Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            хохирогч Б.Б,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-д холбогдох 1708020760261 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн  дугаар хорооны дугаар гудамжны тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон Б овогт Г.Б /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Орбитын тойргийн орчимд Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,

шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Орбитын тойргийн орчимд Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим миний бие Нарангийн голоос Тахилт руу 38-00 УБС улсын дугаартай улаан өнгийн Ноnda Logo маркийн автомашинтайгаа явж байтал замаас үл таних 2 залуу гар өргөсөн. Тэгээд би машиндаа суулгасан. Тэр хоёр залуугийн нэг нь “ахаа 1.000 төгрөг байна ажлаасаа хоцрох” гээд байна гэсэн. Тэгээд би суулгаад явж байтал Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу надад хандаж “ах хасаг уу” гэж асуухад түүнээс архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би “хасаг байна уу, монгол байна уу чамд ямар хамаа байна вэ” гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын тойргийн орчим машинаа зогсоогоод нөгөө хоёр залуу машинаас буусан. Тэгсэн хоёр залуугийн эрүүл саруул залуу нь машинаас буусан. Тэгтэл согтуу залуу нь машинаас буухгүй байсан. Би дөхөөд очтол Б гэх залуу нь намайг хувцаснаас зуураад заамдаж аваад толгойгоороо миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Би хариу үйлдэл хийгээгүй. Тэгсэн миний амнаас цус гарсан. Мөн үүдэн шүд хөдөлсөн. Надад нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Миний 1 шүд унасан байгаа одоо 1 шүд хөдөлгөөнтэй байгаа. Би энэ хүнээс 210.000 төгрөг өгчих л гэсэн. Илүү  зардал бол нэхэмжлээгүй. Гэтэл одоо хүртэл өгөх санаа санаачилга гаргасан, хохиролоо нэхэмжилж байна, гомдолтой ...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 15-16х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13125 дүгнэлтэд: “...Б.Бын биед 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 30х/

 

                  Гэрч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ 10 цагийн орчим найз Бы хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойргийн орчмоос Хүнс трейд орохоор замаас гар өргөж такси барьсан. Таксинд суухад нэг хүний 1000 төгрөг шүү гэсэн. Машинд суухад эхнэр нөхөр хүүхэд гэх 3 хүн байсан. Сууж явж байгаад буух дөхөөд Б халааснаасаа мөнгөө авах гэтэл Бд 1000 төгрөг байсан. Надад тухайн үед мөнгө байгаагүй. Тэгээд Б байгаа 1000 төгрөгөө өгчихье гэтэл машинд явж байсан нөхөр нь бололтой 50 гаран насны ах машинаа зогсоогоод Б бид хоёрыг “хүн доромжлоод байгаа юм уу, хаашаа юм, буу” гээд машинаасаа буулгасан. Би эхэлж машинаас буусан. Миний араас Б буух гэхэд машинд явж байсан 50 гаран насны ах Быг буу гээд түлхээд байсан. Тэгсэн Б 50 гаран настай ахтай хувцаснаас нь зуураад заамдалцаад авсан. Тэгэхээр нь би гаднаас найз Быг таттал 50 гаран настай ах барьцалдаад хамт буугаад ирсэн. Би голоор нь салгах гэтэл бие биенийгээ гэнэт огцом татаад тэр хоёр толгой толгойгоороо мөргөлдсөн. Тэгсэн Б 50 гаран настай ахын зүүн хацран тус газар толгойгоороо мөргөсөн байсан. 50 гаран настай ахын шүднээс нь бага зэргийн цус гарсан харагдаж байсан. Бы мөн адил шүднээс бага зэргийн цус гарсан байсан. Тэгээд салцгаасан. ...Миний бодлоор өөд өөдөөсөө таталцаад нүүр нүүрээрээ мөргөлдсөн байх гэж бодож байна. Учир нь тэр хоёрын хоёулангийнх нь амнаас шүднээс бага зэргийн цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/

 

                  Шүүгдэгч Г.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын тойргийн орчмоос Хүнс трейд гэх газар луу явахаар найз Ариунболдын хамт Орбитын тойрог орчимд замаас таксинд суусан. Таксинд суугаад нэг буудал 1000 төгрөгөөр явчихъя гэж хэлээд суусан. Тэгээд буух газраа дөхөж ирэхээр нь 1000 төгрөгөө өгтөл 50 гаран настай ах уурласан. Тэгээд намайг машинаас буу гээд түлхсэн. Машинаас эхлээд манай найз Ариунболд буусан. Би араас нь буух гэтэл 50 гаран настай ах намайг түлхээд машинаас заамдалцаад буусан. Машинаас буусан байхад манай найз Ариунболд 50 гаран настай ах бид хоёрын дундуур орж салгах гэж оролдсон. Тэгж зууралдаж байхдаа би толгойгоороо 50 гаран настай ахын нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөчихсөн. Би уг нь мөргөе гэж бодож мөргөөгүй. Зууралдаж байгаад мөргөчихсэн. Тэгсэн 50 гаран настай ахын амнаас нь цус гараад шүд хугарчихлаа гэсэн. Шүдийг нь хартал хугараагүй шүднээс нь цус гарч байсан. Надад ажил олдохгүй байгаа учраас хохиролыг төлж барагдуулж чадаагүй, хавраас барилгын ажил эхлэхээр ажилд орж хохиролыг төлж барагдуулна.Одоогоор бол надад боломж алга байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Г.Б, хохирогч Б.Б нар нь таксигаар үйлчлүүлсний хөлсийг төлөхтэй холбоотой асуудлаас үүдэн маргалдсан байх ба Г.Б нь нийгэмд тогтсон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг үл ойшоож өөрөөс нь ах хүнийг буюу иргэн Б.Бын такси хөлсөлний мөнгөө төл, төлж чадахгүй бол буу гэсэн шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13125 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Г.Бы хувийн байдлын талаар:

Гэрч Ч.Анхнарангийн мэдүүлэг /хх-ийн 24х/

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 35х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38х/

Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч Г.Баас 210.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б нь ажил хөдөлмөр, тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Бы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч  Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ