| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00436/И |
| Дугаар | 133/ШШ2024/00479 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2024/00479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй
хариуцагч: ************* холбогдох
үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *************(цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж 1,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд одоог болтол үндсэн зээл болох 1,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа учир үндсэн зээл болох 1,000,000 төгрөг алдангитай хамт тооцож авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ************ удаа дараагийн хүсэлт, гуйлтаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр 1,000,000 төгрөгийг иргэн *********** дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасанчлан зээлдэгч тал 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлийг төлж гэрээ дуусгавар болох байсан боловч зээлдэгч тал *********** хүсэлтээр зээлийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 04-нийг хүртэл 3 удаа сунгалт хийж энэ хугацаанд зээлийн гэрээний 2.2 заасан хүүг төлөх тохиролцоонд хүрч ******* амлалт өгсөн. Гэвч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ************ нь үндсэн зээл болох 1,000,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд утсаа авахгүй, удаа дараа хууран мэхэлсэн учир үндсэн зээл болох 1,000,000 төгрөгийг мөн гэрээний 6.2-т заасан алданги мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 04-нээс 09 сарын 10-ны өдөр хүртэл тооцож авахаар зээлдэгч тал болох ************* хүсэлтээр /удаа дараагийн/ харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 9 маргаан шийдвэрлэх журмын дагыы Монгол Улсын шүүхэд хандаж байна.
Би 2023 оны 08 сарын 04-н ****** 1,000,000 төгрөг зээлсэн тэгээд энэнээс 07 сард надаас хоёр, гурван удаа гуйгаад тэгэхэд мөнгөний боломж байхгүй зээлэхгүй гэсэн боловч 08 сарын 04-нд гэрт ирж уулзаад тэгээд гуйгаад байсан. Тэгээд -******** өөрийнх нь хүсэлтээр нэг хоёр сарын хугацаанд сая төгрөг зээлье тэгээд ********** өөрөө хэлэхдээ 10 хувиар зээлж авъя аа эсвэл би 10 хувь бодож 100,000 төгрөгийн хүүг өгье гээд зээлсэн.Тэгээд зээлснээс хойш 2 сарын дараа буюу 10 сарын 04-нд зээлийн хугацаа дуусах байсан боловч өөрөө зээлээ хийгээгүй тэгээд хэлэхээр нэг дахин илүү мөнгө зээлээд өгчихвөл дараа хүүг нь хийчхээд энэ зээлсэн мөнгөтэйгөө нэмээд өгье гэдэг байдлаар хугацаа урагшлуулж сар, сараар сунгаж байгаад одоо болтол үргэлжилж байгаа ийм процесс явж байгаа. Үндсэн зээл болон үндсэн зээлийн алдангийг *********** нэхэмжлээд шүүхэд хандсан эрхэм шүүгч ээ үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэдгийг хүсэж байна. Энэ үндсэн зээл болох 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа дээрээс нь ************ өөрөө хугацаа сунгахдаа үндсэн төлбөрөөс хасагдахгүй, би зүгээр нэг сараар хугацааг нь сунгая гэдэг байдлаар хүү гээд өөрөө хэлж надад өгөөд байсан. Тийм учраас үндсэн зээл дээр хамгийн сүүлд 02 сарын 04-нд 300,000 төгрөг шилжүүлсэн тэрийг бол алдангиас хасаад алдангиа бол нэхэмжлэхгүйгээр үндсэн зээлийн нэхэмжлэл шүүхэд гаргаж байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2023 оны 08 сарын 04-ний өдөр ******* нь ********* сая төгрөг зээлсэн байдаг. Энийг өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хуульд зааснаар хүү төлөх болоод ********* нь хэн нэгэнд ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх ийм эрхгүй учраас хүү төлөх боломжгүй. Мөн алдангиасаа татгалзчих шиг болоо мөн алданги төлөх боломжгүй боломжгүй гэж харж байгаа. За *********** зүгээс нийт 2023 оны 09 сарын 04-өөс хойш сар болгон 100,000 төгрөг хамгийн сүүлд нь 2024 оны 03 сарын 01-нд 300,000 төгрөг ингээд 900,000 төгрөгийг бол дансанд нь хийсэн баримт дансны хуулгыг бол гаргаж өгсөн. Мөн өчигдөр 100,000 төгрөгийг ********** дансанд шилжүүлсэн. Миний бие Улаанбаатар хотод байгаа хүнээс интернэт банкных нь хуулгыг авсан тэгэхээр энийг хариуцагч бас үгүйсгэхгүй байх гэж ингэж бодож байна. Дансанд нь нийт 1,000,000 төгрөгийг болбол дансанд нь хийсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримт:
- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/**********/
- Зээлийн гэрээ/*******, *********/
5. Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн баримт:
- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/*********/
- Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа/***********/
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00081 дугаартай шийдвэрийн хуулбар
6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 419 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00081 дугаартай шийдвэрийн хуулбар
- Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 463 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/***********/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1343 дугаартай албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********** холбогдуулан Үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги 500,000 төгрөг гаргуулахаар татгалзаж, үндсэн зээл болох 1,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилжээ.
3. Нэхэмжлэгч ********** нь 2023 оны 08 сарын 04-н ********** 1,000,000 төгрөг зээлсэн. ********** өөрөө хэлэхдээ 10 хувиар зээлж авъя аа эсвэл би 10 хувь бодож 100,000 төгрөгийн хүүг өгье гээд зээлсэн. Энэ үндсэн зээл болох 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа дээрээс нь ********** өөрөө хугацаа сунгахдаа үндсэн төлбөрөөс хасагдахгүй, би зүгээр нэг сараар хугацааг нь сунгая гэдэг байдлаар хүү гээд өөрөө хэлж надад өгөөд байсан. Тийм учраас үндсэн зээл дээр хамгийн сүүлд 02 сарын 04-нд 300,000 төгрөг шилжүүлсэн тэрийг бол алдангиас хасаад алдангиа бол нэхэмжлэхгүйгээр үндсэн зээлийн нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд ...2023 оны 08 сарын 04-ний өдөр ******** нь ******** сая төгрөг зээлсэн байдаг. Энийг өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хуульд зааснаар хүү төлөх болоод ********* нь хэн нэгэнд ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх ийм эрхгүй учраас хүү төлөх боломжгүй. Мөн алдангиасаа татгалзчих шиг болоо мөн алданги төлөх боломжгүй гэж харж байгаа. ********** зүгээс нийт 2023 оны 09 сарын 04-өөс хойш сар болгон 100,000 төгрөг хамгийн сүүлд нь 2024 оны 03 сарын 01-нд 300,000 төгрөг ингээд 900,000 төгрөгийг бол дансанд нь хийсэн баримт дансны хуулгыг бол гаргаж өгсөн. Мөн өчигдөр 100,000 төгрөгийг ********* дансанд шилжүүлсэн. Дансанд нь нийт 1,000,000 төгрөгийг дансанд нь хийсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж татгалзжээ.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *********** нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ********** 1,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг байгуулжээ.
Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч ********** нь 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ********* тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн зээлийн хүү гэж хариуцагч ******* ******** төгрөгийг нэхэмжлэгч ********* шилжүүлсэн болох нь ******** *********, ******** ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож, талууд маргахгүй байна.
6. Нэхэмжлэгч ******** нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг нь түүний Хаан банкны ************* дугаартай депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч ********** нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1343 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна, гэж
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын дагуу *********** нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлсэн байх нөхцөл шаардлага хангагдахгүй байх тул зээлийн хүү шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч ******** зээлийн хүүд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож, зээлийн хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********** хариуцагч ************ холбогдох зээлийн 1,000,000/нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН