| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2206 00206 1790 |
| Дугаар | 2023/ДШМ/163 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 13.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/163
2023 02 08 2023/ДШМ/163
С.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
хохирогч Ц.Н-ийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1741 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.М-д холбогдох 2206 00206 1790 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч С.М- нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж авсан иргэн Ц.Н-ийн буюу хувь хүний гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх Цагдаагийн АСАП сангийн мэдээллийг хууль бусаар гаргуулан авч, цахим орчинд байршуулан олон нийтэд тараасан гэмт хэрэгт,
мөн хохирогч Ц.Н-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх Цагдаагийн АСАП сангийн мэдээллийг түүний “Nагаа Nагка” фейсбүүк хаяг руу явуулж “5.000.000-10.000.000 төгрөг зээлдүүл, өгөхгүй бол цахим орчинд тавина” гэж сүрдүүлэн, улмаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цахим орчинд өөрийн “****” нэртэй фейсбүүк хаягаар “Архангай хамгийн том зарын групп”, “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 104 байр”, “Эрдэнэмандал сум”, “БЗД-ийн 5 дугаар хороо Монельд амьдардаг иргэд” нэртэй цахим орчинд “Анхааруулга ба болгоомжлол” гэх гарчигтай хохирогч Ц.Н-ийн гадаад паспортын зураг, цагдаагийн АСАП сангийн мэдээллээс хуулбарласан мэдээллийг удаа дараа байршуулж, “5.000.000-10.000.000 төгрөг зээлдүүлбэл дээрх мэдээллийг устгана” гэж бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.11 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, М-г “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан”, “Бусдын эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн тал дээр маргаагүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэм буруутай үйлдэлдээ маш ихээр харамсан гэмшиж байна. Хэргийг мөрдөн шалгах явцад миний нөхөр Ч.Мөнхжаргал нь өвчний улмаас барсан, мөн миний сэтгэл санааны байдал маш хүнд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчлан тогтоохдоо эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлнэ гэж заасан. Иймд давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ц.Н- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжилбэл шүүгдэгч М- нь маргаангүй төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Шүүгдэгч М.М- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн тал дээр маргаагүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж гэм буруутай үйлдэлдээ маш ихээр харамсаж гэмшиж байгаа юм. Хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгчийн нөхөр нь өвчний учир нас барсан, сэтгэл санаа нь маш хүнд байдалд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчлан тогтоохдоо “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлнэ” гэж заасан. Иймд шүүгдэгч С.М-д оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...”гэв.
Шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Ж.Г-а давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино...” гэжээ. 1 дүгээр хавтас хэргийн 8-9 тал, 71-73 талд авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.М-гийн өөрийн эд хөрөнгийг хохирогч С.Н- залилан мэхэлж авсан мөн орон байранд нь хууль бусаар нэвтэрч орж эд хөрөнгийн хохирол учруулсныг хохирогчийн хувийн мэдээллийг тарааж, буцаан авах замаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч С.М- нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял оногдуулан хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруугийн байдал, хавтас хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял оногдуулах нөхцөл байдал үүссэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Н-ийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ц.Н- нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг. Энэ хэрэг гарах болсон гол шалгаан нь Ц.Н-, С.М- нарын хооронд мөнгөний маргаан үүссэнээс болсон байдаг. Ц.Н- нь 8.400.000 төгрөгийн наймаа хийсэн мөнгөө шүүгдэгч С.М-гаас нэхэмжилсэн. Гэтэл С.М- мөнгийг нь өгөхгүй явж байгаад эсрэгээрээ 5-10 сая төгрөг өгөхгүй бол чиний өмнө ял шийтгэгдэж байсныг хүмүүст хэлнэ гэж сүрдүүлсэн. Шийтгэх тогтоолд хохирогч гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч С.М- нь хохирогчоос огт уучлалт гуйгаагүй. Хохирогч Ц.Н- гомдолтой гэсэн байр суурьтай байдаг. Зохих хэмжээний сэтгэл санааны хохирлыг барагдуулсан бол өнөөдөр арай өөр байх байсан болов уу. Сая гаргаж өгсөн байрны гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулаагүй зүгээр канондсон байсан. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.М-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал, хувийн байдал, хэд хэдэн гэмт хэргийг санаатай үйлдсэн, хор уршиг арилахгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Прокуророос шүүгдэгч С.М-г иргэн Ц.Н-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх Цагдаагийн АСАП сангийн мэдээллийг хууль бусаар гаргуулан авч, цахим орчинд байршуулан олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн Ц.Н-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх Цагдаагийн АСАП сангийн мэдээллийг түүний “Nагаа Nагка” фейсбүүк хаяг руу явуулж “5.000.000-10.000.000 төгрөг зээлдүүл, өгөхгүй бол цахим орчинд тавина” гэж сүрдүүлэн, улмаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “****” нэртэй фейсбүүк хаягаар “Архангай хамгийн том зарын групп”, “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 104 байр”, “Эрдэнэмандал сум”, “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монельд амьдардаг иргэд” нэртэй цахим орчинд “Анхааруулга ба болгоомжлол” гэх гарчигтай хохирогч Ц.Н-ийн гадаад паспортын зураг, цагдаагийн АСАП сангийн мэдээллээс хуулбарласан мэдээллийг удаа дараа байршуулж, “5.000.000-10.000.000 төгрөг зээлдүүлбэл дээрх мэдээллийг устгана” гэж бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “...хэргийн үйл баримтаас дүгнэхэд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Н.Г-ын гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргаагүй байхад танилын хүрээнд бусдын гуйлтаар хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлээс гаргаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, уг мэдээллийг хэвлээд танил С.М-д өгсөн үйлдэл нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг бусдад дамжуулсан гэх шинжийг,
харин С.М-гийн цагдаагийн байгууллагад ажилладаг, эрх бүхий албан тушаалтан Н.Г-аас гуйн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлээс гаргуулан олж авсан мэдээллээ зориудаар мэдээллийн эзэнд хэлж мэдэгдэн олон нийтэд тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх шинжийг агуулж байна. ...” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг өөрчилөн шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, С.М- нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт мөрдөгч ажилтай, танилын харилцаатай Н.Г-аар иргэн Ц.Н-ийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан АСАП сангийн мэдээллийг гаргуулан авч, уг мэдээллийг түүний фейсбүүк хаяг руу явуулж, мөнгө зээлдүүл гэж сүрдүүлсэн талаар Ц.Н- нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.
Үүнд: хохирогч Ц.Н-ийн “...С.М- над руу фейсбүүкээр цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас гардаг лавлагааны зураг явуулаад, ийм л байна даа миний найз, чамайг эрэн сурвалжилж байна, би чамайг цагдаад хэлж шагналаа авна, танай гэрийн хаягийг мэднэ, Монельд очиж уулзана, за өөрөө мэд найз минь 5-10 сая төгрөг түр зээлчих, өгөхгүй бол чиний талаарх мэдээллийг цахим орчинд тавина гэж хэлсэн бөгөөд миний Хаан банкны 5014163645 данс ок хайраа гэж намайг заналхийлж чат бичсэн байсан....Миний талаар урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан мэдээллийг цаасан дээр хэвлүүлээд Сансараар барьж явсан, эндээс ингэж залилан хийсэн, ингэж хулгай хийсэн гэж худал мэдээлэл тараасан байна. ...” /1хх 17/,
гэрч Ц.З-гийн “...С.М- над дээр ирээд А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр буулгасан 4-5 хуудас Ц.Н-ийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллүүд байсан. ...” /хх 30-32/,
гэрч Н.Г-ын “...намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэж байх үед үл таних нэг эмэгтэй ирээд “Би хүнд их хэмжээний мөнгөө залилуулсан, гомдолтой байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэсэн юм гэхээр нь тухайн эмэгтэйгээс гомдол гаргах гэж байгаа хүнийх нь регистрийн дугаарыг авч, тухайн хүнийх нь хувийн байдлыг харах гэж цагдаагийн АСАП сан руу нэвтэрч тэр мэдээллийг харсан. Миний хувьд М- гэх эмэгтэйд тэр хүний талаарх цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээллийг санаатай гаргаж өгсөн зүйл байхгүй. ...” /1хх 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
С.М-гийн яллагдагчаар өгсөн “...би өөрийн аргаараа Н-ээс 1.600.000 төгрөгөө гаргуулж авах гэж түүний хувийн фейсбүүк чатаар нь чат бичиж байсан. ...Би Г-аас гаргуулж авсан Н-ийн талаарх цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээллийг уншаад тухайн мэдээллийг нь өөрөө гараараа шивж, олон нийтийн сүлжээнд түүний гадаад паспортын зургийн хамт байршуулсан. Мөн өөрийн танил З- гэх эмэгтэйтэй чатлах үедээ түүн лүү АСАП сангийн 5 хуудас мэдээллийн зургийг аваад явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 178-179, 2хх 135-136/,
Ц.Н-, С.М-, Ц.З- нарын Samsung” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 56-86/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эдгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.М- нь хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бус аргаар олж авсан, уг олж авсан мэдээллээ цахим сүлжээ ашиглан задруулж иргэний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчсөн байна.
С.М-гийн хувь хүний нууцыг хууль бусаар олж авсныхаа дараа цахим сүлжээ ашиглан задруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр давхар зүйлчлэгдэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргаагүй байхад танилын хүрээнд бусдын гуйлтаар хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлээс гаргаж авсан Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг, харин С.М-гийн Н.Г-аас гуйн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлээс гаргуулан олж авсан мэдээллээ зориудаар олон нийтэд тараасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийжээ.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.М-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1741 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-гийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН