| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0007/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Базаррагчаагийн Өт холбогдох 1708022880290 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, ажилгүй, дүүргийн дугаар хорооны тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б овогт Б.Ө /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Ногоончулуутын 8-20 тоотод оршин суух иргэн Б.Солонгын гэрт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч А.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Б.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Ногоончулуутын 8-20 тоотод оршин суух иргэн Б.Солонгын гэрт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Өтэй 2010 онд анх танилцаж үерхэж байгаад 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. ...2017 оны 10 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Ногоончулуутын 8-20 тоотод байдаг найз Солонгын гэрт нь нөхөр Өийн хамт орой 22 цагийн орчим очсон. Уг нь манай нөхөр Ө намайг найзынд маань хүргэж өгчихөөд буцаад явна гэж байсан боловч явахаа болиод үлдсэн. Би найз Солонгоотой удаан уулзалдаагүй болохоор юм ярьж суунгаа нэг хүний 5-6 лааз пиво уусан. Харин нөхөр маань Солонгоогийн нөхөр Бука гэх залуутай нийлээд 0,5 литрийн байх 1 шил архи хувааж уусан. Бид хоорондоо юм яриад шөнийн 03 цаг бараг хүргэсэн бөгөөд бид нар гадагшаа гарчихаад буцаад Солонгоогийн гэрт нь ороод байж байхад би Өийг эхлээд “согтуу машин барихгүй” гэсэн. Мөн Өийн эцэг эх нь манай хүүхдийг өөр дээрээ байлгана гээд байсан тул тэр тухай мөн ярих гэхэд Ө намайг “дуугүй бай” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. Тэгээд л миний хамраас цус гарсан. Тэгэхэд Ө миний хамраас гарсан цусыг арчаад “уучлаарай” гээд байсан ба Солонгоогийн нөхөр нь Өийг аваад гарсан. Тэгээд л би гэр рүүгээ явсан. ...Бид хоорондоо эвлэрсэн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 6-7, 8х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13621 дүгнэлтэд: “...А.Нийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 21х/
Гэрч Б.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...Ө “дуугүй бай” гэж хэлээд эхлээд алганыхаа ар хэсгээр 2 удаа Нийн нүүр лүү цохьсон. Үүний дараа гараа атгаж байгаад дахин 1 удаа Нийн нүүр лүү цохьсон. Тэгсэн чинь Нийн хамарнаас цус их гарсан бөгөөд бид нар түүний цусыг цэвэрлээд Булгантамир Нийг гэрт нь хүргэж өгөөд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/
Шүүгдэгч Б.Өийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн эхнэр Нтэй Солонгос улсад байхдаа буюу 2010 онд танилцаж 2011 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр 2011 онд дундаасаа 1 хүүхэдтэй болсон бөгөөд би хүүгээ аваад Монголдоо тухайн жилдээ ирж байсан. Харин манай эхнэр Н сургуульд сурч байсан тул Солонгос улс үлдсэн. Тэрнээс хойш Н амралтаараа ирэн очин байдаг байж байгаад 2017 оны 10 сарын 21-ний өдөр сургуулиа төгсөөд ирсэн. 2017 оны 10 сарын 26-ны өдөр байх Н найз Солонгоотой уулзахаар болоод би түүнтэй хамт Солонгоогийнд орой 21 цагийн орчим очсон. Тухайн үед Солонгоогийнд Солонго, түүний нөхөр Бука гэх залуу болон бага насны хүүхдүүд нь байсан бөгөөд Солонго, Н хоёр нийлээд 10 лааз пиво хувааж уусан. Харин Бука бид хоёр 0,75 литрийн 1 шил архи хувааж ууцгаасан. Ингээд бид гадаа гарчихаад би машинаа хөдөлгөөд буцаагаад тавьчихаад Солонгоогийнд ороод байж байхад Н над руу согтуу машинаа барьлаа гээд загнаад миний нүдний шилийг аваад шидчихээр нь би тонгойгоод нүдний шилээ авах гэхэд Н миний толгой, нуруу руу 1-2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би босохдоо гараараа Нийн нүүр лүү саваад цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Ө нь өөрийн эхнэр А.Нийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13621 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх шинжлэх судлагдсан хохирогч, гэрч нарын “хохирогч А.Нд учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Өийн үйлдлээс үүссэн” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр авагдсан, хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай ба гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэн маргалдсанаас нэгэндээ гэмтэл учруулах хэмжээнд хүргэсэн, шүүгдэгч Б.Өийн үйлдлээс хохирогч А.Нийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Өийг Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Өийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Б.Өийн хувийн байдлын талаар:
Гэрч П.Чойсүрэндорж, З.Базаррагчаа нарын мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 36х/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч А.Н нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 8, 48х/
Шүүгдэгч Б.Өийн бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Нийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Өийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа барилгын ажил эрхэлж, орлого олдог тухайгаа мэдүүлсэнээс /шүүх хуралдааны тэмдэглэл/ гадна “Хаан банк” ХХК-ийн данс эзэмшигчийн хуулгаар давхар нотлогдох тул түүнд 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Өийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Өийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ