Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

Ц.О*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Г.Ү*******ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.О*******т холбогдох 2215001230222 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.О

 

Ц.О******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “В******* М*******” хязгаарлагдмал хувьцаат компанийн цахилгаанчин Г.Ү*******ыг ажил үүргээ гүйцэтгэж утасны шонгийн модонд авирсан байхад автогридерийг жолоодож байгаад шонгийн модтой хамт татаж унагааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   Булган аймгийн Прокурорын газраас: Ц.О*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Боржигон овогт Ц*******гийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

энэ хэрэгт шүүгдэгч Ц.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******аас 859.766 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ү*******ад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Ү******* давж заалдах гомдолдоо “... Миний бие амьдралын чухал эрхтэн болох тархины суурь ясны хугарал, эрүү ясны бяцарсан зөрүүтэй хугарал, нуруу бүсэлхий, цээж гэх мэт олон эрхтэний гэмтлүүдийг компанийн ажлыг байх явцдаа ажлын байран дээрээ авч үхэж ч болох байсан. Гэтэл намайг тоож авах газаргүй, ажил төрөлгүй, эрэмдэг болгоод хаялаа гэсэн гомдолтой байна.

Учир нь миний цалинг 2022 оны 11 дүгээр сараас эхлээд өгөөгүй. Хоёр компани хоёулаа буруутай байхад надад ОМ тогтоож өгөөгүй. Би одоо 80 хувь хөдөлмөрийн чадвар алдсан цаашид амьдралаа аваад явах ямар ч боломжгүй, хохирсон дээрээ хохирч үлдсэн байна. Шүүгдэгч Ц.О******* надад ийм осол учруулж эрүүл мэндээрээ хүнд хохирч, 80 хувийн чадвар алдсан байхад нэг ч удаа ирж уулзаагүй, хохирол төлбөрт хуулийн болон сайн дурын үндсэн дээр ч сэтгэл тавьж хандаагүй, үл тоосон.

   Би өвчин намдаах эм, агаар салхинд энэ зун гарч биеэ тэнхрүүлэхдээ хэрэглэсэн замын зардал баримтуудаар 859.766 төгрөгийг шинээр гаргаж өгсөн бөгөөд Ц.О******* бодит байдал дээр өгөөгүй, өгөхөө илэрхийлж байгаа гэж байгаа боловч хэзээ өгөх нь тодорхойгүй тэрээр торгуулаад өнгөрч байна. Түүний хийсэн гэм бурууд тохирохгүй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: “ ... Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь уг хэрэгт “В******* м*******” хязгаарлагдмал хувьцаат компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байдаг. Тухайн байгууллагын дотоод журмын 13.3-т нөхөн олговор олгох талаар заахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, өвчний хохирлыг тухайн компани хохирол төлбөрийг хариуцах ёстой” гэсэн. Тухайн үйл баримтыг үйлдвэрлэлийн осол мөн байна гэдгийг тогтоосон. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд 1.052.850 төгрөгийг төлсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан. Харин дараа нь 859.768 төгрөгийг төлсөн. Давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1426 цагт 800.000 төгрөгийг 5055880494 гэсэн Г.Ү*******ын дансанд төлсөн. Үлдсэн 60.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн. Энэ талаарх баримтыг шүүх хуралдаан дууссаны дараа гаргаж өгнө. Ял шийтгэл хөнгөдсөн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч мөн 80 хувь хөдөлмөрийн чадвар алдсан талаар хэлсэн. Гэтэл тухайн байгууллага нь хохирогчтой холбогдож хохирол төлнө гэж илэрхийлсэн. Шүүгдэгч Ц.О******* нь болгоомжгүйгээр бусдын биед гэмтэл учруулсан. Тухайн нөхцөлд 3 хүн ажил хийж байсан. Нэг хүн шон дээр байсан, харин газар байсан 2 хүн аюулгүй байдлыг хангах тодорхой үүрэгтэй байсан. Тухайн үүргээ биелүүлээгүй талаар хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч гомдол гаргасан байдаг. Уг гомдлын агуулгыг үзвэл хохирол төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө 800.000 төгрөгийг төлсөн талаар ярьж байна. Энэ талаарх баримтаа цаг хугацааны хувьд гаргаж өгч амжаагүй байна. Иймээс хохирол төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч нь хохирол төлбөрийг шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж байж төлөх учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөх талаар анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргаж байсан. Хохирогчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Г.Ү*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.О******* ньЭ*******” хязгаарлагдмал хариуцлагатай компанид автогридерын оператороор ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “В******* М*******” хязгаарлагдмал хувьцаат компанийн ажлын талбайд өөрийн жолоодож явсан  автогридерын хусагч хутганд цахилгааны утсыг орооцолдуулж шонг унагаасны улмаас уг шон дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан “В******* М*******” хязгаарлагдмал хувьцаат компанийн цахилгаанчин Г.Ү******* газарт унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь

 

хохирогч Г.Ү*******ын “... би хоёр цахилгааны модон шонд авирч цахилгааны утас холбож тогтоогоод гурав дахь цахилгааны шон дээр гараад тухайн шон дээрээ цахилгааны утсыг холбож тогтоож байх үед шонгийн хажуугийн замаар өнгөрч байсан зам хусдаг автогридер механизм цахилгааны утсыг өөртөө орооцолдуулан татахад би “наадах машинаа зогсоогооч ээ, шон уналаа” гэж хэлэхэд нөгөө автогридер механизм машин зогсохгүй явсаар байгаад цахилгааны утсаар шонгийн модыг татаад унагаасан ... модон шон ойролцоогоор 11 метр өндөрт байрлаж байсан. Тэгээд би тухайн шонгийн модтой унахдаа цахилгааны утас тогтоодог дэгээнээс барьж байгаад шонгийн мод газарт унахад дээр нь унасан ...” гэсэн мэдүүлэг /хх 20- 21 дугаар тал/,

 

 иргэний хариуцагч Д.Т*******гийн “ ... Манай компанийн туслан гүйцэтгэгч “Э*******” хязгаарлагдмал хувьцаат компанийн буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан. Тус компаниас хохирогчийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх 27 дугаар тал/,

 

 гэрч Б.Б*******ын "... “В******* М*******” хязгаарлагдмал хувьцаат компанийн уулын мастер ирээд танай ажилтан чинь шонгийн мод татаж унагаагаад хүн бэртээчихлээ гэж хэлээд би осол болсон газарт ирэхэд унасан бэртсэн гэх хүнийг эмч нь ирээд аваад явсан. Манай автогридерийн оператор О******* нь зам түрэх ажил хийгээд явж байхдаа цахилгааны утсан дээгүүр гарах үед зам хусагч хутга болон дугуйнд нь цахилгааны утас орооцолдож улмаар шонгийн модыг татаж унагасан байсан...” гэх мэдүүлэг /хх 29 дугаар тал/,

 гэрч Ц.Га*******ын “ ... манай хэсгийн насосын туслах ажилтан Б над руу утсаар яриад цахилгаанчин Ү******* цахилгааны шонтойгоо уначихлаа гэж мэдэгдээд тэгээд эмч , ХАБЭА-н ажилтан хоёрыг аваад ирэхэд Ү*******ын хамар, баруун чихнээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд манай эмч аваад яаралтай Улаа******* хот руу хөдөлсөн юм ...” гэх мэдүүлэг / хх 32 дугаар тал/,

 гэрч Л.Гийн “ ...  шонгийн модноос хүн унаад бэртчихлээ гэсэн мэдээ ирсэн. Тэгээд эмчийн хамт яваад очиход цахилгаанчин Ү******* шонгийн модноос унасан байдалтай хэвтэж эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед Ү******* нь цахилгаан татах ажил хийгээд шон дээр авирчихсан байсан. Цахилгааны утас нь тээврийн хэрэгслийн зам дээгүүр явж байхад нь автогридерийн хутга, дугуйнд нь орооцолдож шонгийн модыг татаж унагасны улмаас цахилгаанчин Ү******* гэмтсэн асуудал гарсан юм...” гэх мэдүүлэг / хх 35 дугаар тал/,

гэрч Г.Бын “ ... Өглөө наряд авахад цахилгаанчин Ү*******, насосын туслах Б бид гурвыг цахилгааны модон шон босгоод голын захаас цахилгааны төхөөрөмж рүү тог татахаар болсон. Эхлээд бид 3 шонгуудаа газар ухаж суулгачихаад цахилгааны утсаа татаад хоёр дахь шон дээр цахилгаанчин Ү******* авирчихсан, Б бид хоёр утсыг нь болон өөр хэрэгтэй багаж хэрэгслийг нь авч өгөөд байж байхад замаар явж байсан автогридерийн газар хусдаг хусагчинд цахилгааны утас өлгөгдөөд шон дээр байсан Ү*******ыг шонтой нь татаж унагасан...” гэх мэдүүлэг / хх 41-42 дугаар тал/,

гэрч Б.Бн “... 3 шонгоо газарт зоож дуусаад утсаа шон дээрээ өлгөх ажил хийгээд хоёр дахь шон дээрээ утсаа байрлуулаад цахилгаанчин Ү******* ах шон дээрээ авирчихсан Бааска ах бид хоёр утаснуудыг нь авч өгөөд зогсож байхад замаар явж байсан автогридерийн газар хусдаг хусагчинд утас татагдаад Ү******* ахын авирчихсан байсан шон унаад Ү******* ах овоолчихсон байсан төмөрнүүд дунд газарт унасан. Би гүйж очиж автогридерийг зогсоогоод эмч дуудсан юм ... автогредэр уг утсан дээгүүр гарч явахдаа хусагчинд нь утсыг татаж унагасан юм ...” гэх мэдүүлэг /хх 44-45 дугаар тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “... үйлдвэрлэлийн осолд тооцогдох болно ...” гэх дүгнэлт /хх 51-53 дугаар тал/,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 6399 дугаартай “... Б.Ү*******ын биед баруун хөхлөг, суурь ясны хугарал, эрүү ясны бяцарсан зөрөөтэй хугарал, баруун чих, нуруу, бүсэлхий, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх 59-61 дугаар тал/,

Г.Ү******* нь тархины суурь ясны хугарал оношоор Дархан-Уул аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0519792 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12 сараар тогтоосон тухай шийдвэр /хавтаст хэргийн 215 дугаар тал/ болон шүүгдэгч Ц.О*******ын “... тухайн өдөр ил уурхайн замыг түрж дуусаад эсрэг талд нь карьерийн замыг түрх замд гарсан. Тухайн карьерт хүмүүс цахилгааны шон дээр ажиллаж байсан. Би карьерийн замыг түрж байгаад цахилгааны утас хараад хусагчийг тултал нь дээш нь өргөөд тэгшхэн байрлалд оруулаад зөөлхөн гарсан. Тэгтэл хусагчны хутганд цахилгааны утас өлгөгдөж чирээд шон дээр ажиллаж байсан хүнийг цахилгааны шонгийн модны хамт татаж унагаасан юм. Би тухайн үед цахилгааны утас механизмын хутгуурт өлгөгдсөнийг анзаараагүй ...” гэсэн мэдүүлэг /хх  74 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.О*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч Г.Ү******* нь ... Шүүгдэгч надад ийм осол учруулж эрүүл мэндээрээ хүнд хохирч 80 хувь чадвар алдсан байхад нэг ч удаа ирж уулзаагүй, хохирол төлбөрт хуулийн болон сайн дурын үндсэн дээр ч сэтгэл тавьж хандаагүй, үл тоосон. Би өвчин намдаах эм, агаар салхинд энэ зун гарч биеэ тэнхрүүлэхдээ хэрэглэсэн замын зардал баримтуудаар 859,766 төгрөгийг шинээр гаргаж өгсөн бөгөөд Ц.О******* бодит байдал дээр өгөөгүй, өгөхөө илэрхийлж байгаа гэж байгаа боловч хэзээ өгөх нь тодорхойгүй тэрээр торгуулаад өнгөрч байна. Түүний хийсэн гэм бурууд тохирохгүй байна” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ц.О******* нь хохирогч Г.Ү*******ад нийт 1.052.850 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогчийн нэхэмжилсэн 859.766 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүх хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгчээс 859.755 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны ба шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь “... хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэнээс хойшхи хугацаанд шийтгэх тогтоолд дурьдсан төлбөл зохих хохирол 860.000 төгрөгийг төлсөн. Хохирол төлсөн талаарх баримтыг шүүх хуралдааны дараа гаргаж өгнө” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Г.Ү*******ыг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул хохирогчийн энэхүү эрх нээлттэй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ү*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ү*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.АРИУНЦЭЦЭГ     

   

                                       ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ