| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00557/И |
| Дугаар | 133/ШШ2024/00503 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2024/00503
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************** нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс оёдолчноор томилогдон 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан. 1967 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд энэ жил өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн хугацаанд ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй, олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх/****************/
- Хөдөлмөрийн дэвтэр/**********/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 488 дугаартай албан бичиг
- Түүх өгүүлсэн дурсамж номны нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *********** нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч *********** нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс ************ олгосон 677534 дугаартай үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1986 оны 01-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12, 1991 оны 01-12 1992 оны 01-12, 1993 оны 01-12 дугаар саруудад татвар төлсөн бичилтүүд хийгджээ.
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ************ олгосон хөдөлмөрийн дэвтэрт:
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвийн даргын 1985 оны 10 сарын 01-ний өдрийн 45-р тушаалаар 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1993 оны 08 сарын 15-ны өдрийн 19-р тушаалаар 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Жаргалан сумын Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний төвийн оёдолчны ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгджээ.
- Түүх өгүүлсэн дурсамж 2011 оны номны 226 дугаар хуудсанд Жаргалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан хүмүүс хэсгийн оёдолчид *********** гэж бичигдсэн байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 488 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний даргын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй тул ************ лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************ 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ