Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/04450

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/04450

Улаанбаатар хот

                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,анд байрлах, ХК /регистрийн дугаар: 4/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28.098.502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь ХК-д холбогдуулан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28.098.502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Баянмөнх овогтой Мөнхцэцэг миний бие 2018 оноос эхлэн инд ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус компанийн ажлын байранд томилогдон ажиллаж байсан.

Гэтэл "" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тоот тушаал гарч, тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг тус тус үндэслэн намайг ажлаас халсан.

Ийнхүү чөлөөлөхдөө тус банкнаас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр авто автомашины зээлийг зориулалтын бусаар зарцуулсан" ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөнд туйлын гомдолтой байх тул дараах шалтгаанаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.1.Ноцтой зөрчил гаргаагүй тухайд: Хариуцагч нь дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, 11.2.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг.

Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажиллаж буй банкнаас цалингийн зээл авахаар хүсэлт гаргасан бөгөөд цалингийн зээлийг гарна гэж тооцоолж өөрийн төрсөн дүүгээс 23.000.000 төгрөгийг тус өдөр зээлэн авсан. Ингээд тус мөнгөөр миний нөхөр 1640УНИ улсын дугаартай маркийн автомашиныг худалдан авч бид ашиглаж эхэлсэн. Гэтэл миний хүсэлт гаргасан хэмжээгээр цалингийн зээл гарах боломжгүй болж дүүгээсээ зээлсэн мөнгөө эргүүлэн өгч чадахгүй болж хүнд байдалд орсон болно. Яах ч аргагүй байдалд орсон тул тус машиныг зарж зээлээ төлөхөөр шийдэн автомашиныг худалдан борлуулахаар нөхрийн хүргэн дүүд 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр машинаа шилжүүлэн өгсөн. Ингээд хэд хоног унаа машингүй хэцүүхэн байсан бөгөөд банкнаас автомашины зээл гарах боломжтой гэсэн тул банкны дотоод дүрэм, журмын дагуу автомашины зээл судлуулан зээлийн дэд хороогоор шийдвэр гаргуулан авч, 22.500.000 төгрөгийн зээл авч өөрийн хүргэн дүүгээс тухайн автомашинаа буцаан худалдан авах боломжтой болсон юм. Дээрх харилцаа нь бүхэлдээ энгийн Иргэний эрх зүйн харилцаа байх бөгөөд миний хувьд зохих журмын дагуу зээл гаргуулан авч зориулалтын дагуу улсын дугаартай маркийн автомашиныг худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Мөн түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг сар бүр хэвийн төлж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй тул Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

1.2.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан. наас миний 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр авсан зээлийн тухай тайлбарыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зүйлийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Түүгээр ч зогсохгүй 2022 онд гаргасан гэж үзсэн сахилгын ноцтой зөрчилд 2024 оны 4 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг үндэслэл болгож байгаа нь дээрх шийдвэрийг ямар нэгэн үндэслэлгүй гэдгийг баталж байна.

Иймээс ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот тушаал үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 28.098.502 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сарын дундаж цалин 4.390.391 төгрөг, тушаалаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 192 хоног байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаас үүдэн миний хувьд амьжиргааны зардлаа төлж чадахгүй болон улмаар зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болоод зогсохгүй банкнаас судлах зөвшөөрөл нь гарсан байсан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон. Иймд ХК-иас гаргасан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгчийн зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Л.Мөнгөнбаатартай Худалдах худалдан авах гэрээ (тээврийн хэрэгсэл)-г байгуулсан ба энэхүү гэрээний дагуу худалдан авагч тал болох нь 32.800.000 төгрөгөөр худалдагч тал болох өмчлөлийн ZVW413092891 арлын дугаартай, улсын дугаартай, маркийн машиныг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 10.300.000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлж барагдуулахаар тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч ХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №0229/000800/2022 дугаартай Автомашины зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу Банк зээлдэгчид 22.500.000 төгрөгийн зээлийг олгож, уг данснаас үл маргах журмаар автомашин нийлүүлэгч талын банкан дахь тоот дансанд шилжүүлэхээр болсон.

Банк гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгчийн банкан дахь 2601046026 дансанд бэлэн бусаар олгож, уг данснаас үл маргах журмаар автомашин нийлүүлэгч талын дансанд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаанд төлсөн 10.300.000 төгрөгийг машины худалдагч эхнэр болох Нэргүй овогтой Одончимэгээс шилжүүлэн авч, буцаагаад тоот дансруу "Автомашин урьдчилгаа 86131036 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

Мөн банк 22.500.000 төгрөгийг шилжүүлсний дараа уг 22.500.000 төгрөгийг Л.Мөнгөнбаатар нь буцаагаад нэхэмжлэгч ийн нөхөр ийн дансруу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Худалдагч тал болох өмчлөлийн 1640УНИ улсын дугаартай, Тоуоtа prius маркийн машиныг судлан үзэхэд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ийн нөхөр ийн өмчлөлд байсан ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Мөнгөнбаатар луу шилжүүлж, Л.Мөнгөнбаатар нь тэй гэрээг байгуулж шилжүүлсэн.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ийн нөхөр Н.Түвшинтөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийн эгчийн нөхөр Л.Мөнгөнбаатар луу шилжүүлэн, Л.Мөнгөнбаатар нь тэй Худалдах, худалдан авах гэрээ (тээврийн хэрэгсэл)-г байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөр болох 10.300.000 төгрөгийг эхнэрээс авч, Л.Мөнгөнбаатар луу шилжүүлэн үлдэгдэл төлбөр болох 22.500.000 төгрөгийг банкнаас зээлийн гэрээ байгуулан авч, Л.Мөнгөнбаатар нь буцааж ийн нөхөр Н.Түвшинтөр лүү сүүлд буцаан шилжүүлсэн байна. Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгч ийн гаргасан үйлдэл нь банкнаас авсан автомашины зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзнэ.

Гэтэл, банкны зүгээс ийг өөрийн нөхрийн машиныг худалдан авахыг хүлээн зөвшөөрөх боломжтой атал зориудаар нэхэмжлэгч ийн нөхөр Н.Түвшинтөр өөрийн машиныг өөр хүн рүү шилжүүлж, тухайн хүнээс нь машиныг худалдан авч байгаа мэтээр зохиомол байдал бий болгож байгаа нь зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэх юм. Эдгээр үйлдэл нь түүний гараар бичсэн тайлбар, машины өмчлөл шилжсэн түүх, машины худалдагч болох Л.Мөнгөнбаатар нь ийн нөхрийн данс руу банкнаас олгосон зээлийг шилжүүлж байгаа үйлдэл зэргээс нотлогдоно.

2.2.Ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх:

Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тоот тушаалаар нэхэмжлэгч ийг үүрэгт ажлаас нь халсан ба ингэхдээ түүнтэй 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 24/783 тоот хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил болох 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, 11.2.2 дахь заалт, 11.2.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн.

нь дээрх зөрчлийн үйлдлээрээ Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.13.13 дахь заалтад Ажил албан тушаалын давуу талыг буруугаар ашигласан, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон эсвэл хариуцан ашиглаж байгаа эд хөрөнгө, мөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглан завшсан үйлдэл хийсэн, үрэгдүүлсэн гэж, 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтад Ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал, шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах" гэж, Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад Үнэнч шударга байх зарчмыг дээдлэн хэзээ ямагт аливаа асуудалд хандахдаа ямар нэгэн нөлөөнд үл автан, бие даасан хараат бус байдлаа хадгалж, Банкны эрх ашиг, нэр төрийг өөрийн болон бусдын эрх ашиг нэр төрөөс эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуулийг ямагт дээдлэн сахих, банкны холбогдох заавар, журам, бодлого, түүнчлэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гэж, 5.15.1 дэх заалтад Ажилтан нь Банкны эд хөрөнгө, өөрийн шийдвэр гаргах эрх хэмжээ, нөлөөлөл, мэргэжлийн дагуу эзэмшиж буй мэдээлэл болон албан тушаалын байр сууриа хувийн давуу тал болгон ашиглахыг хориглоно. Мөн банкны эсрэг өрсөлдөхгүй гэж заасныг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгч ийн гаргасан зөрчлийг Дотоод аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А-2024/04 дугаартай аудитын тайлангаар тогтоож, Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот тушаалаар үүрэгт ажлаас нь халсан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.6 дахь заалтад Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, найз нөхөд, танил, нэгдмэл сонирхолтой этгээдэд ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээг ХХБ-ны заавар, журам, ХШЕН, удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлттэй эсхүл үнэгүйгээр үзүүлэх, тэдэнд ашигтай шийдвэр гаргах зэрэг өөрт эсхүл дээрх этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох, ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх үйлдэл, эс үйлдэхүй гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэж заасан тухай:

өөрийн ажил албан тушаалын хүрээнд олж мэдсэн мэдээллийг ашиглаж Банкны ажилтнуудын зээлийн хорооны ажиллах журамд заасан автомашины зээлийн гэрээг зохиомол байдлыг зориудаар бий болгож, банкийг хууран мэхэлж байгуулсан билээ.

Автомашины зээлийг хүлээн авсан худалдагч Л.Мөнгөнбаатар тухайн төлбөрийг ийн нөхөр Н.Түвшинтөр лүү шилжүүлсэн нь өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон буюу ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх үйлдэл хийсэн ч Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй эс үйлдэхүй нь дээрх заалтад хамаарч байна. Дээрх зөрчил хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил болох 11.2.6 дахь заалтад хамаарна.

2.3.хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдроөс хойш зургаан сар ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж хуульчилжээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны 10 дугаартай тогтоолоор Худалдаа, хөгжлийн банкны бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд ингэхдээ Дотоод аудитын газрыг Төлөөлөн удирдах зөвлөл хянаж, Дотоод аудитын газар нь Төлөөлөн удирдах зөвлөлд үйл ажиллагаагаа тайлагнах зохицуулалттай. Худалдаа, хөгжлийн банкны Дотоод аудитын газрын журам-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Дотоод аудитын газар нь гүйцэтгэсэн аудитын үр дүнгээ ТУЗ, Аудитын хороонд тайлагнах, Гүйцэтгэх удирдлагад мэдээлэх зарчмаар ажиллана гэж заажээ.

Энэхүү журамд заасны дагуу Дотоод аудитын газар 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр А-2024/04 дугаартай аудитын тайланг баталгаажуулж, Хүний нөөцийн газарт мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ажил олгогч 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ийн зөрчлийн талаар мэдсэн. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусах тул зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

нь өөрийн хамаарал бүхий этгээдээс машин худалдан авсан байгаа үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх ба энэ талаар Хүний нөөцийн газарт мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл, нь Дотоод аудитын газрын тайлан гарах хүртэл өөрийн гаргасан зөрчлийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй, сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Гүйцэтгэх захирлын тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 24/783 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04/24 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №0229/000800/2022 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 3-18, 115/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХК-ийн компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, дансны хуулгууд, ХК-ийн ёс зүйн дүрэм, ёс зүйн дүрэмд нэмэлт оруулах тухай ТУЗ-ын тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот Гүйцэтгэх захирлын тушаал, Дотоодын аудитын газрын аудитын тайлан, Дотоодын аудитын газарт гаргасан Мөнхцэцэгийн тайлбар хуулбараар, банкны дотоод бүтцийн схем, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг ирүүлжээ. /хх 24,25, 53-98, 116-127/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл бүрдүүлжээ. /хх 109-114/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь ХК-д холбогдуулан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 28.098.502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэр хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ноцтой зөрчил гаргаагүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, зөрчил үргэлжилсэн шинжтэй, аудитын тайлан гарснаар зөрчлийг олж мэдсэн тул хугацаа хэтрүүлээгүй гэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.нэг талаас , нөгөө талаас ХК нар Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч тус хуулийн этгээдэд 2018 оноос хойш ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. /1хх 4-6, 83-95/

4.2.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3 дах заалт, банкны дүрмийн 11.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3 дах заалт болон Хөдөлмөрийн гэрээний 8.1.5-д заасныг баримтлан

-Төвийн бүсийн зээлийн мэргэжилтэн банкнаас авсан автомашины зээлийг зориулалтын бусаар ашигласан, уг үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.13.13, 6.2.1, худалдаа хөгжлийн банкны Ёс зүйн дүрмийн 3.1.1, 5.15.1, Ажлын байрны тодорхойлолтын 3.2.1, Хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 11.2.1, 11.2.2, 11.2.6-д заасан ноцтой зөрчилд хамаарна үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 3/

Дээрх тушаалд үндэслэл болгосон тус банкны дүрмийн 11.6.11-д гүйцэтгэх захирал ажилтныг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх эрхтэй гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5-д хууль тогтоомж болон энэхүү журам, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулна, .... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж, 2.13.13-т ажил албан тушаалын давуу талыг буруугаар ашигласан, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон, эсвэл хариуцан ажиллаж байгаа эд хөрөнгө мөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглан завшсан үйлдэл хийсэн бол гэрээг цуцлахаар, 6.2.1-д ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэг хүлээхээр, ажлын байрны тодорхойлолтын 3.2.1-д үүрэгт ажлаа шаардлагын дагуу бүрэн гүйцэтгэж, хууль, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, жендэрийн эрх тэгш байдлын бодлого, Ти Ди Би соёлын стандарт, хөдөлмөрийн сахилгыг байнга сахиж, банк ажилтан болон харилцагчийн нууцыг чандлан хадгалж ажиллахаар, Банкны Ёс зүйн дүрмийн 3.1.1-д ажилтан үйл ажиллагаандаа үнэнч шударга байх зарчмыг дээдлэн хэзээ ямагт аливаа асуудалд хандахдаа нөлөөнд үл автан, бие даасан хараат бус байдлаа хадгалж .....банкны холбогдох заавар, журам, бодлого, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гэж, 5.15.1-д ажилтан Банкны эд хөрөнгө, өөрийн шийдвэр гаргах эрх хэмжээ, нөлөөлөл, мэргэжлийн дагуу эзэмшиж буй мэдээлэл болон албан тушаалын байр сууриа хувийн давуу тал болгон ашиглахыг хориглоно гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн гэрээний 11.2-т гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарах 31 тохиолдлыг нэрлэснээс 11.2.1-д ажилтан нийтээ хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ болон Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ... болон бусад ХХБ-ны холбогдох заавар, журам дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж, 11.2.2-т ...холбогдох дүрэм, журмыг ноцтой зөрчсөн болох нь Дотоод аудитын газрын аудитын тайлангаар тогтоогдсон гэж, 11.2.6-д ажилтан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, найз нөхөд, танил, нэгдмэл сонирхолтой этгээдэд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ХХБ-ны заавар, журам, удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлттэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлэх, тэдэнд ашигтай шийдвэр гаргах зэрэг өөрт эсхүл дээрх этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох, ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх үйлдэл, эс үйлдэхүй гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэж заажээ.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцлана. Хуульд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгохоор, гэрээний талууд тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Зохигчид ноцтой зөрчил гаргасан эсэхэд маргасан.

5.1.Нэхэмжлэгч банкны ажилтан бөгөөд тэрээр автомашин худалдах худалдан авах зориулалтаар өөрийн банкиндаа иргэний хувиар зээл хүссэн, улмаар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 22.500.000 төгрөгний автомашины зээлийн гэрээг байгуулжээ. Зээлийн гэрээний 2.1-д мөнгөн хөрөнгийг автомашины худалдагч талын тоот дансаар олгохоор заасны дагуу мөнгөн хөрөнгийг олгосон, тухайн дансны эзэмшигч Л.Мөнгөнбаатар болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх 11-17, 98, 96/

5.2.Тээврийн хэрэгсэл худалдагч тал болох Л.Мөнгөнбаатар нь нэхэмжлэгчийн нөхөр Н.Түвшинтөрийн дүү, түүнчлэн маргаанд хамаарах улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь анх нэхэмжлэгчийн нөхөр Н.Түвшинтөр байсан, тэрээр өөрийн дүү Л.Мөнгөнбаатарт тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээл авахаас өмнөх цаг хугацаанд шилжүүлсэн байсан үйл баримтуудад нэхэмжлэгч маргаагүй, хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Мөн банк зээлийн мөнгөн хөрөнгийг Л.Мөнгөнбаатарт 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсний дараа маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тухайн мөнгөн хөрөнгийг Л.Мөнгөнбаатараас нэхэмжлэгчийн нөхөр Н.Түвшинтөрд буцаан шилжүүлсэн үйл баримт дансны хуулгаар тогтоогдсон, үүнд нэхэмжлэгч маргаагүй. /хх 96-98/

Иймд тэрээр ашиг сонирхлын зөрчил үүссэн, дээрх нөхцөл байдал бий болсныг Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй зөрчил буюу гэрээний 11.2.6-д нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

5.3.Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогч шинэчилж байгуулахдаа дээрх 11.2.6 дах заалтыг оруулсан, улмаар ноцтой зөрчилд тооцсон, түүнчлэн иргэний хувиараа банкнаас зээл авсан тул Ёс зүйн дүрмийн зохицуулалт хамаарахгүй гэж тайлбарлав. Харин хариуцагч гэрээний хугацаа дууссанаар шинээр байгуулсан, ийнхүү байгуулахдаа өмнөх гэрээний заалтуудыг өөрчлөөгүй, нэхэмжлэгч өмнөх гэрээгээ шүүхэд баримтаар өгч нотлох боломжтой байсан гэж тайлбарлав. Хэрэгт хэн алинаас өмнөх Хөдөлмөрийн гэрээг баримтаар ирүүлээгүй тул шүүх зохигчдын дээрх тайлбарт дүгнэлт өгөх боломжгүй.

Гэхдээ тус банкны Ёс зүйн дүрмийн 5.5-д ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцлүүдийг нэрлэн заасан, үүнээс 5.5.2.г-д хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хооронд хийх аливаа гэрээ хэлцэл хамаарахаар, 5.5.3-т ажилтан ашиг сонирхлын зөрчил үүссэн эсхүл үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ тухайгаа Хүний нөөцийн газарт нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна.

Хэрэгт авагдсан тус банкны Ёс зүйн дүрэм 2020 оны 10 дугаар сард батлагдсан байх тул нэхэмжлэгч өөрийн байгууллагын дүрмийг мэдэх, мөрдөх учиртай. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 11.2.1-д батлагдсан дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ноцтой зөрчилд тооцож болохоор зохицуулсан, нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг ажил олгогч ноцтой гэж үзснийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч зөрчил гаргасан, зөрчил тогтоогдсон гэж үзнэ.

6.Зохигчид хөөн хэлэлцэх хугацаанд маргасан. Ажил олгогч тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг давхар баримталсан тул шүүх сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд дүгнэлт өгнө.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.5-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.6-д энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зохицуулжээ.

6.1.Хэргийн баримтаар нэхэмжлэгч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан гэж үзэх баримт авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасан хугацаа энэ маргаанд хамаарахгүй.

6.2.Хариуцагчаас Дотоод аудитын дүгнэлт гарснаар ажил олгогч зөрчлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн тул илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй, мөн ажилтан ажил олгогчид ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаараа өнөөг хүртэл Хүний нөөцийн газарт мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул зөрчил үргэлжилсэн шинжтэй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч журмын дагуу Хүний нөөцийн газарт мэдээлээгүй зөрчил олон удаагийн давтамжтай, үргэлжилсэн шинжтэй зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

6.3.Хэрэгт авагдсан тус банкны Дотоод аудитын тайланд шалгалтын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд явагдсан талаар дурдаж, тайланг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эцэслэн гарчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар шалгалтын ажил үргэлжилсэн дээрх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боловч нэхэмжлэгч зөрчил гаргаснаас хойш 1 жил 6 сарын дараа дотоод аудит хийгдсэн байх тул анхнаасаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байжээ.

6.4.Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь процессын эрх зүйн хэм хэмжээнд хамаарна.

Хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох зөрчил гаргасан, зөрчлийг илрүүлсэн гэсэн хоёр нөхцөл өөр өөр хууль зүйн агуулга, үр дагавартай бөгөөд зөрчил гаргасан нь тухайн үйл явдал болсон хугацаагаар, зөрчлийг илрүүлсэн нь зөрчилд хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд мэдсэн эсхүл өөр бусад байдлаар зөрчил гаргасан нь илэрхий болсон цаг хугацаагаар тус тус тодорхойлогддог.

Хуульд заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар гэсэн нөхцөл нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 6 сар үргэлжилсэн хугацаа хамаарна. Энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж зөрчлийг илрүүлээгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Харин зөрчил үйлдсэнээс хойш 6 сар хугацааны дотор зөрчлийг илрүүлсэн бол илрүүлснээс хойш 1 сар гэсэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Дээрх хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт нь хуулиар тусгайлан тогтоосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт тул уг хугацаа хуульд заасан тохиолдолд тасалдана, харин түүнийг дахин эхлүүлж шинээр тоолох боломжгүй. Өөрөөр хэлбэл материаллаг хуулийн буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд шинээр тоолох зохицуулалт Хөдөлмөрийн эрх зүйн энэ тохиолдолд /процессийн/ хамаарахгүй.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоов.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 192 хоногоор тооцож 28.098.502 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-т зааснаар ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсний дундажаас /4.082.240+5.047.195+2.825.712/ тооцвол нэг сард 3.985.049 төгрөг, нэг өдөрт 185.351 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 03-наас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 130 хоногт тооцож 24.095.630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

9.Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа ажил олгогчид хандаж орон сууцны 6 хувийн ипотекийн зээл судлуулахаар хүссэн, банкнаас зээл судлах зөвшөөрлийг хүргүүлж байсан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Гэвч зээл олгох эсэх асуудал банкны өөрийн эрх хэмжээнд хамаарах тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

10.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ийг ХК-д төвийн бүсийн зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, олговорт 24.095.630 /хорин дөрвөн сая ерэн таван мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.002.872 төгрөг болон банкнаас гаргасан 6 хувийн хүүтэй орон сууцны зээл судлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 278.428 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ