Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01072

 

     Ариг банкны Дархан-Уул аймаг дах салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дүгээр шийдвэр,         

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр магадлалтай,

Ариг банкны Дархан-Уул аймаг дах салбарын нэхэмжлэлтэй

Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нарт холбогдох,

зээлийн төлбөрт 3.578.296,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Ууганцэцэгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дах салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нар нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13/149 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 12.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 30,0 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 3.578.296,18 төгрөгийн өртэй болоод байна. Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд

1. 13/149 тоот зээлийн гэрээний 4.2.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 2.952.109,12 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 592.039,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 24.647,67 төгрөг, нийт 3.568.796,18 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 3.578.296,18 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нарын зээлийн барьцаанд буй Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 17-р брак байр, 3Б тоот, Y-2003013070 дугаартай 23,0 м/2 талбай бүхий 2 өрөө байраар зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ариг банкнаас зээл авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу төлж байсан. Би зах дээр наймаа эрхэлдэг байсан. Нийт орон нутгийн хэмжээнд хямрал болсоор хүмүүсийн худалдан авах чадвар буурч барааны үлдэгдэл нэмэгдэж зээлээ төлөх боломж муудсан. Ариг банкнаас авсан зээлийг бид төлөхөд татгалзах зүйлгүй, гэхдээ банк нь чадан ядан төлсөн цөөхөн мөнгийг үндсэн зээлд биш хүү, алдангид тооцож байсан.  Бид 24 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12.000.000 төгрөгийг зээлсэн ба одоогийн байдлаар 13.174.493 төгрөгийг 26 сарын хугацаанд тус банкинд төлсөн. Бидний тооцоогоор 24 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12.000.000 төгрөг зээлэхэд хүүд нь 3.226.876 төгрөг төлөхөөр байна. Нийт 15.226.876 төгрөг төлөхөөр бодсон. Бидний тооцоогоор хийсэн 1.434.772 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Ариг банкны нэхэмжилж байгаа 3.568.796,18 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ариг банк-ны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нарын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/149 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нараас 3.418.539,18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, 159756,7 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны эд хөрөнгө, Дархан сум 5-р баг 20-р хороолол 17-р байрны 3Б тоот брак байр 2 өрөө 23,0 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013070 дугаарын гэрчилгээтэй байрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.203 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 69.647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр магадлалаар: Хариуцагч Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд, хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.814 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн 5 дугаар баг 17 дугаар байрны 4 тоотод нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2013 онд байраа барьцаанд тавьж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд зээл авч Ариг банкнаас 12.000.000 төгрөгийн зээл авч лангуу ажиллуулсан ба лангуу хэвийн ажиллаж байсан болно. 2014 оноос хямралд өртөн хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, хугацаандаа төлж барагдуулаагүй, Ариг банк нь хугацаа хэтэрсэн зээлд оруулж, алданги нэмэгдүүлсэн хүүнд оруулах болсон ба 2015 оны 02 дугаар сарын 25-нд үлдэгдэл 7.250.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2.250.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 28-11 дүгээр сарын 2-нийг хүртэл 150.000 төгрөгөөс доошгүй төлж байсан. Цалингийн зээл авч өөрөө хаах хүсэлт гаргатал 3.578.296 төгрөг болсон бөгөөд миний төлж байсан 890.000 төгрөг, 2.250.000 төгрөгөөс хасагдаагүй нэмэгдсэн байсан. Үүний учрын олохгүй байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүүг зогсоох хүсэлт гаргасан. Миний төлсөн 890.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дах салбар нь хариуцагч Ж.Ууганцэцэг, Ш.Мөнхбат нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 2.952.109 төгрөг, хүү 592.039 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.647 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг нийт 3.578.296 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс 1.434.772 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөхдөө төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцоогүй гэжээ.

Хариуцагч нар нь Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 17-р байр, 3Б тоот брак байрыг барьцаалан 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14/149 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс 12.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30.0 хувийн хүүтэйгээр зээлсэн ба зээлийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12 сараар сунгажээ /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1, 227 дугаар зүйлийн 227.3-т нийцжээ.

Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4-т зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэр дүнгээс бүрдэнэ.

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлд сар бүр 500.000 төгрөг, харин хүүг сар бүр тодорхой хэмжээгээр тодруулбал, эхний сард зээлийн төлбөрт 805.753 төгрөг төлөх, ингэснээр дараагийн сард төлөх хүүгийн хэмжээ буурахаар харилцан тохирчээ /хэргийн 8 дугаар тал/.

Хариуцагч шүүхэд гаргасан тооцоололдоо /хэргийн 31-32 дүгээр тал/ “зээлийн төлбөрт сар бүр 634.454 төгрөг төлж байсан” гэсэн байх ба энэ нь зээлийг буцаан төлөх хуваарьт тусгагдсан төлөх ёстой төлбөрөөс илүү гараагүй тул “...төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 26-ний өдөр төлсөн 23.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ