Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

Б.Баярцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Болор-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 ........... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны.......................шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Баярцэцэгт холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2......................өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 ....... овгийн ........................г, 1989 оны ...........дугаар сарын 27-ны өдөр ................. аймгийн ............. суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамтаар ............. дүүргийн ...............-р хороо ................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............,

Шүүгдэгч Б.Баярцэцэг нь .................-ний өдөр ................ аймгийн ............. сумын 1-р багийн ............... тоотод байх С.Батцэцэгийн гэрээс түүний эзэмшлийн монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Батцэцэгт 350.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

............. аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Б.Баярцэцэгийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Баярцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, Шүүгдэгч Б.Баярцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 500000 төгрөгийн төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Баярцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Яллагдагч Б.Баярцэцэг нь прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-13-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, хэргийг мөн журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.

Шүүх “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг баримталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаарх хуулийн заалтыг баримталж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүх шийдвэртээ: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлахыг хориглоогүй болохыг дурдах нь зүйтэй....” гэж дүгнэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ....нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв” гэх дүгнэлтийг хийж, хэргийг мөн журмаар шийдвэрлэсэн атлаа оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокуророос яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан прокурорын саналын хүрээнд бус, өөр төрлийн шийтгэл, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “...прокурорын саналын хүрээнд...” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .............. дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 Б.Баярцэцэг нь .........-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн ............... тоотод байх С.Батцэцэгийн гэрээс монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Батцэцэгт 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

         Хохирогч С.Батцэцэгийн “ ... 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрт байсан монетон ээмэг алга болсон. Манай гэрт хүүхэд асрагч Мягмарнаран, Баярцэцэг нар байсан. Дөрвөлжин хэлбэртэй жижигхэн 3 шигтгээтэй голдоо талсттай монетон ээмэг байсан. Баярцэцэг миний хохирлыг төлж барагдуулсан. /хх-14, 17/ гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Гэрч Н.Самдандоржийн “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд .............н талд алт мөнгөний дархан ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад 15 цагийн үед нэг жирэмсэн эмэгтэй орж ирээд монетон ээмэг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь 1 граммыг нь 70000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Удалгүй нөгөө эмэгтэй эргэж орж ирээд жижиг дөрвөлжин шигтгээтэй ээмэг өгсөн. Граммлаж үзэхэд 3 грамм монетон ээмэг байсан. Тэгээд 1 граммыг 70000 төгрөгөөр бодож 210000 төгрөгийг өөрийн Голомт банкны ...данснаас Бат-Очирын Баярцэцэг гэсэн нэртэй данс руу хийсэн.” /хх-19/ гэх,

Шүүгдэгч Б.Баярцэцэгийн “...С.Батцэцэгийн ээмгийг зөвшөөрөлгүй авсан. Тухайн ээмгийг ........... худалдааны төвийн алт мөнгөний дарханд 210000 төгрөгөөр худалдсан. Хохиролд 500000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Бүгд миний буруу, гэм буруугаа хүлээж байна.” /хх-85-86/ гэсэн мэдүүлгүүд,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1048 дугаартай шинжээчийн “...монетон ээмэг нэг ширхэг 350000 төгрөг.” /хх-29/ гэсэн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Анхан шатны шүүх нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Баярцэцэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор Б.Болор-Эрдэнээс “ ...прокурорын саналын хүрээнд бус, өөр төрлийн шийтгэл, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг олгожээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Баярцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баярцэцэгт 6 сарын хугацаагаар ........... гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүний эрх зүйн байдлыг нь дордуулах эрхгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ