Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 15

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 1705014220239 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймаг Даланжаргалан суманд төрсөн, ... настай ..., дээд боловсролтой, багш, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Боржигон овогт Л.Б.

 

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а байрны 01-01 тоотод иргэн З.Г-с “хүүхдийг чинь хууль сахиулахын их сургуульд оруулж өгч чадна” хэмээн итгэлийг урвуулан ашиглаж 3,500,000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Гэрэлмаа надтай утсаар яриад ирж уулзаад, тусламж гуйгаад, 6 дугаар бичил хороололд гарийн үсэг зураад мөнгө хүлээж авсан. Хүлээж авсан мөнгөө байрны түрээсэнд өгсөн юм. “Хууль Сахиулах Их Сургууль”-д хүүхэд оруулж өгөх манай найз Туулын таньдаг хүн хүүхэд сургуульд оруулж өгч чадахгүй байсан гэж хэлсэн. Тэр дор нь 3.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Ийм асуудалд дахин орохгүй байх болно. Би их гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Г-ийн өгсөн:

            “... Би бага хүүгээ их сургуульд оруулах санаатай Б гэх хүнтэй уулзахад “би танай хүүг Хууль сахиулах их сургуульд оруулж өгч чадна” гэхээр нь би итгэсэн. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр` надаас хүүхдийг чинь сургуульд оруулахаар хөөцөлдөж байна, 3.500.000 төгрөг өгчих гэж хэлээд тухайн өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил 6а байрны 01-01 тоотод түр амьдарч байсан гэрт нь очиж Б-д 3.500.000 төгрөг өгсөн. Мөнгө авсан өдрөөс хойш холбоо барихаа больж эхэлсэн. Мөн “бүтээгүй байна, бүтэх гэж байна” гэсээр байгаад өдийг хүрлээ. Манай хүүхэд Хууль сахиулахын их сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй юм. Ийм учраас уг сургуульд нь оруулчихъя гэж бодож байсан. Ингээд Ө буюу миний салсан нөхөр хүн амьтантай уулзаж яваад энэ Б гэх эмэгтэйтэй танилцаж надтай уулзуулсан. Б гэх эмэгтэй эхлээд мөнгө авчихаад 14 хоногийн дараа каринтин явна шүү гэсэн боловч явуулж чадаагүй. Дараа нь 8 сард уулзахад каринтин дээрээс 10 гаруй хүүхэд хасагдсан байна, энэ хасагдсан хүмүүсийн оронд оруулж өгнө гэсэн боловч мөн оруулж чадаагүй. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход “мөнгөө авъя, хүүгээ өөр сургуульд оруулъя” гэсэн чин “жоохон хүлээж бай, бүх юм болж байна” гээд байсан. Тэгэхээр нь би “тэр таны яриад байгаа багштай чинь уулзъя” гэхэд “хамаагүй юу гэж уулзах болох вэ дээ, бүтсэн хойно нь уулз” гэдэг байсан. Би Б-с 3.500.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 4, 23-24, 26 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Ө-н өгсөн:

“... 2017 оны 7 дугаар сарын үеэр найз нөхдийн шугамаар Т гэдэг эмэгтэйтэй утсаар яриад, хүүхдээ сургуульд оруулах гэхэд “дорно оруулж өгдөг хүн байгаа, найдвартай” гээд Б гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Б-тай уулзаж ярилцахад “хүүхдийг чинь найдвартай Хууль сахиулах их сургуульд оруулж өгч чадна, 3.500.000 төгрөг өгчих” гэхээр нь эхнэр Г бид хоёр мөнгө хөөцөлдөж олж аваад, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б-ийн түр амьдарч байсан 01 тоотод очиж 3.500.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед мөнгө хүлээж авсан гэсэн бичиг хийж өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

 

            - 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8/,

            - Хохирол төлсөн баримт / хх-н 34/

 

Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 17/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

                        Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а байрны 01-01 тоотод иргэн З.Г-с “хүүхдийг чинь хууль сахиулахын их сургуульд оруулж өгч чадна” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3,500,000 төгрөг авч, залилсан болох нь:

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-н өгсөн “ ... 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г надтай утсаар яриад ирж уулзаад, тусламж гуйгаад, 6 дугаар бичил хороололд гарийн үсэг зураад мөнгө хүлээж авсан. Хүлээж авсан мөнгөө байрны түрээсэнд өгсөн юм. “Хууль Сахиулах Их Сургууль”-д хүүхэд оруулж өгөх манай найз Т-н таньдаг хүн хүүхэд сургуульд оруулж өгч чадахгүй байсан гэж хэлсэн. Тэр дор нь 3.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Ийм асуудалд дахин орохгүй байх болно. Би их гэмшиж байна ...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн  хохирогч З.Г-н “... Б гэх хүнтэй уулзахад “би танай хүүг Хууль сахиулах их сургуульд оруулж өгч чадна” гэхээр нь би итгэсэн. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр надаас хүүхдийг чинь сургуульд оруулахаар хөөцөлдөж байна, 3.500.000 төгрөг өгчих гэж хэлээд тухайн өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил 6а байрны 01-01 тоотод түр амьдарч байсан гэрт нь очиж Б 3.500.000 төгрөг өгсөн. Мөнгө авсан өдрөөс хойш холбоо барихаа больж эхэлсэн ... Б гэх эмэгтэй эхлээд мөнгө авчихаад 14 хоногийн дараа каринтин явна шүү гэсэн боловч явуулж чадаагүй. Дараа нь 8 сард уулзахад каринтин дээрээс 10 гаруй хүүхэд хасагдсан байна, энэ хасагдсан хүмүүсийн оронд оруулж өгнө гэсэн боловч мөн оруулж чадаагүй. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход “мөнгөө авъя, хүүгээ өөр сургуульд оруулъя” гэсэн чин “жоохон хүлээж бай, бүх юм болж байна” гээд байсан. Тэгэхээр нь би “тэр таны яриад байгаа багштай чинь уулзъя” гэхэд “хамаагүй юу гэж уулзах болох вэ дээ, бүтсэн хойно нь уулз” гэдэг байсан ...” гэх,

гэрч С.Ө-н “... 2017 оны 7 дугаар сарын үеэр найз нөхдийн шугамаар Т гэдэг эмэгтэйтэй утсаар яриад, хүүхдээ сургуульд оруулах гэхэд “дорно оруулж өгдөг хүн байгаа, найдвартай” гээд Б гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Б уулзаж ярилцахад “хүүхдийг чинь найдвартай Хууль сахиулах их сургуульд оруулж өгч чадна, 3.500.000 төгрөг өгчих” гэхээр нь эхнэр Г бид хоёр мөнгө хөөцөлдөж олж аваад, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б-н түр амьдарч байсан 01 тоотод очиж 3.500.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед мөнгө хүлээж авсан гэсэн бичиг хийж өгсөн ...” гэх мэдүүлгүүд, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б нь хохирогч З.Г-д 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирогч З.Г-н “Би Б-с 3.500.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, хохирол төлсөн баримт /хх-н34/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Б-н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ