| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01367/И |
| Дугаар | 181/ШШ2024/04288 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/04288
| 2024 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2024/04288 | Улаанбаатар хот | ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,,, тоотод байрлах, ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэгт 12.311.607 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 12.311.607 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хоёр жилийн хугацаатайгаар 231074023460021 дугаар бүхий Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж болон үндсэн зээлдэгч С.Бат- Өлзий болон хамтран зээлдэгч байгуулсан 17.000.000 төгрөгийн цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулсан юм.
Монгол улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай 269 дугээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж улмаар 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын ё дугаар тушаал гарч мэргэжилтнээр ажиллаж байсан миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр тасалбар болгосон юм.
Улмаар уг сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажиллагсдын нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтад миний бие хамрагдсан юм.
ХХК-тай хоёр жилийн хугацаатайгаар Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээг байгуулсан ба цалин зээл хүсч буй иргэд заавал цалингийн зээлийн эрсдэлд даатгуулах ёстой гэсэн албан шаардлагын хүрээнд уг гэрээг байгуулан гэрээгээр хүлээсэн даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд ямар нэгэн зөрчилгүйгээр үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлсэн юм.
Гэвч ХХК-ийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгийг ирүүлсэн.
Тухай албан бичигтээ: ...Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Улмаар даатгуулагчид даатгалын гэрээг ирээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдөж байгаа юм. гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр баталсан бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19 дэх хэсэгт байсан Хөдөө аж ахуйг дэмжих санг гэсэн хэсгийг хуулиар өөрчилж, мөн тус өдрийн Улсын Их Хурлын Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай: гээд 1/Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг "" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх үүргийг хүлээлгэсэн юм.
Ингэхдээ хууль болон тогтоолоор ямар нэгэн хугацааг заагаагүй бөгөөд хэзээ, хэрхэн, яаж хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Монгол Улсын Засгийн Газрын эрхлэх эрх хэмжээний хүрээний асуудал гэж бидний бие ойлгож байна.
Мөн энэхүү хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын тогтоол зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг зөвхөн бид мэдэж байсан зүйл огт биш бөгөөд сонирхсон Монгол улсын нийт иргэд аж ахуй нэгжийн хэмжээнд нээлттэй хэн бүхэн мэдэх бүрэн боломжтой мэдээлэл байсан юм.
Үүнийг зөвхөн даатгалын гэрээний оролцогч тал болох бидэнд хамааруулан даатгалын компанид мэдэгдээгүй гэж хэт өрөөсгөл, өөрт ашигтайгаар тайлбарлан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй нь илтэд үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу бид даатгалын гэрээний хураамжаа төлж уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитойгоор хэрэгжүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд Даатгалын эрсдлийн талаар зохицуулсан бөгөөд 3.1.1.3 дах хэсэгт Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч дампуурах, татан буугдах гэж даатгалын тохиолдлын эрсдлийг тодорхойлсон байхаас гадна 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр олгох нөхцлийн 4.1.9 дэх хэсэгт Энэхүү гэрээнд заасан эрсдлийн улмаас зээл төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд бусад зээлдэгч нь эрх зүйн чадамжтай эсэхээс үл хамааран тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс тухайн зээлдэгчид ногдох хэмжээгээр тооцон нөхөн төлбөрийг банканд 100 хувь бүрэн төлнө гэж тохиролцсон юм.
Үүнээс гадна ХХК нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7 дах хэсэгт зааснаар даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу олгох үүргээ биелүүлэхээс зориуд зайлсхийж, үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэж үзэж байна.
Иймд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №231074023460021 дугаар бүхий Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон. Иймд даатгалын нөхөн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдлээр тооцож 16.415.477 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хамтран зээлдэгчтэй тул даатгалын гэрээний 2.2-т зааснаар даатгалын үнэлгээ нь зээлийн үлдэгдлийн 50 хувьтай тэнцүү байхаар заасны дагуу нэхэмжлэгчид ногдох нөхөн төлбөрт 8.207.738 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4.103.870 төгрөг, нийт 12.311.607 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ажилтнуудыг ажлаас халах шийдвэр гэнэтийн улс төрийн шинжтэй гарсан. Үүнийг нэхэмжлэгч урьдчилж мэдэх боломжгүй тул даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхгүй. Мөн мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж байгаа ч стандарт нөхцөл бүхий гэрээ тул хэрхэн хэнд мэдээлэх талаар тодорхойгүй. Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудаст энэ талаар асуултгүй, бөглөх мэдүүлэх хэсэг байхгүй.
Анхнаасаа нэхэмжлэгч заавал даатгуулах хүсэл зориг илэрхийлээгүй харин зээл авах үед цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ заавал байгуулна гэснээр зээл авахын тулд байгуулсан. Үүнийгээ ХК болон ХХК нарын хоорондох гэрээгээрээ зохицуулсан. Сайн дурын даатгал гэж байгаа хэдий ч нэхэмжлэгч сонгох боломжгүй.
Нэхэмжлэгч зээл авах үед хэзээ татан буугдахыг мэдэгдээгүй. Хариуцагч заавал бодитоор хохирол учирсан байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээний 3.1.1.3-т заасан нөхцөлд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч хоёулаа татан буугдсан байхыг шаардаагүй. Нэг зээлдэгчийн ажил олгогч татан буугдаж нэг нь ажилтай байвал эрсдэлд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Хөдөө аж ахуйг дэмжих сан /цаашид 'Сан гэх/-г эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлагын улмаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор " ТӨХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулсан байна. Сан нь эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдалд хүрээд байгаагаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага бодитоор бий болсон гэж үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/165 дугаартай Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгээр тус Сангийн эрх зүйн байдлыг зохицуулдаг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, мөн Улсын Их Хурлаас Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолыг тус тус баталсан нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан корпораци, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн тус тус хуулийн төслийн үр дагавар тул Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай 259 дүгээр тогтоолыг баталж, Санг татан буулгасан юм. Мөн Сан нь 2021 оны 12 сар, 2023 оны 02 сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна.
Нэхэмжлэгч нь /нэр бүхий 16 зээлдэгч/ дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Улмаар даатгуулагч даатгалын гэрээг ирээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдөж байгаа юм.
Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр "Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоол гарсан боловч түүнээс өмнө санг татан буулгах эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлага бодитоор бий болсон, 2022 онд Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлсэн, 2021 онд "" ТӨХХК байгуулсан зэргээс үзэхэд тус тохиолдол нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа гэж заасны дагуу даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна. Даатгагч нь даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойшхи хугацаанд үүссэн эрсдэлд үүрэг хүлээдэг.
Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 5.24-т "Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж, 8.5.2-т ''даатгуулагч даатгапын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн гэж, 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөлд байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар нэхэмжлэгч зээлээ төлөх боломжгүй болсон тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ТӨХХК руу шилжин ажилласан, хамтран зээлдэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа үйл баримт тогтоогдсон, үндсэн болон хамтран зээлдэгчийн аль алин нь зээлээ төлөх чадваргүй болсон гэх баримтгүй тул гэрээний 3.1.1.3-т заасан эрсдэлд хамаарахгүй.
Банк даатгалын зуучлагч бөгөөд энэ гэрээ сайн дурын даатгал тул заавал байгуулах ёстой тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн гэрээний 3.1.1.3-т заасан нөхцөл үндсэн болон хамтран зээлдэгч хоёулаа ажил олгогч татан буугдаж зээлээ төлж чадахгүй эрсдэлд орсон байхыг шаардана. Мөн хохирол учирсан байхыг шаардана. Гэтэл байгууллага татан буугдсан ч нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн, цалин хөлс буураагүй харин нэмэгдсэн байх тул зээлээ төлөх боломжгүй болоогүй.
Хууль батлагдсны дараа татан буугдахыг мэдсэн хэрнээ зээл авч даатгалын гэрээ байгуулсан. Үүнийг санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн эрсдэлийн даатгалын гэрээ, даатгалын баталгаа, Даатгалын хураамж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тоот тушаал, нэгдүгээр хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 тоот албан бичиг, ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/12-1597 тоот, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт зэргийг ирүүлжээ. /хх 4-16, 133-136/
Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, ХК-ийн 2023 оны 7 дугааар сарын 26-ны өдрийн 23/294 тоот Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/930 дугаартай мэдэгдэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэргийг ирүүлжээ. /хх 21-22, 31-52, 65-96/
Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2024/09468 дугаар захирамжийн дагуу ХК-иас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хариу, хавсралтаар даатгалын гэрээ, даатгалын баталгаа, мэдүүлгийн хуудас, ны тоот хариу, Цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ, Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас, мемориалын баримт, 181/ШЗ2024/13283 дугаар захирамжийн дагуу ХК-иас ирүүлсэн барьцаат зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн дансны хуулга, ажил олгогчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
зохигчдын хүсэлтээр 181/ШЗ2024/17203 дугаар захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/2016 тоот хариу, хариуцагчаас ирүүлсэн ХК, ХХК нарын хоорондох 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Даатгалын гэрээ зэргийг бүрдүүлжээ. /хх 98-104, 141-154, 171-173, 175-204/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 16.415.477 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 12.311.607 төгрөг болгож багасгасан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэнэ.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Ажил олгогч татан буугдснаар даатгалын тохиолдолд бий болсон тул нөхөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Ажил олгогч татан буугдах болсныг мэдсээр байж энэ талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэрээг байгуулсан нь даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн, хохирол учраагүй, гэрээний 3.1.1.3-т заасан даатгалын эрсдэл үүсээгүй гэв.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас , нар, нөгөө талаас ХК нар харилцан тохиролцож 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цалингийн зээлийн гэрээ-г байгуулсан, улмаар мөн өдрөө МИГ даатгал ХХК, , нар тохиролцож, 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хоёр жилийн хугацаагаар цалингийн зээлийн эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 204.000 төгрөг төлөхөөр, мөн гэрээний 1.6-д заасан хугацаанд даатгалын төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги даатгуулагчид олгох-оор тохиролцож 231074023460021 тоот Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, даатгалын баталгааг байгуулжээ. /хх 6-8/
Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.2.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдсан үндэслэлээр тэй байгуулсан гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
4.3.Нэхэмжлэгчээс нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Улмаар тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох тухай хариуг өгсөн боловч хариуцагч олгоогүй байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 14,15, 50-52/
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүргийг тус тус хүлээнэ.
5.Зохигчид даатгалын тохиолдол үүссэн эсэхэд маргасан.
5.1.Талуудын хоорондох гэрээний 3-д даатгалын үндсэн 5 эрсдэлийг тодорхойлохдоо 3.1.1.3-т үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч дампуурах, татан буугдах гэж, 3.1.1.4-т үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч орон тооны цомхотголд орох гэж, 3.1.1.5-д үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах гэж тодорхойлжээ.
Мөн гэрээний 5-д нөхөн төлбөр олгохгүй 25 нөхцлийг тодорхойлсноос 5.1.-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж, 5.3.-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заажээ.
5.2.Хэргийн баримтаар Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2022 онд Улсын Их хуралд өргөн барьсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн төслийг баталсан, ийнхүү хууль батлагдснаар Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269[1] дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгахаар шийдвэрлэжээ. Улмаар Сангийн ажлын алба татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг "" ТӨХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэвч ийнхүү шилжүүлэхдээ зөвхөн хөрөнгө, өр төлбөр, авлагыг бүхэлд нь шилжүүлэхээр Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн, харин хүний нөөцийг шууд шилжүүлэх агуулга тусгаагүй байна.
Үүний өмнө Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394[2] дүгээр тогтоолоор ТӨХХК-г үүсгэн байгуулсан байх тул дээрх процесс Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хуулийн этгээдийг нэгтгэх процесс явагджээ.
Дээрх нөхцөл байдал гэрээний 3.1.1.3-т заасан ажил олгогч татан буугдсан нөхцөлд хамаарч байна.
Иймд хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөж эрх, үүрэг, хөрөнгө бүхэлдээ ТӨХХК-д шилжсэн тул бодитоор гэрээний 3.1.1.3-т заасан ажил олгогч татан буугдсан нөхцөл бүрдээгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Үүнээс гадна хэрэгт авагдсан хуулийн төслийн танилцуулгад ТӨХХК-ийн төв ажлын алба бүтэц орон тооны хувьд 72 хүн ажиллаж байсныг 43 болгон цомхотгох замаар алслагдсан бүсийн нэмэгдүүлэх шинээр 3 салбар үйл ажиллагааг эхлүүлээд байна гэж, Хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тайланд Хөдөө аж ахуйн сангийн хувьд батлагдсан орон тоо ажлын албанд 72, орон нутгийн салбарт 92, нийт 164 ажилтантай талаар дурдсан, захирлын 2023 оны дугаар тушаалаар 142 ажилтныг чөлөөлжээ. /хх 71, 75, 9-13/
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдсаны дараа ТӨХХК-д ажилд орсон явдал гэрээний 3.1.1.3-т заасан ажил олгогч татан буугдсан нөхцлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хэргийн баримтаар Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдах үед чөлөөлөгдсөн 142 ажилтнууд шууд ТӨХХК-д шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна дээр дурдснаар нэгтгэн авч байгаа хуулийн этгээд болох ТӨХХК нь төв салбартаа 72 ажилтантай байгааг цомхотгож 42 болгож цөөрүүлсэн талаар тусгагдсан байгаагаас үзвэл ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч өөр ажилд шаардлага, шалгуур хангаж томилогдон ажиллах болсон явдал даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй.
6.Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч татгалзлын гол үндэслэлээ ажил олгогч татан буугдах болсныг даатгуулагч мэдсэн атлаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Харин нэхэмжлэгчээс энэ талаар мэдээлэх хэлэх боломж байгаагүй, асуугаагүйгээс гадна ХК болон ХХК нарын хоорондох стандарт нөхцөл бүхий гэрээнийхээ дагуу даатгалын гэрээг байгуулсан, мэдүүлгийн хуудаст энэ талаар асуулт байгаагүй, бөглөх бичих зай байхгүй гэж тайлбарлаж байна.
6.1.Улсын Их хурлаас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хууль батлагдсан явдал нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул зохигч хэн алин нь уг үйл баримтыг мэдэх боломжтой гэж үзнэ.
6.2.Хэрэгт авагдсан баримтаар ХК болон ХХК нарын хоорондох 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хүрээнд , ХХК нарын хоорондох даатгалын гэрээ байгуулагдсан болох нь тус гэрээний 1.5-д зааснаар илэрхийлэгдэнэ. Даатгалын зуучлагч болох Банкаар дамжиж гэрээ байгуулахын өмнө авсан даатгалын гэрээний мэдүүлгийн хуудаст энэ талаар асуусан асуулт, эсхүл гараар бөглөж бичих зэрэг нөхцөл бололцоо байгаагүй нь ХК-иас ирүүлсэн мэдүүлгийн хуудсаар тогтоогдож байна. Түүнчлэн стандарт нөхцөл бүхий гэрээ тул даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөвхөн даатгуулагчийг бүхэлд нь буруутгах үндэслэлгүй.
6.3.Үүнээс гадна Иргэний хуулийн 436 дугаар зүйлд заасан мэдээлэх үүрэг даатгуулагчийн үндсэн үүрэг бус дагалдах үүрэгт хамаарахаас гадна ийнхүү мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол даатгагч гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй гэж хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ноцтой нөхцөл байдал-ыг мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзвэл гарах үр дагавар нь а/гэрээнээс татгалзах б/гэрээ цуцлах, в/эсхүл хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхийг даатгагч шаардах эрхтэй байхаар хуулиар заажээ.
Хэргийн баримтаар даатгагч байгууллага нөхөн төлбөр олгохыг хүссэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ХК-ийн албан бичиг, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/930 тоот албан бичгийг хүлээн авч, Санхүүгийн зохицуулах хороонд тайлбар гаргаснаар энэ тухай баттай мэдсэн гэж үзэх бөгөөд үүнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлаагүй, хураамжийг нэмэгдүүлэх талаар шаардаагүй байна. Иймд мэдсэн атлаа даатгагч гэрээг цуцлаагүй тул тэрээр мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос сүүлд нь татгалзах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.7-д Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасныг дурдав.
6.4.Хууль батлагдсны дараа ажил олгогч татан буугдахыг мэдсэн хэрнээ зээл авч даатгалын гэрээ байгуулсан. Үүнийг санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн буюу гэрээний 5.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна гэж хариуцагч тайлбарласан. Нэхэмжлэгчээс хууль батлагдсан ч Засгийн газрын тогтоол хэзээ гарахыг нэхэмжлэгч урьдчилж мэдэх, хугацааг таамаглах боломжгүй гэж тайлбарлав.
Гэрээний 5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж заасан, хэргийн баримтаар ажил олгогч хуулийн этгээд татан буугдах процесс нэхэмжлэгчээс үл хамаарч эрх бүхий этгээдийн шийдвэрээр явагдах тул гэрээний дээрх заалт татгалзах нөхцөл болохгүй.
7.Гэрээний 3.1-д заасан даатгалын эрсдэлд үндсэн зээлдэгч болоод хамтран зээлдэгч хоёулаа аль алин нь ажилгүй болсны улмаас зээлээ төлж чадахгүй болсон байх урьдач нөхцөл хангагдана гэж хариуцагч тайлбарласан.
Гэрээний дээрх зохицуулалтад заасан үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нөхцөл заавал зээлдэгч бүрийн ажил олгогч татан буугдах, ажлаас чөлөөлөгдөх зэргээр зэрэг хангагдах агуулгагүй болох нь гэрээний 4.1.10-т хамтран зээлдэгчид ногдох хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг адил үүрэг, хариуцлагатай гэж үзэж хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрд тэнцүү хувиар тогтооно гэж зааснаар тогтоогдоно. Үүнээс гадна гэрээний 2-т даатгалын хураамж үндсэн болон нэмэлт эрсдэл нийт 0,60 хувь байхаар, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч ижил тэнцүү хувь хэмжээгээр үнэлгээ тогтоогдохоор заасан, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчгийн хамт зээлийн гэрээг банктай байгуулж, даатгалын хураамжид нийтдээ 1,2 хувиар тооцож 204.000 төгрөг төлсөн болох нь даатгалын баталгаа, хураамж төлсөн мемориалын баримтаар тогтоогдсон. Иймд үндсэн болон хамтран зээлдэгч хоёулаа байж гэрээний нөхцөл хангагдах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан зээл эргэн төлөх хуваариар даатгалын тохиолдол болох үед үндсэн зээлийн үлдэгдэл 16.415.477 төгрөг байх тул гэрээний 4.1.1, 4.1.8, 4.1.10-д зааснаар зээлдэгч тус бүрт 100 хувиар тооцож даатгалын нөхөн төлбөрт 8.207.738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин шүүх алданги 4.103.870 төгрөг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ХХК-иас 8.207.738 /найман сая хоёр зуун долоон мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулж д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.103.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 146.274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759966459551, ИХШХШТХ 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт
[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389909175191, ИХШХШТХ 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт