Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч О.Мөнхцэцэг,

            хохирогч Г.О,

            шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбатын Жид холбогдох 1708001180302 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт М.Ж /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи баарны гадна 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Г.Оыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар М.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч М.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи баарны гадна 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Г.Оыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...2017 оны 07 дугаар сарын 02-ны орой найз Ариунболд, Өнөрхүү нартай хамт уулзаад шөнө 01 цаг өнгөрч байхад бид гурав 21 дүгээр хорооллын Жавхлант төвд байдаг Жи нэртэй бааранд ороод ...04 цагийн орчим гарч ирсэн. ...миний танил хүний дүү охин нэг танихгүй эмэгтэй хүнтэй зодолдож байсан. Би очоод тэр хоёрыг салгаад “би дүүгээ явуулчихъя, уучлаарай” гэж хэлээд явуулах гээд байж байсан чинь нөгөө охинтой хамт явж байсан буржгар үстэй намхан залуу ирээд “яах гээд байгаа юм” гээд байхаар нь “би дүүгээ явуулчихъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу “юу гээд байгаа пизда вэ” гээд миний баруун шанаа руу цохьсон чинь туранхай өндөр залуу нь гүйж ирээд миний урдаас жийгээд газар унагаасан. Би газар унахдаа биеийнхээ баруун талаар газар унасан. Тэгээд босох гэсэн чинь нэг залуу нүүр лүү өшиглөхөөр нь би хоёр гараараа нүүрээ дараад хэвтсэн чинь намайг энд тэндээс зөндөө өшиглөсөн.  ...Намайг Ж гэдэг залуу нь хөлөөрөө жийж унагаасан. Би унахдаа баруун талаараа унаад толгойгоо дараад хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17х/

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8595 дүгнэлтэд: “...Оын биед баруун чихний гэдсэнд шарх, баруун мөр, баруун дал, хүзүүний баруун хажуу хэсэг, баруун шууны дотор дунд цус хуралт, баруун тохойд зулгарал зүүн сарвуун 1-р хурууны 2-р үеэр хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлхгүй...” гэжээ. /хх-ийн 36х/

 

                 Эд зүйлийн үнэлгээ: Эрэгтэй мөнгөн гинж – 180.000 төгрөг, эрэгтэй фудболк – 24.000 төгрөг, нийт 204.000 төгрөг /хх-ийн 67х/

 

Гэрч Г.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө буюу ойролцогоор 00 цаг
өнгөрч байсан байхаа Өнөрхүү О хоёрын хамтаар Жи бааранд орж тэнд бид гурав хоёр хоёр шил пиво уусан ба тэр үед О дотор сууж байгаад гараад явсан удаад байхаар нь Өнөрхүү бид хоёр баарнаас гадаа гараад ирсэн чинь Жавхлант төвийн урд Миний захын урд зодоон болж байхаар нь яваад очсон чинь О хүнд зодуулчихсан нүүр ам нь шалбарсан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

 

Гэрч Э.Өнөрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай найз Ариунболд хөдөөнөөс ирнэ гээд хамт уулзъя гээд манай найз О над руу залгасан юм. Тэгээд би гэрээсээ гараад найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн 21-н депогийн тэнд уулзаад Жи баар луу Ариунболд, О хоёртой гурвуулаа орсон. Тэгээд уг бааранд ороод хүний 2-3 пиво уусан ба О “тамхи аваад ирье” гээд гарсан ба удаад орж ирэхгүй алга болчихоор нь Ариунболд бид хоёр араас нь гарсан чинь Жи баарны урд зам дээр баахан хүмүүс шавчихсан цагдаа нар ирчихсэн байж байсан. Яваад очсон чинь манай найз Оын нүүр ам нь цус нөж болсон хувцас хунар нь урагдаж шороо болсон хүнд зодуулсан шинжтэй болсон байсан. Тэгээд удалгүй дуудлагаар ирсэн цагдаа нар Оыг зодсон гээд хоёр залуутай нь хамт аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/

 

Гэрч Б.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны ...орой 20- 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололын тэнд байдаг Жи гэдэг нэртэй бааранд орсон ба хэсэг сууж байгаад баарнаас гарч ирсэн чинь баарны гадаа танихгүй нэг залуу манай хоёр найз болох Ж, Бат-Оргил нартай муудалцаад зогсож байхаар нь би наанаас нь очоод нөгөө залууг “чи яагаад байгаа юм бэ” гэж асуусан чинь намайг тэр залуу нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Би тэр залууг эргүүлээд цохиогүй, Ж нөгөө залууг цааш нь өшиглөж унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохиж авсан. Энэ үед хөдөлгөөнт эргүүлийн машин ирээд Ж нөгөө намайг цохьдог залуу бид гурвыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

Гэрч О.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр ...Ж, Буянтогтох бид гурав Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жи бааранд орж байж байгаад нэг их удаагүй гарсан. Тэр үед Ж түрүүлээд гараад явсан ба араас нь Буянтогтох бид хоёр гарсан чинь Жи баарны гадаа шорлог зардаг газрын хажууд нэг залуутай юм яриад маргаад байх шиг байхаар нь яваад очсон чинь нөгөө Жтой маргаж байсан залуу Буянтогтохыг боль энэ тэр гэж хэлсэн чинь Буянтогтохын нүүр лүү нь цохиод авсан ба Ж нөгөө залууг нэг удаа өшиглөөд газар унасан байхад нь ганц хоёр өшиглөж байгаа харагдса,н удалгүй хөдөлгөөнтийн цагдаа нар ирээд тэр хэдийг салгаж аваад цагдаагийн газар луу яваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/

 

Шүүгдэгч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр өдөр ...найз Буянтогтох, Бат-Оргил нарын хамтаар явсан ба Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололын тэнд байх Жи бааранд явж орсон бид гурав явж орсон чинь тэнд хүн ихтэй суудал бараг байхгүй байсан ба за за явдаг юм уу даа гээд түрүүлээд би нөгөө баарнаас гараад явсан чинь замын хажууханд хэдэн залуучууд зогсож байх шиг байсан. Тэгтэл нэг нь намайг хөөе гээд дуудахаар нь би харсан чинь нэг залуу яасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаа ч үгүй гээд цаашаа алхаж явсан энэ үед араас Буянтогтох, Бат-Оргил хоёр гарч ирээд тэр хэдэн залуус дээр очоод яасан, яагаад байгаа юм гэж асуугаад тэр хэдийн хооронд бага зэрэг маргаан болсон. Тэгтэл тэр О гэдэг залуу нь манай найз Буянтогтохыг цохиод авахаар нь би хажуугаас нь ороод тэр залуугийн цээж рүү нь гутлаараа нэг удаа жийж унагаагаад газар унасан байхад нь 2-3 удаа өшиглөсөн мөн дээрээс нь 2 удаа дэвссэн. Тэгтэл энэ үед гаднаас гэв гэнэт нэг цагдаа гарч ирээд намайг барьж аваад машинд суу гэж хэлээд аваад цагдаагийн газар луу авч ирсэн ба Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд ирсэн. Надаас өөр хохирогчийг зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч М.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №8595 дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Харин хохирогч Г.О нь намайг буржгар үстэй залуу нүүр лүү цохьсон газар унасан байхад тал талаас өшиглөж зодсон гэх боловч түүний энэхүү мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн буюу эсрэгээрээ Б.Буянтогтохыг /буржгар үстэй залуу/  хохирогч нь алгадсан, шүүгдэгч М.Ж нь найзыгаа өмөөрч хохирогчийг тийрсэн, гараараа цохьсон, газар унасан хойно хэд хэдэн удаа өшиглөсөн нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

М.Жийн хувийн байдлын талаар:

Гэрч Г.Должингийн мэдүүлэг /хх-ийн 26-27х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46х/

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 48х/

Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 505-1х/

“Мандах бүртгэл” их сургуулийн тодохойлолт /хх-ийн 52х/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 53-58х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.О нь эрүүл мэндийн болон эд зүйлийн хохирол төлбөр нэхэмжилж 1.018.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.340.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн тухай баримт /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримт/-аар тогтоогдсон ба хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Жийн бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч М.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал буюу “Мандах бүртгэл” их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Жийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт М.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жид оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ