Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/110

 

Б.Н, А.М, Б.Ч

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч А.М, Б.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/944 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н, А.М, Б.Ч нарт холбогдох эрүүгийн 221101158 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Н

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. А.М

3. Б

            Шүүгдэгч Б.Н 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна хохирогч А.Мтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын нурууны хугарал, баруун эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч А.М, Б.Ч нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Б.Нтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “...баруун дээд зовхи, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт, хүзүү, баруун тавхай, чихний гадна сувганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            А.М, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.МБ.Ч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ч нарыг тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, А.М, Б.Ч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, А.М, Б.Ч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч А.М, Б.Ч, Б.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.М, Б.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 185.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Мд олгож, хохирогч А.М цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.М, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр хэрэгт авагдсан зарим нотлох баримт хууль зөрчиж авагдсан, хууль бус баримт тул дээрх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж хяналгүйгээр дутуу нотлох баримтаар бусдыг шийтгэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байхад дээрх ажилтнууд уг заалтыг зөрчснөөс хэргийн бодит үнэн тогтоогдохгүйд хүрсэн байна. Тухайлбал энэ хэргийн гэрч Я.Отгонбаяр нь хэрэг гарах үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны 18 тоотод хүргэн болох А.Мийн гэрт Б.Нын 2 хүүхдийг харж байсан ба тэрээр хэрэг гарах үеийн үйл явдлыг цонхоор харж байсан бөгөөд хэргийн газарт болсон үйл явдлыг ойроос харсан мэт мэдүүлсэн боловч хэрэг үйлдэгдсэн газар нь А.Мийн гэрийн цонхноос харагдахгүй, харагдах боломжгүй байсаар байхад уг мэдүүлэгт хэргийн газарт өрнөж буй үйл явдлыг харсан мэтээр маш тодорхой өгсөн нь мэдүүлгийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” хэмээн заасан. Гэтэл мөрдөгч н.Балдандорж нь Д.Батсайханаас гэрчийн мэдүүлэг авахдаа хөтөлж байцаагаад Б.Ч Б.Нын хөл рүү модоор цохисныг хараагүй гэж мэдүүлсээр байхад цохиж байхыг харсан мэтээр мэдүүлэгт тусгасан нь хэргийн бодит байдлыг алдагдахад хүргэсэн. Шүүгдэгч А.М нь хамрын хугарлыг чих, хамар, хоолойн “ЭМЖИЖИ” эмнэлэгт үзүүлж 4.143.332 төгрөгийн зардал гаргасан тухай нэхэмжлэлийн баримт бичгийг хэрэгт хавсаргуулахаар мөрдөгчид өгсөн гэх боловч мөрдөгч н.Балдандорж нь уг баримтыг хэргийн материалд эх хувиар нь хавсаргаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд уг хэргийг дутуу мөчид баримтаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг анхнаас нь сайн шалгаж тогтоогоогүй. Мөрдөгчид нь хэлсээр байтал шалгадаггүй. Прокурорт нь гомдол гаргахаар хүлээж авдаггүй. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тодруулахад чухал ач холбогдолтой нотлох баримтыг би аваад ирсэн байна.” гэв.

            Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр бүлэглээгүй, Б.Н надтай зодолдчихоод намайг гэр рүүгээ орсон байх үед Б.Чг зодсон байдаг. Б.Нын мэдүүлэгт зөрүүтэй зүйл маш их байгаа. Хэрэг юунаас болж гарсан болохыг мөрдөгч, прокурор хоёр анхнаас нь сайн шалгаагүй, бүрхэг байдлаар бүрдүүлэлт хийсэн. Би аргагүй хамгаалалт хийсэн. Намайг машин дотор сууж байхад Б.Н миний хамар руу хоёр удаа цохисон.  Нүдэнд оч маналзаад юм харахгүй гараараа барьж авах гэхэд миний хуруу Б.Нын ам руу нь орсон. Тэгсэн эрхий хуруу хазаад тавихгүй болохоор нь Б.Ныг өөр рүүгээ татаад мөрнөөс нь хазсан. Миний хийсэн ганц үйлдэл бол энэ. Би яах ч аргагүй байдалд ороод мөрнөөс нь хазсан. Би цустайгаа холилдсон болохоор зодолдоогүй. Би Б.Ч, Б.Н хоёрыг юунаас болж маргалдсан болохыг ч мэдээгүй. “Насаа ах дуудаж байна” гэхээр нь машинтайгаа хажууд нь очиж зогссон. Б.Ныг тийм үйлдэл гаргана гэж бодоогүй. Б.Н эрүүлжүүлэх байранд хоноод маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. Хаана гэмтэл авсан болохыг шалгаагүй. Б.Нын хувийн байдлыг тогтоогоогүй. Би ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Мөрдөгчид хэлээд байхад хүлээж аваагүй.” гэв.

            Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч Отгонбаяр нь хэрэг үйлдэгдсэн газар А.Мийн гэрийн цонхоор харагдахгүй байхад харсан мэтээр мэдүүлсэн гэж байна. Хэрэгт 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Отгонбаярыг гэрчээр, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Батсайханыг гэрчээр асуусан. Уг хоёр гэрчид хоёуланд нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулаад мэдүүлэг авсан. Хоёр гэрч хоёулаа шүүгдэгч нар нийлээд Б.Ныг зодож байхыг цонхоор харсан гэж мэдүүлсэн байдаг. Батсайхан нь үйл явдлыг хараад салгахаар гэрээс гарч очсон. Тэгээд А.Мийг гэрт нь оруулсан гэж мэдүүлсэн. Гэрч Батсайханаас хөтөлж мэдүүлэг авсан гэж байна. Батсайханаас хөтөлж мэдүүлэг авсан нөхцөл байдал байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон үйл явдлын талаар харсан, үзсэн зүйлээ ярина уу гэхэд “эдгээр хүмүүсийг зодолдож байхыг гэрийн цонхоор хараад гадагшаа гарсан. А.Мийг гэр рүү нь оруулсан. Б.Чгээс мөнгөө нэхэх явцад Б.Ч нь газраас мод аваад Б.Ныг цохиж зодсон” гэж мэдүүлсэн. Үүнийг Отгонбаяр мөн цонхоор харсан болохоо мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Ч гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ “мөнгөө нэхээд над руу ирэхээр нь би модоор цохисон” гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Мөн гэрч Отгонбаяр нь “манай ээж зүрх нь өвдөөд, даралт нь ихсээд уг үйл явдлыг харж чадаагүй байх” гэж өөрийнхөө бодлыг илэрхийлж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч А.Мийн эмчилгээний зардал болох 4.143.332 төгрөгийн баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргаагүй гэж байна. Өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийх хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтдээ “энэ баримтуудыг хавсаргуулах, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 4.143.332 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Хавтас хэргийн 112-114 дүгээр хуудсанд шүүгдэгч А.Мөөс гаргасан 4.178.332 төгрөгийн баримт авагдсан байдаг. Шүүхээс 185.000 төгрөгийг хангаж шийдвэрлээд, 3.993,332 төгрөгийг хангахгүйгээр, цаашид нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас мөрдөгч болон прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт гаргасан зүйл байдаггүй. Бүх оролцогч нар шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Танилцсан талаар тэмдэглэлээ үйлдсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.М, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Н 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна хохирогч А.Мтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын нурууны хугарал, баруун эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол,

            - шүүгдэгч А.М, Б.Ч нар нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Б.Нтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “...баруун дээд зовхи, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт, хүзүү, баруун тавхай, чихний гадна сувганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

            Хохирогч Б.Нын “...2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найзтайгаа хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо 2.4 литрийн хэмжээтэй “Нийслэл” гэх нэртэй пиво уугаад сууж байгаад би өөрийн төрсөн дүү болох Б.Чтэй утсаар яриад “чи эгч ах нартайгаа битгий хэрүүл хийгээд бай, болохгүй” гэж хэлэхэд намайг битгий солиороод олон юм хуцаад бай гэж хэлээд утсаа салгачихсан. Удалгүй манай төрсөн эгч Цэндсүрэн залгаад “манай охиныг гэрт нь ганцаараа байхад нь хүн ороод ирлээ” гэж хэлэхээр нь би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадаа яваад очиход байрны гадаа А.М, Б.Ч 2 машин дотроо сууж байхаар нь би очоод “та нар одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд А.М “хуцаарай муу архичин минь согтуу хүнтэй би харьцдаггүй, эрүүл надтай ирж уулзаарай” гэж хэлэхээр нь машин дотроо сууж байхаар нь А.Мийн нүүр рүү /яаг хаашаа нь алгадсанаа санахгүй байна/ нэг удаа алгадтал А.М машинаас бууж ирээд бид 2 хоорондоо барьцалдаж аваад би нэг удаа А.Мийн хамар руу гараараа цохитол А.М миний зүүн мөрөн дээрээс нэг удаа хазтал Б.Ч газраас мод аваад баруун хөлийн тавхай, толгой, гарын бугуй зэрэг рүү цохисон. Мөн А.М надтай ноцолдож байхдаа баруун чихний дотор талаас гараараа базсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирэхэд А.М, Б.Ч нар өөрсдийг нь зодсон гэж хэлээд барьж өгч явуулсан, ...” /хх 24/,

            хохирогч А.Мийн “...2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 5 шард манай эгч Оросоо эмнэлэгт хэвтэж байсан учраас би эхнэрийн хамтаар хоол хүргэж өгөх зорилгоор гадагш гарч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гаднаас өөрийн эзэмшлийн 01-42 УБЭ улсын дугаартай машинаа асаагаад хөдлөх гэтэл машины урдуур маш хурдтайгаар цэнхэр өнгийн Приус-20 маркийн автомашин орж ирж зогссон. Тэр машин дотроос манай эхнэр Б.Чгийн төрсөн ах Б.Н бууж ирээд машины хажууд ирэхээр нь би цонхоо онгойлготол “дүү нар яагаад дальчиганаад байна, яах гээд байна” гэж хэлэхээр нь би “эрүүлдээ ярь” гэж хэлтэл Б.Н гараа атгаж байгаад миний хамар руу 2 удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад заамдах гэтэл миний баруун гарын эрхий хуруу Б.Нын ам руу орчихсон бөгөөд миний баруун гарын эрхий хурууг маш хүчтэй хазахаар нь би сандраад зөрүүлээд зүүн мөрөн дээрээс нь хазтал Б.Н бид хоёрыг эхнэр болиулах гэтэл Б.Н орилоод “чи намайг барахгүйдээ” гээд үсэрч цовхчоод байсан бөгөөд тухайн үед Б.Н ирж миний толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад хамт газар 2-3 удаа унаад босож ирсэн. Тэгээд миний хамраас цус гарсан учраас гэр рүүгээ буцаж ороод цагдаа дуудчихаад гэрээсээ буцаад гараад иртэл цагдаа нар ирж Б.Ныг цагдаагийн хэлтэс рүү авч явсны ардаас би цагдаа дээр ирж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч явсан. ...” /хх 21/,

            гэрч Я.Отгонбаярын “...2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр А.М, Б.Ч нарын гэрт Б.Нын 2 хүүхэдтэй хамт байж байтал А.М, Б.Ч нар гэрээсээ гараад явсных нь дараа би цонхоор машины зогсоол руу хартал Б.Ч, А.М нар машиндаа суугаад явах гэж байтал Б.Н машинтай ирж урд нь зогсоод машинаасаа бууж А.М, Б.Ч нарын машин дээр очиж юм яриад зогсож байгаад машины цонхоор Б.Н, А.Мийг нэг цохих шиг болоход А.М, Б.Ч нар машинаас бууж иртэл Б.Н, А.Мийн хамар руу нэг удаа цохих шиг болоход Б.Ныг А.М зүүн мөрнөөс нь хазтал Б.Ч газраас мод аваад Б.Нын толгой, хөл, нуруу, мөр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон. А.М нь Б.Нтай зууралдаж байгаад толгой чихнээс нь гараараа базаж байгаад салаад А.М гэртээ эргэж орж ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. Би болсон зүйлийг цонхоор хараад зогсож байсан нялх хүүхдүүдтэй байсан учраас гарч чадаагүй. ...Б.Чг төрсөн ахыгаа модоор тэгж зодно гэж огт бодоогүй.” /хх 26/,

            гэрч Д.Батсайханы “...орой 19 цаг өнгөрч байхад Ө.А.М, Б.Ч бид 3 манай хамаатны эмээ болох Осороог эмнэлэгт очиж эргэх зорилгоор А.Мийн гэрээс гарч явах гэж байгаад би хамт явахаа болиод буцаад А.Мийн гэр рүү ороод болкон /тагт/ дээр утсаар яриад зогсож байтал гадаа хүмүүс орилолдоод ноцолдоод зодолдоод байх шиг болохоор нь би хартал А.Мийн машины гадаа А.М нэг хүнтэй зодолдоод байхаар нь би гэрээс нь гараад А.Мийн машин дээр гарч иртэл Б.Н, А.М нар хоорондоо барьцалдаж аваад газарт унаад А.Мийн хамраас цус гарчихсан Б.Н дээр нь гарчихсан байсан. ...” /хх 26/ гэх мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9446 дугаартай “...А.Мд хамрын нурууны хугарал, баруун эрхий хуруунд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 33-34/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9464 дугаартай “...Б.Нт баруун дээд зовхи, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт, хүзүү, баруун тавхай, чихний гадна сувганд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 40-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ныг хохирогч А.Мийн биед “хамрын нурууны хугарал, баруун эрхий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М, Б.Ч нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлгүй болжээ.  

          Өөрөөр хэлбэл,  А.М, Б.Ч нар нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Б.Нтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “...баруун дээд зовхи, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт, хүзүү, баруун тавхай, чихний гадна сувганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Нын “...Б.Ч газраас мод аваад баруун хөлийн тавхай, толгой, гарын бугуй зэрэг рүү цохисон. Мөн А.М надтай ноцолдож байхдаа баруун чихний дотор талаас гараараа базсан.” /хх 24/, гэрч Я.Отгонбаярын “...Б.Ч газраас мод аваад Б.Нын толгой, хөл, нуруу, мөр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон. А.М нь Б.Нтай зууралдаж байгаад толгой чихнээс нь гараараа базаж байгаад салаад А.М гэртээ эргэж орж ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан.” /хх 26/, гэрч Д.Батсайханы “...Б.Н, А.М нар хоорондоо барьцалдаж аваад газарт унаад А.Мийн хамраас цус гарчихсан Б.Н дээр нь гарчихсан байсан.” /хх 26/, яллагдагчаар А.Мийн “...тэгээд би машинаас буугаад Б.Ныг заамдаж авах гээд гараа сунгатал ам руу нь миний гарын эрхийн хуруу ортол Б.Н миний хурууг хазахаар нь би Б.Ныг зүүн мөрөн дээрээс нь хазтал манай эхнэр голоор орж салгасан. Миний хамарнаас цус гараад байсан учраас би гэр рүүгээ яваад орчихсон байсан хойгуур цагдаа нар ирчихсэн байсан.” /хх 79/, яллагдагчаар Б.Чгийн “...А.М машинаас буугаад Б.Нтай барьцалдаад автал машины арын суудалд сууж байсан А.Мийн ах Болд бууж ирээд салгаад орц руу оруултал Б.Н над руу дайраад “чамайг ална” гээд дайрахаар нь би газраас мод аваад зүүн гарын дээд хэсэг рүү нь 2 удаа, гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон.” /хх 86-87/ гэх мэдүүлгүүдээр бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй, харин тус тусдаа өөр цаг хугацаанд харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.  

Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заажээ. 

            Анхан шатны шүүх, шүүгдэгч А.М, Б.Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч А.М, Б.Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.М нь шүүх хуралдаанд өөрт учирсан эмчилгээний зардал болох хохирлын баримтыг гаргаж өгсөн ба хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 2.288.000 /хоёр сая хоёр зуун наян найман мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Наас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.М, Б.Ч нар нь шүүх хуралдаанд мөрдөгч болон прокурор хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар хэлж байх тул үүнтэй холбоотой гомдол хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.  

Шүүгдэгч А.М, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан “...Дээрх хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр хэрэгт авагдсан зарим нотлох баримт хууль зөрчиж авагдсан, хууль бус баримт тул дээрх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж хяналгүйгээр дутуу нотлох баримтаар бусдыг шийтгэсэн гэж үзэж байна. Иймд уг хэргийг дутуу мөчид баримтаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/944 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Прокуророос А.М, Б.Ч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Шүүгдэгч Эрдэнэмандал овогтой Алтангэрэлийн А.М, Боржигон овогтой Батмөнхийн Б.Ч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч А.М, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,   

- 2 дахь заалтад “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ч нарыг тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус  өөрчилсүгэй. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 2.288.000 /хоёр сая хоёр зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Мд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч А.М, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ