Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 115/ШШ2024/0011

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, шүүгч Б.Сийлэгмаа, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х. Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК (хх-ийн 7,8-р тал дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар),

Хариуцагч: Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хооронд тус сумын газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоосон шийдвэр буюу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайн газарт тооцогдох итгэлцүүрийн хэмжээг 0,5 хувь болгож өөрчлөн тогтоосон захиргааны хэм хэмжээний акт болох хариуцагч сумын Хурлын /цаашид сумын Хурал буюу Хурал гэх/ тогтоолд маргасныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /хх-ийн 195-р тал/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун /хх-ийн 204-р тал/ нар биечлэн, хариуцагчийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Ш цахимаар/, иргэдийн төлөөлөгчөөр Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 2018 оны 8/07 дугаар тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийг 0,1 хувь байхаар тогтоосон байсныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоолоор тус бүр 0,5 хувь болгож үндэслэлгүйгээр өөрчлөн тогтоосон нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлага, журмыг хангаагүй хууль бус гэж үзэж тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж гарган, маргаж байна.

    2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: "И" ХХК нь Дорноговь аймаг, М сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор ашиглах эрхийн гэрчилгээгээр нийт 7,190.4 га талбай бүхий 3 /нэгж талбарын 44..., 44... болон 44... тоот дугаартай/ газрыг ашигладаг, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн ажлын байрыг бий болгож, улсад татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж ирсэн бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10/09 тоот тогтоолын дагуу дээрх газруудыг ашигласны төлбөрийг доорх байдлаар төлдөг байсан /хүснэгтлэн харуулав/. 

Нэгж талбар

Талбайн хэмжээ /га/

Талбайн хэмжээ м2

Газрын суурь үнэлгээ

Итгэлцүүр

1 га газрын төлбөр

1 м2 газрын үнэ

Жилд ногдох төлбөр

Бүс

44...

502.26

5,022,600

16,000,000

0.1%

16,000

1.6

8,036,160

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

44...

1,680.48

16,804,8800

16,000,000

0.1%

16,000

1.6

26,887,680

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

44...

5,007.7

50,077,000

16,000,000

0.1%

16,000

1.6

80,123,200

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нийт талбай

7,190.4

71,904,400

 

 

Жилд ногдох төлбөрийн нийт хэмжээ

115,0477,040,

Нийт төлбөр нэмэгдсэн байдал

 

Гэтэл өмнө дурдсаны дагуу хариуцагч талын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 дугаартай "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор итгэлцүүрийн хэмжээг 0,5 хувь болгож өөрчилснөөр дээрх газруудад төлөх төлбөрийн хэмжээ нэг жилийн 115,047,040 байснаас 575,235,200 болж өөрчлөгдсөн. /хүснэгтлэн харуулав/ 

 

Нэгж талбар

Талбайн хэмжээ /га/

Талбайн хэмжээ м2

Газрын суурь үнэлгээ

Итгэлцүүр

1 га газрын төлбөр

1 м2 газрын үнэ

Жилд ногдох төлбөр

Бүс

44...

502.26

5,022,600

16,000,000

0.5%

80,000

8

40,180,800

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

44...

1,680.48

16,804,8800

16,000,000

0.5%

80,000

8

134,438,400

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

44...

5,007.7

50,077,000

16,000,000

0.5%

80,000

8

400,616,000

ХАА-аас бусад үйлдвэрлэл 1

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нийт талбай

7,190.4

71,904,400

 

 

Жилд ногдох төлбөрийн нийт хэмжээ

575,235,200

Нийт төлбөр нэмэгдсэн байдал

 

2019 оны 10/09 дүгээр тогтоол гарах өдрийн байдлаарх Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газар /Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу "уурхайн эдэлбэр газар" энэ ангилалд багтсан болно/-ын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаар /0.1-1.0 хувь/-т багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно." гэж заасан байсан юм. Үүний дагуу М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх итгэлцүүрийн тоон утгыг 0,5 хувиар тооцсон. 

Бидний хувьд итгэлцүүрийн тоон утгыг тогтоох эрх суманд байсан эсэхтэй огт маргахгүй, харин тус сум итгэлцүүрийн хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан бодитой буюу үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй байгаа юм. 

Учир нь Дорноговь аймгийн М сум нь Эдийн засаг, хөгжлийн яамны Орон нутгийн хөгжлийн индексийн мэдээллээс үзэхэд аймгийн төв болох Сайншанд хоттой ердийн хөрсөн замаар холбогдсон, төвийн эрчим хүчинд холбогдоогүй тул нар салхины эрчим хүчээр хангагдсан, сумын төвд цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугам хоолой байхгүй. Тус сумын төв нь хад ихтэй чулуун дэвсгэртэй учир хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулахад хүндрэлтэй. 2020 онд 91,018 мал тоологдсон 500 өрхийн хүн амтай инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй ердийн галлагаатай хувийн сууцтай зэрэг дэд бүтэц хөгжөөгүй. Улаанбаатар хотоос 555 км, аймгийн төвөөс 167 км-т байрладаг газрын нутгийн хэмжээ нь 1,266,061 га талбайтай инженерийн хангамж муутай, Монгол Улсад төвийн эрчим хүчинд холбогдоогүй хоёр сумын нэгэнд тооцогддог. 

Гэтэл байршлын хувьд хөрш зэргэлдээ ч инженерийн хангамж харьцангуй хөгжсөн дараах сумд итгэлцүүрийн хэмжээг 0.1 хувиар тооцож байсныг доорх байдлаар харуулав.

Сумын нэр

Аймаг, хотоос орших зай

Малын тоо

Инженерийн хангамж

Ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөл олгосон нийт талбай

1

Сайхандулаан сум

УБ-542 км

Сайншанд-91 км Газар нутаг 955,839 га

182,195 /2018/

Төвийн эрчим хүчний 15 кВт-д 2005 онд холбогдсон. Өмнөговь, Таван толгой, Оюу толгойг холбосон 120 км шороон зам сумын товоор дайран өнгөрдөг. Таван толгой- Сайншанд чиглэлийн 90 км төмөр зам дайран өнгөрдөг. 2

1 га газрын суурь үнэлгээ

Итгэлцүүр

Төлбөрийн хэмжээ

Сумын ИТХ-ын 2019/12/17-ны өдрийн 2/10 тогтоол

16,000,000

0,1%

16,00

2

Хөвсгөл сум

УБ-613 км

Сайншанд-163 км Газар нутаг 837,696 га

92,7739 /2012/

Зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд 2007 онд холбогдсон.3

 

Сумын ИТХ-ын 2019/02/14-ний өдрийн 09/03 тогтоол

16,000,000

0,1%

16,00

3

Хатанбулаг сум

УБ-682 км

Сайншанд-332 км Газар нутаг 1,866,937 га

228,500 /2018

Төвийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Сумын төвд төвлөрсөн уурын зуух, цэвэр бохир усны нэгдсэн байгууламж баригдаж байгаа.4

Сумын ИТХ-ын 2021/03/25-ны өдрийн 2/01 тогтоол

16,000,000

0,1%

16,00

                       

 

Мөн инженерийн хангамж өндөр хөгжсөн, төмөр зам, хатуу хучилттай авто замаар Дорноговь аймгийн төв Сайншанд хоттой холбогдсон сумууд газрын төлбөрийг итгэлцүүрийг дараах байдлаар буюу 0,1 хувиар итгэлцүүрийг тогтоож өгсөн байна. Үүнд: 

Сумын нэр

Аймаг, хотоос орших зай

Малын тоо

Инженерийн хангамж

Ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөл олгосон нийт талбай

1

Айраг сум

УБ-329 км

Сайншанд-126 км Газар нутаг 955,839 га

123,668 /2016

Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон, Сумаар ОХУ-БНХАУ-ыг холбосон олон улсын чанартай төмөр зам, хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 236 өрх, 14 аж ахуй нэгж холбогдсон. Инженерийн бүрэн хангамж бүхий 236 айлын орон сууцтай.5

1 га газрын суурь үнэлгээ

Итгэлцүүр

Төлбөрийн хэмжээ

Сумын ИТХ-ын 2019/12/12-ны өдрийн 04/11 тогтоол

16,000,000

0,1%

16,00

2

Иххэт сум

УБ-329 км

Сайншанд-126 км Газар нутаг 955,839 га

123,668 /2016

Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Цэвэрлэх байгууламж 1983 онд ашиглалтад орсон. Уурын 3 зуух, 1 дулааны станцтай. 1983 онд инженерийн бүрэн хангамжтай 2-3 давхар 200 айлын орон сууц ашиглалтад орсон.6

Сумын ИТХ-ын 2019/12/14-ны өдрийн 12/08 тогтоол

16,000,000

0,1%

16,00

3

Алтанширээ сум

УБ-329 км

Сайншанд-126 км Газар нутаг 955,839 га

123,668 /2016

 

Анх 1957 онд ДС-60 станц тавьснаар эх үүсвэр нь тавигдсан. 1999 онд 110/35 кв-ын өндөр хүчдэлийн шугамын нэгдсэн сүлжээнд холбогдсон. Шилэн кабельд холбогдсон, үүрэн холбооны бүх сүлжээ нэвтэрсэн.7

Сумын ИТХ-ын 2019/12/16-ны өдрийн 26 тогтоол

16,000,000

0,1%

16,00

 

Эдгээр хүснэгтчилсэн мэдээллээс үзэхэд байршлын хувьд зэргэлдээ буюу аймгийн төвтэй ойр бөгөөд зам, цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ илүү хөгжсөн нэр бүхий 6 сумд итгэлцүүрийн хэмжээг Ашигт малтмал олгогдсон нийт талбайн газарт тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 0,1 хувиар тооцож байхад М сум ганцаараа 0,5 хувьд тооцож байжээ. 

Энэ мэтээр зарим орон нутагт, итгэлцүүрийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоож, тухайн орон нутаг дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг боогдуулж байсан гажуу үйл явцыг төрийн эрх бүхий байгууллагууд хүлээн зөвшөөрч улмаар Хууль тогтоогчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "сум, дүүргийн" гэснийг " аймаг, нийслэлийн" гэж өөрчлөлт оруулж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум тус бүр биш, аймаг нь нэгдсэн байдлаар итгэлцүүрийн хэмжээг тогтоодог болсон.

 Ийнхүү Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06/18 дугаартай "М сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь Уурхайн талбай хэсгийн Нөөц газрын ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг 0,1 хувиар тогтоож өгсөн. 

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуультай нийцсэн байх шаардлага тавигддаг бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтална" гэж заасан. Ийнхүү М Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 тоот тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг тооцохдоо байршлын хувьд зэргэлдээ буюу аймгийн төвтэй ойр бөгөөд зам, цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ илүү хөгжсөн бусад сумдаас ч илүү өндрөөр тогтоож ирсэн нь бодит байдалд огт тохироогүй, үндэслэлгүй бөгөөд бизнес эрхлэгч бидний нэг жилийн газрын төлбөрт төлөх 115,047,040 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 575,235,200 буюу 3 жилийн нийлбэр хугацаанд 1,7 тэрбум төгрөгт хүргэж, бидний эрх зүйн байдлыг ноцтой дордуулаад байна. 

Түүнчлэн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 тоот тогтоолыг гаргах төслийг бэлтгэх явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д "Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ." гэсэн заалтыг огтхон ч биелээгүй. 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37.2, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.” гэж заасныг зөрчсөн буюу засаг дарга иргэдийн төлөөллийг хуралдуулалгүй, тус захиргааны хэм хэмжээний актыг дангаар шийдвэрлэн гаргасан. Өөрөөр хэлбэл итгэлцүүрийн хувь хэмжээг 0,1-ээс 0,5 хувь болгож нэмэх талаар биднээс санал аваагүй, мэдэгдээгүй, иргэдийн төлөөлөгчийг хуралдуулаагүй шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэрийг гаргана" гэж зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү, гэсэн бөгөөд,

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус сумын газрын үнэлгээний бүсчлэлд төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08/07 дугаартай тогтоолоор өмнө нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газрын  төлбөрийн итгэлцүүрийн хэмжээг 0.1 хувь байхаар тогтоосон байсныг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 дугаартай “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газрын итгэлцүүрийг 0,5 хувь буюу 5 дахин нэмэгдүүлсэн. Ингэж 5 дахин нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Захиргааны хэм хэмжээний актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд манай компани нь Дорноговь аймгийн М сумын нутагт хөдөө аж ахуйгаас бусад байршилд 44.. нэгж талбарын дугаартай 502,26 га газар, 44... нэгж талбарын дугаартай 1680,48 га газар, мөн 44... нэгж талбарын дугаартай 5007,7 га талбай бүхий газруудыг эзэмшдэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын үнэлгээний бүс дэх төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай 2018 оны 08/07 дугаар тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг 0,1 хувь гэж тогтоосны дагуу манай компаниас дээрх газруудын төлбөрт жилд 115,047,040 төгрөгийг төлдөг байсан бол энэ  10/09 дүгээр тогтоолд зааснаар газрын төлбөрийн итгэлцүүрийг 0,5 хувь гэж үндэслэлгүйгээр өөрчлөн тогтоосны улмаас нэг жилд 575,235,200 төгрөг буюу өмнө нь төлдөг байснаас даруй 5 дахин их төлбөрийг төлж, 3 жилийн хугацааны төлбөр 1,5 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ нь компанийн санхүүгийн байдалд нөлөөлж, санхүү, эрх зүйн чадамжийг дордуулж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжит нөхцөлийг бууруулаад байна. Хуулийн үндэслэлийн хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тогтооно гэж заасан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл тухайн бүсчлэлд төлбөр тогтоож байгаа газар нь байршлын хувьд төв суурин газраас ямар хэмжээний зайтай байна, зам харилцаа, дэд бүтэц нь хэр зэрэг хэмжээнд хөгжсөн байна гэх мэт байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр тус хуульд зохицуулагдсан байна.

Гэтэл Дорноговь аймгийн хэмжээнд тухайн 2020, 2021 онуудад М сумтай ойролцоо бусад сумуудад газрын төлбөрийн итгэлцүүрийг ихэвчлэн 0,1%-аар тогтоож өгсөн байдаг. Жишээлбэл: Сайхандулаан сум, Хөвсгөл сум, Хатанбулаг сум, Айраг сум, Иххэт сум, Алтанширээ сум гээд эдгээр сумууд нь ерөнхийдөө М сумыг бодвол зам харилцааны тал дээр зарим нь төмөр зам болон засмал замаар Улаанбаатар болон аймгийн төвтэйгөө холбогддог, мөн дэд бүтцийн хувьд төвийн эрчим хүчний шугам сүлжээнд холбогдсон байдгаараа хамаагүй давуу талтай. Гэтэл ийм сумдын газрын төлбөрийн итгэлцүүрийн хэмжээг бүгд 0,1 хувиар тогтоочихсон байхад М сумынх л тухайн үед дангаараа  0,5 хувиар тогтоогдсон.

           Энэ мэтээр сум орон нутгийн хэмжээнд газрын төлбөрийн итгэлцүүрийн хувь хэмжээг хуульд заасан бодит байдалд нийцүүлэхгүйгээр, үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар, хуулийн этгээд, байгууллагуудыг  хохироосон асуудал үүссэн. Энэ байдлыг Улсын Их Хурлын зүгээс итгэлцүүрийн хэмжээг ийм өндөр хэмжээтэй байж болохгүй гэдгийг анхааралдаа авч, улмаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулан газрын суурь үнэлгээ, итгэлцүүрийн төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог болгож өөрчилсөн.

            Ийнхүү Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06/18 дугаар тогтоолоор М сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, хувь хэмжээг тогтоож, уг тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт уурхайн талбайн хэсгийн нөөц газрын хяналтын газрын төлбөрийн итгэлцүүрийг буцааж 0,1 хувиар тогтоож өгсөн байдаг.

             Нөгөө талаар тухайн 10/09 тогтоол болох захиргааны хэм хэмжээний акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 61.6 дахь зүйлд заасны дагуу гарсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/147 дугаар тушаалаар батлагдсан нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын дагуу хийгдэх нөлөөллийн шинжилгээг огт хийгээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг гаргаснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тодорхойлж, энэ бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн хуулийн заалтын дагуу хийх хэлэлцүүлгийг ерөнхийдөө бас хийгээгүй. Ийм учраас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 дүгээр тогтоол нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар  зүйл, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаал хууль, тогтоомжийг тус тус зөрчиж гаргасан хэм хэмжээний акт байх тул тус тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

Нэмэлтээр хэлэхэд тухайн 10/09 дүгээр тогтоол гарсан он цагийн хувьд 2020, 2021 онуудад буюу Ковид цар тахлын үед гарсан нь захиргааны хэмжээний актыг гаргах үндэслэл бодит нөхцөл байдал байдалд  нийцээгүй гэдэг нь харагддаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэрвээ хэлэлцүүлгийг хуульд заасны дагуу мэдэгдсэн бол бид сум орон нутгийн удирдлагуудтай уулзаад арай бага 0,2 хувь гэх мэт байдлаар саналаа хэлж ярилцах байсан.

 Гэтэл хуульд заасан энэ арга хэмжээг бидэнд огт мэдэгдээгүй, огт хийгээгүй. М суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхай маань тухайн сум орон нутгаас багадаа 100-аас дээш тоологдох хэмжээний ажиллах хүч авч ажиллуулдаг. Орон нутгаас авч ажиллаж байгаа ажилчдын татвар, даатгал гээд олон асуудал байна. Дээрээс нь сум орон нутагт төвлөрүүлж байгаа газрын төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр, ус ашигласны төлбөр мөнгө гээд маш олон төрлийн татварын хураамжийг сум орон нутаг, улсын төсөвт төвлөрүүлдэг. Үүний хүрээнд Ковид цар тахлын үед  олборлолт явуулаагүй байх хугацаанд нь ингэж 5 дахин нэмэгдэж байгаа нь хуульд заасан бодит нөхцөл байдалд нийцээгүй нь харагддаг гэв.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ярьчихсан учраас давхардуулаад яах вэ гэж бодож байна. Талуудын маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт маань Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа, зорилгодоо нэгдсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж заасан.

М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/09 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт болохынхоо хувьд ерөнхийдөө хуулийн зарчим, агуулгын хувьд авч үзвэл 1 дүгээрт, тухайн захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах процесс маань хэм хэмжээний актын төслийг бэлтгэх төсөлд санал авах ийм үе шатуудаар хэрэгжиж, дараа нь хэм хэмжээний актыг батлах, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр тухайн захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болж хэрэгжих хуулийн  нарийвчилсан зохицуулалттай.

Гэтэл маргаан бүхий тухайн захиргааны хэм хэмжээний акт нь батлагдан гарах процесс үе шат болгон дээрээ хуулийн шаардлагуудыг хангаагүй, хууль тогтоомжийг зөрчсөн. 1 дүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 61.1-д зааснаар захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна гэдгийг хуульчилсан, мөн хуулийн 61.4-т захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу  хийнэ гээд заачихсан. Энэ аргачлалд нөлөөллийн шинжилгээг ямар аргачлалаар, ямар байдлаар хийх вэ гэдгийг бүр дэлгэрүүлээд тодорхой заачихсан байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс нөлөөллийн шинжилгээ хийх энэ процесс ажиллагааг огт хийлгүйгээр тухайн захиргааны хэм хэмжээний актыг гаргасан.

Дээрээс нь төслийг бэлтгэх болон төсөлд санал авах энэ ажиллагаануудыг тухайн захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх хэмжээ бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал мөн зохион байгуулаагүй, бэлтгэл ажлыг хангаагүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх зүйлд заасан бэлтгэл ажлын хүрээнд захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авах ёстой боловч санал авах арга хэмжээ хийгдээгүй, эрх ашиг хөндөгдөх бүлгийн хүрээнд мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй  асуудлууд байгаа.

2 дугаарт, захиргааны хэм хэмжээний актыг батлах болон захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх энэ үе шат нь мөн Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр тухайн асуудлыг ээлжит 10 дугаар хуралдаанаараа авч хэлэлцсэн. Хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар  газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг тухайн үеийн сумын Засаг дарга Оын санал оруулснаар хэлэлцсэн байдаг.

Гэтэл тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тухайн газрын төлбөрийн хувь хэмжээг хэлэлцэх асуудал нь өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаа. Мөн сумын Засаг дарга тухайн сум, дүүргийн төсвийг хэлэлцэн батлуулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал оруулах эрхтэй гээд тусгайлаад ялгамжтай байдлаар хуульчилсан байдаг. Гэхдээ Засаг дарга Хуралд санал оруулах эрхтэй байлаа гэхэд тухайн санал оруулж буй асуудлыг ямар шаардлагыг хангаж, хэрхэн хэлэлцүүлэхээр оруулах вэ  гэдгийг мөн хуулиар зохицуулж өгсөн.

Тодруулбал, дээр дурдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Засаг дарга хуралд асуудал хэлэлцүүлэхээр оруулахдаа тухайн саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа гаргах, мөн гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгч нарт мэдэгдэж тарааж өгсөн байх, хэрвээ энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх хуулийн заалт зөрчигдсөн.

Өөрөөр хэлбэл Засаг дарга тухайн сумын газрын төлбөрийн хувь хэмжээ, түүнд харгалзах итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай саналтайгаа холбогдуулаад ямар тооцоо судалгаанд үндэслээд, ямар нийгэм, эдийн засгийн шаардлагын хүрээнд газрын төлбөрийн хувь хэмжээг ийм хувь хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ судалж гаргасан талаар тооцоо, судалгаа хийгдсэн зүйл байхгүйгээс гадна тухайн өдрийн Хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нарт болон Хурлын даргад тус хэлэлцэх асуудлынхаа талаар урьдчилж танилцуулга бэлтгэж хүргүүлсэн зүйл байхгүй байхад Хурал хуралдаж тогтоолыг гаргасан байдаг. Тиймээс энд Захиргааны ерөнхий хуулиас гадна Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалт, дээрээс нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчиж гарсан хэм хэмжээний акт болно.

Эцсийн мөчид захиргааны хэм хэмжээний акт нь Хууль зүйн яаманд хүргэгдээд захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгддэг процесс нь хүртэл алдаатай явагдсан. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яам руу тухайн захиргааны хэм хэмжээний актыг батлуулахаар холбогдох хавсаргасан материалуудыг хүргүүлэхдээ уг тогтоолын хавсралтад хамааралгүй өөр дугаартай тогтоолын хавсралтыг хавсаргаад явуулсан байсан. Иймээс хэм хэмжээний актыг батлан гаргах холбогдох хууль тогтоомжид заасан үе шат болгоныг зөрчсөн асуудал байгаа учраас  маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох 10/09 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

“И” компанийн ашиглалтад байгаа гурван газраас хамгийн бага буюу 502 га газар дээр одоо ашиглалт явуулж байгаа. Газрын хэмжээний хувьд 7 мянга шахуу га талбай огт ашиглалт явуулаагүй. Байгалийн байдлаараа байгаа газрууд байгаа. Нөөц газар гэдэг ангилалд орчихсон. Энд ямар нэгэн байгаль экологид сөргөөр нөлөөлөөд олборлолт явуулаад байгаа зүйл байхгүй. Одоо ч гэсэн 502 га дээр л ашиглалт явуулж байгаа болохоос биш 7 мянга орчим га талбай дээр огт ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа явагдаагүй байгаа байгалийн унаган төрхөөрөө байгаа газар. Тиймээс мөн байгалийн унаган төрхөөрөө, ашиглаагүй байгаа газар дээр газар ашиглах төлбөрийг үндэслэлгүйгээр тогтоосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлж байна.

Иймд Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10/09 дүгээр тогтоол нь дээр дурдсанчлан Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан үндэслэл, шаардлагуудыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлүүдэд заасан захиргааны хэм хэмжээний актыг гаргах журмын дагуу гараагүй, мөн тухайн үеийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зэргээр хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт, захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж заасны дагуу тухайн маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

3. Хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан сумын ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар 2018 оны 8/07 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан Газрын үнэлгээний зэрэглэл, газар ашиглалтын зориулалтын 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг өөрчлөн 10/09 дүгээр тогтоолоор баталсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан 10/09 дүгээр тогтоол нь хууль, журмын хүрээнд батлан гаргасан эрх зүйн акт учир “И” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байна, гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд,

3.1. Хариуцагч тус Хурлын даргаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө нэхэмжлэгч талын нэхэмжлэл, гаргаж байгаа тайлбарыг сонслоо. Би өмнө нь шүүхэд өгсөн тайлбартаа дурдсан байгаа. “И” компанийн нэхэмжлэлийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хурлын тогтоолыг гарах үед миний бие тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр болон Хурлын даргаар ажиллаж байгаагүй. Иймээс тухайн үед тус  Хурал дээр  ямар үйл ажиллагаа, процесс болсныг мэдэхгүй тул 10/09 дүгээр тогтоолыг зөв, буруу гарсан эсэх талаар дүгнэлт хийхгүй. Миний бие энэ албан тушаалын үүргийг аваад хариуцаж байгаагийн хувьд шүүх хуралдаанд оролцож байна. Тийм учраас энэ асуудлыг шүүх л үнэн зөвөөр шийдэж нэг талд нь гаргаж өгөөч гэж хүсэж байна.

Тухайн үед шийдвэр гарч байх явцад төлөөлөгч байгаагүй, хурлын даргын албан тушаалд байгаагүй гэдгээ дахин хэлье. Харин “И” компани үйл ажиллагаагаа явуулсан цагаасаа хойш газрын төлбөрөө өгөөгүй, татвар төлөлтөөр маргаантай явдаг компани юм,  нөгөө талаар 2019 оны тогтоол хүчин төгөлдөр болоод 3-4 жил болж байх хугацаанд түүнийг буруу гэж үзэж байсан юм бол тухайн үед нь  энэ асуудлаа яагаад шийдүүлж болоогүй юм бэ? гэдгийг хэлмээр байна. Харин тогтоолын буруу, зөв гэдэг дээр санал хэлэхгүй гэв.

            4. Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн иргэн Н.М би тус өдөр иргэдийн төлөөлөгчөөр хуралд оролцсон бөгөөд “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна, гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч нараас шүүх хуралдааны явцад гаргаж буй тайлбарууд, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргийг шинжлэн судалж, үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагч талуудаас шүүхэд тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлүүдийг дараахь агуулгаар тодорхойлбол:

2.1. Нэхэмжлэгч тал: Маргаж буй захиргааны хэм хэмжээний акт болох Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол гарах үеийн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан байсны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал итгэлцүүрийн тоон утгыг 0,5 хувиар тооцсон юм. Гэвч нэхэмжлэгчийн хувьд итгэлцүүрийн тоон утгыг тогтоох эрх нь тус сумын Хуралд байсан эсэх асуудалтай маргахгүй.

Харин итгэлцүүрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасан “инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан” үзээгүй учраас уг тогтоол нь үндэслэл бүхий болоогүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчим болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “ Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага зэрэгт нийцэхгүй байхын хамт,

Тухайн тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх нөлөөллийн шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу хийгээгүй, түүнчлэн мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар тус хэм хэмжээний актын төслийг өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж олон нийтээс санал авах болон хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх зэрэг үйл ажиллагаануудыг огт хэрэгжүүлэлгүй тус хуулийг зөрчсөнөөс гадна,

Анх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлдээ хариуцагч сумын Хурал нь тус тогтоолыг  гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтуудыг зөрчсөн гэдгийг нэг үндэслэл болгож байсан боловч уг заалтууд нь тухайн үед хүчин төгөлдөр болоогүй үеийн хуулийн заалт тул хамаарахгүй юм, харин тогтоол гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ дахь “Хуралд асуудал оруулах эрх”-ийг зохицуулсан 24 дүгээр зүйлийн 24.1-д “ ..., тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг  хариуцагч нь мөн зөрчиж гаргасан хууль бус болохын хувьд түүнийг хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлтэй гэсэн агуулгаар,

            2.2. Хариуцагч тал: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар баталсан “М сумын газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын төлбөрийн хувь хэмжээ”-г өөрчлөн тогтоосон 10/09 дүгээр тогтоол нь холбогдох хууль, журмын хүрээнд батлагдан  гарсан эрх зүйн хэм хэмжээний акт учир “И” ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

3.1 Нэхэмжлэгч “И” ХХК нь эрх бүхий этгээдээс олгогдсон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийн М сумын Засаг даргын 2018 оны “Газар ашиглуулах тухай” А/31 дүгээр захирамж болон газар ашиглах эрхийн 2018 оны  ...04, ...05, ...06 тоот гэрчилгээнүүдийг үндэслэн тус сумын нутаг дэвсгэр дэх “Т” буюу “Х” гэх газарт 44... нэгж талбарын дугаар бүхий 1680.4 га, “Т” буюу “У” гэх газарт 44... нэгж талбарын дугаар бүхий 5007,7 га, “М” гэх газарт 44... нэгж талбарын дугаар бүхий 502,2 га хэмжээтэй газруудыг ашигт малтмал ашиглах буюу нүүрс олборлох зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаад /хх-ийн 85,86,103-105,121-123,194-р тал/,

М сумын Засаг даргын 2022 оны “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/128 дугаар захирамжаар дээрх 3 газраас “Т” буюу “Х” гэх газарт байх 44.. нэгж талбарын дугаартай 1680.4 га, “Т” буюу “У” гэх газарт байх 44... нэгж талбарын дугаартай 5007,7 га хэмжээ бүхий газруудын газар эзэмшиж, ашиглах эрхийн ...04, ...05 тоот гэрчилгээнүүд хүчингүй болж, харин  “М” гэх газарт байх 44... нэгж талбарын дугаар бүхий 502,2 га хэмжээтэй, ...06 дугаартай гэрчилгээ бүхий газрын эзэмших, ашиглах эрх нь хэвээр /хх-ийн 91,92,157,161,190-194-р тал/ байна.

3.2 Дээрх байдлаар нэхэмжлэгчийг тухайн газруудыг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол бүхий захиргааны хэм хэмжээний актаар өмнө нь мөрдөж байсан тус Хурлын 2018 оны “Сумын газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох  тухай” 8/07 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасан зарим төрөл, ангилал бүхий газар болох уурхайн, мөн ойн болон усан сан бүхий газруудын газрын төлбөрийн хувь хэмжээнд мөрдөх итгэлцүүрийг өөрчлөн тогтоосон ба, тухайн хэм хэмжээний акт болох 10/09 дүгээр тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэхдээ өмнө нь тус нэгдсэн бүртгэлийн “4130” дугаарт бүртгэлтэй байсан тус сумын Хурлын 2018 оны 8/07 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулснаар бүртгэн авсан байжээ /хх-ийн 36-51,188-р тал/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үеийн 10/09 дүгээр тогтоолд “...10/10 тоот тогтоолын хавсралт” гэх /хх-ийн 52-р тал/, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хариу тайлбартаа нотлох баримтаар ирүүлсэн 10/09 дүгээр тогтоолд “...10/09 тоот тогтоолын хавсралт” /хх-ийн 59-р тал/ гэх  баримтууд /хавсралтууд/ авагдсан байгаа ба гэтэл тэдгээрт уг тогтоолын дугаарууд 10/10, 10/09 гэж өөр өөрөөр бичигдсэн, мөн хавсралтын бичилтийн хэлбэрүүд зөрүүтэй зэрэг байдлууд байгаа боловч тэдгээрт заасан газрын төрөл, ангилал /уурхайн, мөн ойн болон усан сан бүхий газрууд/, мөн тухайн газруудад тогтоосон газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийн хувь, хэмжээ  зэрэг нь хоорондоо тохирч байгааг дурьдах нь зүйтэй.

3.3  Нэхэмжлэгчийн маргаж буй хариуцагч сумын Хурлын батлан гаргасан 2019 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” дээрх 10/09 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэр дэх зарим ангиллын газар, тухайлбал нэхэмжлэгч “И” ХХК-ийн эзэмшил, ашиглал бүхий газрууд хамаарч буй “уурхайн газар”-т тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээнд мөрдөх итгэлцүүрийн хэмжээг 0,5 хувь болгож ихэсгэн тогтоосноор нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй тооцоолол /хх-ийн 2-р тал/-оор уг тогтоолыг гарахаас өмнө нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэг жилийн хугацаанд нийт төлдөг байсан  115,047,040 төгрөгийн газрын төлбөр нь 2020, 2021 онуудад нэг жилийн хугацаанд 575,235,200 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд, үүнийг нэхэмжлэгчийн зүгээс итгэлцүүрийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлэхдээ бодит байдалд нийцүүлж, үндэслэл бүхий тогтоогоогүй гэж үзсэн нь маргааныг үүсгэх үндэслэл болжээ.

3.4 Нэхэмжлэгчээс дээрх байдлаар маргаж буй захиргааны хэм хэмжээний акт буюу сумын Хурлын 10/09 дүгээр тогтоол гарснаас хойш хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын хуулиар Газрын тухай хуульд өөрчлөлт орж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 3-т  “...Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заажээ. Энэ дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл, мөн шүүхээс тодруулснаар хариуцагчаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/22 тоот албан бичиг /хх-ийн 4, 112-р тал/ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гаргаж буй тайлбар зэрэгт тус тус дурдагдаж байгаагаар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “М сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай” 06/18 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж буй газарт хамаарах газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийн хэмжээг 0,1 хувиар тогтоож, дээрх тогтоол  одоо мөрдөгдөж байгаа бөгөөд,

 3.5 Харин хариуцагч М сумын Хурлаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  “Хариу өгөх тухай” 1/2336 тоот албан бичигт:

“... “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/09 дүгээр тогтоолоор “Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” мөн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/07 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, бүртгэж байсан байна. Улмаар дээр дурдсан үндсэн тогтоол болох тус сумын Хурлын 2018 оны 8/07 дугаар тогтоолыг “Тогтоол хүчингүй болгох тухай” мөн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгосныг үндэслэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4130 дугаарт бүртгэлтэй энэхүү тогтоолыг бүртгэлээс хассан болно...” гэж байгаагаар тус маргааны зүйл болох хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол болох захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон /хх-ийн 169-172,188-р тал/ гэж үзэхээр  байна.

4. Маргааны зүйл болж буй хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус сумын нутаг дэвсгэр дэх зарим ангиллын газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийн хэмжээг  0,5 хувь болгож өөрчлөн тогтоосон захиргааны хэм хэмжээний акт буюу сумын Хурлын 2019 оны 10/09 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл, түүнийг батлан гаргасан захиргааны үйл ажиллагаа нь холбогдох хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус эсэх, мөн түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэх тухайд;

4.1 Нэхэмжлэгч, хариуцагч талуудын маргаж буй дээрх 10/09 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зүйлд заасны дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас гаргасан, нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжүүдийг агуулсан захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд түүнийг батлан гаргах үйл ажиллагаанд  захиргааны байгууллагаас мөрдөх журмыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид  дараахь байдлаар нарийвчлан тодорхойлж зохицуулжээ. Үүнд:

Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх” үйл ажиллагааг зохицуулсан 61 дүгээр зүйлийн 61.1-д “ Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.4-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ:”, 61.5-д “Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно” гэж,

Мөн хууль дахь “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах” ажиллагааг зохицуулсан 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж,

Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасны дагуу гарсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын /цаашид аргачлал гэх/ нэгдүгээр зүйлийн 1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт ... -ын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийхэд энэхүү аргачлал ... -ыг баримтална”, 1.3-т “Нөлөөллийн шинжилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа байна”, 1.5-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн зөвийг хариуцна”, 2.4-т “Нөлөөллийн шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж тус тус заасан дээрх зохицуулалтуудаас үзэхэд,

4.2 Тухайн захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх бүхий захиргааны байгууллага нь тус үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа дээр дурдсан хууль болон аргачлалд зааснаар юуны түрүүнд төсөл бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг эхэлж хийх, үүний үндсэн дээр тухайн  хэм хэмжээний актыг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар нийтэд мэдээлж санал авах, улмаар нийтийн санаа бодлыг тусгах болон уг үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах үүднээс нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг заавал хийх зэрэг  үйл ажиллагааг зайлшгүй хийж, хэрэгжүүлэхээр байна.

4.3 Энэ хүрээнд хариуцагч сумын Хурал нь газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийн хэмжээг өөрчлөн тогтоох шийдвэрийг гаргах явцад эхлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох тухайн захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх буюу  “нөлөөллийн шинжилгээ” -г хийх шатанд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын нэгдүгээр зүйлийн 1.3 дахь зүйлүүдэд тус тус заасан “... эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа ...”-г хэрэгжүүлэхдээ, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан Газрын тухай хууль  /2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын хуулиар өөрчлөлт орохоос өмнөх үеийн/-ийн  6 дугаар зүйлийн 3-т  “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан ...” тооцохоор заасантай уялдуулан, уг шаардлагад  холбогдох тооцоо, судалгааг мөн  давхар судалж тогтоосны үндсэн дээр дараагийн үе шатууд болох санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагаануудыг заавал хийж хэрэгжүүлснээр тухайн шийдвэрийг гаргахаар байна.

4.4  Тухайн үед хариуцагч сумын Хурал нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол болон түүнд “М сумын газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох захиргааны хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээний танилцуулга”, “М сумын газрын төлбөрийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл гэх баримтуудыг хавсарган бүртгэх эрх бүхий этгээдэд хүргүүлснээр тус тогтоол нь  захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон  боловч /хх-ийн 36, 51-56-р тал/,

Уг тогтоолд хавсарган хүргэгдсэн “нөлөөллийн шинжилгээний танилцуулга”, “сонсох ажиллагааны тэмдэглэл” гэх баримтууд нь Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас батлан гаргасан аргачлал зэрэгт заасан журмын дагуу гараагүй буюу зөвхөн тухайн тогтоолыг хэм хэмжээний актад бүртгүүлэх зорилгоор хэлбэрийн төдий үйлдэж гаргасан баримтууд болох нь энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох, тухайн үед тус 10/09 дүгээр тогтоолыг батлан гаргах үйл ажиллагаанд оролцож байсан гэрч Н.О /сумын Засаг даргаар ажиллаж байсан/, гэрч Н.Ц /сумын Хурлын нарийн бичгийн дарга/, гэрч Б.Д /сумын газрын даамлаар ажиллаж байсан/ нараас “нөлөөллийн шинжилгээ хийх болон санал авах, хэлэлцүүлэг хийх ажиллагааг хуульд заасны дагуу хийж, хэрэгжүүлж байгаагүй талаар шүүхэд гаргасан /хх-ийн 107-109, 117-119, 127-130-р тал/ мэдүүлгүүд,

Тухайн үед тогтоолын төслийг буюу газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийн хэмжээг өөрчлөн тогтоох асуудлыг сумын Засаг даргын зүгээс тус Хуралд хэрхэн оруулж, хэлэлцүүлж байсан талаар тэмдэглэгдсэн сумын Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдааны тэмдэглэл /хх-ийн 64-69-р тал/,

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн М сумын Засаг даргын Тамгын газрын цахим хаяг болон тус Тамгын газрын баримт бичигт тус тус явуулсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 110,111, 124,125-т тал/ зэргээр нотлогдож байгаагаар,

4.5 Хариуцагч сумын Хурал нь тухайн шийдвэр /10/09 дүгээр тогтоол/-ийг гаргахад баримтлах гол үндэслэл болох нөлөөллийн шинжилгээ буюу холбогдох тооцоо, судалгааг хийж гаргаагүй, энэ талаар олон нийтээс болон нэхэмжлэгчээс санал аваагүй, тэдгээрийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулаагүй зэрэг байдлууд нь тогтоогдож байна.

4.6 Энэ нь хариуцагчийг дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан журам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас батлан гаргасан аргачлал зэргийг  захиргааны тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд мөрдөж ажиллаагүйгээр тус хууль, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохын  хамт,

4.7  Мөн хариуцагч сумын Хурал нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “..., тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж зааснаар тухайн үед сумын Засаг даргын зүгээс санаачлан оруулж ирсэн тус асуудлыг хэлэлцэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахад баримтлах журмыг мөн зөрчсөн зэрэг байдлуудаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 -д “хуульд үндэслэх”, 4.2.5-д  “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”-аар заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага зэрэгт нийцэхгүй байгаа нь хариуцагч сумын Хурлын 10/09 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

4.8 Нөгөө талаар Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх” асуудлыг зохицуулсан 65 дугаар зүйлд заасан агуулгаас үзэхэд хариуцагч сумын Хурлын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг  хангасан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд хүргүүлж, бүртгүүлэхээр байтал тухайн үед хуулийн уг шаардлагуудыг хангаагүй буюу захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах үйл ажиллагааны журмыг зөрчиж гаргасан 10/09 дүгээр тогтоолыг бүртгүүлэхээр хүргүүлж, улмаар улсын нэгд бүртгэлд бүртгүүлсэн явдал нь хариуцагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх зүйлд зааснаар “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлсэн” байна  гэж үзэхээр байна.

            5. Энэ дагуу хариуцагч сумын Хурлын тус 10/09 дүгээр тогтоолоор газрын төлбөрт мөрдөх итгэлцүүрийг 0,5 хувь болгож өөрчлөн  тогтоосон хэмжээ нь дээрх байдлаар мөн хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй нь тогтоогдож байх ба, түүнчлэн  холбогдох хууль, журмыг зөрчиж гарсан дээрх тогтоол бүхий захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж гарсан газрын төлбөр төлүүлэх тухай шийдвэрүүдээр, нэхэмжлэгч “И” ХХК-ийн 2020, 2021 онуудад төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн хэмжээ 0,5 хувиар тооцогдож шийдвэрлэгдсэн нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн “И ХХК-ийн газрын төлбөр төлөлтийн судалгаа” /хх-ийн 158-р тал/ болон нэхэмжлэгч талаас энэ талаар шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээр тогтоогдож байхын хамт энэ нь нэхэмжлэгчид эдийн засаг, санхүүгийн хувьд хохирол учруулахуйц эрх зүйн нөлөөлөл бүхий үр дагаврыг үзүүлсээр байгаа нь газрын төлбөр төлүүлэх шийдвэрийн үндэслэл болж буй дээрх 10/09 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч  “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл болж  байна.

            6.  Тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт гаргасан нь агуулгын хувьд хариуцагч сумын Хурлын “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол бүхий захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг  хууль бус гэж үзэхгүй байгаагаар түүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж байх ба гэтэл тухайн хэм хэмжээний акт нь холбогдох хууль журмыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул иргэдийн төлөөлөгчөөс гаргаж буй дүгнэлт үндэслэлгүй байна.

            7. Иймд дээр тогтоогдож буй үндэслэлүүдээр хариуцагч Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын батлан гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоол нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж тус 10/09 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 61, 62 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 /тус хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнөх үеийн/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн М сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10/09 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүнийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ЦЭНД

 

                                               ШҮҮГЧ                                Б.СИЙЛЭГМАА

 

                                              ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА