Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** СӨХ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У

Гуравдагч этгээд: ***н ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Д

Гуравдагч этгээд: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: ... ***н ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд С.Б*******,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, С.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс **** СӨХ нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан ... ***н ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр **** дүүргийн 26 дугаар хороонд байрлах *** дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 18.15 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн ****дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг ***н ХХК-д олгосон байна.

2.2. **** СӨХ-ны гүйцэтгэх захирал О.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01/01 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1775 дугаартай Хариу өгөх тухай албан бичигт Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй **** дүүргийн 26 дугаар хороонд байрлах *** дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 18.15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэсэн бүртгэлд хяналт шалгалт хийхэд хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

2.3. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байхад анх ***н ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тул орон сууцыг барьсан ***н ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

2.4. Тус шүүх **** СӨХ-өөс гаргасан Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан

3. Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "**** СӨХ нь **** дүүргийн 26 дугаар Хороо ***, 40И дугаартай байрны нийт оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно. Сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг /оршин суугчдын нийтийн эзэмшил болох/ *** байрны зоорины давхрын 04 тоот 18.15 м.кв техникийн өрөөний зориулалттай өрөөнд 10-аад жилийн хугацаанд явуулж байна. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус байрыг барьж ашиглалтад оруулсан "***н" ХХК-д тус нийтийн эзэмшлийн техникийн өрөөний өмчлөх эрхийн ****дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Улсын бүртгэлийн хэлтсээс тус 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчиж Орон сууцны тухай хууль болон, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль гэх мэт холбогдох хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж холбогдох баримт материалыг шалгалгүйгээр техникийн өрөөний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус барилгыг барьж ашиглалтад оруулсан компанийн нэр дээр гаргасан байна. Тус барилгын зураг болоод Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актад *** дугаар байрны зоорийн давхрын 04 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн өрөөний зориулалттай батлагдсан байдаг. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дах хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай, орон сууцны байшингийн дундын холбооны Хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь СӨХ-ын дундын өмчлөлийн зүйл болох нь тодорхой гэтэл Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр **** дүүргийн 26 дугаар хороо, 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байрны зоорины давхрын 04 тоот 18.15 м.кв үл хөдлөх хөрөнгөд ****дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд зүйлд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт. цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахаар зохицуулжээ. Мөн зоорины давхрын 4 тоот өрөө нь техникийн агуулахын зориулалттай өрөө нь байрлаж буй орон сууцны доод хонгилын хэсэг нь хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд багтаж байна. СӨХ үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн барилгын компаниас орон сууцны нийтийн эзэмшлийн талбай болох тус 4 тоот өрөөг хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаа явуулж нийтийн зориулалтаар ашиглаж байсан гэтэл 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***н ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаар СӨХ ажлын байр болох тус тоот өрөөг булаан авч дотор нь байх эд зүйлсийг коридорт гарган хаяж, СӨХ өмч хөрөнгөд халдах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зориулалтаар үүсгэн байгуулагдсан Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын 1 өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд "***н" ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорины давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: **** СӨХ *** байрны зоорины давхрын 4 тоот үл хөдлөх хөрөнгийг дундын өмчлөлийн талбай, техникийн ашиглалтын зориулалтаар 2023 оныг хүртэл ашиглаж ирсэн. Техникийн зориулалттай өрөөг ашиглан ирж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийлгүүлэн СӨХ-ийн үйл ажиллагааг гаргасан. *** байрны зоорины давхарт ямар нэгэн байдлаар техникийн зориулалттай өрөө байхгүй. СӨХ-ийн дундын ямар нэгэн өрөө, агуулах байхгүй учраас дундын өмчлөлийн эд хөрөнгийн техникийн зориулалтын хэлбэрээр үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй. Улсын бүртгэлийн тухайн бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тухайн орон сууц ашиглалтад орсон цагаас хойш маргаан бүхий объектод ганцхан СӨХ-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. СӨХ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш энэ байранд СӨХ-ийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн. Улсын бүртгэлд бүртгэсэн барилгын анхны зургаар агуулахын зориулалттай буюу нийтийн эзэмшлийн талбайдаа хамрагддаг. Гэтэл ***н ХХК хууль бусаар нийтийн эзэмшлийн талбайд ногдох хөрөнгөөс өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмшил гаргуулж улмаар С.Б******* гэдэг хүний зүгээс шилжүүлсэн үйлдэл гаргасан. Энэ талаар хуульд заасан хугацааны дотор Улсын бүртгэлийн ерөнхий газар луу гомдол гаргасан. Улсын бүртгэлд гомдол гаргаад явж байх явцад давхар С.Б нэр рүү шилжүүлсэн үйлдлүүд гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ өрөөг нийтийн эзэмшлийн талбай гэж СӨХ-ийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: **** дүүрэг 26-р хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр, зоорины давхрын 4 тоот агуулахыг Хуулийн этгээд "***ны" ХХК /*****/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан мэдүүлэг, тухайн ХХК дээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн С.А*******д олгосон итгэмжлэл, Хуулийн этгээд "***н" ХХК /******/-ийн хурлын шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, БХБТГазар МТХ-ээс олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, фото зэргийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэсэн байна. 2014 онд ***н ХХК-аас ирүүлсэн жагсаалт нотлох баримттай тулгаж үзэхэд тус байранд нийт 14 агуулах бүртгүүлэх жагсаалт ирүүлсэн байна. Батлагдсан план зурагт уг агуулах нийтийн эзэмшлийнх биш орц гарц таглаагүй. Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: **** дүүргийн 26 дугаар хороо *** дугаар байрны 4 тоот агуулахыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ***н ХХК-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэж бүртгэсэн. 2013 онд ***н ХХК **** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст жагсаалтаа ирүүлсэн байдаг. Тухайн үед жагсаалтыг нотлох баримттай нь тулгаж үзэхэд тус байранд нийтдээ 14 агуулах бүрдүүлэх жагсаалт ирүүлсэн байдаг. Ажлын зургийг харж уг бүртгэлийг хийхэд тэр агуулах нь нийтийн эзэмшлийнх биш тусдаа байсан. гэв.

 

8. Гуравдагч этгээд ***н ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Манай компани **** дүүргийн 26 дугаар хороо 11311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байрны 4 тоот 18.15 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д "Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Нэхэмжлэгч тухайн 4 тоот агуулахыг Нийтийн эзэмшил гэж маргаж байна. Уг тайлбараа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад үндэслэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйл ийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна гэж заагаад мөн зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заажээ.

Энэхүү заалтад дурдсан доод хонгил" гэдэгт иргэн аж ахуй нэгжийн агуулахын зориулалттай өрөө нь энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан "Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл маргаж байгаа 18.15 м.кв талбайтай агуулах нь нийтийн зориулалттай талбай биш бөгөөд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т "Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасны дагуу гуравдагч этгээд манай компанийн өмчлөлийн орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарахгүй буюу сууц өмчлөгчдийн холбооны эрх ашигт хамаарах зүйл биш бөгөөд манай компанийн дангаар өмчлөх эрхтэй юм.

Иймд **** СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *** байр 2014 онд ашиглалтад орсноос хойш борлуулалт явагдаад агуулахын зориулалттай талбай борлогдоод тодорхой хэмжээнд үлдчихсэн байсан. н.Б гэдэг хүнээс өмнө хоёр ч СӨХ-ийн дарга байсан. Тэрний өмнөх анхны дарга зөвшөөрөл аваад СӨХ байгуулсан. Хотхон дундаа олон байр байгаа. Тэгэхэд зөвхөн манай байрнаас 2 талбай дээр ороод суучихсан байдаг. Нэгийг нь тусдаа түрээсэлчихсэн нэгэнд нь өөрсдөө байрлачихсан байгаа. Хоёр техникийн өрөө байх ёстой. Нэг нь цахилгаан, нэг нь дулаан, аль аль нь байгаа гэв.

 

10. Гуравдагч этгээд ***н ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хоёуланг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээрт анхны ***н ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчсөн байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь энэ байрыг ***н ХХК барьж анх улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд 100 хувь эзэмшигч компани. Эзэмшигчийн хувиар Иргэний хуулийн 145, 182 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд бүртгэгдсэн. Нэхэмжлэгч тал техникийн зориулалтаар ашиглаж байгаагүй харин бусад этгээдэд түрээсэлж ашиг олох хэлбэрээр сүүлийн жилүүдэд ашигласан байдаг. Техникийн зориулалтаар ашиглана гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй.

Хоёрдугаарт С.Б улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгснийг хүчингүй болгох гэдэг нэхэмжлэлийн шаардлагын тухайд өмнө нь анхан шатын шүүхээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа хэтрүүлсэн байна, хүлээж авах боломжгүй гэдэг байдлаар хүлээж авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг нь тодруулаагүй байна, тодруул гэдэг байдлаар буцаасан. Ийм хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг талаар нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт тайлбар гаргаж өгөөгүй байгаа учраас хоёр дахь шаардлагыг мөн хүлээж авах боломжгүй.

Гуравдагч этгээд С.Б: Би тэр агуулахыг худалдаж авсан. Авахад дотор нь тоног төхөөрөмж, техникийн өрөөтэй холбоотой ямар нэгэн зүйл байгаагүй. Нийтийн эзэмшлийн ашигтай талбай гэдэг нь энэ өрөөнд хамаарахгүй. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

11. Гуравдагч этгээд С.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие **** дүүрэг 26-р хороо 11311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байрны 4 тоот 18.5 м.кв, 6 тоот 18.5 м.кв зэрэгцээ байрлалтай 2ш агуулахыг WIZARD CONSTRUCTION ХХК-иас худалдаж авсан бөгөөд мөн зэрэгцээ өрөөнүүдэд нь **** СӨХ оффис, орон сууцны конторын оффис, гутал засвар, агуулах, зэргээр хувь хүн байгууллагууд ашиглаж байгаа 14ш ижил хэмжээ загвартай зэрэгцээ байрлалтай үл хөдлөхөөс миний эзэмшиж байгаа 4тоот агуулахын зориулалттай өрөөг онцлон нийтийн эзэмшил хэмээн үзэж мушгин гуйвуулж **** СӨХ-ны хотхон руу нэвтрүүлэхгүй өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглах эрхийг минь боож хааж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Иймд **** СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байхад анх ***н ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тул орон сууцыг барьсан ***н ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч **** СӨХ нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан ... ***н ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Анх маргаан бүхий үл хөдлөн эд хөрөнгийг гуравдагч этгээд ***н ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/193 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А гаргасан мэдүүлэг, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн мэргэжлийн байгууллагаас олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн палан зураг, фото зураг зэргийг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ****** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

5.Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд ***н ХХК, иргэн С.Б нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, гуравдагч этгээд С.Б гаргасан мэдүүлэг зэргийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд С.Б нэр дээр шилжүүлэн бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ***** дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.

6.Маргаан бүхий Нийслэлийн **** дүүргийн 26 дугаар хороо, 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *** байр зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай, агуулахын зориулалттай 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд С.Б өмчилж, эзэмшиж байна.

7.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо, 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.9. ... техникийн өрөө гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг гэж заажээ.

8.Хуулийн дээрх заалтаас үзвэл техникийн өрөө гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж бүхий өрөөг ойлгохоор байх бөгөөд маргаан бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь дотроо ямар нэгэн инженерийн шугам сүлжээ бүхий ямар нэгэн тоног төхөөрөмжгүй байх тул техникийн өрөө гэж үзэхээргүй байна.

9.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйл.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, дэвсгэр болон орчны газар, 15.1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:, 15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж заажээ.

10.Хуулийн дээрх заалтаас үзвэл, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэрлэн заасан байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө биш байх тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахааргүй байна.

11.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалтгүй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд үүнийг анх барьж бий болгосон компани болох гуравдагч этгээд ***н ХХК-аас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн тус компанийн нэр дээр бүртгэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

12.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч **** СӨХ-өөс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ... ***н ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан **** СӨХ-өөс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ... ***н ХХК-ийн нэрээр **** дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж *** байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ