Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2024/0018/з |
Дугаар | 124/ШШ2024/0015 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 124/ШШ2024/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... баг, .тоотод оршин суух Б овогт Нын Б,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,
“Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа байгаа Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэн Н.Б нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа байгаа Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 8.835.000 төгрөгийн урамшлуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд мөнгөн дүн бүхий хэсгийн нэхэмжлэлийг багасгаж 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгуулах тухай гэж өөрчилсөн болно.
2.Нэхэмжлэгч Н.Б Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт 2024 оны 4 сарын 30-ны өдөр урамшуулал олгохыг хүссэн өргөдлийг гаргасан байх бөгөөд уг өргөдөл Улаангом сумын Засаг даргын тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлийн 170 дугаарт бүртгэгдсэн, өргөдлийг хэзээ хэрхэн шийдвэрлэсэн, хариу өгсөн гэх хэсэгт хоосон байх бөгөөд Улаангом сумын Засаг даргын тамгын газраас өргөдөлд бичгээр хариуг өгөөгүй, харин тамгын газрын даргаас урамшуулал олгох боломжгүй гэх хариуг амаар өгсөн талаар талууд тайлбарлан энэ талаар маргаангүй байна.
Н.Б нь шүүхэд 2024 оны 5 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
3.Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Миний бие төрийн байгууллагад 35 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан юм. Энэхүү хугацаандаа төрийн захиргааны албанд 19 жил ажилласан, түүнээс сүүлийн тасралтгүй 10 гаруй жил Улаангом сумын Засаг даргын тамгын газарт төрийн захиргааны албанд ажилласан. 2022 онд Төрийн албаны хуулийн 51.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор заасан.
Үүнээс хойш санхүүжилт бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар өгөгдөөгүй явж байсан. Өнгөрсөн жилийн 7 сард Увс аймгийн төсөв батлагдахын урд талд төсвийн төсөл болгож сумуудаас төсвийн төсөл авдаг, ажиллаж байгаа болзол хангасан хүмүүсийн материалыг бүрдүүлж сумаасаа төсвийг төсөвлөж явуулсан.Шшний хүрээнд авагдсан судалгаанд миний нэрийг багтаж байсан.Төсөв нь 2024 онд батлагдаж ирсэн. Тэгэхээр энэ утгаараа би тасралтгүй 5 жил ажилласны тэтгэмж авах үндэслэл үүсэж байгаа юм. Төрийн албаны хуулийг үндэслээд Засгийн газрын тогтоол гарсан. 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 83 дугаар тогтоолын 3 дугаар заалтад мөнгөн урамшуулал олгоход 2024 онд шаардагдах хөрөнгийг тухайн төрийн захиргааны байгууллагын төсвийн захирагчийн батлагдсан төсөвт багтаана, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг сангийн сайдад үүрэг болгосон заалттай байсан. Тэгэхээр өнгөрсөн жил 2023 онд төсөвлөгдөөд орсон зардал 2024 онд надад олгогдох ёстой гэсэн ойлголттой байгаа юм. Мөнгөн урамшууллыг олгож өгөх талаар бичгээр өргөдлөө гаргаж өгсөн ба тамгын газрын даргатай биечлэн өөрөө очиж уулзсан. Өргөдөл хүсэлт материалаа бүрдүүлээд өгчихөөд хүлээж байтал Улаангом сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад тэтгэмжийг нь олгоод надад олгогдоогүй учраас очиж асуухад олгох боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Иймд миний бие шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ.Харин мөнгөн дүнгийн хувьд 8.835.00 төгрөг гэснийг 6.600.000 гэж өөрчилж байна.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
4.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Манай байгууллагаас 2023 оны 7 дугаар сарын 24-нд аймгийн төрийн сангийн хэлтэст 10 гаруй албан хаагчийн урамшуулал олгохоор материалыг бүрдүүлж хүргүүлсэн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 51.3 дахь хэсэгт төрийн захиргааны албан хаагч 5 жил тутам нэг удаа 6 сард үндсэн цалингийн тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгохдоо, олгох журмыг Засгийн газар батална гээд заачихсан байгаа. 2023 оны 7 дугаар сарын 24-нд Н.Б манайд ажиллаж байсан учраас материалыг нь бүрдүүлж явуулсан. Тэгтэл С.Б нь 2023 оны 7 дугаар сарын 31-нд ажлаасаа чөлөөлөгдөөд, тэтгэвэр тогтоолгоод мөн 36 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийн урамшуулал авсан. Урамшуулал олгох Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны 83 дугаар тогтоол дээр төрийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэвэрт гараад төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа бол мөнгөн урамшуулал олгохгүй гээд заачихсан. Иймд манай тамгын газраас урамшууллыг олгох боломжгүй гэж үзэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас “ Өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т тасралтгүй 5 жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгохоор заасан, Улаангом сумын Засаг даргын тамгын газрын судалгаанд миний бие хамрагдан 2024 онд мөнгөн урамшуулал олгохоор төсөвт суулгуулсан байхад урамшууллыг олгохгүй байгаа нь хууль бус” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч талаас “ Н.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2023 оны 7 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. Харин Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан урамшууллыг олгох журам 2024 оны 2 сард батлагдсан. Журамд тэтгэвэрт гарсан тохиолдолд олгохгүйгээр заасан тул Н.Бд урамшуулал олгох боломжгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4.Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Улаангом сумын Засаг даргын тамгын газрын ногоон байгууламж, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Н.Быг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн гэх үндэслэлээр 2023 оны 7 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж 23.442.300 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсанд тэмдэглэгдсэнээр 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.
5.Н.Б нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 1/106 дугаартай албан бичгээр аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст 2024 оны төсвийн төслийг хүргүүлэхэд хавсаргасан 2024 онд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн судалгааны 12 дугаарт Н.Бын нэр бичигджээ.
6.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “ Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж зохицуулсан ба уг хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлтээр оруулсан байна.
7.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан.
Уг журмын Нэг дэх хэсгийн 1.1-д “ Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална” гэж журмын зорилгыг тодорхойлж, урамшууллыг хэрхэн олгох талаар зохицуулжээ. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг болон Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд “ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид” мөнгөн урамшууллыг олгохоор заасан байна.
8.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор тодорхойлсон.
Иймд төрийн албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах зорилго бүхий мөнгөн урамшуулал олгох хууль, журамд заасан “ төрийн захиргааны байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч” гэх ойлголтод өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг хамруулахааргүй байна.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй.
9.Хэдийгээр нэхэмжлэгч төрийн захиргааны албан тушаалд 5-аас дээш жил ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэвэрт гарахаас өмнө буюу 2022 онд Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшууллыг олгох зохицуулалтыг оруулсан боловч тус хуулиар урамшуулал олгох журмыг Засгийн газар батлахаар зааснаар тус журам 2024 оны 2 сарын 28-ны өдөр батлагджээ.
Журамд мөнгөн урамшуулал олгохдоо журам батлагдахаас өмнөх хугацаанд үйлчлэх талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн “ өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө мөнгөн тэтгэмж олгох хууль батлагдсан, 2024 онд төсөв нь ирсэн” гэх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй болно.
10.Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа нь нэхэмжлэгч Н.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
11.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бын Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа байгаа Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ