Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Орсоогийн Батдорж |
Хэргийн индекс | 124/2023/0014/з |
Дугаар | 124/ШШ2024/0014 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 124/ШШ2024/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 3-9 тоотод оршин суух, Б овогт Б-ийн М,
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: У.Ц нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаартай захирамжийн Б.М, У.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын гэрчилгээг шинээр олгож баталгаажуулах тухай” 07 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мд 10 дугаар багт жолооны дромын дээд талд 3100 м.кв газрыг гэр хашаа, орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 0163014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (Хавтаст хэргийн 80, 105 дугаар хуудас)
2.2. Мөн Улаангом сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мд 9 дүгээр багт 6000 м.кв газрыг жолооны сургалтын дромын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0250883 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. (Хавтаст хэргийн 7, 48-53 дугаар хуудас)
2.3. Нэхэмжлэгч Б.М, гуравдагч этгээд У.Ц нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0250883 гэрчилгээний дугаартай, 6000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх буюу “Газар эзэмших эрх худалдах” гэрээ хийгдэж нотариатаар батлуулжээ. (Хавтаст хэргийн 55, 234-238 дугаар хуудас)
2.4. Улмаар, хариуцагч Увс аймгийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаартай захирамжаар Б.Мы эзэмших эрхтэй 6000 м.кв газрыг гуравдагч этгээд У.Цд 7904.2 м.кв болгон шилжүүлж, 000462873 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 27-30, 33, 83 дугаар хуудас)
2.5. Нэхэмжлэгч Б.М Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаартай захирамжийн У.Цд газар эзэмших эрх шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс нэхэмжилж байгаа 3100 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар нь У.Цд 6000 м.кв газрыг шилжүүлэхдээ хариуцагч Увс аймгийн Засаг дарга 7904 м.кв талбай болгож томсгож шилжүүлсэн. Тэгэхээр энэ хоёр газар тусдаа гэрчилгээтэй. Миний 3100 м.кв газар тусдаа гэрчилгээтэй. У.Цд шилжүүлсэн гэх авто дромын зориулалтай 6000 м.кв газар нь өөр хүний нэр дээр байдаг. Миний хувьд өөрийн эзэмшлийн 3100 м.кв газраа авах гэсэн зорилготой байгаа юм. Судлаад үзэхээр үндсэндээ газрын 3 гэрчилгээ байсан. 1241 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээ гэж байгаа энэ нь Б.Н гэдэг хүний нэр дээр байснаа н.Д гэдэг хүн рүү шилжүүлсэн байсан. Түүнээс цааш нь мэдэхгүй байна. Мөн 6000 м.кв талбай бүхий авто дромын зориулалттай газар байгаа тэр гэрчилгээ нь мөн адил Б.Наас н.Д руу шилжсэн. Б.Н гэдэг хүнээс н.Д гэдэг хүн рүү хоёр гэрчилгээ шилжээд, 3100 м.кв газар над руу шилжсэн юм. Тэгэхээр энэ 3 газрын гэрчилгээ 3 өөр хүний нэр дээр байгаа юм. Гэтэл 2013 онд Увс аймгийн Засаг дарга 6000 м.кв шилжүүлэхдээ 7904 м.кв болгож шилжүүлснээр энэ маргаан үүссэн. Захирамж, гэрчилгээ нь тусдаа гэдэг нь харагдаж байгаа байх. Миний 3100 м.кв газрын гэрчилгээний хувийн хэрэг үзэхээр байхгүй болчхоод байна гэдгийг гайхаад байна. Яагаад газрын хувийн хэрэгт байхгүй байгааг миний зүгээс мэдэхгүй. 2009 онд 6000 м.кв газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ дээрх гарын үсэг минийх огт биш, тийм гарын үсэг зурж байгаад 6000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийчхээд 2009 онд хүсэлт гаргаж гэрчилгээгээ аваагүй байж байснаа шууд 2013 онд 3100 м.кв газартай давхардуулаад нэмээд 7904 м.кв болгоод авчихсан байгаа юм. Үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд гэвэл 3001м2 талбайтай газраа эзэмших хүсэлтэй байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан кадастрын зурагт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 7904 м.кв газар байгаа юм. Гэтэл нийт нөгөө газар нь бодит байдал дээр 11,004 м.кв буюу зөрүүтэй болчхоод байгаа юм. Ийм том газрыг яаж хэрхэн авсныг гайхаад байна. 3 гэрчилгээний нэг нь 3100 м.кв Б.Мы нэр дээр байгаад байсан. Уг газрын гэрчилгээ Б.Мы нэр дээр байж байтал огт байхгүй буюу 6000 м.кв газрын гэрчилгээ гараад ирсэн. 6000 м.кв газрын гэрчилгээг Б.Гансүх гэдэг хүн гэрчилгээг бичиж өгсөн. Б.Гансүх бичиж өгөхдөө Улаангом сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэж Б.Мд 6000 м.кв газар олгосон. Энэхүү захирамжийг хавтаст хэрэгт авагдсан ба ямар захирамж вэ гэхээр Бэгзсүрэнгийн Дуламсүрэнгийн сургалтын төлбөр олгох тухай гэж ямар ч тэр газартай холбоогүй захирамж юм. Тухайн үед 6000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлдэг юм байж гээд бодтол 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А\682 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн У.Цд 7904 м.кв газрыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус захирамжид Б.Мы 6000 м.кв эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа юм. Зөвхөн нэр шилжүүлэхдээ энэ хоёр хүний хооронд ямар ч үндэслэлгүйгээр 1904 м.кв газар нэмээд шилжүүлсэн байна. Тэгэхээр Б.М гэдэг хүнээс 6000 м.кв газар чинь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн газрын гэрчилгээ бичигдэж байгаа юм. 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Мы гарын үсгийг хуурамчаар үйлдээд газар худалдах гэрээг хийчхэж байгаа. Энэ хоёрын хооронд газар эзэмших эрх шилжүүлэхдээ Хаан банкны тодорхойлолт бий. 2009 оны тодорхойлолт биш 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1045 тоот тодорхойлолтоороо юуг хэлж байна гэвэл “...2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай банканд барьцаалагдсан 6000 м.кв газрыг У.Ц худалдаж авсан нь үнэн” гэсэн. Өөрөөр хэлбэл, худалдаж авсан зүйл болсноос хойш 4 жилийн дараах тодорхойлолт гараад явчхаж байгаа юм. Худалдан авах гэрээг Б.Маас аваад байгаа юм. Тэгтэл газрыг У.Ц гэдэг хүн Б.Маас худалдаж аваад байгаа юм уу, аль эсвэл хаан банкны барьцаанаас худалдаж аваад байгаа юм уу, хавтаст хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ дээр Б.Маас авч байгаа гэж ойлгогдоод байгаа. Тэгтэл Хаан банкны тодорхойлолт дээр манай барьцаанд байсан гэж тусгагдсан байна. 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.М 6000 м.кв газар эзэмших эрхийг гаргуулж авчхаад, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Хаан банканд тавиад, 3 сарын дараа Хаан банк түүнийг зарж байгаа ойлголттой байна. Тэгэхээр энэ хугацаанд холбогдуулаад Хаан банкнаас “...Б.Мы зээлтэй холбоотой газар үнэхээр барьцаанд байсан юм уу” гэдэг лавлагааг авахаар хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд байгаа Б.Мтай зээлтэй холбоотой бичиг баримт устгалд орсон гээд Хаан банк дээр зээлийн талаар мэдээлэл байхгүй. Үүнээс хараад үзэхээр бодит байдал дээр байж байгаа газар кадастрын зураг дээр шилжээд ирчхэж байгаа газар маш их зөрүүтэй байгаад байна. Тийм учраас магадгүй нийт хашаалсан 11,000 м.кв газраас Б.Мы 3100 м.кв газрыг өгөхөд цаана нь 8000 м.кв буюу шилжүүлж өгсөн гэх 7904 м.кв газар болох гэрчилгээ бүхий талбайнаасаа илүү газар үлдэж байгаа юм. Гэтэл хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан У.Цгийн өргөдөл бий. Өргөдөл дээр юуг бичсэн бэ гэхээр “2009 онд 9448 м.кв газрыг Хаан банкнаас лизингээр худалдаж авсан” гэж байна. Гэтэл Хаан банк нь манайд барьцаанд тавигдсан 6000 м.кв авсан гээд байдаг. Энэ хоёрын хооронд 3448 м.кв газрын зөрүү гараад байгаа юм. Тийм учраас Увс аймгийн Засаг даргын 2013 оны А\682 дугаартай маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл энэ газар яг хэний газар юм бэ, хэдэн м.кв газар хэнээс, хэн рүү шилжиж байгаа юм, яг үндэслэл болж байгаа нөхцөл байдлуудыг тогтоож чадаагүйгээр захирамжийг гаргачихсан учраас захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя. Ингэснээр маргаан бүхий газрыг дахин хэмжилт хийж дахин шийдвэр гаргадаг үйл ажиллагаанууд явагдана. Тэгэхээр У.Ц гэдэг хүн хууль бусаар Б.Мы эзэмшлийн 3100 м.кв газрыг эзэмшээд байна гэж үзэж байна” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.М нь 0250883 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр У.Цтой газар эзэмших эрх худалдах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан шилжүүлсэн байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар эрх шилжүүлэх захирамж гарсан. Маргаан бүхий 3100 м.кв газрын гэрчилгээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байна. Гэтэл газрын албанд бүртгэлтэй газрын гэрчилгээ, нэгж талбарын дугаар зэрэг зүйл байхгүй байгаа учраас Газрын албаны өөрсдийн сан хөмрөгөөс 3100 м.кв газрын гэрчилгээг тухайн хүн эзэмшдэг гэдэг зүйл харагдахгүй байгаа тул тухайн маргаан бүхий газар хэн нэгэн хүний эзэмшил биш гэж харагдаж байсан учраас Засаг даргын хувьд 6000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ хийж ирсэн тул иргэн У.Цгийн 7904 м.кв газар болгож өөрчлүүлэх хүсэлтийг үндэслэж захирамжийг гаргасан. 3100 м.кв газрын гэрчилгээ газрын алба дээр ямар нэгэн бүртгэл байхгүй байна гэж ойлгож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манайх 2009 онд Хаан банкны харилцагч байсан. Хаан банкнаас анх худалдаж авах санал тавьсан юм. Тухайн үед бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүй байсан учраас эрх шилжүүлэхгүйгээр нотариатаар баталгаажуулаад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед манайх бэлэн мөнгөөр авах боломжгүй байна гэдгээ хэлэхэд Хаан банкнаас “...танайд лизинг гарах боломжтой байна” гэж хэлэхээр нь би “...лизингээр авъя” гээд газар эзэмших эрхийг нотариатаар батлуулж, гэрээ хийсэн. Ингээд 2013 онд төлбөрөө төлж дуусгаж, газрын албанд өөрийнхөө гэрчилгээ гаргуулж авч байсан. Б.М гэдэг хүн Улаанбаатар хотод 10 гаруй жил байж байгаад ирээд бараг гэнэт шилжсэн байсныг 2023 онд мэдсэн гэж тайлбар гаргалаа. Манайх 2009 онд лизингээр авсан зүйлээ болсон гэж бодоод хэн ч гэсэн худалдах, худалдан авах гэрээ хийгээд нотариатаар батлуулж авсан. 2010 онд бид нар хашааныхаа арын банзыг тэр чигээр нь солиод, 2011, 2012 онд мод үрслүүлж, талбай гаргах ажлуудыг газар дээрээ хийсэн. Тухайн үед газар зөрүүтэй, маргаантай, хууль бус шилжсэн гэж үзсэн бол тэр үед нь хандаж хэлэх ёстой байсан. Бид нар хууль зөрчиж, хүний эрх зөрчиж шилжүүлж авсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “...2009 оны худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг хэн төлж ирсэн юм бэ гээд үзэхээр гуравдагч этгээдийн зүгээс өнөөдөр болтол төлж ирсэн байдаг. Нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлж байсан гэдэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан. Гэтэл “Ммарт” ХХК, “Шинэ зуун март” ХХК-ийн төлбөр төлсөн баримтуудыг гаргаж өгч байсан. Ямар учиртай газрын төлбөрийг Б.М төлөөд байсан юм бэ, 3100 м.кв газартай холбоотой газрын төлбөрийг үнэхээр төлөөд ирсэн байна уу, үгүй байна уу гэдэг зүйлийг холбогдох байгууллагаас нь нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах шаардахад Ммарт болон Шинэ зуун март ХХК-ын нэр дээр ямар нэгэн газар байхгүй гэж хариу ирсэн. Нөгөө талаасаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэний нэр дээрх газрын төлбөрийг хуулийн этгээдийн нэр дээр нэхэмжлэл үүсгээд төлөх боломж байдаг уу гэдэг байдлаар холбогдох мэргэжилтний нотлох баримт тодруулахад мөн байхгүй, боломжгүй гэж хариу хэлсэн юм. Яагаад гэхээр иргэний нэр дээрх газрыг хуулийн этгээдээр төлүүлэх боломж байдаггүй. Тухайн иргэний регистрийн дугаараар төлөгдөж явдаг зарчимтай. Б.Мы гаргаж өгөөд байгаа нотлох баримт нь өнөөдөр өнгөтөөр хэвлэчихсэн газрын төлбөр төлсөн Баруунтуруун сум гэсэн баримтууд байгаа юм. Газрын төлбөр төлөх тухайн компани өөрөө ямар нэгэн газар эзэмшдэггүй байхад ямар газрын төлбөрийг хаанаас төлчихсөн, ямар баримтыг ямар шугамаар гаргаад ирснийг мэдэхгүй, холбогдох байгууллага нь боломжгүй хариу хэлсэн. Нөгөө талаасаа иргэн Б.М үнэхээр 3100 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг байсан бол яагаад нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байгаа юм. Газрын алба дээр 3100 метр квадрат талбай бүхий нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байгаа. Нэгж талбарын хувийн хэрэг, гэрчилгээнд нэгж талбарын дугаар байхгүй. Өөрийн эзэмшлийн 3100 м.кв гээд нотлох баримтаар гаргаж өгсөн дармалдаад шифтээр биччихсэн гэрчилгээ өгөөд маргаж байгаа.. Нэхэмжлэгчийн 3100 м.кв газар нь гуравдагч этгээдийн эзэмшээд байгаа газартай давхцаж оршоод байгаа юм уу, зэрэгцэж оршоод байгаа юм уу гэдгийг өнөөдөр юугаар нотлоод байгаа юм бэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй, нэгэнт нэгж талбарын дугаар байхгүй байгаа учраас хувийн хэрэг үүсгэгдэх боломжгүй гэдэг зүйлийг газрын албанаас тодорхойлоод өгчихсөн. Одоо хууль ёсны дагуу явах ёстой гэж бодож байгаа юм. Б.Мы нэхэмжлэлийн шаардлагаас харвал ямар хууль ёсны ямар эрх ашиг нь хөндөгдчихсөн юм бэ, үүнийгээ тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэгч миний 3100 м.кв талбай бүхий газар гээд гэрчилгээ гаргаж ирсэн боловч нэгж талбарын дугааргүй, хувийн хэрэг байхгүй. Тухайн миний 3100 м.кв талбай бүхий газар гэж гаргаж өгсөн гэрчилгээ хууль ёсны юм уу, үгүй юу гэдэг асуудал байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлэхдээ “...2009 онд тухайн газрыг бид нар худалдаж авсан, худалдаж авахдаа банкны барьцаанд байсан газрыг Б.Мтай газар эзэмших, эрх шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийгдсэнээр” авсан гэж тайлбарлаж байна. Зээлээ бүрэн төлөөгүй байсан учраас тухайн тэр банк нь газрын энэ гэрчилгээг 3 жилийн дараа өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх зүйлийг нэхэмжлэгч талаас хэлээд байна. Тухайн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа учраас гуравдагч этгээдийн нэр дээр гэрчилгээ нь шилжих боломжгүй байж байгаад 3 жилийн дараа гэрчилгээ шилжсэн. Банк нэг ёсондоо барьцаалсан хэвээрээ байгаад байгаа юм. Тэгэхээр Б.М өнөөдөр банкны барьцаанд газраа тавьчихлаа банкнаас зээл аваад үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулахаар тухайн газрыг тавьчихсан. Тухайн тэр газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдаад ирсэн. Тэр барьцаалбал банкандаа үлдсэн зээлийн төлбөрийг бүрэн төлсний дараа гэрчилгээ нь гуравдагч этгээд дээр шилжих процесс явагдсан. Гуравдагч этгээдийн эзэмшил газар эзэмших эрх хууль ёсны дагуу болсон. Нотариатаар эрх шилжүүлсэн гэрээ батлуулсан ба нотариатын бүртгэлийн дэвтэр дээр нь гуравдагч этгээд болон Б.М нар гарын үсэг зурсан байдаг. Тийм болохоор 6000 м.кв газрыг шилжүүлсэнтэй маргахгүй байгаа юм болов уу гэж ингэж ойлгоод байна. Нэхэмжлэгчээс өөрийн 3100 м.кв газрыг давхцуулаад олгосон гэх асуудлыг яриад байгаа юм. Тэгтэл өнөөдөр 3100 м.кв газар өмнө нь хэлсэн 6000 м.кв яаж давхцаж байгаа юм бэ, банкнаас үнэхээр зээлийн барьцаанд байсан юм уу, үгүй юм уу, нотлох баримтыг авъя гэхээр байхгүй гээд байгаа банк тодорхойлолт гаргаж өгсөн. 2009 оны үйл баримттай асуудлыг бид нар өнөөдөр нотлох гэж яриад байгаа юм. 2019 онд гээд устаад үгүй болчихсон зүйлийг өнөөдөр ярих шаардлага байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм үйлчлэх ёстой. Үнэхээр эрхийг нь зөрчөөд явж байсан бол яагаад 10 хэдэн жилийн өмнө нь шүүхэд хандаагүй юм бэ гэдэг ойлгомжгүй асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр нотлох боломжит 10 жилийн чинь хугацаа өнгөрчхөөд байна. 10 хэдэн жилийн дараа гэнэт үнэн ч юм уу, худалч юм уу мэдэхгүй нэгж талбарын дугааргүй гэрчилгээг хаанаас ч юм гаргаж ирснээ өнөөдөр миний газрыг хууль бусаар авчихлаа, миний эрх зөрчлөө гэж яриад байж болохгүй байх. Үнэхээр нэгж талбарын дугаартай газар байсан бол хувийн хэрэг нь газрын албан дээр байж байх ёстой байсан. Хүний 3100 м.кв талбай бүхий газрын хувийн хэргийг устгасан, алга болгосон мэдээллийн сангаас байхгүй болгосон асуудал үнэхээр байгаа гэж үзэж байгаа бол газрын албатай холбоотой өргөдөл гомдлоо гаргаад явах ёстой. Мөн газрын хэмжээний асуудлыг яриад байгаа юм. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдал чинь ямар байсан юм 6000 м.кв талбай бүхий гэдэг газар байсан. Бодит байдал дээр банкнаас заагаад өгсөн газрыг нь хэмжээд үзэхэд тухайн хэмжээ нь 7904 м.кв талбай байсан. Гэхдээ энэ дээр хашааны баруун хэсгээр өндөр хүчдэлийн шугамтай учир хамгаалалтын бүсээс дотогшоо гуравдагч этгээд энэ газрыг эзэмшиж байгаа. Нийт хашаалсан газарт ашиглаж болохгүй өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүс байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох болгох, ямар эрх зөрчигдсөн юм бэ гэдгээ нотлох ёстой. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байдаг. Эрх зөрчигдсөн үеэс эхлээд 30 хоногийн дотор хандах ёстой байдаг. Үүнийгээ яагаад 10 хэдэн жилээр хэтрүүлчихсэн юм бэ гэдгээ нотлох ёстой. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүхэд хандах боломжгүй байсан бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлтээ гаргах ёстой байсан. Ямар нэгэн хүсэлтгүйгээр орж ирсэн учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.М “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаартай захирамжийн Б.М, У.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын гэрчилгээг шинээр олгож баталгаажуулах тухай” 07 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мд 10 дугаар багт жолооны дромын дээд талд 3100 м.кв газрыг гэр хашаа, орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 0163014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгосон байна.
4. Мөн Улаангом сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мд 10 дугаар багт 6000 м.кв газрыг жолооны сургалтын дромын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0250883 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
5. Нэхэмжлэгч Б.М, гуравдагч этгээд У.Ц нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0250883 гэрчилгээний дугаартай, 6000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх буюу “Газар эзэмших эрх худалдах” гэрээ хийгдэж нотариатаар батлуулжээ.
6. Улмаар, хариуцагч Увс аймгийн Засаг дарга маргаан бүхий 2013 оны 10 дугаар 28-ны өдрийн А/682 дугаартай захирамжаар Б.Мы эзэмших эрхтэй 6000 м.кв газрыг гуравдагч этгээд У.Цд 7904.2 м.кв болгон шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгч “...6000 м.кв газрыг шилжүүлсэнтэй маргахгүй, харин 1904.2 м.кв газар эзэмших эрхийг илүү шилжүүлснээр миний Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар захирамжаар үүссэн жолооны дромын дээд талд 3100 м.кв газрыг гэр хашаа, орон сууцны зориулалттай, 15 жилийн хугацаатай олгосон газартай давхцал үүсэж байх тул газар эзэмших эрх зөрчигдсөн” гэж маргаж байна.
7. Нэхэмжлэгч Б.Маас “...тухайн маргаан бүхий газар эзэмших эрхийг 2008 онд Г.Наас анх шилжүүлж авсан” гэж тайлбарлаж, гэрч Г.Н “2008 тухайн газрыг түүнд шилжүүлэн өгсөн” гэж мэдүүлж байгаа боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд түүнд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтуудыг хавсаргаж хүргүүлснээр тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр шийдвэр гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулахаар зохицуулсантай нийцээгүй байна.
8. Тодруулбал, Г.Наас эзэмшлийн газраа Б.Мд шилжүүлэх хүсэлт болон талуудын нарын хооронд байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, Б.Маас шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтууд хавсаргагдаагүй ба газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх процессын дагуу явагдаагүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 183 дугаар албан бичиг, Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон.
9. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгох бөгөөд нэхэмжлэгчид уг газрын эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй буюу шилжүүлээгүй байна.
10. Учир нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар захирамж нь газраа шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан иргэний эзэмшлийн газрыг шилжүүлэх тухай бус “...хуучин газрын гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил ашиглалтын газрын хуучин гэрчилгээг үндэслэн гэрээ байгуулан шинээр гэрчилгээ олгож баталгаажуулах тухай” байх тул маргаан бүхий газрыг шилжүүлж авсан гэх үйл ажиллагаа хууль ёсоор хийгдээгүй байна.
11. Гэтэл нэхэмжлэгч Б.Мд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын гэрчилгээг шинээр олгож баталгаажуулах тухай” 07 дугаар захирамжаар 10 дугаар багт жолооны дромын дээд талд 3100 м.кв газрыг гэр хашаа, орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 0163014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон байна.
12. Нөгөө талаар, маргаан бүхий нэхэмжлэгчийн 0163014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын хувийн дугаар байхгүй ба улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэгдсэн Улаангом сумын улсын бүртгэлийн дугаарын дэвтэрт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 168-221 дүгээр хуудас)
13. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.
13.1. Хуулийн дээрх заалтаас үзвэл, газар бол төрийн өмч бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй.
14. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс өөрийн “газар эзэмших эрх зөрчигдсөн” гэж захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргах үед Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар захирамжийг үндэслэн олгосон гэх нэхэмжлэгч Б.Мы газар эзэмших эрхийн хугацаа дууссан байна.
15. Нэхэмжлэгчээс “...газар эзэмших эрхээ сунгуулахаар хүсэлт гаргасан” гэх боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гээд, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж нарийвчлан заасан, хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.М хуульд заасан хугацаанд, бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Мы Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт гэх баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас)
15.1. Тухайлбал, төрөөс хуульд тусгайлан заасан журмын дагуу тодорхой нөхцөл, болзол, хугацаатай олгогддог аливаа тусгай зөвшөөрөл, эрх нь хүчинтэй буюу олгогдсон хугацааныхаа дотор эзэмшигч этгээддээ эрх зүйн үйлчлэл, үр дагавар үүсгэх ба хугацаа нь дуусаж цаашид сунгагдаагүй, эсхүл хуулиар тусгайлан шаардсан нөхцөл болзлыг биелүүлээгүйгээс эрх цуцлагдсан зэргээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон бол уг тусгай зөвшөөрөл, эрхийн дагуу аливаа шаардах эрх үүсэхгүй юм.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “…захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.
17. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Мд 10 дугаар багт жолооны дромын дээд талд 3100 м.кв газрыг гэр хашаа, орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон уг газрын эзэмших эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй буюу шилжүүлээгүй, мөн 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 0163014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
18. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мы гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаар захирамжийн Б.М, У.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ны Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/682 дугаар захирамжийн Б.М, У.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ