Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/01058

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01072/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын Мандал багийн Хонхор 2-7 тоотод оршин суух, П.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: П.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нинжбат.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Бид гэрлэлтээ батлуулаагүй байхдаа Б.М аас 2012 оны 7 дугаар сард жирэмсэн болсон. Би 2012 оны 9 дүгээр сард хордлого өгөөд байсан учир нутаг буцахаар болж, нутаг буцах хүртлээ хамт амьдарч байсан бөгөөд нутаг явсан өдрөөс хойш холбоо бариагүй, сураггүй алга болсон. Жирэмсний хяналтад орж байхдаа хорооныхоо хажуу талд хамт амьдардаг байсан тэр газраа очсон боловч байхгүй байсан. Аавтай нь холбоо барьсан боловч надтай холбоогүй байгаа гэсэн тайлбар өгсөн учир үүнээс хойш холбоо тасарсан. Би хүүхдээ 6 нас хүртэл нь өөр хүнтэй суухгүй өөрийн биеэр өсгөсөн. Үүнээс хойш өөр хүнтэй суусан учир өөрөөрөө овоглож байсан хүүхдийн овгийг өөрчилж, нөхрөөрөө овоглосон. Хүүхэд маань одоо 11 настай, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээсэй, сурч боловсроход нь нэмэр тус болоосой гэж Б.М ын оршин суух бүртгэлтэй газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон... гэв.

Хүсэлт гаргагч шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Г.Г ийн төрсний гэрчилгээ, Г.Г ийн Иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.М ын иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Т сумын Мандал багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар албан бичиг, Б.Г ийн суралцаж буй тодорхойлолт, Т ЭМТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б.Г ийн эрүүлж бойжиж буй тодорхойлолт, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/19177 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг гаргаж өгчээ.

Шүүх өөрийн санаачлагаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М ын оршин суугаа хаягийн болон шилжилт хөдөлгөөний лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Хүүхэд маань одоо 11 настай, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээсэй, сурч боловсроход нь нэмэр тус болоосой гэж Б.М ын оршин суух бүртгэлтэй газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар CVL2467010001007574 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.М нь Улаанбаатар хотын Х дүүргийн 7 дугаар хорооны Ж 1 дүгээр гудамжны * тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй байна.

Хүсэлт гаргагч П.Г нь хариуцагчийн оршин суух бүртгэлтэй хаягаар харъяаллын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/19177 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.М ын оршин суугаа газар нь тодорхойгүй үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар ЧЙ***, Б.М ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар ЧЙ***, Б.М ыг эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар ЧЙ***1, Б.М ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэн, хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч П.Г д нэн даруй мэдэгдэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Р.САРАНТУЯА