С өмчлөлийн 61 м.кв 3 өрөө тоот орон сууц нь 2 дугаар давхарт зүүн тийш харсан 2, урагшаа харсан 2 цонхтой, түүний залгаа ******* тоот М.Ц өмчлөлийн 44 м.кв 2 өрөө орон сууц нь урагшаа харсан 2, баруун тийш харсан 1 цонхтой болох нь шүүхээс хийсэн удаа дараагийн үзлэгийн тэмдэглэлд авагдсанаас гадна, Нархан хотхоны 6 давхар орон сууцны барилга, Д ХХК-ийн барьсан 17 давхар орон сууцны барилга хоорондын зай 13.2 м болох нь шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02-01/2567 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.

3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 128/ШТ2023/0070 дугаар шүүхийн тогтоолын дагуу Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/3201 дүгээр албан бичгээр ирүүлсэн ба Шинжээчийн дүгнэлтэд: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Нархан хотхоны дугаар байрны тоот 61 м.кв 3 өрөө орон сууц нь ертөнцийн зүгээр зүүн харсан цонхтой, ертөнцийн зүгээр урагшаа харсан 2 нийт 4 цонхтой орон сууц байна. Зүүн харсан 2 цонх нь зочны өрөө болон гал тогоог гэрэлтүүлэх ба нарны шууд тусгал тусахгүй, урагшаа харсан 2 цонх нь хүүхдийн өрөө болон унтлагын өрөөнүүдэд байрлалтай ба 15:18-16:30 мин хүртэл нийт 1 цаг 12 минут нарны шууд тусгал үзэж байгаа нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлт /БНБД 23-04-07-ийн/ 3.5, 3.6 дахь заалтыг хангахгүй байна... гэжээ.

4. Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар.

4.1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг баримтлахаар, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т зааснаар барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг эрх бүхий байгууллага буюу хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэхээр, 7.5-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээхээр заасан бол,

4.2. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандартын шаардлагыг хангасан байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж төлөвлөсөн байх зэрэг шаардлага тавигдахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байхаар заажээ.

4.3. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 норм ба дүрмийн 3.1. Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана, 3.3. Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно, 3.5. Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд: Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, ... 60-аас доошгүй хувьд гэж заажээ.

4.4. Ийнхүү барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал мөрдөхөөр заасан бөгөөд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2019 онд олгох үед Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрэм мөрдөгдөж байсан, уг норм ба дүрмээр барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилга 32 м зайтай байхаар тогтоосон байхад 17 давхар барилга тууш талаараа нөгөө барилгын сууцны өрөөний цонхтой хөндлөн талтай 13.2 м зайтай байгаа нь норм, дүрмийг барилга хангахгүй байна.

5. Маргаан бүхий хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Х хотхоны барилгын эскиз зураг зэргийг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгох боломжгүй. Учир нь 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр олгосон ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зургаар хотхоны 1, 2 дугаар ээлжийн барилга баригдаж ашиглалтад орсон, өөрөөр хэлбэл, уг орон сууцнаас худалдан авсан бусад этгээдэд эерэг үйлчлэл бүхий эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсний дээр, 2007, 2008 онд батлагдсан барилгын төлөвлөлтийн эдгээр баримт бичгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий барилгад тусах нарны шууд тусгалыг хааж, барилга хоорондын зайн норм дүрмийг зөрчиж баригдсан 108 дугаартай барилгын хувьд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хариуцагч захиргааны байгууллага зөвтгөх боломжтой байсан тул 2007, 2008 онд батлагдсан барилгын төлөвлөлтийн эдгээр баримт бичгүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

6. Харин хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь Д ХХК-д Х хотхоны 2 дугаар ээлжийн 4 блок барилга барих барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2019 онд олгохдоо архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоосон хэмжээнээс зөрүүтэй батлагдсан эскиз зургаар барилгын ажлын зөвшөөрөл олгосон нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрмээр тогтоосон ... барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилга 32 м зайтай байх шаардлагыг 17 давхар барилга тууш талаараа нөгөө барилгын сууцны өрөөний цонхтой хөндлөн талтай 13 м зайтай баригдсанаар зөрчсөн буюу нэхэмжлэгч М.С өмчлөлийн орон сууцны тухайд энэ норм ба дүрэм хангагдахгүй байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

7. Хэдийгээр 2007 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлагдаж хотхон төлөвлөгдсөн байсан ч 2019 онд барилгыг барихаар зөвшөөрөл хүссэн байх тул барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо энэ үед мөрдөгдөж байсан барилгын төлөвлөлтийн болон нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг журамласан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлэх боломжтой байсныг тэмдэглэх нь зүйтэй.

8. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм зөрчиж олгосон 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон 0004180 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснээр, захиргааны байгууллагын хууль бус зөвшөөрлийн улмаас өөрт учирсан 68,938,000 төгрөгийн хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, тодруулбал хөрөнгийн үнэлгээний Л ХХК-аар орон сууцны зах зээлийн үнэлгээ буурсан зөрүүг тогтоолгосон тоот орон сууцны өмчлөгч М.С уг захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо шаардах эрх байна.

9. Харин нэхэмжлэгч М.Ц хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох, учирсан хохирол гаргуулах агуулга бүхий шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо өмнө нь гаргасан шинжээчийн нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг Skech up pro2021 программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийн хавсралт зургаар түүний өмчлөлийн ******* байрны баруун талын 1 цонхонд 13:25 цагаас хойш, урд талын 1 цонхонд 14:45-17:00 цагийн хооронд, урд талын 2 дахь цонхонд 14:55-17:00 цагийн хооронд нарны шууд тусгал тусаж байгаа гэх дүгнэлт, сүүлд гаргасан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Нархан хотхоны дугаар байрны ******* тоот 44 м.кв 2 өрөө орон сууц нь ертөнцийн зүгээр баруун харсан 1 цонхтой, урагшаа харсан 2 цонхтой нийт 3 цонхтой орон сууц байна. Баруун харсан 1 цонхонд зочны өрөө, гал тогоо байрлалтай, урагшаа харсан2 цонхны нэг нь унтлагын өрөөнд, нэг нь зочны өрөөнд байрлалтай ба урагшаа харсан 2 цонх 13:50-16:50 хүртэл 3 цаг, баруун харсан 1 цонх 15:00-17:00 цаг хүртэл 2 цаг 30 минут нийт 4 цаг 20 минут нарын шууд тусгал үзэж байгаа нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлт /БНБД 23-04-07-ийн/ 3.5, 3.6 дахь заалтыг хангаж байна гэх дүгнэлт гарсан нь нарны ээвэрлэлтийн шаардлагыг хангаж байгааг нотолсон гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагын энэ хууль бус шийдвэрийн улмаас үүссэн гэх хохирлыг шаардах эрх нэхэмжлэгч М.Ц үүсээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10. Хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Д ХХК-ийн захиалгаар баригдсан 2 блок 17 давхар орон сууц үйлчилгээний барилга, 1 блок 10 давхар үйлчилгээтэй оффисын барилгыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад оруулж БА-289/2021 дугаартай дүгнэлт үйлджээ.

Маргаанд хамаарах 108 дугаар барилгад 125 айлын орон сууц ашиглалтад орсон, уг барилгын чанарын талаарх маргаан биш, эрх нь зөрчигдсөн гэх нэхэмжлэгч иргэд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан гэх хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хохирол гаргуулах хэлбэрээр шийдвэрлэх боломжтойгоос гадна бусад өөр олон орон сууц захиалагч, өмчлөгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг энэ нэхэмжлэлийн шаардлагаар хөндөх боломжгүй тул барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй үндэслэлгүй байна.

11. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж болохыг зөвшөөрсний дагуу хэргийг хэлэлцсэн ба энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн маргаан бүхий үйл баримтад өгсөн дүгнэлтийн үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс тодорхойлох боломжгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

12. Шинжээчийн ажлын хөлс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн, уг зардал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар хэргийн оролцогчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах бөгөөд 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар үнийн дүнгээр илэрхийлэгдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хувь хэмжээгээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар, хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээгээр нэхэмжлэгч М.Ц*******аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Тодруулбал, нэхэмжлэгч хоёр иргэн нийтдээ 105,000,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч М.С*******д учирсан хохиролд 68,938,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлын 65,6 хувийг буюу 2,624,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас, 34,4 хувь буюу 1,376,000 төгрөгийг нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон нэхэмжлэгч М.Ц*******аас нөхөн гаргуулж шинжээчээр ажилласан байгууллагад олгохоор зааж шийдвэрлэлээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч гаргагч нь урьдчилан төлөх зохицуулалттай ба нэхэмжлэл гаргасан хоёр иргэн тус бүртээ улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан авч, нэхэмжлэгч М.С 70200төгрөгийг төлсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47.1, 47.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.7, 106.3.13, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.С нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэгч М.С 68,938,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж, үлдэх шаардлага болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан Д ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Хансвилл хотхоны барилгын эскиз зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох, барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан Д ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, уг газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц-т учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 51.1-д заасныг баримтлан Шинжээчийн зардал 2 624 000 төгрөгийг Хот байгуулалт хөгжлийн газраас, 1376 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц-с гаргуулж Барилгын хөгжлийн төвд олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч М.С-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгохоор шийдвэрлэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ