Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А

Хариуцагч: Харилцаа холбоо зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т, Т.М, С.Я.

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Т.М, С.Я нар ирсэн байна, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагуудаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийтийн хэрэгцээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх ****дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг авчээ.

2.2. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2-оос 3-т заасан хуулийн этгээдийн хуулийн этгээдийн Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 4-өөс 5-д заасан хуулийн этгээдийн Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг 45 хоногийн хугацаатай тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ.

2.3. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор **** ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх *** болон Радио давтамж ашиглах **** тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон байна.

2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: **** ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос *** дугаар Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон **** дугаар радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл гэх 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус авсан. Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийг бидэнд мэдэгдэлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хороо цаашид ХХЗХ гэх 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай тогтоолоор хүчингүй болгосныг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр [email protected] хаягт ирүүлсэн и-мэйлээр бид мэдсэн. Тус шийдвэр нь бидний хувьд маш гэнэтийн шийдвэр болсон бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар манай компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, энэ нь компани төдийгүй ажилчид болон хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хохироосон шийдвэр болсон.

Харилцаа холбоо зохицуулах хорооны Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж 4.2.8 дахь хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөний дээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасны баримтлалгүй албан бичгүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрчлөгдсөн хаягаар илгээж байгаа эсэх, очих хүлээн авах эрх бүхий этгээдэд хүрсэн эсэхийг огт шалгалгүйгээр манай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайлбал манай компани Тусгай зөвшөөрөл авах үед бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүрэг, 2 хороо Сансар КаТВ байр, 2 тоот хаягт үйл ажиллагаа явуулахаа больж, хаягаа Баянгол дүүрэг, 4 хороо, Тэгш-Ундрах төв ******* тоот болгон өөрчилсөн тухайгаа 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдсэн. Гэтэл хаягаа сольсноос хойш Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай, Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай албан бичгүүдийг манай компанийн хуучин хаягт хүргүүлсэн байна.

Бид дээрх албан бичгүүдийг алийг нь ч хүлээн аваагүй бөгөөд зөвшөөрөл цуцалсан цахим шуудан хүлээн авмагцаа Харилцаа холбоо зохицуулах хорооноос тодруулж, хуучин оффисын байранд очиж олж авсан. Харилцаа холбоо зохицуулах хороо нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.8 дах хэсэгт заасан зөвшөөрөл хүсэлт зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй улмаар Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа бидэнд и-мэйл хаягаар мэдэгдсэн. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй гэсэн бөгөөд Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх нөхцөл бүрдэж, түдгэлзүүлсэн болохыг ч бид мэдээгүй. Мөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэлд заасанчлан Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14.1.2 дах хэсэгт заасан нөхцөл байдал бүрдээгүй байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: **** ХХК тусгай зөвшөөрлөө аваад өөрийн зорьж байснаар үйл ажиллагаагаа явуулах боломж гараагүй. Хоймор оффист тусдаа оффис түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэвч COVID-19 цар тахал гарсан. Энэ 2 жилийн хугацаанд төлөвлөж байсан шигээ ажиллах ямар ч боломж, нөхцөл гараагүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхой хэмжээнд мэдээллүүдээ аваад явж байсан. Гэвч хаягийн шилжилт болсон. Ажиллуулахын хувьд нэлээд зорьж эхлүүлсэн. Сансар кабелийн телевизийн Чингэлтэй уул дээр байрладаг антен дээр анхны антенаа байрлуулаад өндөр өртөгтэй эхлүүлж байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээ, шаардлагуудаа ихэвчлэн мэйлээр аваад явж байсан. Мэйл хөтлөлтөө би өөрөө байнга шалгадаг байсан. Хаягийн шилжилт болсныг бүртгүүлээгүй асуудлаас үүдээд мэдээллүүдийг цаг тухайд авч чадаагүй. Хоёр талд хардлага байгаа байх. Мэдэж байсан байж хариуцлагагүй хандсан гэдэг өнцөг байгаа байх. Хайнга хандах байсан бол бид нар шүүхэд хандаж аль аль талын нөөц, цаг хугацаа, хөрөнгө санхүү зарцуулах шаардлагагүй. Хэрвээ бид нарт мэдэгдсэн бол, бид нарыг хэрэглэгч гэдэг үүднээс нь ямар нэгэн байдлаар мэдээллийг мэйлээр, утсаар, харилцаа холбооны хэрэгслүүд дээр нэг гэсэн удаа ч мэдэгдсэн бол өөрийн эрх ашгаа хамгаалах боломж олдох байсан. Нэг ч удаа манайхаас хариу ирэхгүй байхад, нэг ч удаа асуудлууд гарахгүй байхад болох ёстой процессоор нь дуусгасан. Хэрэглэгч гэдэг үүднээс хандаагүй. Тодорхой хэмжээнд бидний эрх ашгийг хамгаалж ажиллах өнцөг харагдаагүй гэж харж байна. Сүүлийн тусгай зөвшөөрөл цуцаллаа гэдгээ мэйлээр явуулсан байсан. Бусад мэдээллүүдийг өгөөгүй, хуучин хаяг руу мэдээллүүд ирсэн гэсэн. Үүн дээр Харилцаа холбооны зохицуулах хороог хэрэглэгчийн эрх ашиг талаас нь арай өөр түвшинд ажиллах ёстой байсан болов уу гэж бодож байна. Процессынхоо дагуу явуулаад хураагдсан бол эрх ашгаа хамгаалаад, нотлох баримт мэдээллүүдээ гаргаж явсан бол бид нар гомдол, санал гарахгүй байсан. Хамгийн гол нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломж гарахгүйгээр зөвхөн цуцлагдлаа гэдгийг мэйлээр ирүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хороонд эвлэрэх хүсэлтээ гаргаад материал баримтуудаа өгөөд уулзалт зохион байгуулж холбогдох албан тушаалтнуудтай нь уулзсан. Процессын алдаа байсан гээд аль аль талынхаа нөхцөл байдлуудыг ойлголцоод ярьчихсан. Хурлын гарсан шийдвэрт хэрвээ танайхтай эвлэрвэл эвлэрсэн шалтгаанаа бид нар тайлбарлах ёстой болдог. Эвлэрэх ёстой шалтгаанаа тайлбарлахад бид нарыг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, авлигад өртсөн үү гээд маш их хардлага явдаг гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнээс харахад ч тэр хэрэглэгч юу гэхээсээ илүүтэй өөрсдөө алдаа гаргахгүй байвал хэрэглэгчийн нөхцөл байдал яаж шийдэгдэх, энэ хүмүүсийн эрх ашгийг бид нар хангаж ажилласан уу гэдэг дээр дахиад тэр хэв маяг ажиглагдаж байна. гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үзэж байна. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу зохих журмаар хийгээгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны зорилго нь оролцогч талуудыг буюу захиргааны шийдвэрээс улбаатай эрх ашиг нь зөрчигдөх гэж байгаа этгээдээс тайлбар авах, санал гаргах боломжийг олгох ажиллагаа. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх нөхцөл байдал үүслээ гээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сонсох ажиллагааны мэдэгдэл болон түдгэлзүүлэх тогтоол, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагааны мэдэгдэл зэргийг нэхэмжлэгчид хүлээж аваагүй, нэхэмжлэгчид зохих ёсоор мэдэгдлийг ирүүлээгүйн улмаас сонсох ажиллагаа өөрөө зорилгодоо нийцээгүй, зөвхөн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэсэн нөхцөлөөр энэ ажиллагаа дууссан. Энэ ажиллагаанаас шалтгаалж бид нар оролцож чадаагүйн улмаас өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаж чадаагүй, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүйн улмаас өнөөдөр тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл байдалд хүрсэн нь сонсох ажиллагаа, захиргааны шийдвэр гаргахад шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэтэл сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдаагүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар баримтжуулж баталгаажуулаагүй гэж үзэж байна. Хариуцагч талаас шуудангаар сонсох ажиллагааны мэдэгдэл болон тогтоолуудыг хүргүүлсэн гэж тайлбарладаг хэдий ч тухайн шуудангийн мэдэгдэл нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд, нэхэмжлэгчийн буюу **** ХХК-д ажилладаг ажилтнуудад зохих ёсоор хүргэгдээгүй. Зөвхөн шуудангаар хүргүүлэхээс гадна цахимаар болон утсаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Энэ арга хэмжээг аваагүй. Хамгийн сүүлийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай тогтоол цахимаар ирсэн. Анхнаасаа цахимаар мэдэгдсэн бол бид нар хүлээж аваад тодорхой арга хэмжээ аваад өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байх боломж байсан.

Маргаан бүхий ******* дүгээр тогтоол эрх зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. ******* дүгээр тогтоолыг үндэслэсэн хууль зүйн үндэслэлийг нь аваад үзвэл Зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио долгионы тухай хуулийг үндэслэж энэ тогтоолыг гаргасан байдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн үндэслэсэн заалтыг нь харвал Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйл болон Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр зөвхөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдэг заалтыг үндэслэсэн байгаа юм. ******* дүгээр тогтоолын үндэслэлийг харвал Зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн. Гэтэл Зөвшөөрлийн тухай хууль тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гээд маш тодорхой заачихсан байдаг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой тухайлсан хууль болох Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйл, радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар бичгээр гаргах захиргааны актад бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Энийг тодорхой заагаагүй буюу тусгайлан хуулиар зохицуулсан харилцаанд тусгай зөвшөөрөл хүчингүй болгох нөхцөл байдал бүрдээгүй байхад ийм шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нэг үндэслэл нь түдгэлзүүлсэн хугацаанд холбогдох арга хэмжээ аваагүйн улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа нөхцөл байдал байгаа. Түдгэлзүүлэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг 6.1-д заасан зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй эсвэл үйл ажиллагаа зогсоосон гэдэг нөхцөл байдлыг үндэслээд түдгэлзүүлсэн гэж харж байгаа. 2 жилийн хугацаа болоогүй байсан. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж тусгай зөвшөөрлөө авсан. Үүнээс хойш COVID-19 нөхцөл байдал үүссэн. COVID-19 нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үйл ажиллагаа эрхлээгүй гэдэг хугацаанд тооцохооргүй хугацаа. COVID-19-ийн нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй буюу түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй байхад түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үндэслэлүүдээс харвал нэхэмжлэгчийг радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлүүдийг дурдсан байдаг. Нөхцөл шаардлагыг зөрчөөд, зөрчил илэрсэн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо эхний ээлжид сануулах арга хэмжээ авах ёстой байсан. Сануулах арга хэмжээ аваад ямар зөрчил гарсан, энэ зөрчлөө хэрхэн яаж арилгах вэ гэдэг шийдвэрийг оролцогч талуудад мэдэгдэх үйл ажиллагаа хийх ёстой байтал түдгэлзүүлэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна.

2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албан бичгийг манайхаас Харилцаа холбооны зохицуулах хороо руу илгээсэн байдаг. Энэ албан бичигт хаягаа сольсон нөхцөл байдлаа илэрхийлээд хаяг сольсны улмаас албан бичиг зохих ёстой хүнд нь очихгүй байх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг тодорхой дурдсан байдаг. Гэтэл энэ албан бичгийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дараа Харилцаа холбооны зохицуулах хорооноос түдгэлзүүлэх тогтоолыг гаргасан. Нэхэмжлэгч манай бичгийг хүлээж аваад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж болох юм байна гэдэг ойлголттой байсан. Гэтэл хариуцагч түдгэлзүүлэх тогтоол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмыг зөрчсөн. Хүчингүй болгох тогтоол гаргаснаар өмнөх түдгэлзүүлсэн ******* дугаар тогтоолын актын үйлчлэл дуусгавар болоод эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон гэж үзээд зөвхөн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжлэл анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгосон ч ******* дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байх юм биш үү гэдэг асуудал хөндөгдсөн учраас ******* дугаар тогтоолыг буюу түдгэлзүүлэх тогтоолыг ч гэсэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох биш илт хууль болохыг тогтоолгохоор гаргасан. Илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа шалтгаан бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Яагаад эрх зүйн үндэслэл байгаагүй вэ гэхлээр Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа зогсоосон гэдэг нөхцөл байдал анхнаасаа бүрдээгүй байсан. COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотой үйл ажиллагааг зогсоосон нөхцөл байдал бий болсныг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдсан. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгочихвол үйл ажиллагаа явуулж болно гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа. Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй гээд радиогийн өргөн нэвтрүүлгийн тайланг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас ойлгож байгаагаар суурин хэмжилтийн зорилго өөрөө стандартын шаардлага хангуулах, технологийн норм горимыг мөрдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор энэ ажиллагаа хийгдэж байгаа юм. Хэрвээ зөрчил илэрсэн бол тэр зөрчлийг хэрхэн засах вэ гэдэг мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх ёстой болохоос биш шууд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй. Тусгай зөвшөөрөл цуцлагдсанаараа нэхэмжлэгчийн эрх ашиг шууд зөрчигдөж байгаа. Радио сонсогчдын тоо бусад хүнтэй харьцуулахад бол маш бага. Радиог ихэвчлэн тээврийн хэрэгсэлд сонсдог нөхцөл байдал байгаа. Монгол Улсад явж байгаа япон автомашинд манай 94,5 гэдэг радио шууд явдаггүй. Дахин дамжуулах станц буюу 76-87 гэдэг давтамжийг дахин дамжуулах стандартаар буюу өмнө нь тусгай зөвшөөрөл олгочихсон байгаа этгээдүүдэд олгох замаар үйл ажиллагааг нь өргөжүүлэх шинэ сонгон шалгаруулалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан. Нэхэмжлэгчийн хувьд 2023, 2024 оноос эхлээд үйл ажиллагаа тогтвортой хэрэгжинэ, тусгай зөвшөөрлөө авсан зорилгоо гаргана гэдэг зорилготой ажиллаж байсан. Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул нэхэмжлэгч талаас гомдолтой байна. гэв.

7. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 6.1 дэх хэсэгт Зөвшөөрлийг түдгэлзүүлэх сэргээх 1-д Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ 1.1 дэх хэсэгт зааснаар Зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, 1.3 дах хэсэгт Зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон гэж заасны дагуу Зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот албан бичгээр түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн тухай сонсох ажиллагаа мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн. Мэдэгдэлд Сонсох ажиллагааны тайлбараа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын дотор бичгээр ирүүлэх талаар дурдаж уг албан бичгийг шуудангаар илгээсэн.

**** ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/09 тоот албан бичигт тодорхой хөрөнгө оруулалт хийж ФМ радиогоо 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн ажиллуулна. Тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэхгүй байж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт ирүүлсэн ч үйл ажиллагааг эхлүүлэхээр хийгдэж байгаа ажил төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын тухай тайлбар нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй. Тиймээс дээрх тайлбарыг шаардлага хангахгүй гэж үзэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг 45 хоногийн хугацаатай түдгэлзүүлэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/356 тоот албан бичгээр **** ХХК баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол гарснаар хойг тогтоосон хугацаанд буюу тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн хугацаанд **** ХХК-иас зөрчлөө арилгаж зөвшөөрлүүдийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй мөн тус хорооны радио давтамжийн суурин хяналтын мэдээгээр үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа нь тогтоогдсон. Тиймээс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/563 дугаартай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2 дах заасан үндэслэлээр хүчингүй болох нөхцөл бүрдсэн тухай сонсох ажиллагааг явуулан мэдэгдлийг шуудангаар хүргүүлж хариу тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын дотор бичгээр авах тухай дурдсан болно. Тус сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан 30 хоногийн хугацаанд бичгээр санал, тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй тул Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тогтоолоор **** ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн. гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахаасаа өмнө 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот бичгээр холбогдох эрх зүйн үндэслэлээ маш тодорхой хэлсэн байгаа. 2021 оны COVID-19 нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэж тодорхой дурдсан байсан. Сонсох ажиллагааны үндсэн үндэслэл хэсэг дээр бид нар мониторингийн дүнгээ 2021 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулахгүй байна. Тодорхойгүй хугацаагаар хөтөлбөр дамжуулалтаа зогсоосон байгаа нь манай радио давтамжийн хэмжилтээр илэрхийлэгдсэн нь тогтоогдсон байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д Монгол Улсад үйл ажиллагаа явж байгаа бүх радио телевизүүдэд үйл ажиллагаанд тогтвортой явж байна уу гэдгийг бид нар тасралтгүй ажиллагааны тайлангаар гаргадаг. Харилцаа холбооны үйлчилгээ тасралтгүй байх ёстой гэдэг зарчим нэгдүгээрт үйлчилдэг. Энэ хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа нь явж байна уу гэдгийнхээ хувьд телевизүүдийн хувьд мониторинг, радиогийнхны хувьд тогтмол хяналтын станцаараа хийдэг. Сонсох ажиллагаа өөрөө 02 сарын 13-нд гараад үйлчилгээ эрхлэгчдэд маань холбогдох тайлбар, мэдээллийг 03 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 минутын дотор буюу нэг сарын хугацаа өгсөн байдаг. Энэ хооронд үйлчилгээ эрхлэгч хариу тайлбар ирүүлээгүй. 03 сарын 14-нд хариу тайлбараа өгсөн. 12 өдрийн дараа бид нарт үйлчилгээгээр ирүүлнэ гэсэн боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байсан. Түдгэлзүүлэх тогтоол дээр **** ганцаараа биш байгаа. 5 үйлчилгээ эрхлэгч байсан. 5 үйлчилгээ эрхлэгч холбогдох тайлбар, нотлох тайлбараа хугацаанд нь ирүүлдэг. Энэ нь нөгөө талаар үйлчилгээ эрхлэгчийн өөрийнх нь хариуцлагагүй байдал гэдгийг анхаараарай. Хугацаан дээр тоглолт хийгээд байгаа харагдаж байна. Бид нар албан бичгээ хүргэсэн хугацаа, албан бичиг дээр заасан хугацаагаараа бүх юмыг тоолж байгаа. Захиргааны байгууллага мэдэгдэх үүрэгтэй, сонсох ажиллагааг хийх ёстой. Гэхдээ энэ үүргээ бид нар заавал гурван хэлбэрээр явуулна гэдэг хуулийн шаардлага байхгүй. Бид нар шуудангаар хүргүүлсэн. Давхар баталгаажуулна гэдэг хуулийн шаардлага байхгүй. Зохицуулах хорооны түвшинд тусгай зөвшөөрөлтэй 700 гаруй үйлчилгээ эрхлэгч, энгийн зөвшөөрөлтэй хоёр мянга гаруй хэрэглэгч, нийтдээ гурван мянга орчим үйлчилгээ эрхлэгчийн хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг. Тухай бүрд нь утсаар ярих бодит боломж байхгүй гэдгийг шүүх ойлгоосой гэж хүсэж байна. Байгууллага өөрөө хариуцлагатай байна. Удирдлагын байнга оршин сууж байгаа хаяг, байршил өөрчлөгдсөн тохиолдолд бидэнд мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь гэрээнд заагдсан байгаа.

**** ХХК тайлбараа ирүүлсэн. Гэхдээ тайлбар нь нотлох баримтгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эрх зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй. Тайлбарыг баталгаажуулах ёстой. Бусад үйлчилгээ эрхлэгч нар хариуцлагатай ханддаг. 03 дугаар сарын 17-нд бид нар ******* дугаар тогтоолоор түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Түдгэлзүүлэхдээ 45 хоногийн хугацаа өгсөн. Түдгэлзүүлэх шийдвэрээ бид нар мөн адил тогтоолыг үндсэн эх хувиар нь манай хорооны хуралдааны нарийн бичгийн даргаас үйлчилгээ эрхлэгч рүү тус бүрт нь явуулсан байдаг. 03 дугаар сарын 20-ны өдөр явуулсан байна. 45 хоногийн хугацаанд нэхэмжлэгч ямар ч харилцаа холбоо байхгүй, бид нартай эргэж холбогдоогүй. Тиймээс хүчингүй болгосон. Зөвшөөрлийн тухай хуульд түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан. Хүчингүй болгосон сонсох ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 01-ний *** тоот албан бичгээр хийсэн. Мөн агуулгуудаа маш тодорхой дурдсан, тогтоосон хугацаанд тайлбар мэдээллээ ирүүлээгүй байна. 45 хоног дуустал бид нар хүлээгээд ямар нэгэн шийдвэр холбогдол байхгүй байсан учраас хүчингүй болгох тогтоолоо ******* дүгээр тогтоолоор гаргасан. Нэхэмжлэгч нар тайлбартаа бид нар хуульд заасан үйл ажиллагаагаа 2 жилийн хугацаанд явуулаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж байна. Манайх анхны сонсох ажиллагаа 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 19 тооцож байгаа. Механикаар гаргачихгүй, хоёр жил бол хоёр жилээ бид нар барина. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Зөвшөөрлийн тухай хуулийг эшлэх шаардлагагүй, нарийвчилсан хуулийн харилцаа гээд агуулга ярьж байх шиг байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа үндсэн толгой хуулиа барьсан.

Манай хорооноос гарч байгаа бүх хууль дээр Зөвшөөрлийн тухай хуулийн үндсэн харилцааг зохицуулсан эрх хэмжээг оруулдаг. Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуулиудаа тогтмол эшилж явдаг. Мгаас Захиргааны хэргийн шүүхээс тодорхойлолт авсан байдаг. Энэ дээр нэр бүхий таван хүний нэр дурдагдаж байгаа. Энэ таван хүнд гардуулсан бол бид нар үүргээ гүйцэтгэсэн гэж бид нар үзэж байгаа. Нэхэмжлэгч тал дээр хэн нэгэн этгээд байхгүй байсан бол этгээд нь байхгүй гээд шуудангаас манайд тайлбартай ирдэг. Эргэж ирээгүй учраас хариуг хүргүүлсэн гэдэг агуулгаар яваад байсан. Захиргааны байгууллагынхаа гаргаж байгаа эрх хэмжээг итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хувьд хамгаалах үүрэгтэй. Манайх Захиргааны ерөнхий хуулийн агуулгыг дээд зэргээр сахиж хамгаалдаг байгууллага. Бид нар ямар ч шийдвэр гаргасан сонсголын боломжит бүх хугацааг өгдөг. гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус компаниас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатаа анх тусгай зөвшөөрлийг 2020 онд авсан гэдэг. Тусгай зөвшөөрлийн түүхээс дурдвал зохицуулах хорооноос **** ХХК-ийн эзэмшиж байсан хоёр тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сард *** ХХК-д олгосон. 2019 оны 02 дугаар сард даргын ******* тоот тушаал удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн. Улаанбаатар хотын бүх радиод Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсантай холбогдуулаад үйлчилгээ эрхлэгчдэд хяналт, шалгалт хийсэн. Тэгэхэд 2017 онд авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тэгээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох сонсох ажиллагаа хийж байсан. Хүчингүй болгох сонсох ажиллагааны хариуд манайх БНХАУ-тай гэрээ байгуулаад тоног төхөөрөмж бэлтгэж байгаа гээд гэрээний хуулбар ирүүлсэн. Дотроо бүтэц зохион байгуулалт шилжээд **** ХХК үйл ажиллагаа эхлүүлнэ гээд төлөвлөгөө гаргаж ирүүлсэн учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй. Тусгай зөвшөөрлийн сунгалт болоход үйл ажиллагаа 2019 онд мөн л олон дахин тасалдсан. Тэр үед нь албан бичиг, мэйл хүргүүлж байсан. 2019 онд тусгай зөвшөөрлийн сунгалт дээр хэдийгээр үйл ажиллагаа доголдож байгаа ч гэсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна гэдгийг нь харгалзаад тусгай зөвшөөрлийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг нь сунгасан. Гэвч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа зогсоосон нь холбогдох хэмжилтүүдээр тогтоогдсон. Цар тахалтай үед нэхэмжлэгч компанид үйл ажиллагаа явуулах тодорхой хугацаа олгосон. Цар тахлын үед үйл ажиллагаа доголдсон, зогссон газруудад манай зүгээс анхааруулга, сонсох ажиллагаа хийгээгүй. Тус компани руу статистик тайлан мэдээ ирүүлэх талаар 2022 оны 06 дугаар сарын ******* тоот албан бичиг, 08 дугаар сард дахин ******* гээд албан бичгүүдээр мэдэгдсэн боловч статистик тайлан мэдээ ирүүлээгүй тул 08 дугаар сарын 22-ны өдрийн 051213 тоот албан бичгээр түдгэлзүүлэх нөхцөл бүрдэнэ, хугацаандаа мэдээ тайлангаа ирүүл гэсэн мэдэгдэл хүргүүлж байсан. Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсантай холбогдуулаад тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу эзэмшлийн мэдээллийг жил болгоны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэх ёстой байдаг. Тус хорооноос эзэмшлийн мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг хоёр удаа явуулсан. Гэвч эзэмшлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй. Өргөн нэвтрүүлгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг зохицуулах хороонд гаргаж өгөөгүй, эсхүл нуусан тохиолдолд цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компанид 2022 оны 12 дугаар сарын 01-ний албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08232 тоот албан бичгээр тус тус мэдэгдэл ирүүлж байсан боловч хариу ирүүлдэггүй. Анхны түдгэлзүүлэх, сонсох ажиллагааны хариуд 04 дүгээр сар гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн. Бид нар тусгай зөвшөөрөлд хангалттай хугацаа олгосон. Үйл ажиллагаагаа эхэлсэн, эхэлсэн нь мониторингийн тайлангаар тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох сонсох ажиллагаа хийгдэхгүй байсан. Түдгэлзүүлэх сонсох ажиллагаа хүргүүлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4-д радиогийн үйлчилгээ эрхлэгч нь хууль, гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн бүрэн зогсоохгүй байх, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь хуульд заасны дагуу эфирийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Танайх өргөн нэвтрүүлгийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.1.8-д заасан чиг үүргийн дагуу хийж байгаа хяналт, мониторингоос 2021 оны 6 сараас хойш одоог хүртэл үйл ажиллагаа нь явуулахгүй байна гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбар өгч байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй., Хариуцагчаас ... Маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хариуцагчаас холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд холбогдох хууль, тогтоомжид заасан журмын дагуу маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан тул актууд үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.**** ХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгчийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.1.Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийтийн хэрэгцээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх **** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай авчээ.

4.2.Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх *** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай авсан байна.

4.3.Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг авсантай холбогдуулан **** тоот радио давтамж ашиглах зөвшөөрлийн, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээнүүдийг 5 жилийн хугацаатай байгуулжээ.

4.4.Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай ****дугаар албан бичгийг нэхэмжлэгч **** ХХК-д хүргүүлсэн байна.

4.5.Дээрх албан бичигт:Танай компани нь 2021 оны сүүлийн хагаст радиогийн үйл ажиллагаа зогсоосон тухай мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22/05 тоот албан бичгээр тус хооронд ирүүлсэн.

Радио нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31.3.4-т Радиогийн үйлчилгээ эрхлэгч нь хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх, Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-т (Радиогийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сар бүр 99.8%-аас доошгүй байх) заасны дагуу эфир тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

Гэвч танай радио нь тус хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.1.8-д заасан чиг үүргийн дагуу радиогийн хөтөлбөрт хийгддэг хяналт, мониторингоор 2021 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулахгүй, тодорхойгүй хугацаагаар хөтөлбөр дамжуулалтаа зогсоосон байгаа нь тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 ба 1.3 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад заасны дагуу түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг баримтлан сонсох ажиллагааг явуулж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад заасны дагуу сонсох ажиллагаатай холбоотой тайлбараа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын дотор албан бичгээр ирүүлнэ үү. гэжээ.

4.6.М ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Тодорхойлолт ******* дугаар албан бичгээс үзвэл дээрх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаар албан бичгийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлж, иргэн н.Г гардуулсан байна.

4.7. РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 94.5 мгц радио давтамжтай FM радио нэвтрүүлэх станцад хийсэн суурин хяналтын тайлангаас үзвэл, нэхэмжлэгч **** ХХК 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй буюу суурин хяналтын станцад хэмжилт хийгдээгүй байна.

4.8.Нэхэмжлэгч **** ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Манай компани нь Ухаалаг Радио 94.5-ийг эзэмшдэг бөгөөд Ковид-19 өвчин эдийн засгийн хямрал, хөл хорио зэрэг хүчин зүйлсийн улмаас 2021 оны сүүлийн хагасаас эхлэн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.Мөн ФМ радиогийн үйл ажиллагаа эрхэлж байсан түрээсийн байраа сольсноос үүдээд зарим албан бичиг хуучин хаягаар очиж гээгдсэн байх магадлалтай байгаа нь бидний зүгээс зарим албан бичигт хариу хүргүүлэх боломжгүйд хүрсэн.

Ирэх сараас эхлэн ФМ радио эрхлэгчийн зүгээс болон ФМ радиогийн зах зээлд өрсөлдөгчийн хувьд чанартай үйлчилгээ үзүүлэх, өрсөлдөөнд тэргүүлэгчийн хувиар оролцохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж ФМ радиогоо 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн ажуулахаа энэхүү албан бичгээр мэдэгдэж байна.

Иймд манай радио ФМ радиогийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй байж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. гэх агуулга бүхий албан бичгийг хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

4.9.Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг гаргажээ.

4.10.Уг тогтоол нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн нэхэмжлэгч **** ХХК-ийн Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 45 хоногийг хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

4.11.Хариуцагч нь дээрх тогтоолыг М ХК-аар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлж, иргэн н.С гардуулсан байна.

4.12. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх,1.Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:,1.3.зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон., Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх, 9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:,9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;,Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх,14.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 14.12-т зааснаас гадна дараах үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлнэ:, 14.1.1.Зохицуулах хорооны хяналт, мониторингийн тайлан, шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон; гэж тус тус заажээ.

4.13.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл авснаас хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрхтэй байна.

4.14.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг авснаас хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

4.15.Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг захиргааны акт илт хууль бус байх захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх шинжийг агуулсан гэж тайлбарлан маргаж байна.

4.16.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл.Захиргааны акт илт хууль бус болох, 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заажээ.

4.17.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.

4.18.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгчийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.1.Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай 01/563 дугаар албан бичгийг нэхэмжлэгч **** ХХК-д хүргүүлсэн байна.

5.2.Дээрх албан бичигт:Танай **** ХХК-ийн Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх *** тоот, радио давтамж ашиглах 2*******00184 тоот тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан үндэслэлээр тус хорооны 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолоор 45 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн ба түдгэлзүүлсэн тухай тогтоолыг Хорооны хуралдааны нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/356 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагааг эхлүүлсэн тухай хариу тайлбар ирүүлээгүй тул Зөвшөөрлийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг уг хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулж байна.

Дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагаас өмнө зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбарыг тус хороонд бичгээр ирүүлэх нь нээлттэй болно. Хэрэв тайлбар, нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлээгүй, ирүүлсэн тайлбар, нотлох баримт шаардлага хангахгүй бол танай тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн хүчингүй болгохыг анхаарна уу. гэжээ.

5.3.М ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Тодорхойлолт ******* дугаар албан бичгээс үзвэл дээрх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/563 дугаар албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлж, иргэн н.Н*******т гардуулсан байна.

5.4.Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дугаар тогтоолыг гаргажээ.

5.5.Уг тогтоол нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Радио долгионы тухай 51 дүгээр зүйлийн 51.1.8 дахь заалтыг тус тус үндэслэсэн нэхэмжлэгч **** ХХК-ийн Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.6.Хариуцагч нь дээрх тогтоолыг М ХК-аар дамжуулан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлж, иргэн н.Мөнхбатад гардуулсан байна.

5.7. Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйл.Эрх бүхий этгээдийн бүрэн эрх,1.Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:,1.1.энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах;,Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх, 9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;,Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 16 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,16.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно., 30 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг,30.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:,30.1.10.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;, Радио долгионы тухай хуулийн 5дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх, 51.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 51.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; гэж тус тус заажээ.

5.8.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих эрхтэй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна. 

5.9.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж, зөрчлөө арилгаж, үйл ажиллагаа хэвийн явуулах талаар хугацаа олгосон байхад нэхэмжлэгч нь тухайн хугацаанд зөрчлөө арилгаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулаагүй байх тул маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв. 

5.10.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч **** ХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 6.1 дүгээр 1.3 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг,Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2,Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 30 дугаар зүйлийн 30.1.10, Радио долгионы тухай хуулийн 5дүгээр зүйлийн 51.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** ХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ