Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/109

 

С.Схолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

хохирогч Ц.С,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/856 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Схолбогдох эрүүгийн 221100934 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 С.С, 

            Шүүгдэгч С.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хийморь хотхоны 4/6 дугаар байрны 48 тоотод эхнэр Ц.Сг зодон биед нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие С.С нь тус шийтгэх тогтоолоор шийтгүүлэх болсон үйлдэлдээ харамсал илэрхийлж, гүнээ гэмшиж байгаа бөгөөд энэ бүх байдлаа мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын болон шүүхийн ажиллагааны явцад бүхий л байдлаар хэлж, уг үйлдлийнхээ хор уршиг, үр дагаварт гэмшиж байгаагаа эхнээс нь илэрхийлж ирсэн. Энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа дараахь хувийн шалтгааныг минь ойлгон хүлээн авч надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Үүнд:

            1. Миний бие С. С.С нь нуруу нугасны гэмтэлтэй бөгөөд хүйтэн нойтон орчинд удаан ажиллах боломжгүй, мөн юм өргөх гэх мэт биеийн хүчний ажил хийх боломжгүй байдаг. Энэ байдал удаан үргэлжилж байгаа болно. Иймд эрүүл мэндийн хувьд яг энэ хүйтэн сэрүүний улиралд дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй байна.

          2. Мөн манай гэр бүл бага насны 2 хүүхэдтэй (том охин С.Смаань Нийслэлийн 5-р дунд сургуулийн 3-р ангийн сурагч, бага охин С.Сийлэн маань одоо нэг нас найман сартай) бөгөөд эхнэр Ц.С ганцаараа ажил хийж өрхийн амьжиргаагаа залгуулдаг болно. Миний бие дээр дурдсан эрүүл мэндийн шалтгааны улмаас, мөн том охиныг маань сургуульд нь хүргэж өгөх, авах, бага охин буюу нэг нас найман сартай охиныг гэрт нь харах хүн байхгүй зэрэг шалтгааны улмаас миний бие, охидын эцэг С.С би өөрийн биеэр охидоо байнгын өөрийн асрамж, хараа хяналтад байлгаж хардаг болно.

            3. Миний гэр бүлийн хүн Ц.С нь “Ворлд Класс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг хүн бөгөөд энэ компани нь аялал зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, зохион байгуулалтын бусад ажлыг хангахад гэр бүлийн гишүүн, нөхрийн хувьд миний бие мөн тус компанийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох, өөрийн хувь нэмрээ оруулах бодит шаардлага үүсээд байгаа болно. Иймд манай гэр бүлийн хувьд үүссэн болон миний эрүүл мэндийн хувийн шалтгаан зэрэг дээр дурдсан бодит байдлуудыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/856 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заатад заасан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Сын эрүүл мэндийн байдалтай холбоотой 5 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Шүүгдэгч С.С нь зүйлчлэл дээр маргаагүй, харин нуруу нугасны гэмтэлтэй бөгөөд хүйтэн нойтон орчинд удаан ажиллах боломжгүй, мөн юм өргөх гэм мэт биеийн хүчний ажил хийх боломжгүй байдаг. Энэ байдал нь 2012 оноос хойш үргэлжилж байгаа болно. Иймд эрүүл мэндийн хувьд яг энэ хүйтэн сэрүүний улиралд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн ходоодны шархтай. Мөн бага насны 2 хүүхэдтэй. Том охиноо сургуульд нь хүргэж өгөх, авах, бага охин буюу нэг нас найман сартай охиноо гэрт нь харах хүн байхгүй зэрэг шалтгааны улмаас С.С охидоо байнгын өөрийн асрамж, хараа хяналтад байлгаж хардаг болно. Эхнэр Ц. Ц.С нь компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, зохион байгуулалтын бусад ажлыг хангахад гэр бүлийн гишүүн, нөхрийн хувьд С.С мөн тус компанийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох, өөрийн хувь нэмрээ оруулах бодит шаардлага үүсээд байгаа болно. Торгох ял оногдуулах юм бол хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....3 үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол нотлох баримтаар нотлогдсон. Эмчийн дүгнэлтээр 5 кг-с дээш зүйл өргөж болохгүй, хүйтэнд удаан байж болохгүй гэсэн байдаг. Би хүйтний улиралд гадаа удаан хугацаагаар байх боломжгүй. Мөн миний ходоод өвддөг, ходоодны шархтай. 2-3 удаа ходоодондоо эмчилгээ хийлгэж байсан. Эхнэр маань ганцаараа хөдөлмөрлөдөг. Ганцхан эхнэрийнхээ орлогоор амьдрах боломжгүй, хүрэлцэхгүй байна. Хамт хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Том охин 3 дугаар ангийн сурагч, бага охин 1 настай. Том охиноо хичээлд нь хүргэж өгөх, хүүхдүүдээ харахын хажуугаар надад орчуулга хийж өгдөг. Хэд хоног баривчлагдаад ойлгоод гарч ирсэн. Би өөрийнхөө гомдлоосоо татгалзаад хүсэлт өгсөн. С.С хүүхдүүдээ харах шаардлагатай байгаа, хүүхдүүдийг өөр харах хүн байхгүй.” гэв.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор А.Дэлгэрмөнх ээлжийн амралттай тул тус хуралдаанд томилолтоор оролцож дүгнэлт гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч С.Сын хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж байсан нөхцөл байдлуудыг харгалзаад 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан байна. Шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж болохгүй талаар баримт гаргаж өгөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Одоо нурууны гэмтэлтэй, ходоодны шархтай гэх баримтуудыг гаргаж өгч байна. Энэ байдал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хийморь хотхоны 4/6 дугаар байрны 48 тоотод эхнэр Ц.Сг зодон биед нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Сгийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад 12 цаг өнгөрөөгөөд ажил руугаа явсан. Тэгээд өөрийн ажил дээрээ байж байгаад 21 цагийн орчим Залуучуудын холбоон дотор болсон аялал жуулчлалын салбаруудын хооронд болдог эвентэд оролцоод шөнө 3 цагийн орчим гэртээ очсон. Би гэртээ орох үед манай нөхөр унтаж байсан бөгөөд намайг “яасан орой ирдэг юм бэ” гэж хэлсэн бөгөөд би өөдөөс нь хэрүүл маргаан хийхэд намайг баруун нүдний дээд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ буцаж гараад шууд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх10-12/,

гэрч С.Сн “....Хүч хэрэглэдэг талаар мэднэ. 2017 онд Ц.С нь С.С миний толгой руу цохичихлоо гээд толгой нь хавдсан, хувцас нь урагдсан байдалтай ирж байсан. 2018 онд намайг зодчихлоо, цагдаад дуудлага өгчихлөө гэж байсан. 2021 онд тодорхой өдрийг мэдэхгүй Ц.С нь хүүхдээ тэврээд нүд нүүр, гар хөл нь хөхөрсөн байдалтай манай гэрт ирж байсан. Мөн тухайн оны намар Батсүмбэрт байрлах зусланд С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ над руу болон Ц.Сд хандаж “Сэлэнгээ би чамайг алчихна шүү, та нарыг бүгдэнг чинь ална” гэх мэтээр заналхийлсэн, тухайн үед цохиж зодсон асуудал бол байгаагүй. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт ирэхдээ нүд нь хөхөрсөн, дух нь хавдсан байдалтай ирээд “Дахиад зодуулчихлаа, цагдаад өгчихлөө одоо л салъя” гэж хэлж байсан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө би зээ охин Сэцэнг сургуульд нь хүргэж өгөх гээд явж байхад С.Стой байрных нь гадаа таарахад “Манай гэрээс зайлаарай, ална шүү” гэж хэлчихээд гэр рүүгээ орсон ...” /хх30-31/,

насанд хүрээгүй гэрч С.йн “...аав С.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаад өгдөг. Намайг загнаж, цохиж, зодсон асуудал байхгүй. Ээж Ц.Сг хэзээ гэдгийг санахгүй байгаа ч миний мэдэхээр 2 удаа цохиж зодож байсныг харсан ...” /хх32/,

яллагдагчаар С.Сын “...Миний бие 2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ц.Сг хүлээнгээ өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хийморь хотхоны 4/6-48 тоотод пиво ууж байсан. Ингээд Ц.Сгийн ажил тарах цаг болохоор нь залгахад “аялал жуулчлалын салбаруудын хооронд болдог эвентэд оролцоод явж байна” гэж хэлэхээр нь би 1-2 цагийн үед ирэх байх гэж бодоод хүлээгээд сууж байсан. 2022 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 2 цагийн үед залгахад Ц.С нь утсаа авахгүй байхаар нь бухимдаад пиво ууж эхэлсэн. 1 настай нялх хүүхэд уйлаад байсан болохоор Ц.Стай холбоо тогтоох гэсэн боловч холбоо тогтоож чадаагүй байж байгаад 2 цаг өнгөрч байхад унтсан. Ц.С нь 3 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирсэн бөгөөд би яагаад ийм удаан явж ирж байгаад нь бухимдан уурлаад маргаан эхлээд би зүүн гараараа Ц.Сгийн дух хэсэг рүү нэг удаа цохисон.  ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож ухаарсан, баривчлах байранд байхад шүүхийн шийдвэрийн дагуу албадан сургалтанд суусан бөгөөд тухайн сургалт нь надад их зүйлийг ойлгуулсан. Дахин согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй, өмнө гаргасан үйлдлүүдээ гаргахгүй ...” /хх68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8137 дугаартай дүгнэлтэд: “...Ц.Сгийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх34-35/

Аюулын зэргийн үнэлгээ /хх13-15/, шийтгэврийн хуулбар /хх38-40/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч С.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нар хамтран  “...надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд С.С нь эхнэр болох Ц.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

            Шүүгдэгч С.С “...нуруу нугасны гэмтэлтэй бөгөөд хүйтэн нойтон орчинд удаан ажиллах боломжгүй, мөн юм өргөх гэх мэт биеийн хүчний ажил хийх боломжгүй байдаг тул торгох ялаар сольж өгнө үү.” гэх гомдлыг гаргасан боловч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эрүүл мэндийн талаарх баримтууд нь 2020 оны шинжилгээний хариу, эмнэлгийн акт зэрэг байх тул энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Стухайн зүйл ангид зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Сгийн “...ахуйн хүрээнд үүссэн маргаан, С.С нь ар гэр, үр хүүхдүүдээ харж ханддаг, хүүхдүүдийг маань өөр харж хандах хүнгүй...” гэх тайлбарыг үндэслэн түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэгжтэй тэнцэх 1000 хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял болгон өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарын хамтран гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/856 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. ...”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ