Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.Пид холбогдох 201726011083 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “” харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт Ч.П /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.П нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Цгийн өмчлөлийн Митсубиши колт маркийн УНЧ улсын дугаартай автомашиныг хулгайлсны улмаас 4.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10-24 тоотод оршин суух иргэн Д.Бгийн хувийн байшинд цонхоор нь нэвтрэн орж түүний өмчлөлийн 49 инчийн ТСЛ брэндийн зурагтыг хулгайлсны улмаас 1.100.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.П нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн  болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

Шүүгдэгч Ч.П нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green” нэртэй зочид буудлын гаднах зогсоол дээр байсан иргэн Ц.Цгийн эзэмшлийн Митсубиши колт маркийн  УНЧ улсын дугаартай автомашиныг хулгайлж,  4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү уг машиныг надаас авах гэж байгаа бөгөөд гадуур гарахдаа унаж явдаг. Манай дүү 2017 оны 06 дугаар сарын дундуур машиныг маань эвдчихсэн гээд хашаанд тавьчихсан байсан. Дараа нь засуулсан гээд унаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162х/

 

Эд зүйлийн үнэлгээнд: “Мицубиши Колт маркийн автомашин – 4.500.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 94х/

 

            Иргэний нэхэмжлэгч “Универсаль секьюрити”ХХК-ны төлөөлөгч Х.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  02-нд шилжих шөнө 02:50 цагийн үед Цамбагаравын урд талын зам дээр баруун тийш Хархорингийн чигт 3 дугаар эгнээгээр хамгаалагч Даваамөнхийн хамтаар явж байхад Цамбагаравын хойд талын автобусны буудлын баруун талд байх уулзвараас уг  УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Мицубиши Колт маркийн автомашин чигээрээ гарч ирээд манай компанийн баруун урд кралан хэсэгт мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64х/

 

Гэрч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр би хоёр найзын хамт Сонгинохайрхан дүүргийн Саппоро төвийн ард байдаг буудалд орсон. Буудалд байж байгаад манай хоёр найз явлаа гэхээр нь хамт гарахаар машины түлхүүрээ хайтал олдоогүй. Гайхаад буудлаас гараад машинаа хартал буудлын үүдэнд тавьсан байсан машин маань алдагдсан байсан. Би тэр даруйдаа цагдаад мэдэгдэж тухайн үед буудалд байхад манай хоёр найз дээр ирээд явсан 3 залууг сэжиглэж цагдаагаас “Өнөр” буудлын хяналтын камерын бичлэгийг шүүгээд нөгөө 3 залууг авч байна уу гэдгийг хараадах гэхээр нь камерыг шүүж үзэх гэсэн боловч төхөөрөмжийнх нь хулгана байхгүй маргааш шүүхээр болсон. ...миний машиныг Цамбагаравын Рич баарны урд талын уулзвар дээр хамгаалалтын албаны машинтай мөргөлдсөн байхад нь таараад над руу утасдаж хэлсэн. Би яваад очтол миний машиныг П гэх залуу хулгайлсан байсан бөгөөд буудалд байхад би машины түлхүүрээ цонхны тавцан дээр тавьсан байсныг гаднаас аваад машин хулгайлан унаж явахдаа мөргөлдөж, зам тээврийн осол гаргаад баригдсан. Маргааш өдөр нь Нармандах байцаагч миний хэргийг шалгаж намайг машиныхаа үнэлгээг хийлгэчих гэхээр нь би Вьетнам засвараас засварын үнэ асуухад 600.000 төгрөг болно гэсэн. П хохирлоо барагдуулъя гэр нь 1 дүгээр хорооллын арын дэнжид байдаг гэрт 1 сая гаран мянган төгрөгний том зурагт байгаа тэрийгээ ломбарданд тавиад өгье гэхээр нь би өөрийн машинтайгаа гэр лүү нь явсан. П гэрийнхээ гадаа очиход гэр нь цоожтой байхаар нь би за явъя буцаад цагдаа руу очъё гэсэн чинь за байж бай би ороод зурагтаа аваад гараад ирье ах надад авч өгсөн миний зурагт, байшин байгаа юм гэж хэлээд ороод удаагүй буцаж гарч ирэхдээ хар өнгөтэй нилээн том зурагт гаргаж ирээд Хархорины 19 дүгээр байрны ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 450.000 төгрөгийн барьцаанд тавиад надад 450.000 төгрөгийг өгсөн. Тэгээд Пийн аав нь над руу утасдахаар нь энэ тухай аавд нь хэлэх гэхэд намайг битгий хэл би ахад ломбардны бичгээ өгчихнө гэхээр нь хэлээгүй. Нармандах байцаагч Пийг аавд нь хүлээлгэн өгчихөөрэй аав нь ч гэсэн наадахаа байлгаж байгаарай гэсэн болохоор нь аавыг нь ирэхэд Пийг хүлээлгэн өгөөд үлдэгдэл 150.000 төгрөгийг орой дансаар эгч нь төлж барагдуулсан. Би Пийг хулгай хийснийг мэдээгүй, өөрөө надад гэрээсээ авч байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40, 82х/

 

Гэрч Ш.Чүлтэмсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ломбардны бичгийг олоод сэжигтэй санагдахаар нь манай эхнэрийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох Ганбаатарын Сонгинохайрхан дүүргийн 302 дугаар хороонд байдаг гэрт нь очихонд тэдний байшингаас зурагт нь алга болсон байсан. ...Тэгээд би тэр ломбарданд зурагт тавьсан мөнгийг байцаагчид нь өгөөд зурагтыг байцаагчаар дамжуулан Ганбаатарт буцааж авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №726 дүгнэлтэд: “...Ч.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.П нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Ч.П нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Ч.П нь СЭМҮТ-н хяналтанд байдаг гэх баримт, мэдээлэлгүй байна. Ч.П нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Пид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаарлагагүй байна. Ч.Пид оюуны хомсдлын шинж тэмдэг үгүй байна. Ч.Пийн IQ нь шинжилгээгээр 76 хувь буюу хэвийн үзүүлэлттэй байна...” гэжээ. /хх-ийн 51-52х/

 

Пийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “... Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн баруун талын хашааны хаалгаар орсон гэж зааж байх ба хаалгаар ороход сургуулийн хойд талд байх улаан өнгийн тоосгон байшингийн урагш харсан гадуураа хаалт төмөртэй 160х275 см хэмжээтэй байв. Уг газраар машины түлхүүрийг авсан гэж Ч.П зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн үргэлжилсэн буудлын хойд талд очиход “Green” нэртэй зочид буудлын арын бетонон ил зогсоол дээр хулгайлсан Мицубиши Кольт машин байсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг газраас гарч машинтай мөргөлдсөн гэх газар луу явахад Цамбагаравын хойд талын автобусны буудлаас баруун зүгт автобусны 1 дүгээр эгнээнд замын тусгаарласан цацруулагчтай саадын төгсгөлд мөргөлдсөн газар гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...зурагт хулгайлсан гэх газрыг зааж чадна гэсний дагуу заалган явахад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуут 10-24 тоот гэх ертөнцийн зүгээр урд зүгт харсан цагаан өнгийн төмөр хаалга бүхий модон хашааны хаалгаар орсон гэж зааж байх ба хаалганы хажууд хохирогч Б.Даваадоржийн машин байсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэжээ. /хх-ийн 29-34х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн давтан үйлдлээр, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10-24 тоотод оршин суух иргэн Д.Бгийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн ТСЛ брэндийн зурагтыг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9х/

 

Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед би ...гэрээсээ гараад “Богд ар” хороололд охин Баярмаагийн гэрт очиж тэндээ хоносон. Гэрт хүн үлдээгүй эзэнгүй байсан бөгөөд маргааш өдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хаагаад явсан байшингийн жижиг өрөөний цонх онгойсон, хаалганы цоожинд эвдрэл гэмтэлгүй, хэвийн байдалтай байсан ба гайхаад дотогшоо ороод том өрөө рүүгээ хартал хананд өлгөөтэй байсан 49 инчийн ТСЛ маркийн зурагт маань байхгүй алдагдсан байсан. Ингээд гэрт хулгай орсныг мэдээд тэр даруйдаа цагдаад хандсан. ...Зурагтаа би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан ТСЛ маркийн хар өнгөтэй 49 инчийн ЛЕД зурагт бөгөөд том өрөөний хананд тогтоосон ардаа тогтоогч төмөртэй, 02900 гэсэн сериал дугаартай юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/

 

Эд зүйлийн үнэлгээнд: “Зурагт – 1.100.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 62 х/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, “” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /хх-ийн 23-24х/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...ЛЕД зурагтыг удирдлага, залгуурын хамт Д.Бд хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 28х/

 

Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн алдад эхнэр хүүхдийн хамт охин Баярмаагийн гэрт очихоор яваад тэндээ хоноод 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн жижиг өрөөний цонх онгорхой, хаалга цоож зүгээр байсан бөгөөд том өрөөний хананд өлгөөтэй байсан 49 инчийн ТСЛ маркийн ЛЕД зурагт маань хулгайд алдагдсан байдалтай байсан. Энэ хэргийг үеэл дүү П хулгайлсаныг түүний аав Чүлтэмсүрэнгээс сонсоод мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/

 

Гэрч П.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 20-р байрны 2-р орцны 0 тоотод “Харчу” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг ажиллуулдаг юм. 2017 оны 06-р сарын 02-ны өдөр ломбардандаа сууж байхад өдөр 14 цагийн үед машинаа мөргүүлсэн мөргөсөн гэх хоёр залуу хамт орж ирээд зурагт авдаг уу гэж асуухаар нь авна яасан гэж асуухад машинаа мөргүүлсэн залуу цагдаагаас хоорондоо зохицоод хохирлоо барагдуул гэсэн тэгээд энэ залуугийн гэрээс нь очиж зурагтыг нь авлаа тавих гэсэн юм гээд ТСЛ маркийн 49 инчийн ЛЕД зурагт оруулж ирсэн. Тэр зурагтыг би 400.000 төгрөгөөр үнэлсэн чинь машинаа мөргүүлсэн гэх залуу та 450.000 төгрөгөөр авчих засвар нь 450.000 төгрөг болсон гэж гуйхаар нь би 450.000 төгрөгөөр барьцаанд авсан. Машин мөргөсөн гэх залуу өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагаагаар зурагтыг тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/

 

Шүүгдэгч Ч.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би машин барьж үзмээр санагдаад 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн арын зам дагуу байрлах буудлуудын урд алхаж яваад нэрийг нь мэдэхгүй буудлын цонхон дээр машины түлхүүр байхаар нь цонхны гаднаас аваад товчийг нь дарсан чинь тэр буудлын урд байсан “Кольт” нэртэй машины дохиолол дуугарч онгойсон. Тэгээд тэр машиныг унаад Цамбагарав дээр явж байгаад хамгаалалтын албаны машинтай мөргөлдөн цагдаад баригдсан. 2017 оны 06 дугаар сарын 02-нд хохирлоо барагдуулахаар машины эзэнг дагуулан Дэнжид байдаг ах Ганбаатар, эгч Б нарын гэрт очсон. Очиход тэдний гэрт хүн байхгүй эзэнгүй байсан бөгөөд хохирогчид би хохирлыг чинь 2-3 хоногийн дараа барагдуулъя, ах байхгүй байна гэхэд би хөдөө явна амжихгүй, чи одоо хохирлоо барагдуул гэсэн. Надад мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл ахынхаа зурагтыг аваад барьцаанд тавиад миний хохирлыг барагдуулчих, би гомдолгүй гэж хэлээд хоёулаа салъя гэхээр нь би эхлээд ахынхаа байшингийн цонхны салхивчаар ороход том өрөөнийх нь хананд зурагт нь өлгөөтэй байсан. Тэр ахад энэ зурагтыг би яаж авахыг мэдэхгүй байна ханандаа тогтоосон байна гэхэд машинаасаа отверк аваад цонхоор дотогш орж ирээд зурагтыг хананаас салгаж өгсөн. Тэгээд хоёулаа цонхоор зурагтаа дамжуулж гаргаад 1 дүгээр хорооллын 20 дугаар байранд байдаг “Харчу” ломбарданд 450.000 төгрөгийг барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 60-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.П нь өөрийн гэм буруутайгаа маргаагүй бөгөөд түүний үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлсэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

 

Шүүгдэгч Ч.П нь дээрх хэргүүдийг өмчлөгч, эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр сэм далд аргаар өөрийн мэдэлд шилжүүлснийг хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.

           

            Ч.Пид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа ба Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Ч.Пийн хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107х/-аар тогтоогдлоо.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ч.П нь хохирогч Ц.Цд 600.000 төгрөг, хохирогч Д.Баярмаад зурагтыг биед байдлаар, иргэний нэхэмжлэгч “Универсаль секьюрити”ХХК-ны төлөөлөгч Х.Эрдэнэбатад 350.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 28, 37, 82, 162, 201х/

 

Ч.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан үндэслэлд хамаарсан тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч.Пийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ч.Пийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Пид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Ч.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ч.Пид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ