Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Н

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н /цахим/

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалын **** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н/цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ****ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалын **** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаартай Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын тушаалаар **** регистрийн дугаартай ****ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын **** амны хязгаарлалтын бүсэд 2.5 га газарт аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн байна.

 

2.2. Газар ашиглах эрх олгосны дагуу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын тушаалаар ****ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 24980 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалын **** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай ****ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын ******* аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олж авсан. Гэвч уг газар ашиглах эрхийг Богдхан уулын Дархан цаазат газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн *** дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ. Уг тушаалыг манай компанийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч өргөдөл гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын ****** аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авах эрх үүссэнээс хойш Монгол Улс төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй ковид-19 буюу корона вирус цар тахлаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд бүхэлд нь болон хэсэгчилсэн хөл хориог тогтоож эхэлсэн. Энэхүү коронавирусын цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болох хөл хорио аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай" тогтоолын дагуу улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан. Үүний дагуу бид цар тахлын нөхцөл байдал хүндээр туссан, мөн тус газрыг бидэнд шинээр олгосны улмаас ашиглахад төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хамгаалалтын газрын захиргаанд мэдэгдсэн. Гэвч бидэнд газар ашиглах эрхийг цуцлах талаар огт мэдэгдээгүй боловч тийнхүү цуцалсан байгаад гомдолтой байна. Мөн бидэнд танай эзэмшил газрын эрхийг цуцлахгүй, харин санхүү мөнгөний асуудлаа шийдвэрлэж, газрын гэрчилгээгээ гардан авч, гэрээгээ байгуулаарай гэж итгэл төрүүлэн хүлээлгэж байсан. Ийнхүү итгэл төрүүлсэн, мөн биднийг өмнө ашиглалтын газраа цуцлуулж, тус газрын ашиглах эрхийг шинээр аваад шинэ төслийн ажилд орсон, цар тахлын нөхцөл байдал хүндээр туссаныг ойлгосон мөртлөө тийнхүү цуцлах санал гаргаж, цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах, мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн байна. Бид ан*******саа өөрсдийн нөхцөл байдлыг үнэн бодитойгоор илэрхийлж, Богдхан уулын хамгаалалтын газрын захиргаатайгаа хамтарч ажиллаж байсан. 2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор 2023 - 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Манай компанийн хэрэгжүүлж буй төсөл нь энэхүү Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор батлагдсан Монголд зочлох жилийн зорилго, үйл ажиллагаатай шууд хамааралтай юм. Богдхан уул нь өөрөө байгалийн үзэсгэлэнт, дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул бөгөөд аялал жуулчлалын бүсээр хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд бид гадаадын аялагч болон монголынхоо дотоодын аялагч нарт үйлчлэх, цагийн хураамжаа төлөөд өөрсдийн хэрэглээний жимсээ түүх үйлчилгээ бүхий шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөгөө боловсруулан батлуулж, барилгын загвар зургаа гүйцэтгүүлээд байна. Энэ төрлийн үйлчилгээ нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У*******гийн Х*******ийн санаачилсан Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, жуулчдыг эрүүл хүнсээр хангах, мөн Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд жимсний модоор ойн санг нэмэгдүүлэх зэрэг давхар давхар ач холбогдолтой юм. 3. Газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснээ бидэнд мэдэгдэх ажиллагаа хийгээгүй мөртлөө 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичгээр мэдэгдсэн. Уг албан бичигт манай компанийн газар ашиглах эрхийг 2023 оны 08 дугааp сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар тусгаж уг тушаалын хуулбарыг хавсаргаж ирүүлсэн. Бид уг тушаалыг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гомдол гарган хандсан бөгөөд сайд тус гомдлын хариуг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/6456 дугаар албан бичгээр "... гомдлоо хууль шүүхийн байгууллагад хандан гаргах нь зүйтэй" гэсэн агуулгаар ирүүлжээ. Маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалын 1-д ... газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй" гэжээ. Гэтэл манай компанид газар ашиглах эрхийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын **** аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тиймээс дээрх газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байх бөгөөд газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гаргахаар байхад ийнхүү газар ашиглах эрхийн хугацаа Дуусгавар болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн *** дугаар тушаалын ****ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч **** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын **** аманд 2,5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авсан. Авахдаа хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан. Энэ төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлж баталгаажуулсан байдаг. Гэвч уг газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Уг тушаалыг манай компанийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч өргөдөл гаргаж байгааг хүлээж авна уу. Анх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авсан. 2019 оны 05 дугаар сард газар ашиглах эрхийг авснаас хойш цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад 2022 оны 02 дугаар сарын 14-нд цар тахлын нөхцөл байдлыг дуусгавар болгосон Засгийн газрын тогтоол гарсан хүртэл хугацаанд газраа ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй. Бид 2019 оны 05 дугаар сарын 10-нд газар ашиглах эрхийг олж авахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 5-аас доошгүй жилд олгоно гээд хуульд заачихсан учраас газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгогдсон гэж үзэж байгаа. Тэгэхээр 2019 оны 05 дугаар сарын 10-нд үүссэн газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 05 сарын 10-нд дуусахаар байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны дугаар албан бичигтээ газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газрынхаа гэрээ, гэрчилгээг хураалгана уу гэдэг албан бичгийг 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж аваад 10 дугаар сарын 25-ны өдөр хуульд заасан 30 хоногийн нь хугацааны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдууд гомдол гаргасан. Ямар үндэслэлээр гаргасан бэ гэхээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Албан бичигт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг хуулбарлаад хүргүүлсэн байсан. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нь аваад үзэхээр газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасны дагуу газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж үзэж байгаа юм. Гэтэл бид нарын газар ашиглах эрх 2019 оны 05 дугаар сарын 10-нд үүссэн. Ашиглах эрх үүссэнээс хойш 5 жилийн хугацаанд олгогдсон газар ашиглах эрх 2024 оны 05 дугаар сарын 10-нд дуусаж байгаа юм. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргана гэж байгаа юм. Тэгэхээр 2024 оны 05 дугаар сарын 10-нд хугацаа нь дуусах газарт бид нар 2024 оны 04 дүгээр сарын 10-нд газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байтал 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн тусгай хамгаалалттай газрын саналаар гэж заасан байгаа юм. Хуульд байхгүй нөхцөлөөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг эс зөвшөөрч энэ үндэслэлээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдлоо гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан газар ашиглагч болон эзэмшигч Газрын тухай хууль болон газрын гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрөө төлөөгүй гэх зэрэг үндэслэлүүд байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үндэслээд буюу дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны үйл ажиллагаа, хууль дээдлэх зарчимд үндэслэх ёстой. Акт хуульд үндэслээгүй байна, үндэслэсэн хуулийнх нь нөхцөл бүрдээгүй байна гэж гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д 5 жилээс доошгүй байх бөгөөд гээд заачихсан байгаа 5 жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "**** ХХК-ын гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаартай тушаалаар **** ХХК-д 24980 м.кв талбай бүхий газрыг Богдхан уулын дархан цаазат газрын **** амны хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Тус дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

нэхэмжлэгч ХХК-ны дээрх газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн хуульд заасны дагуу дуусгавар болгосон.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ****ХХК нь анх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрх олгоод 2023 оны 08 дугаар сарын 15-ны *** дугаартай тушаалаар хүчингүй болгож газар ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн. Дуусгавар болгосон тушаалын үндэслэл нь өөрөө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болоход хүсэлтээ гаргаагүй гэдэг байдлаар тушаалын үндэслэл гараад албажаад явсан. Бодит нөхцөл байдлыг харахад сонсох ажиллагааны мэдэгдэл 41.5, 6-д зааснаар явсан. Мөн Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналд дурдсан 41.5, 41.6-д заасан үндэслэлээр, үүний дараагаар хянан шийдвэрлэх зөвлөлийн 11 дүгээр хурлын шийдвэрийн тойм, мөн 41.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч тухайн актыг гаргахдаа газар ашиглах эрхийг дуусгавар болгох гээд алдаатай байдлаар бичээд гаргачихсан юм шиг харагдаад байдаг юм. Тэгэхээр энэ дээр хариуцагчийн зүгээс шинэ захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэсэн гэсэн санал гаргаж байна. Газар ашиглах эрх нь дуусаагүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой, анх олгосон шийдвэртэй маргахгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Манай компанийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ... Нэхэмжлэгч **** ХХК нь газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй, мөн газар ашиглах гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй тул маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч **** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Анх нэхэмжлэгч **** ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай ***дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын **** амны хязгаарлалтын бүсэд 2.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйл.Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ, 1.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна. гэжээ.

6.Хуулийн дээрх заалтаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн 5 жил байхаар байна.

7.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч **** ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 05 дугаар 10-ны өдөр дуусахаар байна.

8.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

9.Дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн****дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч **** ХХК-ийг газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад өгөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

10.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: гэж зааснаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж нь газар ашиглах хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахаар байна.

11.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, дээрх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

12.Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын ашиглах эрхийн хугацаа 2024 оны 05 дугаар 10-ны өдөр дуусахаар байхад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13.Иймд дээрх үндэслэлээр **** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ