Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/164

 

 

 

 

 

 

2023              02            08                                       2023/ДШМ/164                        

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох 2204001140105 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д-,

 

Шүүгдэгч Б.Д- нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 09-10 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Дунд байдлаг, Өлийн даваа” гэх газарт Д.Б-тай  “нутгаас хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа хоёр удаа, зүүн гарын шуу хэсэг рүү модоор 3-4 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 36 дугаар гудамжны 12 тоотод орших хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Улаанбаатар хот Налайх дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож хорих ялаар солихыг, мөн ял эдлэх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Д-д тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б-ын гаргасан 1.638.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар дурдахдаа гэрч Ё.Б-, гэрч н.Д- нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг үнэлээгүй нь хэт нэг талыг барьж шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд 3 хүн байсан бөгөөд миний үйлчлүүлэгч, гэрч Ё.Б- нарын мэдүүлгээр хохирогч өөрөө согтуу байсан, өөрөө түрүүлж ирж танхайрсан гэж тайлбарладаг. Чухамдаа хохирогчийн илтэд зүй бус үйлдэл байсаар атал шүүх түүнийг харгалзалгүйгээр огт гар хүрээгүй, хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоосныхоо төлөө шийтгэл авч буйд гомдолтой байгаа талаар миний үйлчлүүлэгч дурддаг. Улсын яллагчийн зүгээс үйлдэл холбогдол, шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад хэргийг зүйлчилж оруулж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэг явдал болсон цаг хугацаа болон орон зайн хувьд маш их зөрүүтэй байдаг. Тухайлбал, хохирогчийн мэдүүлгээр хэрэг явдал болсон цаг хугацаа бол гэрч н.Б-ийн гэрт өглөө 09-10 цагийн хооронд үйлдэгдсэн байх боломжтой байдаг, нөгөөтээгүүр 12-13 цагийн хооронд гэрч н.Д-ын гэрийг буулгахад гэрч Б- болон шүүгдэгч байсан. Тэрхүү цаг хугацаанд хохирогч мотоциклоо барьж ирээд гэрчтэй уулзсан зэрэг үйл явдлуудаас дүгнэлт хийхэд хохирогч тухайн цаг мөчид бэртээгүй, тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан нь тогтоогдож байгаа юм. Гагцхүү н.Д-оос мэдүүлэг авсан боловч тухайн цаг үед түүний гэр бүлийнхэн, гэр буулгалцаж, нүүлгэлт хийж байсан бүхий л хүмүүс тухайн хүнийг бэртсэн эсэхийг шууд утгаар дүгнэх боломжтой нөхцөл байдалтай байсаар атал мөрдөн шалгах ажиллагаанд тухайн хамаарал бүхий гэрчүүдээс мэдүүлэг аваагүй нь мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүх хуралдааны шатанд шинжээч эмчээс зарим зүйлсийг тодруулахад тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд согтуу байхдаа тээврийн хэрэгслээс унаад уг гэмтлийг авах боломжтой эсэхийг тодруулахад тайлбарлаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтээс гараа хугалсан хүн тээврийн хэрэгсэл буюу мотоцикл унаж явж чадах эсэх, гэмтэл аваад хэр хугацааны дараа өвдөлт мэдрэгддэг тухай тодруулж шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийхийг хүссэн боловч ямар ч оновчтой тайлбар хийгээгүй бөгөөд зөвхөн өөрийн бодсон зүйлийн талаар бичиж дүгнэсэн гэж тайлбарласан. Энэ бүхнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээтэй, эрх бүхий албан хаагч нэг талыг барьсан субъектив санаа гаргасан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт гаргасан байх боломжтой тухай таамаг үүссэн, үүсэх ч нөхцөлийг бүрдүүлсэн болно. Хохирогчийн хэзээ гэмтэл авсан нь туйлын тодорхой бус байгаа юм, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр согтуу мотоцикл унаад явж байсан. н.Д-ын гэрийг буулгаж байх хугацаанд тээврийн хэрэгслээ жолоодоод морио туугаад явж байсан зэрэг үйл баримтууд яригддаг. Гэтэл тэр хугацаанд хохирогч гэмтэл учирсан байх боломжтой, тээврийн хэрэгслээсээ унаад гэмтэл авсан эсэхийг тогтоох, хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай байсаар атал мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн явсан замын маршрут цаг хугацааг тооцоололгүйгээр шууд шүүгдэгчийг гэм буруутай гэж тогтоож шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Д- нь бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг, гэрч Д-, С-, А- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан. Хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй. Хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 09-10 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Дунд байдлаг, Өлийн даваа” гэх газарт Д.Б-тай  “нутгаас хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа хоёр удаа, зүүн гарын шуу хэсэг рүү модоор 3-4 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын шууны ясны хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Б-ын “...Балдангийн  хүү гартаа байсан бүдүүн модоороо миний гарын зүүн шуу хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би “миний гар эвгүй болчихлоо” гэсэн чинь дахиад 2-3 удаа нөгөө модоороо зүүн гарын шуу хэсэг рүү нэмээд цохисон. ...” /хх 19/,

гэрч Д.Д-ын “...тухайн өдөр манайхыг нүүдэл хийж байхад Б- ирээд “гар нэг л эвгүй болчихлоо” гээд явж байсан. Би эхнэртэйгээ гэрээ нүүлгэж байсан болохоор нэг их тоогоогүй. Удалгүй нэг гараараа мотоциклоо бариад ирсэн. Тэгээд “миний гар нэг л болж өгөхгүй байна” гэхээр нь би зүүн гарыг нь үзэхэд хөдөлж чадахгүй байхаар нь “хугарчихсан юм шиг байна” гээд эхнэрийнхээ хүзүүний ороолтоор сойлт хийж өгсөн чинь мотоциклоо унаад яваад өгсөн. ...Тухайн үед Б- ярихдаа “Балдан  хүүтэйгээ элбээд хүү нь модоор гар луу цохиод, тэрнээс хойш их эвгүй болоод, даагдахгүй, хэцүү байна гэж байсан. ...Тэр өдөр манайхыг хаваржаанаас нүүх гэж байхад Б- хүүтэйгээ ирж, гэр буулгаж, ачилцаж өгөөд явсан. ...” /хх 23-24/,

гэрч Д.С-ийн “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед нөхөр бид хоёр Багануур луу явсан. Тухайн үед манай дүү Б- ганцаараа үлдсэн. Өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд Б- зүүн гараа сойгоод уячихсан байсан. Юу болсон талаар асуухад “саахалт айлын Балдантай муудалцсан. Тэгсэн чинь хүүхэдтэйгээ нийлж байгаад намайг дээрэлхээд, хүүхэд нь мод аваад гар луу цохисон, тэгээд гар хугарчихлаа” гэж байсан” /хх 26-27/,

гэрч А.А-ын “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед хөдөө өөрийн төрсөн эгч болох С-ийн хонийг нь харж өгнө гээд ганцаараа мотоциклтой явсан. Орой 17 цагийн үед хадам эгч рүү над руу залгаж ....“хүнтэй зодолдоод гараа хугалчихсан юм шиг байна, мотоциклоо унаад Багануур явсан” гэж байсан. ...Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. ...” /хх 39/,

шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр учирсан байх боломжтой. Өөрөөр иртэй юманд зүүн гараа цохиулах үеэс бусад тохиолдолд өөрөө өөртөө гэмтэл учруулах боломж муутай гэж эмнэлгийн баримт, нарийн мэргэжлийн эмч, тухайн үеийн үзлэг асуумжийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. ...” /хх 51-52/,

Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 64/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Д.Б-ын биед зүүн гарын шуу ясны хөндлөн хугаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар дүгнэлт /хх 46-47/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,

79 см урттай, 3.5 см радиустай бөөрөнхий модыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Д- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д-гийн хохирогч Д.Б-ын зүүн гарын шуу хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, ...хохирогчийн хэзээ гэмтэл авсан нь тодорхой бус, явсан маршрутыг нь тогтоох ажиллагаа хийгээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Д.Б-ын “...Балдангийн  хүү гартаа барьсан бүдүүн модоороо миний гарын зүүн шуу хэсэг рүү цохисон. ...”, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр учирсан байх боломжтой. ...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж, түүнийг дамжмал байдлаар нотолсон гэрч Д.Д-ын “...Б- “миний гар нэг л болж өгөхгүй байна” гэхээр нь би зүүн гарыг нь үзэхэд хөдөлж чадахгүй байхаар нь “хугарчихсан юм шиг байна” гээд эхнэрийнхээ хүзүүний ороолтоор сойлт хийж өгсөн чинь мотоциклоо унаад яваад өгсөн. ...Тухайн үед Б- ярихдаа “Балдан  хүүтэйгээ элбээд хүү нь модоор гар луу цохиод, тэрнээс хойш их эвгүй болоод, даагдахгүй, хэцүү байна гэж байсан. ...” гэх мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй  ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Д.Б-ын нэхэмжилсэн эмчилгээний зардал болон нэг сарын хугацаанд олох байсан орлого болох 1.638.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг заахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН