| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/00296/И |
| Дугаар | 181/ШШ2024/04448 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/04448
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2024/04448 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод бүртгэлтэй, *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******8/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:,,,,******* давхар, тоотод байрлах, ХХК /регистрийн дугаар:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Баасан овогтой Энхбаатар 2005-2008 онуудад БСБСервис ХХК-д ажиллаж байхдаа тус байранд түрээс төлөн амьдарч байгаад 2008 онд орон тооны цомхотголоор ажлаас халагдах үед компанийн удирдлагуудад хүсэлт тавин хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авсан юм.
БСБСервис ХХК-ийн удирлагын зөвлөлөөс байрны үнийг 50 хувь хөнгөлж үлдэгдэл төлбөр болох 18.6 сая төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх шийдвэр гарсан. Гэвч миний бие тогтсон цалин орлогогүй, 2008-2009 онуудад санхүүгийн хямралын улмаас банкууд зээл олголтоо зогсоосон хүнд үе таарч БСБСервис ХХК-ийн удирдлагад төлбөрийн хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. 2008 онд ажилд орох хүсэлтээ олон компаниуд руу явуулж байснаас ХХК-иас ажилд орох хүсэлт ирж мөн оны 12 дугаар сард тус компанид ажилд орсон. Миний бие өөрт тохиолдсон санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд туслах хүсэлт тавьсаны дагуу ХХК-ийн удирдлага байрны үнийн үлдэгдэл 18.6 сая төгрөгийг байрны төлбөрт БСБСервис ХХК руу шилжүүлж орон байраа өөртөө үлдээхэд том дэмжлэг үзүүлсэн. Байрны ордерыг компанийн нэр дээр шилжүүлэх болзол тавьсны дагуу ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус компанид үр бүтээлтэй 3 жил ажиллавал байрыг бэлэглэх аман шийдвэрийг компанийн удирдлага гаргасан тул би ХХК-д болон түүний хараат компаниудад 2008-2016 оны 3 дугаар сар хүртэл 8 жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан. 3 жил ажиллаад байраа өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт тавихад байрны ордер зээлийн барьцаанд тавигдсан байгаа, сулрахаар амласны дагуу шилжүүлнэ гэсэн. Жил бүр байрны асуудлаа тавьж байсан боловч барьцаанаас тусад нь чөлөөлж болохгүй байгаа тухайгаа хэлж байсан. 2020 оноос ХХК-ийн үйл ажиллагаа доголдож зогссоноос хойш холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тоот тогтоолыг хүлээн авлаа. Тогтоолд дурдсан *******,*******ны нутаг дэвсгэрт байрлах 26-5-8 тоот байрны ордер нь хэдийгээр ХХК-ийн нэр дээр байгаа ч тус компанийн өмчлөлийн байр биш иргэн миний өмчлөлийн байр юм. Тус байр нь ХХК-ийн барьцааны багцад орж барьцаалагдсан.
Тодруулбал, тус орон сууцанд миний бие 2007-2015 онд, 2015 оноос өнөөдрийг хүртэл миний том хүү Самдан нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Өвлийн ид хүйтэн цагт бага насны 2 хүүхэдтэй 4 ам бүл орох оронгүй болж, 16 жил амьдарсан байраа өөрөөс хамаараагүй шалтгаанаар алдах нөхцөл байдал үүссэнд ихээхэн цочирдож сэтгэл санаа хүнд байдалд орлоо.
ХХК-ийн удирдлагатай 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн утсаар холбогдсон бөгөөд барьцааны багцаас тусад нь шийдвэрлүүлэх боломж гаргалгаа гарвал надад шилжүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Энэ мэдэгдэл нь хууль бус учир иргэн намайг *******,*******ны нутаг дэвсгэрт байрлах 26/5 орон сууцны 31 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь байрны үлдэгдэл 8 сая гаран төгрөгийг тус компанийн захиралд, түүний хэлсэн дансаар төлсөн гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа *******,*******, 26/5 байр, 8 тоот, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 онд "Би Эс Би Сервис ХХК-иас шилжүүлэн авсан. Тухайн үед амьдардаг байсан ба үлдэгдэл төлбөр болох 18.600.000 төгрөгийг төлөөд өгвөл танай компанид тогтвор суурьшилтай, сайн ажиллая гэдэг санал тавьсны дагуу 18.600.000 төгрөгийг Би Эс Би Сервис ХХК-д төлж ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Үл хөдлөх эд хөрөнгийг ын нэр рүү шилжүүлж өгөх нь манай үүрэг ба ямар нэгэн гэрээ болон тушаал, шийдвэр байхгүй амаар харилцан тохиролцсон юм. нь 8 жил тогтвортой сайн ажилласан боловч манай зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг ын нэр рүү шилжүүлж амжилгүй өнөөг хүрээд байгаа болно.
Уг орон сууцыг ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан. Манайх ХХК-ийн төлбөрийг төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, 2024 оны 8 дугаар сард байрыг барьцаанаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, 2007 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байр хүлээлгэн өгсөн тухай акт, дугаарт бүртгэлтэй хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаа, БСБ Сервис ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18/08 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БСБ Сервис ХХК-ийн захирал Б.Жаргалсайханд гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,
2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №4-239/5367 тоот дуудлага худалдааны мэдэгдэл, Төрийн банкны СӨХ-ийн төлбөрийн баримт, 2002 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, -ны 2010 оны 11, 12 дугаар сарын хуримтлалын санд хөрөнгө төвлөрүүлэх жагсаалт, мемориалын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, хүн амын тооллогын баримт, Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн баримтууд зэргийг ирүүлжээ. /хх 5-15, 18, 19, 26, 38, 59-67, 113-219/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 27-28/
Шүүхийн журмаар: зохигчийн хүсэлтээр гаргуулсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны талаарх лавлагаа, баримтуудыг бүрдүүлжээ. /1 хх 227-250, 2хх 1-25/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тухайн орон сууцыг анх БСБСервис ХХК-д ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцлөөр 18.600.000 төгрөгөөр худалдан авахаар компанитайгаа тохирсон, 2008 онд ажлаас чөлөөлөгдөж ХХК-д ажиллах болоход байрны төлбөрийг бүрэн төлж чадаагүй байсан тул ХХК-ийн захирал тэй амаар тохирч үлдэх мөнгийг төлүүлснээр өмчлөх эрх компанид шилжсэн, компанид үр бүтээлтэй тогтвортой 3 жил ажиллавал бэлэглэхээр тохирсон, үүргээ биелүүлж 8 жил ажилласан тул өмчлөгчөөр тогтоолгоно гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээр *******,*******, Энхтайвны өргөн чөлөө 26/5 дугаар байрны 8 тоот 31 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зах зээлийн үнийг 37.200.000 төгрөгөөр тогтоож, тус орон сууцыг компанийн ажилтан т хувьчлахаар, төлбөрийн 50 хувийг хөнгөлж үлдэх 18.600.000 төгрөгийг ажилтан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр шийдвэрлэсэн, улмаар ХХК, нар 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх нөхцлөөр тоот худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. /1хх 7-11/
3.2.Маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгч 2007 оны 4 дүгээр сараас хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигчид маргаагүй. /1хх 6, 120, 116-119, 121-219/
3.3.Нэхэмжлэгч нь 2004 оны 9 дүгээр сараас 2008 оны 9 дүгээр сар дуустал ХХК-д ажилласан, 2008 оны 12 дугаар сараас 2012 оны 3 дугаар сар дуустал ХХК-д, 2012 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар дуустал ХХК-д ажилласан болох нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогдсон. ХХК болоод ХХК компаниуд хамаарал бүхий хуулийн этгээд болох нт зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдсон.
3.4. ирүүлсэн лавлагаагаар маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004729 дугаарт бүртгэлтэй, *******,*******, Энхтайвны өргөн чөлөө 26/5 дугаар байрны 8 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь анх 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр ХХК-ийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэн, одоо өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон. /1хх 227, 228-231/
Гэхдээ тухайн хөрөнгөд ХХК, ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ бүртгэгдсэн, барьцаа дуусгавар болгосон бүртгэл эрхийн улсын бүртгэлд хийгдээгүй байна. /1хх 227, 232-246/
Үүнээс гадна уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны ,,,,5 тоот албан бичгээр болон Авлигатай тэмцэх газрын 2022 оны 06/1603 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны*******4 тоот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай зөвшөөрөл зэргийг үндэслэн түдгэлзүүлж, тусгай тэмдэглэгээ хийсэн тухай дурджээ. / 1хх 247-250, 2хх 1-25/
Өөрөөр хэлбэл барьцаалагч ХХК-тай байгуулсан гэрээнээс гадна ХХК-аас төлбөр гаргуулах гурван тусдаа иргэний маргаан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, түүнчлэн Хөгжлийн банкны эрүүгийн хэрэгт холбогдуулан нэр зааж тухайн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлажээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан үндэслэлдээ ХХК-ийн гүйцэтгэх захирал тэй аман хэлцэл хийсэн, компанид 3 жил тасралтгүй ажиллавал байрыг өгнө гэж амласан буюу бэлэглэлийн гэрээний үүргийн дагуу шаардсан. Харин хуралдааны явцад амаар тохиролцсон, худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг ХХК-ийн захирал эд төлсөн хэмээн өөрөөр тайлбарласан. Иймд шүүх тус бүрт дүгнэлт өгөх нь зүйтэй.
4.1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж, 276.4-д Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж заасан.
Иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлж хэлцлийг амаар болон бичгээр байгуулах эрхтэй хэдий ч хэрэв хэлцлийн зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөрт тооцогдоно.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Гэж, 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. Гэж, түүнчлэн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Гэж үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх нэгээс нөгөөд шилжихэд баримтлах шаардлагыг заасан.
Зохигчдын маргаангүй тайлбараас дүгнэвэл: Ажил олгогч компани ажилтнаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэйгээр 3 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд орон сууцыг үнэ төлбөргүй бэлэглэхээр буюу тодорхой нөхцөл зааж амласан, нэхэмжлэгч хэлэлцэн тохиролцсон нөхцлийг хангаж ажилласан үйл баримт тогтоогдож байна. Ийнхүү үүргийн эрх зүйн хүрээнд хэлцэл хийгдсэн ч өмчийн хэлцэл огт хийгдээгүйгээс гадна дээр дурдснаар гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө тул гэрээг бичгээр хийх, нотариатаар баталгаажуулснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх байжээ. Манай тохиолдолд бичгээр гэрээг байгуулаагүй улмаар үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр шаардах эрхгүй байна.
4.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч талуудын хооронд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, орон сууцны үнийг ХХК-ийн гүйцэтгэх захирал эд төлсөн гэж тайлбарласан.
Худалдах худалдан авах гэрээгээр шаардахын тулд худалдан авагч өөрөө үнийг төлсөн байх шаардлага тавигдана.
Хэрэгт баримтаар 2024 оны 7 болон 9 дүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр нийт 9.000.000 төгрөгийг Аззаяа Одхүү дансанд төлсөн баримтыг нэхэмжлэгч үндэслэлээ болгож тайлбарлаж байна. /хх 113-115/
Шүүх дээрх гурван баримт буюу 2024 оны 7 болон 9 дүгээр сард төлбөр шилжүүлсэн баримтыг талуудын хоорондох 2008, 2009 оны амаар хийсэн хэлцлийн дагуу орон сууцны үнийг төлсөн баримт гэж үзэх боломжгүй. Хэрэгт дээрх баримтаас өөрөөр нэхэмжлэгч ХХК-д, эсхүл ХХК-д орон сууцны үнийг төлсөн гэж үзэх баримт авагдаагүй.
Иймд энэ үндэслэлээр мөн шаардах эрхгүй байна.
5.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх-аар, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх-аар тус тус зохицуулсан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч хэлцлийг амаар хийсэн 2009 оноос хойш 14 жил, амаар тохиролцсон 3 жил ажиллах хугацаа дууссанаас хойш 11 жил, түүнчлэн ХХК, түүний хамаарал бүхий хуулийн этгээдэд ажиллахаа больсноос хойш 7 жилийн дараа, ХХК-ийн зээлийн барьцаанд тавигдахаас өмнө шаардах боломжтой байсан ч шаардаж байсан талаарх баримтгүй, улмаар 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж ийнхүү шаардаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Түүнчлэн энэ талаар урьд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан баримтгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэсгүй.
Нэхэмжлэгч компани орон сууцыг барьцаанд тавьсны улмаас шилжүүлж чадаагүй гэж тайлбарласан ч тухайн орон сууцыг ХХК-д 2017 оны 5 дугаар сард зээлийн барьцаанд анх барьцаалуулсан, харин нэхэмжлэгч 2009-2016 онд компанид ажилласан тул тэрээр барьцаанд тавигдахаас өмнө ажил олгогчоосоо шаардах бүрэн боломжтой байжээ.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай: Уг хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01491 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснээс хойш гуравдагч этгээд оролцуулах талаар хэн алин нь шүүхэд хүсэлт гаргаагүй, хүсэлтгүй талаараа 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд тайлбарласан. Мөн хэн алин нь нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгох талаар хуралдааны явцад хүсэлт гаргаагүйг дурдав.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан үндэслэлгүй тул ХХК-д холбогдох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, Энхтайвны өргөн чөлөө, 26/5 дугаар байрны 8 тоотод байрлах 31 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ