| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01152/И |
| Дугаар | 155/ШШ2024/01075 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/01075
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/01075 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл төлбөр 2,419,000 ( хоёр сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01152/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь Х аймгийн Х суманд хувийн шатахуун түгээх станц ажиллуулдаг хүн юм. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б нь намайг 2,700,000 төгрөг зээлээч оронд нь нэгсарын дараа Зил-130 маркийн машины мотор өгье гэхээр нь би зөвшөөрч бэр эгч П.М-ын данснаас 2,700,000 төгрөгийг Б.Бын өгсөн данс руу буюу түүний охин Б.А- ийн данс руу шилжүүлсэн. Гэтэл Б.Б нь харилцан тохирсон хугацаандаа надад мотор шилжүүлж өгөөгүй. Нэг удаа Б.Б-ын ажиллуулдаг шатахуун түгээх станцаас нь 100 литр бензиныг 1 литрийг нь 2,810 төгрөгөөр тооцон авч байсан юм. Түүнээс хойш Б.Б-ыг утсаа авахаа больсон. Утсаа авахгүй болохоор нь эхнэртэй нь холбогдоход ...яах гэж мөнгө өгсөн юм. Хохь чинь... гэж хэлээд таг болсон. Иймд Б.Боос зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,419,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б миний бие О.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгч О.Б-д 2,700,000 төгрөгийг үнэтэй ЗИЛ-131 машины мотор зарахаар тохиролцоод бөгөөд О.Б нь тус моторын өлтөгөө манай охины данс руу шилжүүлсэн юм. Тэгтэл миний хүнээс худалдаж авсан дизель мотор маань эвдрээд би өөрийнхөө моторыг машиндаа буцааж тавиад, О.Бд мотороо зарахгүй болсон юм. Тэгээд бэлнээр авсан мөнгөнөөсөө бензин, тос, масло өгөөд 2,419,000 төгрөг үлдсэн юм. Иймд би О.Б-ы надаас нэхэмжилж буй 2,419,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Б-оос зээлийн үлдэгдэл төлбөр 2,419,000 ( хоёр сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр 2,419,000 ( хоёр сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,654 ( тавин гурван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгөөс 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-оос 53,654 ( тавин гурван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар О.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-од холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 2,419,000 ( хоёр сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр 2,419,000 ( хоёр сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч О.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,654 ( тавин гурван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгөөс 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-оос 53,654 ( тавин гурван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 26,827 ( хорин зургаан мянга найман зуун хорин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА