| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0656/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц.Б холбогдох 1708017010192 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн О овогт Ц.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ногоон байрны 5-02 тоотод оршин суух иргэн Д.Бийн эрүүг хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ногоон байрны 5-02 тоотод оршин суух иргэн Д.Б-ийн эрүүг хутгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6х/
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15х/
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байхад гаднаас Ц.Б орж ирээд юм ярьж сууж байгаад бид 2 нэг шил архи уусан. ...Ц.Б бид гар барилдаад Ц.Б намайг дийлэхгүй байсан. Тэгтэл Ц.Б хутга бариад “чамайг хутгаар шаана” гэж яриад бид 2 зодолдсон. Нэг мэдсэн миний эрүүг зүсээд зугтаачихсан. Тухайн үед цус алдаад ухаан алдчихсан, нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулчихсан байсан. ...Миний эрүүг Б манай гэрт байдаг модон иштэй заазуураар зүссэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирол барагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 17-18, 19х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12373 дүгнэлтэд: “...Д.Бийн биед эрүүнд шарх, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 30х/
Шүүгдэгч Ц.Бий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр найз Бийн гэрт хамт архи уугаад юм ярьж, тоглож байтал Б намайг цохиод авахаар нь миний уур хүрээд би хэд цохиод гэрт байсан ширээн дээр байсан шаргал өнгийн модон бариултай жижиг заазуурыг аваад зүүн талын шанаа хэсэгт нь зүстэл эрүүнээс нь цус гоожоод байхаар нь орны даавуугаар ороосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн найз Д.Бийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №12373 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Ц.Бий хувийн байдлын талаар:
Гэрч Ц.Бямбажаргалын мэдүүлэг /хх-ийн 24х/
Гэрч С.Туулын мэдүүлэг /хх-ийн 26х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45х/
Тэрээр урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 59-66х/ зэргээр тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Б нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 17-19, 52х/
Шүүгдэгч Ц.Бий бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Бийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Б нь ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон, түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ