Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2024/0063/З |
Дугаар | 128/ШШ2024/0434 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, М.Д, Э.Э, Ц.Ш
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч **** ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч **** ХХК-д бараа материал худалдан аваагүй атлаа бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын буруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 56,129,685.46 төгрөгийн нөхөн татвар, 16,838,905.64 төгрөгийн торгууль, 5,394,164.59 төгрөгийн алданги, нийт 78,362,755.69 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
2.2.Нэхэмжлэгч **** ХХК-аас маргаан бүхий дээрх Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
2.3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр **** ХХК-ийн гомдлын тухай 37 дугаар тогтоолоор ...Татварын улсын байцаагчийн **** дүгээр нөхөн ногдуулалтын актаар 56,129,685.46 төгрөгийн нөхөн татвар, 16,838,905.64 төгрөгийн торгууль, 5,394,164.59 төгрөгийн алданги, нийт 78,362,755.69 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Ц.Ш, Э.Э нарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд **** ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд 2020 онд 19,575,486.36 төгрөгийн татвар ногдох орлогод 1,957,548.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас 40,500,000.00 төгрөгийн худалдан авалтад төлсөн 4,050,000.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 2,092,451.36 төгрөгийг буцаан авахаар.
2021 онд 124,911,241.00 төгрөгийг чөлөөлөгдөх борлуулалт, 274,894,429.10 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох 27,489,442.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас 351,521,592.37 төгрөгийн худалдан авалтад төлсөн 35,123,159.24 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 7,642,716.33 төгрөгийг буцаан авахаар.
2021 онд Баянбараат коснтракшн ХХК-аас 96,945,181.82 төгрөгийн, *** ХХК-аас 40,919,572.73 төгрөгийн, 2022 онд *** ХХК-аас 95,250,281.83 төгрөгийн, **** ХХК-аас 328,181,818.18 төгрөг нийт 561,296,854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих дүнгээс 56,129,685.46 төгрөгийг хасаж тооцож төсөвт, төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын бууруулсан зөрчил нь холбогдох хууль тогтоомжид заасан заалтуудыг тус тус зөрчиж татварын хяналт шалгалтаар нийт 561,296,854.56 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглэж 56,129,685.46 төгрөгийн нөхөн татвар, 16,838,905.64 төгрөгийн торгууль, 5,394,164.59 төгрөгийн алданги нийт 78,362,755.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Гэвч манай компанийг 561,296,854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс 56,129,685.44 төгрөгийг хасаж тооцсон гэж үзэн 78,362,755.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Ц.Ш, Э.Э нарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ****дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар манайхаас маргаж байгаа. "****" ХХК-ыг Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд 2020 онд 19.575.486.36 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох 1.957.548.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас 40.500.000.00 төгрөгийн худалдан авалтад төлсөн 4.050.000.00 төгрөгийн нэмэгдэн өртгийн албан татварыг хасаж 2.092.451.36 төгрөгийг буцаан авахаар шийдвэрлэсэн.
2021 онд 124.911.241.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалт, 274.894.429.10 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох 27.489.442.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас 351.521.592.37 төгрөгийн худалдан авалтад төлсөн 35.123.159.24 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 7.642.716.33 төгрөгийг буцаан авахаар шийдвэрлэсэн.
2022 онд 186.571.681.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалт, 707.324.420.90 төгрөгийн татвар ногдох орлогод ногдох 70.732.442.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас 639.451.559.21 төгрөгийн худалдан авалтад төлсөн 63.945.155.92 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 6.787.286.17 төгрөгийг төлөхөөр тайлагнасан нь цахим татварын удирдлагын нэгдсэн системд баталгаажсан байна.
"**** ХХК нь татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг доорх байдлаар зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж: 2021 онд *** ХХК-аac 96.945.181.82 төгрөгийн, *** XXK-aac 40.919.572.73 төгрөгийн, 2022 онд *** ХХК-аас 95.250.281.83 төгрөгийн, **** ХХК-аас 328.181.818.18 төгрөгийн нийт 561.296.854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих татварын дүнгээс 56.129.685.44 төгрөгийг хасаж тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь холбогдох хууль тогтоомжид заасан заалтуудыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 561.296.854.56 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд 56.129.685.46 төгрөгийн нөхөн татвар, 16.838.905.64 төгрөгийн торгууль, 5.394.164.59 төгрөгийн алданги, нийт 78.362.755.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
Гэвч манай компанийг 561.296.854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс 56.129.685.44 төгрөгийг хасаж тооцсон гэж үзээд 78.362.755.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн № *** дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, 5906504 тоот регистрийн дугаартай **** ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналт шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот томилолтын дагуу хийсэн. Хяналт шалгалт хийх явцад тухайн компанийн харилцах дансны хуулга болон татварын албаны мэдээллийн бааз дах мэдээлэлд үндэслэн хэсэгчлэн хяналт шалгалт хийсэн. Тухайн томилолттойгоор холбоотойгоор 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Татварын ерөнхий газрын эрсдэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн дурдсан дөрвөн компанитай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн хий бичилттэй холбоотой мэдээллийг задаргаа хэлбэрээр нь мэйлээр ирүүлсэн. Хэсэгчилсэн хяналт шалгалт гэдэг ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэж тухайн зөрчлийг илрүүлж торгууль, алдангийг тооцдог. Хяналт шалгалтын явцад тухай компаниудтай холбоотой мэдээллийн талаар тухайн компанийн захиралтай ярилцлага хийхэд ямар нэгэн дансаар хийсэн гүйлгээ байхгүй, бид нар тухайн үед бэлнээр мөнгөө өгч, авч байсан гэсэн тайлбар өгдөг. Компанийн харилцах дансаар тус дөрвөн компанитай холбоотой ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Хяналт шалгалтын явцад баримтуудыг шаардсан боловч холбогдох анхан шатны баримтуудыг ирүүлээгүй. Тухайн компанийн хувьд гурван жилээр томилолт үүссэн. Гурван жилийн хугацаанд 605,800,000.00 сая төгрөгийн борлуулалт хийсэн боловч 2,900,000.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна. Ингэж бага дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаа шалтгаан нь дээрх нэр бүхий дөрвөн компанийн хий бичилттэй холбоотой 561,296,854.56 төгрөгт ногдох тавин зургаан сая төгрөгийн нэмэгдсэн өртгийг албан татварыг хий бичилтээр бууруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон учир хариуцлага ногдуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... нэхэмжлэгч **** ХХК нь *** ХХК, *** ХХК, *** ХХК, **** ХХК-иудаас бэлнээр тооцоог нь хийж бараа материал худалдан авсан байхад бараа материал аваагүй байна гэж үзэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгч нь бараа материалуудыг аж ахуй нэгжүүдээс худалдан авсан болох нь санхүүгийн баримтуудаар тогтоогдоогүй тул бараа материалуудыг худалдан аваагүй байна гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч **** ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ш, Э.Э нар нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Удирдамж, маягт батлах тухай***7 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар томилолттойгоор нэхэмжлэгч **** ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлт, ногдуулалтад хяналт, шалгалтыг хийжээ.
5.Улсын байцаагч нараас дээрх хяналт, шалгалттай холбоотойгоор маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №**** дугаар нөхөн ногдуулалтын актын үйлдсэн байна.
6.Дээрх маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч **** ХХК-ийг нэр бүхий аж ахуй нэгжүүдээс 561,296,854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс 56,129,685.44 төгрөгийг хассан зөрчил гаргасан гэж үзэж, 56,129,685.46 төгрөгийн нөхөн татвар, 16,838,905.64 төгрөгийн торгууль, 5,394,164.59 төгрөгийн алданги, нийт 78,362,755.69 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгч **** ХХК-аас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад ... 2021 онд *** ХХК-аас 69,945,181.82 төгрөгийн, *** ХХК-аас 40,919,572.73 төгрөгийн, 2022 онд *** ХХК-аас 95,250,281.83 төгрөгийн, Ти АйТи Эс Жи ХХК-аас 328,181,818.18 төгрөгийн нийт 561,296,854.56 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс 56,129,685.44 төгрөгийг хасаж тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015.07.09/ 14 дүгээр зүйл.Албан татварт хасалт хийх.,14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно:,14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;, 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй; гэсэн заалтыг тус тус зөрчиж, ... гэжээ.
9.Нэхэмжлэгч **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жамъян маргаан бүхий хяналт, шалгалтыг явуулахад:... асуулт: *** ХХК, *** ХХК, *** ХХК, **** ХХК-иудаас ямар бараа материал хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ? гэхэд. Хариулт:Гүйцэтгэж буй ажилтай холбоотойгоор барилгын гадна пассатны хөөс, квадрат төмөр зэрэг барилгын материал худалдан авсан. Асуулт:Барилгын материал авахдаа төлбөрөө ямар хэлбэрээр төлбөр вэ ? гэхэд. Хариулт: Бүх төлбөрийг гүйлгээ бэлнээр хийгддэг. гэх тайлбарыг гаргажээ.
10.Татварын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичигт:Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй *** ХХК, *** ХХК, *** ХХК, **** ХХК нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан үйлдсэн зөрчилтэй компаниудын жагсаалтад бүртгэлтэй байна. гэжээ.
11.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлох баримт болж чадахгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон байхыг шаардаж байх бөгөөд тэр тохиолдолд тухайн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор зохицуулсан байна.
12.Нэхэмжлэгчээс хяналт, шалгалтын явцад маргаан бүхий үйл баримттай холбоотой анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй байх бөгөөд энэ тохиолдолд бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч **** ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч **** ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ