| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03563/И |
| Дугаар | 181/ШШ2024/04476 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/04476
| 2024 11 12 | 181/ШШ2024/04476 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р холбогдох
95,033,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
1. Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ХХК нь 2020 оны 12 сарын 16-ний өдрөөс 2023 оны 09 сарын 02-ний өдрийн хооронд АХХК-ийн Хан-Уул дүүргийн 16-р хороо Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны барилгад нийт 534,341,000 төгрөгийн төмөр материал болон полистрол хавтан нийлүүлж 439,308,000 төгрөгт 43 тоот 52.6 мкв, 2 тоот 51.7 мкв, 40 тоот 49.6 мкв, 14 тоот 103.7 мкв, А-2 тоот 39.61 мкв орон сууцуудыг авсан боловч үлдэгдэл 95,033,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Бид тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгаа гэв.
3. Хариуцагч АХХК-ний гүйцэтгэх захирал бичгээр гаргасан тайлбартаа:
Б.Бямбасүрэн миний бие АХХК-ийн Хан-Уул дүүргийн 25-р хороонд гүйцэтгэж байсан Цагаан хаалга цогцолбор хотхоны 2018 оны 07 сарын захиалагч бөгөөд орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн ч байр маань ашиглалтанд орохгүй иргэд бид санхүүгийн хувьд хохирч байгаа.
Миний бие бусад захиалагч иргэдтэй адил хохирсон эрх ашгаа хамгаалан тэмцэж 2023.06.27-ны өдөр Нисэх цагаан хаалга цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ байгуулан АХХК-ийн захирал Д.Зоригтбаатараас компанийн гүйцэтгэх захирлын Хамтын ажиллагааны санамж бичиг, Хамтран ажиллах гэрээ, Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ, АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх 4 бичиг баримтыг үйлдэн 2 талаасаа гарын үсэг зурж Цагаан хаалга цогцолбор хотхоны царцсан барилгыг үргэлжлүүлэн барьж цаашлаад орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ захиалагчид гардан авч дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар томилогдон хамтран барилгаа барьж байгаа болно.
Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээний 4.1-д А.Б талууд зөвхөн өөрийн зурсан гарын үсэгтэй гэрээ хэлцэлд хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу Х ХХК-ийн 95,033,000 төгрөгийг хүлээн авах боломжгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Х ХХК, Сайхан гүрэн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компианий дүрэм, тооцоо нийлсэн акт, зарлагын баримтууд
4. Хариуцагчаас нотлох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хамтын ажиллагааны санамж бичиг, Хамтран ажиллах гэрээ, Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ, АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч АХХК-д холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 95,033,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэн нь би 2023 оны 09 сарын 06-ний өдөр томилогдон ажиллаж байгаа, зөвхөн өөрийн зурсан гарын үсэгтэй гэрээ хэлцэлд хариуцлага хүлээнэ. Х ХХК-ийн 95,033,000 төгрөгийг хүлээн авах боломжгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч АХХК нарын хооронд 2020 оны 12 сараас 2023 оны 09 сарын хооронд төмөр материал болон полистрол хавтан нийлүүлэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 16-р хороо Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны барилгад нийт 534,341,000 төгрөгийн төмөр материал болон полистрол хавтан нийлүүлж 439,308,000 төгрөгт 43 тоот 52.6 мкв, 2 тоот 51.7 мкв, 40 тоот 49.6 мкв, 14 тоот 103.7 мкв, А-2 тоот 39.61 мкв орон сууцуудыг тооцон авч, үлдэх төлбөр 95,033,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
4. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж буй орон сууцны барилгад төмөр материал болон полистрол хавтан нийлүүлэхээр тохиролцсон нь худалдах худалдан авах агуулгатай байх тул худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэн дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.
5. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч АХХК нь 2021 оны 10 сараас 2022 оны 09 сарыг хүртэл хугацаанд төмөр материал болон полистрол хавтан нийлүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зарлагын баримтууд, авлага өглөгийн тооцоо, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
Мөн 2022 оны 03 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 13 хүртэл хугацаанд гарсан ажил гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлж үзэхэд АХХК нь Х ХХК-д 95,033,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлджээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан атал хариуцагч АХХК нь нэхэмжлэгчийн төлбөрийг буцаан төлөөгүй бөгөөд төмөр материал болон полистрол хавтан буцааж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ.
6. Иймд хариуцагч АХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 95,033,000 төгрөг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 633,115 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 633,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АХХК-иас 95,033,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 633,115 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АХХК-иас 633,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А