| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0008/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч У.Солонго,
шинжээч Б.Ариунзул,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Цогтбаярын Мд холбогдох 1708000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Ц М /РД:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өшөнө 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн гудамжинд иргэн Б.ыг зодож, хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ц.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Ц.М нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн гудамжинд иргэн Б.ыг зодож, хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Мын төрсөн өдөр болоод ...00:00 цагийн орчим М руу залгатал 1 дүгээр хороололд найзуудаараа цугларч байна гэхээр нь би 1 дүгээр хорооллын 19 дүгээр байран дээр ирж уулзаад бөөнөөрөө 4 дүгээр хорооллын нэг бааранд орж сууцгаан архи ууцгаасан. ...Ингээд Мын гэрийн гадаа ирээд машин дотор юм яриад буу халж суутал нэг мэдсэн М урд талын жолоочийн хажуу талын сандалнаас босоод хаалгаа онгойлгож гарч ирээд миний сууж байсан баруун талын хойд хаалгыг гаднаас онгойлгохоор нь би даваад зүүн талын хаалга руу дөхөөд суутал Мөнх-Одыг шалтгаангүй гараараа цохих шиг болсон. Ингэснээ гэнэт баруун талын хаалга орчмоос машинд орж ирээд над руу дайраад миний цамцны захаар хоолой бооход би түр ухаан алдсан. Нэг сэргэтэл машины зүүн талын хойд хаалга онгойсон байдалтай миний толгой, нуруу газарт шороон дээр, хөл маань машин дотор байсан. Миний дээр М суусан байдалтай миний нүүр, нүд, хамар луу гараараа цохиод байсан. Ингэхээр нь би машинаас арай хийн буутал М “хоёулаа зодолдъё, би чамайг ална” гээд байсан. Ингэхэд хажуунаас 2 найз Мөнх-Од, Энхбат 2 больцгоо гээд салгатал М гэр лүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 30-31, 33х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12677 дүгнэлтэд: “...ын биед зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 42х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт №1124 дүгнэлтэд: “...ын биед зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт, зүүн нүдний хараа бууралт тогтоогдлоо. Гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. ын зүүн нүдний гэмтэл шинэ байна. Дээрх гэмтэл нь 2017 оны 09 дүгээр сарын 28-29-нд үүссэн байх боломжтой. ын биед учирсан гэмтэлд эмч нар эмнэлгийн тусламжийг үзүүлээгүйн улмаас хүндрэл үүсээгүй байна. ын гэмтлийг эмч нар зөв оношилж эмчилсэн байна. Гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид зүүн нүдний хараа бууралт хэрхэн сэргэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 50-51х/
Шинжээч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...12677 дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хурсан гэмтэл тогтоогдсон ба 2017 оны 10 дугаар сарын 23-нд хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд хохирогчийн нэмж явуулсан Орбита эмнэлгийн картанд 2017 оны 10 дугаар сарын 03-нд нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт оноштой хэвтэн эмчлүүлсэн, хэвтэх үедээ хараа баруун-0.9, зүүн 0.07, харах үед хараа баруун 0.9, зүүн 0.3, ухархайн нөхөн сэргээх, 2017 оны 10 дугаар сарын 03-ны нүдний уг мэдрэл, шар толбоны шинжилгээнд зүүн нүдэнд мэдрэлийн ширхэг жигд нарийссан гэсэн тул Б.ын зүүн нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт, зүүн нүдний хараа бууралт тогтоогдсон. Энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид зүүн нүдний хараа бууралт хэрхэн сэргэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”
“...Үзүүлэгч ын биед 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн компьютерын томографт хамар ясны хуучин хугарал гэсэн байсан тул гэмтлийн зэрэг тогтооход уг гэмтлийг тусгаагүй. ...Уг гэмтэл хуучин гэмтэл байсан тул хэзээ үүссэн гэдгийг нь тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 114х/
Шинжээч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаагчийн тавьсан асуултын дагуу зүүн нүдний гэмтлүүд шинэ, хамар ясны хугарал хуучин гэмтэл байна гэж дүгнэлтээ гаргасан. Хамар ясны хугарал хуучин гэмтэл, тухайн цаг үед үүсгэгдээгүй, хэзээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэж дүгнэлтэндээ дурдсан, иймд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Хөнгөн гэмтэл 28 хоногт эдгэрдэг. Ухархайн дотор ханын хугаралд нөхөн сэргээх эмчилгээ хийгдэнэ. Ухархайн хана нүдний гэмтлүүд нь өөр өөр гэмтэл. Ухархайн ханын гэмтэл нөхөн сэргээх эмчилгээний үед нүдний хараанд өөрчлөлт орохгүй. ын хараа бууралт нь солонгон бүрхүүлийн үрэвсэл доргилтоос шалтгаалсан. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Зүүн нүдний хараа бууралт нь хагалгааны эрт үед буюу хагалгаа хийлгэснээс хойш хэрхэн сэргэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал нь хуучин гэмтэл байсан учраас мэл засал хийж сэргээж болно гэхдээ ухархайн ханын гэмтэлтэй хамт хамар ясны хугарал гэмтлийг эмчлэхгүй, тус тусдаа эмчлэгдэнэ. Хамрын хугарал авсан хүн мэдэхгүй байх боломжгүй, ямар нэгэн зовиур үүснэ. Компьютер томографаар хамар ясны шинэ, хуучин хугарал гэмтэл болох нь харагдана.
...Нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогын доргилт гэмтэл нь хагалгаанд орсоны дараа үүсэх түр зуурын эмгэг процесс. Харин солонгон бүрхүүл урагдаад хагалгааны дараа бүхэл бүтэн байдлаар сэргээд хараа тогтвортойгоор олон сарын хугацаанд, олон удаагийн нүдний эмчийн шалгалтаар дахин хэзээ ч засрахгүйгээр цаашид тогтвортойгоор 0,3 хувиар хараа унасан бол хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтаар гэмтлийн зэрэг тогтоогдоно. Тухайн хохирогчийн хувьд хараа 0,07 хувь байсан бол нүдний ухархайн хагалгаа хийлгэсний дараа 0,3 хувь болж дээшилж хараа нь аажимдаа сэргэсэн байна. Нүдний ухархайн гэмтэл хараанд нөлөөлөхгүй. Хохирогчид учирсан хамрын хугарал нь тухайн хэрэгтэй ямар нэгэн шалтгаант хамааралгүй байсан тул хамар ясны гэмтлийг дүгнэлтэд тусгаагүй, учир нь хамрын гэмтэл нь хуучин гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч С.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Мын төрсөн өдөр болоод найзуудаараа уулзсан. ...Мын гэрийн гадаа иртэл М атай маргалдаад “алаад өгнө” гэхээр нь а өөдөөс нь шаралхаад согтуу маргалдахаар нь М машины урд сандлаас буугаад хойд хаалгыг онгойлгоод ыг зодох гээд дайраад байхаар нь Мөнх-Одтой байраа солиод суутал нөгөө талын хаалга руу нь очиж хаалгыг нь онгойлгоод ыг барьж аваад гараараа цохиод байсан ба газарт а унасан. Тэгтэл М дээр нь гараад цохих шиг болсон. Би машинаас буугаад өнөөх 2 дээр очоод болиулахад ын 2 нүд хөхөрсөн байдалтай зүүн нүд нь хавдар ихтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15х/
Гэрч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...а 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 23:00 цагийн орчимд найз Мын төрсөн өдөрт явлаа гээд гэрээс гарсан. Шөнө 04:00 цагийн орчимд а 2 найзаараа хүргүүлэн гэртээ ирсэн. Найз Мд зодуулчихлаа, машинд сууж байхад нүүр лүү цохиод машинаас бууж ирээд миний хаалгыг онгойлгон над руу дайраад машин дотор нүүр лүү цохиж зодоход хаалга онгойлгоод би газарт унахад дээр суугаад нүүр лүү цохиод, зодоод байсан гэсэн. Гэрт орж ирэхэд ын 2 нүд, хамар хөхөрч хавдсан байдалтай, хамар, ам нь цус болсон байхаар нь хүргэж өгсөн 2 найзаар нь гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/
Шүүгдэгч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болдог өдөр миний төрсөн өдөр болоод найзуудаараа уулзаад хорооллын 1 бааранд орж суун зургуулаа явснаас тав нь 2 шил 0,75 литрийн архи ууж би их согтсон байсан. Нэг сэрэхэд маргааш өглөө болсон байсан. ...Би а руу залгатал эхнэр нь утсыг нь аваад “чи арай ч дээ, миний нөхрийн нүүр амыг аймар болгосон байна ш дээ” гэхээр нь би “тийм юм шиг байна, миний бас шүд хөдөлсөн, сандаггүй” гэж хэлсэн. Удалгүй Энхбат над руу залгаад “чи балладаг найз юм, ыг зодоод бид нар гэмтлийн эмнэлэг яваад гэртээ харьсан” гэсэн. атай уулзах гэсэн боловч а уулзахгүй зугтаагаад яваад байсан. Эмнэлэг дээр очиж уулзахад нүд нь хөхөрсөн хавдартай улайсан байдалтай байсан. Би ад 800,000 төгрөг өгсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр атай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Би хохирлыг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн тухайд:
Хохирогч Б.а нь мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “хөнгөн гэмтэл” гэж оношилсныг хүлээн зөвшөөрөхгүй, зүүн ухархайн хана гэмтсэнээс гадна хамарын яс хугарсан гэмтэл учирсан тул уг гэмтлийг дүгнэлтэд тусгуулах, нүдний хараа буурсан шалтгаан зэргийг тогтоолгохоор дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаж байжээ.
Тус хэрэгт авагдсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографийн оношлогоогоор “...Б.ын биед зүүн нүдний ухархайн дотор хана 2,6 см өргөнтэй, самалдагийн хөндий рүү 1,0 см гүн цөмөрсөн шинэ хугаралтай ба энэ түвшинд самалдагийн хөндийд шингэнтэй, дотор шулуун булчин дотогшоо бага зэрэг ивэрхийлж өөхөн эдэд хавантай, нүдний эргэн тойрны зөөлөн эдийн хавантай. Баруун нүдний ухархайн дотор хана 2,3 см өргөнтэй, самалдагийн хөндий рүү 0.6 см гүн цөмөрсөн хуучин хугарлын деформацитай, хамрын таславч мурийлтгүй, хамар ясны зүүн хажуу хана хуучин хугарлын деформацитай” гэх онош тавигдсан, /хх-ийн 56х/
-Дээрх компьютер оношлогоо, хохирогчийн биед биечлэн үзлэг хийсний үндсэн дээр гаргасан шинжээчийн 12677 дугаартай дүгнэлтэд: ын биед зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал тогтоогдсон, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэж тусгасан /хх-ийн 42х/
-мөн хохирогчийн “Орбита” нүдний эмнэлэгт үзүүлэн нүдний нарийн мэргэжлийн шинжилгээний өгч, холбогдох баримт, зурагнуудаа нэмэлт баримт болгон өгч нэмэлт дүгнэлтийг гаргуулсан байх ба уг 1124 дугаартай дүгнэлтэд: “...ын биед зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт, зүүн нүдний хараа бууралт тогтоогдсон, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэж тусгасан /хх-ийн 51х/
-дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч Б.Ариунзул нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хохирогчийн биед учирсан шинэ гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоосон, харин хуучин хамрын хугарал нь энэ хэрэгт хамааралгүй байсан тул дүгнэлтэд тусгаагүй, хохирогчийн харааны бууралт, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт нь нүдний ухархайн хананы хагалгаанд орсоны дараа үүсэх түр зуурын эмгэг процесс. Тухайн хохирогчийн хувьд хараа 0,07 хувь байсан бол нүдний ухархайн хагалгаа хийлгэсний дараа 0,3 хувь болж дээшилж хараа нь аажимдаа сэргэсэн байна. Иймд нүдний ухархайн гэмтэл нь хараанд нөлөөлөөгүй гэсэн үг” гэсэн мэдүүлэг /хх-ийнэ 58-60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд авагдсан байна.
Дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгвөл, компьютер томографийн оношлогоо, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэгт дурдагдсан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх гэмтлийн онош нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд Б.ын эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал” бүхий гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс үүдэн үүссэн шинэ гэмтэл байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс шинжээчийн 12677, 1124 дугаартай дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгийг “үндэслэлтэй гарсан” гэж нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Харин хохирогчийн нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, торлогийн доргилт, зүүн нүдний хараа бууралт зэрэг нь нүдний ухархайн хананы хагалгааны дараах үзэгдэл буюу түр зуурын процесс гэж оношлогдсон, мөн хамар ясны хугарал гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн үед үүсээгүй хуучин гэмтэл оношлогдсон байх тул шүүгдэгч Ц.Мын үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Ц.М нь өөрийн найз Б.ын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн №12677, 1124 дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон, дээрх нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй байх тул шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Ц.Мын хувийн байдлын талаар:
Гэрч П.Отгонцэцэг, П.Алтантуяа нарын мэдүүлэг /хх-ийн 17х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.а нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас хийгдсэн эмчилгээ, хагалгааны зардалд 2.322.560 төгрөг, мөн түрээсийн төлбөрт 920,000 төгрөг, нийт 3.242.560 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгснөөс /хх-ийн 63-69х/ 800,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Маас авсан, одоо үлдэгдэл 2.442.560 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ. /хх-ийн 101-103х/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нараас гаргаж өгсөн “төлбөр төлөх тухай” баримтад шүүгдэгч Ц.М нь хохирогчид үлдэгдэл 2.442.560 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн, нөгөө талаас хохирогч Б.а нь дээрх нөхцлийг хүлээн зөвшөөрч, дээрх зардлаас өөр нэмж нэхэмжлэх гэм хорын хохирол байхгүй талаар харилцан тохиролцож, хүсэл зорилгоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 2.442.560 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Б.ад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Ц.М нь ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэггүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, мөн шүүгдэгч талаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Түмэн алт”ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг компаниас мөнгө орж ирэхээр хохирол болон торгуулыг төлж чадна гэх боловч уг гэрээ гэх баримт нь эх хувь бус хуулбар, тамга тэмдэггүй, баталгаажаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, нөгөө талаас шүүгдэгч нь дээрх компанитай хамтран ажиллахаар албан ёсоор гэрээ байгуулаагүй, зөвхөн ажлыг нь хийж гүйцэтгэхээр үнийн санал явуулсан мэтээр мэдүүлсэн тул дээрх эргэлзээтэй баримт, мэдүүлгийг үнэлж шүүгдэгч Ц.Мд торгуулийн ял оногдуулах боломжгүй, зохимжгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байх ба түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 2.442.560 /хоёр сая, дөрвөн зуун дөчин хоёр мянга, таван зуун жаран/ төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Б.ад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ