Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Урангуа,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ч.Ч-т холбогдох 1705000000331 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-д хамгаалагч жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, Б.Д гудамж 26/4 дүгээр байр, 87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Боржигон овогт Ч.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ:

Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Ч-н өгсөн:

 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай компани шинэ жилийн арга хэмжээгээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лион зочид буудал ресторанд 18 цагаас тэмдэглэж 00 цагт арга хэмжээ дууссаны дараа Б, Д, О, Э, С бид нар доод талынх нь өрөөнд үргэлжлүүлж суусан. Тэнд ороод байж байхад Б илүү цаг, цалин мөнгө, бензин тосны талаар бусдыг буруутгасан аястай зүйлс яриад байхаар нь бол гэхэд эхлээд чимээгүй болсон ч хэсэг хугацааны дараа дахин түүнийгээ сөхөж яриад, С нягтлан бодогчийг уйлуулаад гаргаад явуулчихсан. Тэгэхээр нь ярих юмыг зөв цагт нь яриа, одоо баярлаж цэнгэж байхад яриад яах вэ гэхэд хуц чи гэх мэтээр хэлж эсэргүүцэхээр нь бид 2 өөд өөдөөсөө босоод барьцалдсан. Ингэхдээ Б-н толгойг сугавчлаад доош дарчихсан байтал Д, О 2 ирээд салгахаар нь Б-н нүүр рүү 1 удаа мөргөчихсөн. Надад ингэж мөргүүлснээс Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:

“... 2017 оны 12 дугаар сарын 16-нд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ “Лион” зочид буудалд болоод, тараад 1 дүгээр давхарт байх 1 өрөөнд 2 шил архи хувааж уухаар О, Д, Э, Ч, шинэ нягтлан бодогч бид 6 орсон. Архи уугаад байж байхдаа шинэ нягтлан бодогчдоо хандаад цалин мөнгө дутуу орууллаа, бензин тосны тооцооны талаар ярихад түүнийг өмөөрөөд Ч миний зүүн нүд орчимд мөргөж гэмтээсэн. Үзлэг шинжилгээ хийлгэх унаа машинаар нааш цааш нь явахад нийтдээ 182,000 төгрөгийн зардал гарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б-н өгсөн:

“... Намайг очиход манай нөхөр Б нь доошоо тонгойгоод зогсож байсан. Очоод машинд  суулгах гэтэл зүүн талын нүд нь хавдчихсан байхаар нь би нүд нь яачихсан юм бэ гэтэл О гэх хамт ажилладаг залуу нь Ч гэнэт мөргөчихлөө бид нар барьж авч амжаагүй гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Д-н өгсөн:

“... Тэр өрөөнд би Ч-г хажууд сууж байсан болохоор асуудлыг мэдсэн ба бусад хүмүүс бараг анзаараагүй. Б Ч 2 ... чанга чанга дуугараад босоод барьцалдаад авсан. Ч босохдоо Б-н нүүр рүү мөргих шиг болсон ба би ч зэрэг шахуу босоод салгаж 2 тийш болгосон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 тоот:

               1. Н.Б-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт хавантай, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

 

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 24-30/,

- Хохирогч Н.Б-с гаргасан “Ч.Ч-с эмчилгээний зардлаа 182,500 төгрөг авсан, хохирол барагдсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт /хх-н 34, 44/

 

          Шүүгдэгч Ч.Ч-н хувийн байдалтай холбоотой:

            - АСАП сангийн лавлагаа /хх-н 33/,

            - Дипломын хуулбар /хх-н 21-22/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/,

            - “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-н 31/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

            - Бусад /хх-н 37-38/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Ч-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ч.Ч-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч-г нь 2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лион” ресторанд Н.Б маргалдан улмаар мөргөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хавантай, хацар шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Ч.Ч-н “...  бид 2 өөд өөдөөсөө босоод барьцалдсан. Ингэхдээ Б-н толгойг сугавчлаад доош дарчихсан байтал Д, О 2 ирээд салгахаар нь Б-н нүүр рүү 1 удаа мөргөчихсөн. Надад ингэж мөргүүлснээс Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсанг хүлээн зөвшөөрч байна ... Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Б-н “...  2017 оны 12 дугаар сарын 16-нд ... архи уугаад байж байхдаа шинэ нягтлан бодогчдоо хандаад цалин мөнгө дутуу орууллаа, бензин тосны тооцооны талаар ярихад түүнийг өмөөрөөд Ч миний зүүн нүд орчимд мөргөж гэмтээсэн ...” гэх,

 гэрч Ц.Б-н “... Намайг очиход манай нөхөр Б нь доошоо тонгойгоод зогсож байсан. Очоод машинд  суулгах гэтэл зүүн талын нүд нь хавдчихсан байхаар нь би нүд нь яачихсан юм бэ гэтэл О гэх хамт ажилладаг залуу нь Ч гэнэт мөргөчихлөө бид нар барьж авч амжаагүй гэсэн ...” гэх,

гэрч Г.Д “... Б Ч 2 ... чанга чанга дуугараад босоод барьцалдаад авсан. Ч босохдоо Б-н нүүр рүү мөргих шиг болсон ба би ч зэрэг шахуу босоод салгаж 2 тийш болгосон ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Б нь нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Ч.Ч эмчилгээний зардлаа 182,500 төгрөг авсан, хохирол барагдсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт /хх-н 34, 44/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 40/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ч.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ч-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч-.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-г торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Ч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ