Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 115/ШШ2024/0013

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос ирүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0004063 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.Нд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт /гомдол/-ээр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор дүгнэлтдээ: “...Материалд авагдсан холбогдогч Т.Нийн мэдүүлгээр 2023 оны 02 дугаар сард иргэдийн нийтийн хурлын тамгыг алга болгосон байна. Зөрчлийг шалгаад тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ч 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0004063 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Т.Нд Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь иргэнд шийтгэл оногдуулахаар заагаагүй байхад иргэн Т.Нд шийтгэл оногдуулж хууль зөрчсөн байна.

Мөн Т.Нийн албан хэрэгцээний тамга алга болгосон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн үйлдэл биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйл буюу “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамруулан шалгах нь зүйтэй юм.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Чээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0004063 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Нд Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар прокурорын дүгнэлтэд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ч би Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан мэдээллийн дагуу Мандах сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Н албан хэрэгцээний тамга алга болгосон тул Хурлын баримт бичгээ баталгаажуулах боломжгүй байгаа гэх зөрчлийг шалган шийдвэрлэсэн.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Н нь зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг багийн иргэдээс сонгогдсон дарга төлөөлж байгаа гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0004063 дугаартай шийтгэлийн хуудсаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Нд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийн холбогдогч иргэн Т.Нд шийтгэл оногдуулсан 0004063 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт /гомдол/-ээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын дүгнэлт /гомдол/-д 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт,

Уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн Т.Нийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0004063 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.Нд Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг уг дүгнэлт дэх “...Т.Нийн албан хэрэгцээний тамга алга болгосон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн үйлдэл биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйл буюу “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамруулан шалгах нь зүйтэй юм ...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр прокурорын дүгнэлт бүхий гомдол (нэхэмжлэл)-ын шаардлага бүрэн хангагдаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0004063 дугаартай шийтгэлийн хуудас нь хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа бөгөөд,

Иймд зөрчлийн холбогдогч иргэн Т.Нээс торгуулийн шийтгэлд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сан банк дахь 100900012008 тоот дансанд төлсөн 100000 (нэг зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж, иргэн Т.Нд олгох нь зүйтэй байх ба, хэрэв торгуулийн төлбөрийг буцаан олгохгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2–т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар торгуулийн шийтгэлд төлсөн мөнгийг гаргуулан авах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын дүгнэлт бүхий гомдлын зөрчлийн холбогдогч иргэн Т.Нийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0004063 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч /Ч/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ба, иргэн Т.Н нь торгуулийн шийтгэлд төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус дурдсугай.

 

 

                                            ШҮҮГЧ                                          Б.ЦЭНД