Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2024/0006/З |
Дугаар | 124/ШШ2024/0013 |
Огноо | 2024-07-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 124/ШШ2024/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, “Ц” ХХК,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Д.Э /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ц” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц” ХХК-ийн 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Д.Э шүүх хуралдаанд “ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гэдэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө юм.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан болно.
Хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан хавсаргасан төлөвлөгөө нь 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн хаягтай байна.
2. “Ц” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/009 дугаар албан бичгээр 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлснийг Өндөрхангай сумын Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч төлөвлөгөөг батлах эсэх талаар хариу өгөөгүй, мөн нэхэмжлэгч төлөвлөгөөг батлахгүй байгаатай холбоотой гомдлыг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 001/11 дугаартай албан бичгээр Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч хариу аваагүй байна.
3.Нэхэмжлэгч компаниас шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэн, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
4.Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Манай компани нь 2015.05.11-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Дэлт нэртэй газар ХV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Уг зөвшөөрлийг 2018.05.11 болон 2021.05.27-ны өдөр тус бүр 3 жилийн хугацаатайгаар сунгуулсан. Бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа Монгол улсын хууль, холбогдох дүрэм, журмуудыг мөрдлөг болгон геологи хайгуулын хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сахилга баттай, өндөр зохион байгуулалттайгаар орон нутгийн удирдлага, нутгийн ард иргэдийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Өндөрхангай сумын Засаг дарга Г.Тт 2024 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг 2024.02.19-ийн өдрийн 001/09 тоот албан бичгээр хүргүүлсэн. Г.Т нь манай байгууллагын албан бичигт хариу үл ирүүлэхээс гадна захирал Д.Энх-Эрдэнийн олон удаагийн утасны дуудлагад хариулахгүй /авахгүй/ байсан тул арга буюу Өндөрхангай сумын Тамгын газрын дарга Гэрэлцэцэгтэй манай компанийн менежер Д.Чалхаа утсаар холбогдоход Засаг дарга танай албан тоотыг хүлээж авсан ба танай захирлыг залгасныг мэдэж байгаа, яагаад хариу өгөхгүй байгааг мэдэхгүй байна" гэж хэлсэн.
Сумын засаг дарга Г.Т нь манай компанийн албан бичигт хариу ирүүлэхгүй байсан тул дараагийн харьяалах дээд шатны байгууллага болох Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдэд 2024 оны Байгаль орчин, менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2024 оны 03 сарын 05-ны өдөр 001/11 тоот албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.
...2024 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа доголдож, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж өмнөх жилүүдтэй адил хугацаа алдаж, 2024 оны төлөвлөгөөт ажлуудаа хийж амжихгүй байх эрсдэл үүсээд байна. Иймээс Өндөрхангай сумын засаг дарга Г.Т "Ц" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагааг явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдэл, "Ц" ХХК-ийн 2024 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах,..." , 12.1.2-т "харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах,..." хэсгүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллан "Ц" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх, "Ц" ХХК-ийн 2024 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг даруй батлахыг даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа.Анх 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хандсанаас хойш нэлээн олон удаа хариуцагч тал шүүх хуралдааныг хойшлуулаад миний хувьд тэвчээртэй, хүлээцтэй хандаж өнгөрүүлсэн.Өнөөдөр нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гэдэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө хоёр нь адилхан төлөвлөгөө гэж ойлгож байна.Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлийг анх 2015 онд авсан, одоо сүүлийн 3 жилийн сунгалтыг хийлгүүлэхээр өргөдлөө өгсөн байгаа” гэв.
6.Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас ирүүлсэн тайлбарт:” ...Уг төлөвлөгөөг боловсруулахдаа сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлээгүй, менежмент төлөвлөгөөг шинэчлээгүй, иргэдэд мэдээллийг ил тод хүргээгүй, орон нутагт хамтран ажиллах талаар санаачлага гаргаж ажиллаагүй зэрэг үндэслэлээр “Дэлт” нэртэй хайгуулын талбайн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй...” гэжээ.
7.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Хайгуулын тусгай зөвшлөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын газраар тухайн жилийн хайгуулын төлөвлөгөөг батлуулах ёстой. 2024 оны хайгуулын төлөвлөгөөг өнөөдрийн байдлаар батлуулаагүй байна.Хайгуулын төлөвлөгөөтэй уялдуулаад менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой. Өнөөдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй талаар асуудал яригдаж байгаа гэж би бодож байна. Учир нь нэхэмжлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байна гэдэг. Хавтаст хэргийг үзэхээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гэж зүйл байхгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг өргөдөлд хавсаргахаар заасан.
Үүнтэй яг уялдуулаад гарсан Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт буюу Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2.4-д байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлага гээд 2.4.1-2.4.8 хүртэл маш олон шаардлагуудыг дурдсан байгаа. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нэр томьёогоороо ороод явсан байна. Өндөрхангай сумын Засаг дарга хариу тайлбар гаргахдаа тодорхой зүйлүүдийг дурдсан. 1 дүгээрт өмнөх жилүүдийн хайгуулын төлөвлөгөөнийхөө үр дүнг танилцуулаагүй, хянуулаагүй, батлуулаагүй. Мөн ард иргэдээс санал аваагүй гэх мэт хуульд заасан шаардлагуудыг бичсэн. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд байгаль орчны менежментийн төлөвлөгөө бол байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна гэж заасан. Тэгэхээр “Ц” ХХК-д байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх эрх байна уу гээд үзэхээр энэ эрхийг баталгаажуулсан зүйл байхгүй. Үүнийг өөрсдөө хийгээд явчихсан юм байна. Гэтэл энэ нарийвчилсан үнэлгээг хийх байгууллагыг Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1-д заасан байгаа.
Мөн хугацаа хэтрүүлсэн зүйлүүд байна. Учир нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1-д жил бүрийн 12 сард багтааж менежмент төлөвлөгөөг боловсруулж 1 сар гэхэд үүнийг тухайн байгууллагад хүргүүлсэн байна гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар менежмент төлөвлөгөөг 2 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн буюу хугацаа хэтэрчихсэн байна.
Нэхэмжлэгчийн байгаль орчны менежмент төлөвлөгөө нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байна. 2023 оны менежмент төлөвлөгөөнд дурдсан хийх ажил, ашиглах тоног төхөөрөмж зарцуулах 1,000,000 төгрөг гээд хоорондоо ямар ч зөрүү байхгүй. Шинэчлэн боловсруулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах тухай журмын 3.3-д тухайн жилийн байгаль орчны менежмент төлөвлөгөө нь энэ журамд заасан шаардлагыг ханган боловсруулагдаагүй бол түүнийг хүлээн авах, хянах, батлахаас татгалзах үндэслэл болно гэж заасан.
Компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж заасан тул сумын Засаг дарга хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор заавал батлах ёстой гэдэг талаас нь хараад байх шиг байна. Энэ нь шууд батална гэсэн үүрэг биш, хянана гэж заасан. Өөрөөр хэлбэл менежмент төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо гэхэд сумын Засаг даргад танилцуулж саналыг нь аваад үүний дараа зөвшөөрсний үндсэн дээр батлагдах ёстой юм байна гэдгийг дурдаад жишиг болоод явж байгаа гэдгийг хэлье. Хэлбэрийн төдий юм хийгээд ирснийг заавал батлах ёстой гэж сумын Засаг даргыг шахаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал, газрын хэвлий дэх баялаг төрийн өмч. Төрийн гүйцэтгэх засаглалын анхан шатны байгууллагын хувьд сумын Засаг дарга үүнийг хуулийн хүрээнд хамгаалах, хуулийн хүрээнд шаардлага тавих эрхтэй учраас энэ шаардлагынхаа хүрээнд тухайн төлөвлөгөөг батлаагүй. Энэ бол хууль бус үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гэдгийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж тодруулсан бөгөөд “ ...Манай компани 2015 оны 5 сарын 11-ний өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.Уг зөвшөөрлийг 2018, 2021 онуудад сунгуулсан.Одоо 2024 онд сүүлийн 3 жилийн сунгалтыг хийлгэх өргөдлөө өгсөн байгаа. Гэтэл Өндөрхангай сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүргээ биелүүлэхгүй байгаагаас компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн...” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга “төлөвлөгөөг батлахдаа зөвшилцөөгүй, төлөвлөгөөний тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлээгүй, төлөвлөгөөгөө шинэчлээгүй, орон нутагт хамтран ажиллах санаачлага гаргаж ажиллаагүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс хариуцагч талын татгалзлыг дэмжиж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангаагүй талаар тайлбар гаргасан болно.
4. “Ц” ХХК-д Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Дэлт нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 5 сарын 11-ний өдөр олгосон, тусгай зөвшөөрлийг 2018, 2021 онуудад сунгасан талаар XV-018151 дугаартай тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад тэмдэглэгдсэн байна.
5.Харин тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн сунгалтыг хийлгүүлэх тухай өргөдлийг “Ц” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст 2024 оны 4 сарын 09-ний өдөр гаргасан, өргөдөлдөө тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 сарын 08-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 124/ШЗ2024/0048 дугаар захирамжийг хавсаргасан, өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 6 сарын 20-ны өдрийн 10/2711 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд дурджээ.
6.Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зохицуулсан байна.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д сумын Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэж, мөн зүйлийн 9.4-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална” гэж, мөн зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ” гэж тус тус зохицуулсан.
7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын хоёр дахь хэсэгт тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах талаар зохилцууосан байх бөгөөд 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан байна.
8.Эдгээр зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, сумын Засаг даргаар батлуулахаар, харин Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө холбогдох эрх бүхий этгээдээр шинэчлэн боловсруулан сумын Засаг даргаар батлуулах зохицуулалттай байна.
Өөрөөр хэлбэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тусгай зөвшөөрлийг сунгах 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх баримт бичиг байна.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийг “Ц” ХХК-ийн геологич боловсруулсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх бүхий этгээдээр боловсруулсан байх шаардлагыг хангаагүй, мөн зүйлин 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ” гэж зохицуулсантай нийцээгүй байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.
9. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хуульд нийцүүлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулаагүй гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас төлөвлөгөөг батлаагүйг буруутгах “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллан “Ц” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ