| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2105022600197 |
| Дугаар | 2023/ДШМ/160 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/160
2023 02 07 2023/ДШМ/160
Х.Х, Х.Б, Б.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
шүүгдэгч, хохирогч Х.Х, шүүгдэгч Х.Б нарын өмгөөлөгч Х.Гантулга,
шүүгдэгч, хохирогч Б.А, хохирогч Н.У нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.А, хохирогч Н.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Х, Х.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 2105022600197 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ....................... овгийн Х-ийн Х, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, ............... боловсролтой, мэргэжилгүй, “..................” ХХК-д ................. ажилтай, ам бүл .., ................... хамт ............. дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
2. .................... овгийн Х-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..................... төрсөн, ... настай, э..эгтэй, .................. боловсролтой, мэргэжил.., ............... байдаг, ам бүл .., ........... хамт .......... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: .............../;
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан,
3. ............... овгийн Б-гийн А.........., 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, .. настай, э..эгтэй, .............. боловсролтой, мэргэжил.., “..................” ХХК-д ............. ажилтай, ам бүл .., .............. хамт .......... дүүргийн .. дугаар хороо, ............ тоотод оршин суух, /РД: ...................../;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн торгууль болон 2 жил хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 18 жил 18 хоног 12 өдөр хорих ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Х.Х-тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.Х нь Х.Б-тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Н.У, Б.А нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхыг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, Н.У-ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,
шүүгдэгч Х.Б нь Х.Х-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Н.У, Б.А нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхыг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, Н.У-ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн Х.Б нь ганцаараа Б.А гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Х, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч Х.Х-т оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан ялын хязгаарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч Н.У нь нийт 8.467.938 төгрөг нэхэмжилснээс 5.406.958 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Х-аас 1.530.490 төгрөг, Х.Б-гээс 1.530.490 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.У-д олгож, шүүгдэгч Б.А, Х.Х, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, Х.Х, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие бусдад огт гар хүрээгүй тэр бүү хэл найзыгаа хамгаалах гэхэд хүртэл намайг М гэх залуу ойртуулаагүй хорьж байсан. Гэтэл Х.Х гэх хүний шүдийг цохиж унагасан гэж намайг гүтгэж гэм буруутайд тооцож, намайг хэлмэгдүүлсэнд гомдолтой байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Н.Угаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
X.Х, X.Б, М гэх хүмүүс А бид хоёрыг машины замаар гарч явахад машинаараа шүргээд зогссон, гурвуулаа зэрэг бууж ирээд 20 гаран насны залуу нь А-г заамдаж аваад нөгөө жолооч нь “ална чамайг” гээд зэрэг зэрэг зодож цохиод эхэлсэн. Би буруугүй мөртлөө уучлаарай гээд гуйгаад, зулгаахад жолооч нь газраас гарын атганаас том хэмжээтэй чулуу атгаад араас хөөж ирээд намайг өшиглөж газар унагаад миний толгой ар дагз хэсэг рүү барьсан чулуугаараа маш олон удаа цохисон, би тухайн үед ухаан алдаад саргэтэл би газар доош хараад 4 хөллөсөн байдалтай хэвтэж байсан бөгөөд зүүн талын суган доогуураа хартал жолоочийн эсрэг талын хойд талын хаалганаас бууж ирсэн 40 орчим насны залуу намайг гартаа чулуу бариад тэр чулуугаараа толгой, гар, нүүр хэсэг рүү олон тооны удаа цохисон, нөгөө 20 орчим насны залуу гартаа бас чулуу барьсан байдалтай миний нуруу хэсэг рүү олон тооны удаа цохиод байсан. Тэр үед А “та нар хүн аллаа шдээ болиоч” гэж орилоод зууралдаж байгаад болиулсан бөгөөд намайг тэр 20 насны залуу цохиод, зодоод байсан ба тэр 40 орчим насны 50 орчим насны 2 эрэгтэй нь А-тай зууралдаад цааш яваад өгсөн, тэгээд удалгүй тэр 20 орчим насны залуу болиод яваад өгсөн. Тэр үед би доош хараад манараад 4 хөллөөд үлдсэн, манай талийгаач дүү Э миний бодолд орж ирээд “ахаа та үхэж болохгүй бос бос” гэж хэлсэн. Тэгээд би гэнэт яагаад ингээд хэвтээд байгаа юм бол гээд би өөрийгөө хүчилж босоод хажуудаа байсан тээврийн хэрэгслийг түшээд байж байтал намайг зодсон жолооч эрэгтэй машиныхаа хажууд ирээд гартаа байсан чулуугаа газарт хаяаад машиныхаа урд хаалгыг онгойлгоод төмөр 20 орчим см урттай алх бариад “алнаа чамайг” гээд над руу дайраад ирсэн бөгөөд тэр үед зорчигч 40 орчим насны эрэгтэй намайг заамдаж аваад баруун гартаа атгасан чулуугаараа миний нүүрэн хэсэгт 1 удаа цохисон, тэгээд тэр 2 А-гийн зогсож байсан газар руу гүйгээд яваад өгсөн, би тэгээд юу болсон талаар санахгүй ухаан санаа балартсан бөгөөд би олон тооны удаа толгойдоо цохиулсаныхаа улмаас болж байгаа зүйлийг сайн мэдэхгүй байсан. Энэ Х.Х, Х.Б, М нарын үйлдэл нь намайг алахыг завдсан аймшигтай танхай үйлдэл гэж үзэж байна.
Гэтэл М-ыг энэ хэрэгт холбогдуулан шийтгээгүй, Мөн X.Х, Х,Б нарын үйлдлийг хөнгөн гэмтэл учруулсан гэж хөнгөн шийтгэсэнд гомдолтой байна. Эдгээр 3 хүнд зодуулсаны улмаас миний бие маш их хохирсон.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М гэх залууг хэрэгт холбогдуулан шалгаж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч, хохирогч Б.А, хохирогч Н.У нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
X.Б, X.Х нарт прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад тохироогүй буюу тодруулбал, шүүгдэгч X.Б, X.Х нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу нийтийн тээврийн зам дээр автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгслүүдэд саад учруулж онцлох шалтгаангүйгээр хохирогч нарыг чулуу болон алхаар цохиж зодож тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, улмаар хүч хэрэглэж ингэхдээ хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй зам талбай тухайн замаар явж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, иргэдийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй догшин авирлах замаар өөрсдийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрсдийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх, гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцөлөөр нийгмийн хэв журмыг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад, анхан шатны шүүх X.Х, X.Б нарт холбогдох хэргийн сэдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хувь иргэд хоорондын үл ойлголцол таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэж үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна.
Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Учир нь, Б.А нь X.Хт гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдоогүй, тухайлбал, Хтай хамт явсан хүмүүс болох М, Б нар Х-ын шүдийг унасан талаар огт мэдүүлдэггүй, хэрэг болсоны дараа нэг машинд хамт суугаад явсан мөртлөө мэдээгүй байгаа нь эргэлзээтэй. Камерын бичлэгээс харахад, Ань Б, Х хоёрт зодуулж байгаа найз Уугансүхийг хамгаалахаар очих гэхэд М гэх залуу А-г явуулахгүй хориод шүдээ цохиулсан гэх Хтай огт ойртоогүй байгаа байдал камерийн бичлэгт тодорхой бичигдсэн байхад Б.А-г нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөхөөр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Х, шүүгдэгч Х.Б нарын өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Н.У, шүүгдэгч Б.А нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гомдолтой танилцахад М гэдэг хүнийг холбогдуулж шалгаагүй. Хэргийн зүйлчлэл буруу, хүндрүүлж зүйлчлэх шаардлагатай, мөн Б.Аг хилс хэргээр шийтгэсэн гэсэн 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүхэд эрх олгогдоогүй асуудлаар шүүхийн шийдвэр гаргуулахаар гомдол гаргасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр юм уу, эсхүл прокурорт буцаах эрх хэмжээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Тийм учраас давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрч М-ыг шалгаагүй гэх асуудлын хувьд мөрдөн байцаалтын шатанд Н.У, Б.А нарын мэдүүлэгт байдаг. Хохирогч Н.Уанхнаасаа М гэх залуу намайг зодсон гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад гэмтэл учруулах гэсэн ойлголт байгаа. Гэмт этгээд нь өөрийнхөө ичгүүр, сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээр бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлздэг. Нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншил харшилсан санаатай үйлдлийг агуулсан байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч Х.Х, Х.Б нарын үйлдэлд эдгээр шинжүүд байдаггүй. Яагаад гэхээр хохирогч Б.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ авто замын зорчих хэсэг буюу явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Ямар нэгэн байдлаар санаатай юм уу, санамсаргүйгээр удаанаар явсан байдаг. Жолоо барьж явсан Х.Б уурлаж, бухимдаж сигнал дарж, хараалын үг урсгасан. Н.У нь барьж явсан пивоны шилээр автомашины гурвалжин цонхны хэсэгт цохисон. Үүнээс болж маргаан, зодоон үүссэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хэргийн үйл баримтын хувьд анхан шатны шүүхээс хэргийн зүйчлэлийг зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Х, Х.Б нар нь тээврийн хэрэгслээр зорчиж явах үед нь Н.У, Б.А нар нь тээврийн хэрэгсэлд саад учруулсаны улмаас Х.Б нь Н.У, Б.А нарын хурдан явахыг шаардаж, сигнал дарсны улмаас Н.У барьж явсан согтууруулах ундаан зүйл буюу пивоны шилээр Х.Б-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн цонхыг цохиж, улмаар Х.Б, Х.Х, М нар автомашинаас бууж ирэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.А, Н.У нарын биед халдсан. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар дүгнэхэд, Х.Б, Х.Х нар нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь, тухайн үед тэр газар үйл ажиллагаа явуулж байсан болон тухайн орчинд амьдран суудаг, зорчиж явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйл баримт хэрэгт нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Иймд прокурорын зүгээс танхайрах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзсэн. М гэдэг хүнийг хэрэгт холбогдуулан шалгаагүй, яллагдагчаар татаагүй гэж байна. М гэдэг хүнийг хэрэгт холбогдуулан шалгасан. Тухайн үед хэрэг болох газар байсан бүх гэрч нараас мэдүүлэг авахад, Н.У “20, 30 насны залуу миний биед халдаагүй. Нуруун дээр нэг удаа дэвссэн” гэж хэлдэг. Энэ үйлдлийн улмаас ямар нэгэн байдлаар Н.У-ийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй, мөн Б.А-гийн хувьд хохирогч Х.Х-ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч болон Х.Б-гийн мэдүүлгээр тогтоогдсон. Х.Б “автомашинд суусны дараа шүд унасан талаар хэлсэн” гэж мэдүүлэгтээ дурдсан. Шинжээчийн дүгнэлтийг Х.Х-ын мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд, учирсан гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Мөн уруул язарсан шарх үүссэн зэргийг харахад тухайн үед цохигдсон гэдэг нь бүрэн нотлогдож байгаа тул прокуророос Б.А-г яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Ань 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Х.Х-тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.Х нь Х.Б-тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Н.У, Б.А нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхыг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, Н.У-ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,
шүүгдэгч Х.Б нь Х.Х-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойд талын авто зам дээр хохирогч Н.У, Б.А нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхыг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, Н.У-ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн Х.Б нь ганцаараа Б.А-гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Х-ын “...дүү Б, М нартай хамт машинтай явж байсан бөгөөд авто зам дээр үл таних 40 гаран насны 2 эрэгтэй хүн машин хаагаад яваад байсан. Манай дүү Б жолоо барьж байсан бөгөөд тухайн 2 залуугийн хар куртиктэй залуу нь жолооч талын цонх хэсэг рүү гартаа барьсан лаазтай пивоныхоо шилээр маш хүчтэй цохисон. Манай дүү Б машинаа зогсоогоод махлаг, 175 см орчим өндөр, 40 гаран насны залуутай барилцаж авсан. Манай дүү Б тухайн залууг газар унагаагаад нүүрэн хэсэг рүү нь цохиод байсан бөгөөд би араас нь буугаад болиулах гэтэл тухайн залуутай хамт явж байсан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн ханцуй байхгүй гадуур хувцастай, 180 см орчим өндөртэй, 40 гаран насны залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед миний үүдэн шүд унасан. Намайг цохисон залуу дүү М-тай маргалдаад барьцалдаад авсан. Тэр залуу манай дүү М-ыг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон. ...” /1 хх-ийн 22/,
хохирогч Н.У-ийн “...тээврийн хэрэгслийн жолооч цонхоороо “явж ядсан пизданууд вэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн урдуур гарч байх үед би пиво барьсан гараа өргөөд гарсан. Би гараа буулгах үед тухайн тээврийн хэрэгсэл миний гарын сарвууг шүргэсэн бөгөөд би тэнцвэр алдаж эргээд зогссон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хаалганаас нэг үл таних 20 гаран насны залуу түрүүлж бууж ирээд надтай хамт явж байсан найз А-г хувцасных нь энгэр хэсгээс бариад авсан. Жолоочийн хаалганаас 50 гаран насны үл таних эрэгтэй хүн, жолоочийн эсрэг талын ар талын хаалгыг үл таних 40 гаран насны эрэгтэй хүн зэрэг бууж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь над руу хараад “ална чамайг” гэж хэлсэн. Тэр жолооч залуу газраас гарын атгын хэмжээнээс том хэмжээтэй чулуугаар миний араас хөөж ирээд, намайг өшиглөж газар унагаагаад миний толгойн ар дагз хэсэг рүү гартаа барьсан чулуугаараа 1-2 удаа цохисон. Тухайн үед ухаан алдаад сэргэтэл би газар доошоо хараад 4 хөллөсөн байдалтай хэвтэж байсан. Жолоочийн эсрэг талын хойд талын хаалганаас бууж ирсэн 40 орчим насны залуу намайг гартаа барьсан чулуугаараа толгой, гар, нүүр хэсэг рүү олон тооны удаа цохисон. Нөгөө 20 орчим насны залуу гартаа бас чулуу барьсан байдалтай миний нуруу хэсэг рүү олон тооны удаа цохиод байсан. Тэр үед А“...та нар хүн аллаа болиоч...” гээд орилсон. Би өөрийгөө хүчилж босоод хажуудаа байсан тээврийн хэрэгслийг түшээд байж байтал намайг зодсон жолооч эрэгтэй машиныхаа урд хаалгыг онгойлгоод төмөр 20 орчим см урттай алх бариад “алнаа чамайг” гээд над руу дайраад ирсэн. Тэр үед зорчигч 40 орчим насны эрэгтэй намайг заамдаж аваад баруун гартаа атгасан чулуугаараа нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд тэр 2 А-гийн зогсож байсан газар руу гүйгээд явсан. Миний ухаан санаа балартсан бөгөөд олон тооны удаа толгойдоо цохиулсны улмаас болж байгаа зүйлийг сайн мэдэхгүй байсан. Жолооч залуу миний зулайн хэсэгт учирсан гэмтлийг чулуугаар 1-2 удаа цохиж учруулсан. Эрүүнд 6x4 см захаа шарлаж шимэгдэж буй хүрэн өнгийн цус хуралт, духны зүүн хэсэгт 1.5x0.5 см, 0.8x0.5 см хэмжээтэй зулгаралт гэмтлүүдийг 40 гаран насны эрэгтэй зорчигч чулуугаар олон тооны удаа цохиж учруулсан. Зүүн шуунд 4.5x3 см захаасаа шарлаж шимэгдэж буй цайвар ногоон өнгийн цус хуралт гэмтлийг жолооч эрэгтэй хөлөөрөө 1 удаа өшиглөж учруулсан. Зүүн гарын сарвуунд алганд 6 см урт “Г” хэлбэрийн оёдол тавигдсан шарх гэмтлийг 40 гаран насны зорчигч эрэгтэй гартаа барьсан чулуугаар миний нүүрэн тус газарт цохих үед нь би зүүн гарын алга хэсгээрээ хаах үед учирсан гэмтэл, зүүн өвдөгт 6x4 см талбайд цоохортсон хүрэн өнгийн зулгаралттай. Баруун өвдөгт 4x3 см хүрэн өнгийн зулгаралт гэмтлийг жолооч эрэгтэй намайг хөл рүү өшиглөж унагаагаад би газар өвдөглөж унах үед учирсан гэмтэл юм. ...” /1 хх 26-27/,
хохирогч Б.А-гийн “...тоёота акуа загварын тээврийн хэрэгсэл маш хүчтэй сигналдсан бөгөөд юм цохих чимээ гарсан. Тэгээд эргээд хартал тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалганаас 30 орчим насны 175 см орчим өндөртэй туранхайдуу эрээн гадуур хувцастай эрэгтэй хүн бууж ирээд “яасан явж ядсан пизданууд вэ” гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч 50 орчим насны надаас намхан махлагдуу эрэгтэй хүн бууж ирээд Уугансүхийг өшиглөж газар унагаагаад газраас чулуу авч, Уугансүхийн толгой тус газарт олон тооны удаа цохисон. Жолоочийн эсрэг талын хойд зорчигчийн суудлаас 160 см орчим өндөртэй туранхайдуу бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн бууж ирээд газраас чулуу авч, Уугансүхийн нүүр рүү чулуугаараа цохиод байсан. Би Уугансүхийн нүүрийг гараараа хаасан. Жолооч нь миний ар дагз хэсэг рүү чулуугаараа 1 удаа цохиод авах үед би зугтаасан. Эргээд хартал Урүү тухайн залуу нь гартаа алх бариад дайраад толгойн тус газарт нь олон тооны удаа цохиод байсан. Жолооч залуу нь Уугансүхийг чулуугаар цохих үед би баруун гараараа хааж, долоовор, дунд хуруунд язарсан шарх баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан. Тархи доргилт гэмтлийг тухайн жолооч залуу намайг 30 орчим насны 175 см орчим өндөртэй эрэгтэй хүнтэй зууралдаж байх үед толгойн ар дагз хэсэгт чулуугаар нэг удаа цохиж учруулсан. Намайг жолоочоос өөр хүн цохиж зодоогүй. ...” /1 хх 32-33/,
гэрч Т.М-ын “...Б ах 2-3 удаа сигнал дартал тухайн 2 залуугийн арай махлаг залуу нь гартаа барьж байсан пивоны шилээр жолоочийн хаалганы цонхыг хүчтэй цохисон. Б ах машинаа зогсоогоод шууд бууж очоод нүүрэн тус газар нь цохиод авсан. Х ах бид хоёр араас нь буусан. Х, Б ах нар машины цонх руу цохисон хүнийг газар унагаагаад зодоод байх шиг байсан. Би Б, Х ахыг машинд суулгаад хөдлөөд явсан. ...” /1 хх 41/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 46-47/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10793 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 75-76/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10657 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 80-81/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 181-193/, хэргийн газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 221-232/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.А-г шүүгдэгч, хохирогч Х.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдлаар хохирогч Н.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдлаар хохирогч Н.У, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч, хохирогч Б.А-гийн “...Миний бие бусдад огт гар хүрээгүй, гэтэл намайг гүтгэж гэм буруутайд тооцож, хэлмэгдүүлсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”, хохирогч Н.У-ийн “...М-ыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй, Х.Х, Х.Б нарын хэргийн зүйчлэлийг буруу зүйлчилсэн, ял шийтгэл хөнгөдсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн “...Шүүгдэгч Х.Х, Х.Б нарыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл буруу, Б.А нь Х.Х-т гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөхөөр прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.А, хохирогч Н.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.А, хохирогч Н.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ