| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0013/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ц.Гансүлд,
шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө ургийн овогт Х.Сд холбогдох 1708001140228 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, дүүргийн 10 дугаар хорооны гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Х.С /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16б гудамжны 19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оыг бусадтай хардаж улмаар түүний толгойн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Х.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Х.С нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16б гудамжны 19 тоотод эхнэр Д.Оыг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр С нь хөдөө яваад 22:00 цаг болж байхад найз Баянаагийн хамт гэртээ ирсэн. Манай нөхөр их согтуу байсан. Би нөхрөө гэрт нь оруулаад унтуулаад найз Баянаад нь цай хийж өгөөд “манай нөхөр хаана хэнтэй архи ууж явсан юм бэ” гээд асуугаад сууж байсан чинь С гэнэт босож ирээд намайг “янхан минь та хоёр хэзээ ийм болчихсон” гээд уурлаад Баянаа руу дайраад байхаар би хоорондоо зодолдох байх гээд Баянааг би “за за одоо чи яв” гээд гэрээсээ гаргаж өгсөн. Тэгээд гэрээс гаргаж өгөх гээд хаалга руу явж байсан чинь С нь “чи наад хайрыгаа гаргаж өг” орж ирэхээр чинь тооцоо бодно гээд хэлээд байсан. Би ганднаас гэртээ ороод ирсэн чинь С хамаг хувцсаа газраар шидээд “миний дотуур өмд хаана байна, чи хэндээ өгсөн” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь миний толгой руу гараараа дагз хэсэг руү 2-3 удаа цохьсон. Тэгээд би гэрээсээ гарч гүйх гэж байгаад гэрийнхээ босго нь дээр халтираад урагшаагаа уначихсан юм. Тэгсэн С намайг “гэр лүү чи ороодох” гэж миний үснээс зулгаагаад чирээд байхаар нь би “авраарай туслаарай” гэж орилоод байсан чинь гараа тавьчихсан. Тэгэхээр нь би хашааны гадаа гарч зугтаад тэгээд өөрийнхөө ээж Өлзийцэцэг рүү утсаар залгаад “С архи ууж ирчихээд агсам тавиад байна” гэж залгаж хэлсэн юм. Манай ээж цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 14-15, 16-17, 18-19х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8566 дүгнэлтэд: “...Д.Оын биед тархи, доргилт, бугуйн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 34х/
Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Оын биед учирсан тархи доргилт, бугуйн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. ...Өвдөг дээрээ гараараа тулж унах үед тархи доргилт гэмтэл үүсэхгүй, харин цохих үед үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85х/
Гэрч О.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С нь сэрчихээд эхнэрээ надтай хардаад байгаа бололтой “зайлцгаа лалруудаа, юу яриад байгаа юм бэ, муулаад байна уу” гээд орилоод эхэлсэн ба намайг “зайл” гэхээр нь би тэдний гэрээс гарсан. Тэгэхэд О намайг хашаанаас гаргаж өгсөн ба намайг гарах гэж байхад С гэрээсээ гарч ирж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/
Гэрч Л.Ундараагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О нөхөр нь агсам тавиад байхаар нь хүүхдүүдээ аваад яваад өгсөн, тэгээд нэг хэсэг гайгүй байж байгаад сүүлд 2017 оны 07 сарын 01-ний өдөр Оыг зодсон байсан. Шалтгаан нь нэг найзтайгаа хамт ирээд Сайнаа агсам тавих гээд байхаар нь О санаа зовоод тэр хамт ирсэн найзыг нь гаргаж өгөөд буцаад ороод ирсэн чинь Сайнаа нь “та хоёрыг мэднэ шүү” гээд үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод хашааныхаа үүдээр машин цуглуулаад байдаг биз дээ гэж хардаж зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/
Гэрч Н.Өлзийцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг өдөр би охин О руу 21 цаг өнгөрч байх үед 99516800 дугаар луу нь залгасан чинь цаад талд нь эрэгтэй хүн орилоод байгаа чимээ гараад байсан. “Сайнаа ирчихээд архи ууцан агсам тавиад байна” гэж хэлж байсан. Дахиад байж байтал өөрөө над руу залгаад “та цагдаа бушуухан дууд, намайг үсдэж чирээд, цохиод байна” гэж хэлсэн. Манай охин өөрөө гарч зугтаах гэж байгаад шатан дээр халтирч унаад нөхөртөө баригдчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/
Шүүгдэгч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр би хөдөөнөөс халамцуу байдалтай найз Баярмагнайгийн автомашинд дайгдаад сууж Улаанбаатар хот руу явсан. Би замдаа ганцаараа 0.33 литрийн 1 шил архи уусан. Тэгээд би нилээн согтсон ба гэрийн гадаа ирээд эхнэр О, найз Баярмагнай нар намайг сугадаж гэр лүү оруулаад орон дээр хэвтүүлсэн юм. Тэгээд би хэвтэж байгаад хэсэг хугацаанд унтчихсан байсан ба сэрсэн чинь манай эхнэр О манай найз Баярмагнайтай юм яриад байгаа нь сонсогдохоор нь уур хүрээд “та хоёр намайг муулаад байна уу” гээд Баярмагнайг зайл гээд хөөсөн. Тэгээд Баярмагнай явсан. Тэгэхэд би хэсэг хугацаанд ухаан санаа орж гараад байсан ба нэг мэдсэн чинь эхнэртэйгээ маргалдаад эхнэрийг үсдэж аваад толгой руу нь цохиж авч байснаа санаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Х.С нь эхнэр Д.Оыг хардалтын улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №8566 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Х.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Х.Сгийн хувийн байдлын талаар:
Гэрч Ц.Нармандах, Б.Нарангуа нарын мэдүүлэг /хх-ийн 26-27, 28-29х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 45х/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.О нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 18-19, 83х/
Шүүгдэгч Х.Сгийн бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Оын гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэдийгээр улсын яллагч түүнд 30 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тухай ялын санал гаргасан боловч шүүгдэгч Х.Сгийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, шүүгдэгч нь “тодорхой орлогын эх үүсвэртэй буюу мал аж ахуй эрхэлдэг, өөрийн автомашинаар хөдөө орон нутагт тээвэрт явдаг” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж мэдүүлсэн бөгөөд түүний өөрийн орлогын эх үүсвэртэй талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Нарангуагийн мэдүүлэг /хх-ийн 28-29х/, “Авто тээврийн үндэсний төв”-ийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж шүүхээс дүгнэж, улмаар түүний хувийн байдал, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Х.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж бюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ