Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э

Гуравдагч этгээд: **** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн: П.У

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр гэрээний зүйл болох Барилгын 11 дүгээр давхрын ******* тоотод байрлах 205 метр квадрат талбай бүхий орон сууц, оффис, орон сууц, үйлчилгээний талбай зэргээр гүйцэтгэгчийг төлөөлж **** ХХК-ийн захирал Б.Ц, захиалагчийн талыг төлөөлж **** нар гэрээ байгуулсан байна.

2.2. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу өгөх тухай 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаартай албан бичгээр улсын эрхийн бүртгэлийн *** дугаартай **** дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимп гудамжны 22 дугаар байрны ******* тоот зоорийн давхрын 6 тоотод байрлах орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байна.

2.3.Нэхэмжлэгчээс ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд **** ХХК-ийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээдийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй. гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим эцэслэн шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд **** ХХК-ийг бүртгэсэн бүртгэл нь үндэслэлтэй гэж маргажээ.

2.4. Дээрх маргаантай холбоотой асуудлаар **** ХХК **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ****** дугаартай шийдвэр гарч мөн Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дугаартай Магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай Тогтоол зэрэг гарсан байна.

2.5.Тус шүүх **** ХХК-ийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: **** ХХК, **** ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Шинээр орон сууц барьж улсын комисст хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** акт үйлдэн хүлээлгэж өгсөн ба ийнхүү акт үйлдэх явцдаа үлдэгдэл төлбөрийн 223,008,12 ам долларыг төлж барагдуулснаар түлхүүр гардуулахыг мэдэгдсэн гэрээний төлбөрөө бүрэн дуусгавар болголгүй **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй мөн өмчлөгчөөр тогтоосон хуулийн ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүй байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь шударга ёсонд нийцэхгүй байх бөгөөд шударгаар бий болгосон өмч хөрөнгийг маань авах гэж байгаа тул **** ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай гэрчилгээ, *** дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаартай Хариу өгөх тухай албан бичгээр гомдлын шаардлагыг хангах боломжгүй талаар мэдэгдсэн. Албан бичгийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай компани гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийг гардаж авсан. Иймд хууль зөрчин олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байх тул тус шүүхэд хандан эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдөхөөс хамгаалуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Акт үйлдэх явцдаа төлбөрийн үлдэгдэл 223 мянган ам.долларыг төлж барагдуулснаар түлхүүр гардуулах болохыг мэдэгдсэн байдаг. Үлдэгдэл төлбөр төлж барагдуулаагүй, мөн өмчлөгчөөр тогтоосон хуулийн ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь шударга ёсонд нийцэхгүй байсан. Үүнтэй холбоотойгоор **** ХХК гэж 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай гэрчилгээ *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарсныг иргэний хэргийн шүүх дээр нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас урьдчилан шийдвэрлэх журмаар төрийн байгууллагад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай хариу өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль зөрчиж буюу улсын бүртгэлийн байгууллагаас хүчин төгөлдөр өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль зөрчин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрх, эд хөрөнгө шударгаар олж авах эрхийг зөрчиж байх тул тус эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: **** ХХК-ийн гаргасан гомдолд дурдсан **** дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, 22 дугаар байрны ******* тоот 205 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 6 тоот 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг **** ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсан бөгөөд дараах нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. **** ХХК болон **** ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ эх хувиар ирүүлсэн бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дэх хэсэгт орон сууц, авто зогсоолыг дурдсан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон хаяг , барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэрт газарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хариу хүргүүлэхдээ **** дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс хавсралтаар хүргүүлсэн.

**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дугаартай Магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай Тогтоол, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас. Хяналтын улсын байцагчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай албан шаардлага. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **** ХХК-ийн нэр дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгэхдээ мэдүүлэгт хавсрагдсан шүүхийн шийдвэрүүд, захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслээд дээрээс нь манай хяналтын газраас өгсөн шаардлагыг үндэслэж бүртгэлийг бүртгэсэн. Манай бүртгэлийн газраас бүртгэсэн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй . гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: **** ХК нь нэхэмжлэгч компанитай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж **** дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ***** үйлчилгээний орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц авто зогсоолыг бариулж эхэлсэн. Гэрээний үнэ буюу орон сууц авто зогсоолын нийт үнийг 557,520.12 ам доллар байхаар орон сууц авто зогсоолыг хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 02 дугаар улирал буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаар харилцан гэрээнд тусгасан. . гэжээ. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдсөн гэх боловч эд хөрөнгийн эрхийн талаар хүчин төгөлдөр Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Манай компани нь тус компанид зохих төлбөрийг нь төлж, орон сууц захиалсан бөгөөд тус компанийн ямар нэг эрхийг зөрчөөгүй. Мөн дээр маргаан бүхий захиргааны акт буюу манай компанид өмчлөх эрх олгосон улсын бүртгэгч нь тус компанийн эд хөрөнгө шударгаар олж авах эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байна. Гэтэл Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө манай хөрөнгө, манайх төлбөр тооцоогоо бүрэн хүлээлгээд өгчихсөн гээд хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор нотлогдчихсон байхад нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт танай байгууллагын эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа. Энэ актаар нэхэмжлэгчийн ямар ч хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх нь хөндөгдсөн гэж яриад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа талуудын хооронд төлбөр тооцооны үлдэгдэлтэй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгчихлөө гэдэг зүйл ярьж байна. Төлбөр тооцооны асуудлыг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж дууссан. Улсын дээд шүүхийн тогтоолыг харвал талуудын төлбөр тооцооны үүргийг нь дуусгавар болгоод, нэхэмжлэгч буюу энэ маргааны хувьд гуравдагч этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргахыг даалгаж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх, түлхүүрийг хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгчид даалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад гүйцэтгэх хуудас бичигдээд захирамж гараад явсан. Энэ маргааны хувьд маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн ямар нэгэн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй бөгөөд энэ маргааныг урьд өмнө хүчин төгөлдөр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байгаа учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж харж байна.. гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд **** ХХК-ийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээдийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй. гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим эцэслэн шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гуравдагч этгээд **** ХХК-ийг бүртгэсэн бүртгэл нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Анх Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, **** дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220, Олимпын гудамж, 22 дугаар байрны ******* тоот 205 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 6 тоот 13.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг гуравдагч этгээд **** ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаар бүхий гэрчилгээг олгожээ.

5.Маргаан бүхий дээрх бүртгэл нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна.

6.Уг тогтоолд: ... 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1971 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар зохигчийн хооронд 2014.05 30-ны өдөр байгуулагдсан ******* тоот гэрээнд заасан **** дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны, Олимпик резиденс нэртэй оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын ******* тоот 205 м.кв талбай бүхий орон сууц болон зоорийн давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой БНСУ-ын **** ХК-ийн нэр дээр уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай **** ХХК-ийн албан бичиг, уг цогцолборын захиалагчдын оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, захиалагч БНСУ-ын **** ХК нь гүйцэтгэгч **** ХХК-д төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, уг цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, уг цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг гаргуулах болон эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг /түлхүүр хүлээлгэн өгөх/ нэхэмжлэгч БНСУ-ын ****ХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч **** ХХК-д үүрэг болгож, тус компаниас алдангид 54,605,531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзсугай. гэжээ.

7.Дээрх тогтоолоор Зохигчийн хооронд 2014.05 30-ны өдөр байгуулагдсан ******* тоот гэрээнд заасан **** дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны, Олимпик резиденс нэртэй оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын ******* тоот 205 м.кв талбай бүхий орон сууц болон зоорийн давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой БНСУ-ын **** ХК-ийн нэр дээр уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай **** ХХК-ийн албан бичиг, уг цогцолборын захиалагчдын оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт, захиалагч БНСУ-ын **** ХК нь гүйцэтгэгч **** ХХК-д төлбөр тооцооны өргүй, төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, уг цогцолборын барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, цогцолборт эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, уг цогцолборын байршиж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг гаргуулах болон эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг /түлхүүр хүлээлгэн өгөх/ нэхэмжлэгч БНСУ-ын ****ХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч **** ХХК-д үүрэг болгож, гэж шийдвэрлэснээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна.

8.Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг албадан гүйцэтгэхтэй холбоотой **** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ****** дугаар захирамж гарч, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.

9.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн зарчим, 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:, 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, 10.6.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:, 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; гэж тус тус заажээ.

10.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд иргэн, аж ахуй нэгж нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхдээ тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримтыг мэдүүлэгтээ хавсаргахаар байна.

11.Маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд **** ХХК-ийн маргаан бүхий Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, **** дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220, Олимпын гудамж, 22 дугаар байрны ******* тоот 205 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 6 тоот 13.5 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болохыг нотолсон баримт нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаар тогтоол байх бөгөөд уг тогтоолыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр гуравдагч этгээд **** ХХК-ийг бүртгэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

12.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ***ХХК-аас хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***ХХК-аас хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэл болон *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ