Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/01419

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/0422/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ы хөдөө тоотод оршин суух ******* овогт ******* ******* / утас*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* ******* ХК-нд холбогдох,

 

Нөхөн төлбөр 7,745,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.******* миний нөхөр ******* нь 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* *******ын Уурхайн даргын 88 тоот тушаалаар Төмөр замын хэсэгт анх замчнаар томилогдон ажилд орж түүнээс хойш 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэсгийн бригадын дарга, 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн дозаторчин зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчнөөр акт тогтоогдон 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм.

Ингээд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр эмчийн болон өрийн эмчийн хяналтад байж, жил бүр акт сунгагдаж байсан бөгөөд эдгэрэлгүй байсаар 2023 оны 11 дүгээр сарын 20-нд уушгины хорт хавдрын 4-р зэргээр оношлогдсоны дараа 2023 оны 11 сарын 29-ны өдөр нас барсан юм.

Талийгаач маань ажлаа эрхэлж байхдаа уурхайн химийн бодис, хий утаа, уур амьсгалснаас мэргэжлээс шалтгаалсан амьсгалын замын өвчин тусч өвчин нь даамжирч уушгины хорт хавдраар амь нас нь эрсдэх нөхцөлд хүрсэн тул ар гэр бидний зүгээс нас барсных нь дараа ******* ******* ХК-ны санхүүгийн албанд нөхөн олговор олгуулах өргөдөл гаргасан боловч өмнө нь нөхөн олговор авч байсан дахин өгөх боломжгүй гэж хариу өгсөн.

Талийгаач маань нөхөн олговор авч байгаагүй тул ар гэрийн зүгээс эхнэр Х.******* миний бие талийгаачийн хамгийн сүүлд авч байсан 1999 оны 9 дүгээр сарын 55,841 төгрөг, 10 дугаар сарын 55,841 төгрөг, 11 дүгээр сарын 103,458 төгрөгийн нийлбэр 215,140 х 36 сар =7,745,040 төгрөгөөр тооцож хөдөлмөрийн хуульд заасан 36 сартай тэнцэх нөхөн олговрыг ажил олгогч байгууллагаас гаргуулж өгнө үү хэмжээн шүүхэд хандсан болно гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхний үндэслэл нь талийгаач ******* нь хэрэгт авагдсан баримтаас 1999 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар ******* ******* ХК-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь дуусгавар болж, ажилтан биш болсон байдаг. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн хууль уу? 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдсөн хууль уу? аль хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна вэ? гэдэг нь ойлгомжгүй байгаа. Гэхдээ аль ч хуульд байсан талийгаач агуулгын хувьд ******* ******* ХК нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь 25 жилийн өмнө дуусгавар болсон учраас ажилтан биш болсон. Ажилтан биш болсон учраас компанийн хувьд нөхөн төлбөр өгөх үүрэг нь дуусгавар болсон байдаг. Үүний ******* асуудал нь талийгаач 24 жилийн өмнө мэргэжлээс шалтгаалах өвчин улмаас өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгоод хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход ажилтан мэргэжлээс шалтгаалах өвчинтэй, эдгэрэх асуудал байсан. 24 жилийн дараа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эмнэлгийн нас барсны гэрчилгээнд дурдсанаар уушгины хорт хавдрын улмаас буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас биш хүнд өвчний улмаас нас барсан гэдэг баримт байгаа юмаа. Хүнд өвчний улмаас нас барсан нь ******* ******* ХК-д ямар нэгэн үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл биш. Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь нас барсан эмнэлгийн гэрчилгээ дээр шалтгаан, өвчний оношийг хорт хавдар гээд бичсэн. Сүүлд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос мэргэжлээс шалтгаалах өвчин нь уушгины хорт хавдар болсон юмаа гэдэг агуулгаар явж байгаа. Тэгэхээр энэ комисс нь аливаа нас барсан хүнийг ямар өвчний улмаас нас барсан бэ? гэдгийг тодорхойлох бүрэн эрхтэй субъект биш. Нас барсны гэрчилгээг олгодог этгээд ч биш. Нэгэнт эмнэлэг ийм өвчний улмаас нас барсан гэсэн оношийг тогтоогоод эмнэлгийн магадлал гаргасан байхад мэргэжлээс шалтгаалах өвчний хувь хэмжээг тогтоодог бүрэн эрхтэй байгууллага, өөрчлөх агуулгатай бичиг хийх бүрэн эрх байхгүй. Бичиг бол ямар нэгэн байдлаар хорт хавдраар нас барсныг өөрчлөх хууль зүйн үндэслэл, бүрэн эрх байхгүй юмаа. Талийгаач нь хорт хавдрын улмаас нас барсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас ******* ******* ХК-аас мэргэжлээс шалтгаалах өвчинтэй гэсэн шаардлага гаргах эрх байхгүй гэж үзэж байна. 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мэргэжлээс шалтгаалах хувь хэмжээ тогтоосон харагдаад байна. архиваас гаргаж өгсөн 1999 оны 142 дугаартай нөхөн олговрын тушаалаар талийгаач нь 1999 оны 05 дугаар сарын 27-оос 1999 оны 11 дүгээр сарын 27-ыг хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон үйл баримт харагдаж байна. Энэ хугацаанд нөхөн олговор олгосон. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын 1999 оны бичилтээс харагдаж байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр өөр нөхөн олговор олгоогүй учраас 1999 оны 11 дүгээр сарын 27-оос хойш ямар нэгэн бичилт хийгдээгүй байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримт харагдаж байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу нөхөн олговор авсан гэж ойлгож байна. 1991 оны Хөдөлмөрийн хуулийн 75 дугаар зүйлд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор тодорхой сараар олгохыг зохицуулж өгсөн юм байна лээ. 36 сар ч байхгүй байсан байна. Энэ тушаалыг харахаар хөдөлмөрийн гэрээг үндэслэнэ гэж заасан. Мэдээж тухайн үед үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин байсан тохиолдолд хуулийн дагуу нөхөн олговрыг олгосон байна. Талийгаачийн ар гэр 1999 оны 07 дугаар сарын 01-с мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хууль, 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 36 сарын цалинг нэхээд байгаа нь хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу шаардах эрх байхгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 25 дугаар заалтад Хөдөлмөрийн хуулийн 97.1.1, 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, Мөн хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж эмнэлэг, хөдөлмөрийн магадлал, шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй хүмүүст хамааруулан ойлгоно гээд тайлбарласан. Тэгэхээр талийгаач нөхөн төлбөр авсан байгаа учраас 2022 оны хууль үйлчлэхгүй. Тиймээс 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгох шаардах эрхгүй гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

2.   Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актууд, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит ******* *******ын нүүрсний уухайн даргын тушаал, 057886 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 030510 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолтууд, ******* *******ын нүүрсний уурхайн даргын тушаал, Дархан-Уул аймгийн ******* ******* хувьцаат компанийн ерөнхий захирлын тушаал, төрсний гэрчилгээ, ******* ******* сумын Санжинт багийн засаг даргын тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, комиссын шийдвэр, тэтгэврийн дэвтэр зэргийг баримтаар ирүүлсэн байна.

 

3.   Хариуцагчаас ******* ******* ХК-ий гүйцэтгэх захирлын нөхөн олговор олгох тухай тушаалыг баримтаар ирүүлсэн.

 

4.   Шүүхийн журмаар ******* ******* ХК болон Дархан-Уул аймгийн Төрийн архиваас лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас *******н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудыг нотлох баримтаар гаргуулж бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасан үндэслэлээр хариуцагч ******* ******* ХК-иас нөхөн төлбөр 7,745,040 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

3. Талийгаач ******* нь ******* *******ын нүүрсний уурхайд 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан ******* *******ын нүүрсний уурхайн даргын 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. ******* ******* ХК-ны 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай Нөхөн олговор олгох тухай тушаалд Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхээс болж эрүүл мэнд нь гэмтсэний хохирлыг албан байгууллага арилгах тухай Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн хуулийн 73-р зүйл, ҮЭМӨУ-ын 1001, 1029, 1028, 1037, 1052, 1062 тоот актуудыг тус тус үндэслэн Тушаах нь ...Зам дохиолол холбооны хэсэгт дозаторчин *******д 1999.05.27-ноос 1999.11.27-ныг хүртэл сард 55,841 төгрөгийг тус тус сар бүр олгож... шийдвэрлэсэн байна.

Энэхүү тушаалаас үзэхэд талийгаач ******* нь 1999 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс мэргэжлээс шалтгаалах өвчнөөр оношлогдсон ба байгууллагаас нь 6 сарын хугацаагаар, үндсэн цалин буюу 55,841 төгрөгийг сар бүр олгосон үйл баримт тогтоогдож байна.

*******г ажлаас чөлөөлснөөс хойших хугацаа буюу 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27 өдөр хүртэлх хугацаагаар тасралтгүй Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүнийг мэргэжлээс шалтгаалах буюу химийн бодис, хий, утаа, уур амьсгалснаас үүсэх амьсгалын эрхтний эмгэг өвчнөөр өвчилсний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож, хугацааг сунгасаар ирсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актуудаар /хх-/ тогтоогдож байна.

******* ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129 дугаартай Комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтаас үзэхэд Т.Көнжилжай нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан бөгөөд тэрээр мэргэжлээс шалтгаалах химийн бодис, хий, утаа, уур амьсгалснаас үүсэх бронхит өвчин хүндэрсний улмаас уушгины хорт хавдрын 4-р зэрэгт хүрч нас баржээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно, 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин гэж заасан.

Мон******* Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 25.2-т ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан үндэслэлээр нөхөн төлбөрийг ажилтанд олгосон явдал нь  ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан үндэслэлээр нас барсан ажилтны ар гэрт нөхөн төлбөр олгоход саад болохгүй гэж тайлбарласан байна.

Иймд талийгаач *******н ар гэр болох эхнэр Х.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасны дагуу нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Талийгаач *******н сарын цалин 55,841 төгрөгийг 36 сараар тооцохоор 2,010,276 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.******* нь талийгаач *******н нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сарын /төгрөгийн/ нийлбэрийг 36 сараар тооцсон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үлдэх 5,734,764 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасныг баримтан хариуцагч ******* ******* ХК-иас 2,010,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,734,764 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 47,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА