Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 09 өдөр                               Дугаар 2023/ДШМ/08                                                         Даланзадгад сум

 

Ж.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, Ц.Сайнбат /цахимаар/,

 Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.*******д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

                .............. овогт .................. нь 1......... оны 0........ дугаар сарын ....-ны өдөр ******* аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ...... гэх газарт оршин суух хаягтай, регистрийн дугаар .............,

           Шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “................” гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Вепрь” загварын галт зэвсэгтэй харьцах явцдаа санамсаргүйгээр нэг удаа буудлага үйлдэж, М.*******ын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ******* аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Ж.*******гийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч,

           Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.*******д хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын саарал өнгийн хир мэт зүйлээр бохирлогдсон ............. гэх бичиглэлтэй, хар өнгийн даавуун оосортой, бууны ар хэсэг нь бор өнгийн модон үзүүр хэсэг нь төмөр буу 1 ширхэг, ......... дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, хар өнгийн замаг 1 ширхэг зэргийг Э.*******т буцаан олгож, 7 ширхэг сумыг ******* аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийн үнэ болох 1500000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын орлогод оруулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******гаас ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд нийт 21492059 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгож, 11985641 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.*******ын гаргасан нэхэмжлэлээс байрны түрээс 9000000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг, олох байсан орлого 15750000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.******* нь энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д 36719971 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                Шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Одбаяр давж заалдах гомдолдоо:  ...Хохирогчийн олох байсан орлогыг хохиролд тооцож байгаа тохиолдолд тухайн орлогыг зайлшгүй олох байсан эсэхийг нягтлан шалгах үүднээс ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг давхар үнэлэх нь зүйтэй билээ.

             Зайлшгүй олох байсан орлогод цалинг оруулан тооцож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүн буюу гар дээр олгож байгаа мөнгөн дүнг олох байсан орлого гэж үзэх боломжтой. Гэтэл шимтгэл төлөлтийг хасаагүй, мөн нэг удаагийн тэтгэмжийг оруулан тооцсон байна. Дээрх үндэслэлээр хохирлыг буруу тооцоолсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлын тооцооллыг хянаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:  ...Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад шүүхээс эмчилгээтэй холбоотой хангаж шийдвэрлэсэн баримтуудын ихэнх нь тухайн айлын өдөр тутмын зардлын баримт байх бөгөөд үүнийг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

            Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан эсэхээс үл хамааран айл өрх бүрд өдөр тутмын зайлшгүй зардлууд байнга гардаг бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэлгүй Ж.*******гийн болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн хохирол гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл журам, нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Цалин хөлс авахгүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох байсан. Тэгэхээр шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний амьдралын насжилт нь тодорхой жилүүдээр богиносчихсон. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжууд нь хаагдчихсан. Тодорхойгүй болчихсон байхад хохирол төлбөрөө барагдуулахгүй энэ хүнийг хохироож байгаа нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэв.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж давж заалдах шатны шүүх    хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргаад хохирлоо төлөхгүй байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* давж заалдах шатны шүүх    хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо нүд үрэвсээд эмчилгээндээ хэзээ орохоо мэдэхгүй. Хүнээс хандив тусламж гуйгаад л явж байна. Хандивын аян өрнүүлсэн боловч хандив цуглаагүй. Ядаж шэйрлээд энэ хүнд туслаад, дэмнээд өгье гэсэн зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, М.Одбаяр нарын  гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

           Шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “..............” гэх газарт 2.................өдрийн 16 цагийн үед тээврийн хэрэгсэл дотор галт зэвсэгтэй харьцах явцдаа санамсаргүйгээр нэг удаагийн буудлагыг үйлдэж М.*******ын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын “....мөр хөөгөөд чоно эрж олохгүй явж байгаад үдээс хойш 3, 4 цагийн үед бид 3 урагшаа тал руу гарч явахад урдуур 3 гөрөөс гүйж би бууж дурандах гэж машинаас буусан. Дурандаад босоход гэнэт араас төмрөөр цохих шиг болсон. Тэгээд би эргэлдээд газар дээр унасан, амаар дүүрэн цус залгигдаж ходоод дүүрч цусаа ууж барахаа байсан.

Машины буруу талын суудал дээр суулгаж бээлийгээр шанааны задарсан хэсэг дээр дарж аймгийн эмнэлэг рүү давхисан. Эмнэлгийн үүдэнд очоод цусаар бөөлжиж ухаан алдсан. ...02 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд орж нүүрний төрх байдлыг засуулсан. Дотор нь бутарсан яс, төмрийн хэлтэрхий зэргийг авахуулсан. Зарим төмрийн хэлтэрхий, ясны үртсийг нь авч чадаагүй, авах боломжгүй гэж хэлсэн. Тойруулаад импланд төмрөөр эвлүүлж хадсан. 1 сар гаруй эмнэлэгт хэвтсэн.

Хоёрдугаар хагалгаа нь мэдрэл сэргээх хагалгаа байгаа. Нүүрний хэлбэр алдагдсан уруул дээшээ сөхөгдөхөө байсан. Гурвалсан мэдрэлийн голын мэдрэл тасарсан. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй эмчилгээ байгаа. Гадаад явъя гэж эмнэлэг рүү судалгаа хийсэн боловч төлбөр мөнгө маш их байсан учраас боломжгүй байсан.

Эмч надад нулимсны суваг залгуулах, зовхи өргөх хагалгаануудаа хийлгэж бай гэж зөвлөсний дагуу 3 хоногийн өмнө энэ хагалгааг хийлгэсэн. Мэдрэл холбох мэс заслыг гуяны дотор талын булчингаас авч нөхөх хагалгаа байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлаас гадна 97000000 төгрөгийг нэхэмжилж байна.

Ой санамж муу болсон, аливаа зүйлийг мартдаг болсон, байнга толгой өвдөж, нүдний хараа муудаж бүрэлзэж байгаа, чих байнга шуугьдаг болсон. Хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” / 2 хх 226-239/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.*******ын   “ ............. сумаас *******, ******* нар ирж миний бууг аваад явсан. Би тухайн өдөр малаа хариулж явж байгаад гэртээ ирчихээд байж байхад манай төрсөн эгч ******* залгаад ******* буу алдсан юм шиг байна гэж хэлж би сонссон.

Би галт зэвсэг эзэмших сургалтад суусан боловч гэрчилгээгээ авч амжаагүй байсан. Миний буу бүртгэлтэй бөгөөд галт зэвсгийн гэрчилгээ байгаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 хх-37/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.*******ын “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед байх манай төрсөн дүү ******* над руу залгаад “Цохионы хад”-ны араас боохойны мөр оруулчихлаа хоёулаа энэ чононуудыг үргээе гэхээр нь би дүүдээ ******* бид 2 хамт очлоо гэж хэлээд миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр ******* бид хоёр Цогтцэций сумаас 10 цагийн үед гарсан.

Бид хоёр ...******* сумын малчин *******ын гэрээс буу сум аваад “Цохионы хад” гэх газар *******тай уулзсан. ******* машинаас бууж магзинтай сум авсан, ...бууг надад өгөхөөр нь би буугаа аваад машины ард тавьсан. Тэгээд “Цохионы хад” гэх газар очиж *******тай уулзсан.

Бид нар уулзаад ******* манай машинд суусан ******* салаад явсан. Тухайн үед ******* жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан би жолоо барьж байсан. ******* арын суудал дээр ганцаараа сууж байсан. Буу машины арын суудал дээр байсан.

Тэгээд *******ыг машинаас буучихсан машины хаалга нээлттэй машинаас 2-3 алхам хол байх үед байх ******* араас нь машины жолоочийн хажуу талын суудлыг урагш нь түлхэж тонгойлгосон байсан. Тухайн үед би машинаас буух гэж байсан байх санахгүй байна гэнэт буу дуугараад би цочоод эргэж харсан чинь ******* эргэж хараад машины зүүн гар талаар тойроод машины ард очиж зогссон.

*******г харахад буугаа баруун гартаа бариад хошууг нь дээшээ харуулчихсан байсан. Тэгээд машины жолоочийн талын хажуугийн суудлыг урагш нь тонгойлгоод гарах гэж байх шиг байсан. Би машинаас жолоочийн талын хаалгыг нээж буугаад машины ард очиход *******ын баруун талын нүүрнээс нь цус гарч байсан араас ******* ирээд *******ын өмсөж байсан малгайг нь аваад нүүрний баруун талыг дарсан. Тэгээд *******ыг жолоочийн хажуугийн суудал дээр суулгаад арагш нь хэвтүүлээд аймгийн эмнэлэг рүү явсан...” /1 хх 44-45 дахь тал/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Ж.*******гийн “...******* машинаас буугаад цаашаа хараад зогсож байх үед би араас нь буу бариад машинаас гарах гэж байгаад буу алдаж *******ыг гэмтээсэн. Тухайн үед машины хаалга нээгдсэн байсан тэр хаалгаар буу алдсан. Анд явж байсан учраас буугаа бэлэн байдалд байлгаж байсан ба тухайн үед зүгээр буу аваад л гарах гэж байсан.

Би *******ын эмчилгээнд гарсан зардлуудыг бүгдийг нь төлсөн ойролцоогоор 10 гаруй сая төгрөг өгсөн яг нарийн сайн мэдэхгүй байна. Баримтууд байгаа түүнийгээ гаргаж өгнө.” /1 хх-95/ гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3614, 422 дугаартай “...Тухайн үед М.*******ын биед баруун чихний доод хэсгээр орж эрүү, ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүд тогтоогджээ.

Баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, хоншоор яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтлүүд нь амь насанд аюулгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй, дөрвөн шүдний булгарал гэмтэл нь амь насанд аюулгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхайн задрал, баруун дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүдэд хөнгөн зэргийг тус тус тогтоов.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ .......... тухайн үедээ үндэслэлтэй байна. М.*******ын нүүрний баруун хэсгийн буудагдсан гэмтлийн улмаас нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан байна. Нүүр засаршгүй гэмтэж нүүрний төрх алдагдах нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 55-57, 61-65/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02, 05 дугаартай дүгнэлтүүд /хх 69-70, 76-78/, Хас үнэлгээ ХХК-ний 700 дугаартай дүгнэлт /хх 85-86/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.*******г  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ж.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх ойлголт юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Одбаяр, Б.Оюунтунгалаг нар нь “хохирлыг буруу тооцсон байх тул хохирлын тооцооллыг хянаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирлоо төлөхөө яаж бодитоор илэрхийлж байгаа вэ гэж асуухад  шүүгдэгч: Яаж ийгээд төлнө гэж, даргалагчаас: Хохирол төлбөртэй холбоотой яригдсан асуудал байна уу гэж асуухад шүүгдэгчээс: Би энэ жил 30 сая төгрөг, дараа жил ноос ноолуурын үеэр 20 сая төгрөг өгье гэж хэлсэн.” гэсэн хариултуудыг өгсөн байх ба шүүгдэгч шүүх хуралдаанд хандаж гэм буруугийн талаар эцсийн үг хэлэхдээ “...Гэм буруугаа ойлгож байна. Баримттай хохирлыг төлнө. ...яаж ийж байгаад хохирол төлбөрийг төлнө.” /2 хх-228, 236/ гэж мэдүүлжээ.

Анхан шатны шүүхийн “Шүүгдэгч Ж.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 21719971 төгрөг, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө 15000000 төгрөг нийт 36719971 төгрөг төлж үлдэх 21492059 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан.” , “Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхээс тогтоосон төлбөрөөс үлдэх 21492059 төгрөгийг шүүгдэгч 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлнө гэх тайлбар, дүгнэлтийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзэв.” /2 хх-250/ гэсэн дүгнэлтүүдийг хийгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэснийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.******* нь 36,719,971 төгрөгийг маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө төлсөн, 21,492,059 төгрөгийг нөхөн  төлөхөө илэрхийлснийг үндэслэн шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар дүгнэж шийдвэрлэсэн байхад энэ асуудлаар дахин маргасныг үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хохирлын хэмжээг хасаж  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, ........ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ